Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хунгийн дэгдээхэй даль жигүүрээ дэлгэх мэт...

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 6 сарын 17
iKon.MN
 

Балетын урлагийг түгээн дэлгэрүүлж, суралцагчиддаа мэргэжлийн боловсрол олгодог Ub Ballet School  үйл ажиллагаагаа явуулаад найман жил болжээ. 

Сонгодог урлаг хүнээс их зүйл шаарддаг. Цаг хугацаа, тэвчээр, зарчим....гээд л. Хариуд нь гоо зүй, сэтгэлийн жаргал харамгүй хайрлах нь сайхан.

Анх тус сургуульд зургаан настай ирж байсан бяцхан охид өнөөдөр 14-16 нас хүрчээ. Тэд яг л даль жигүүрээ дэлгэх мэт өөрсдийн сурсан мэдсэн зүйлээ үзэгч олондоо хуваалцаж, их тайзанд гарах “анхны алхам”-аа хийхээр зэхэж байна.

 

Том цонхтой бэлтгэлийн танхим, толин хана гээд мэргэжлийн бүжигчдийн бэлтгэлээ хийдэг танхим саруулхан бас дулаан. 

Энд 14-16 настай охид бэлтгэлээ хийж байв. Дэрвэгэр хормой, шуусан үс. Балетын урлаг юу юунаас илүү гоо сайхныг хүнд бэлэглэдэг гэдэгт эргэлзэх зүйл үгүй. 

Гэхдээ эндээс бас нэг өөр зүйл “үнэртэж” байсан нь хөдөлмөр, тэвчээр хатуужил юм.

Энэ тухай МУГЖ, багш Х.Гэрэлчимэг “Охидуудаа хараад байхад анх ийм байгаагүй. Мэдээж хэрэг 6,7 настай хүүхдүүд ямар байдаг шиг чанга дуугарвал уйлчих гээд, ээжийнхээ хормойноос зүүгдсэн хүүхдүүд байсан. 

Эргээд найман жилийн дараа харахад энэ хүүхдүүд энэ мэргэжлийг эзэмшье гээд зорилго тавьчихсан. Аягүй биеэ даасан. 

Ээж аав нь ч хэлдэг. Бидэнд ямар ч зовиур байдаггүй гэж. Хүүхдүүд маань өөрсдөө бүхнийг зохицуулаад сурчихсан, цагийг яс барьдаг.

Мөн хэзээ ч шантардаггүй. Өмнөх өдөр нь загнаад явуулахад маргааш нь юу ч болоогүй юм шиг бэлтгэл дээрээ хүрээд л ирдэг” хэмээсэн юм. 

Д.Анужин: Балетаар хичээллэснээр зөв бие галбиртай болж, харьцааны боловсролд суралцдаг

 

-Балетаар хэдэн жил хичээллэж байгаа вэ?

-Одоо найм дахь жилдээ хичээллэж байна. Анх Ub Ballet School-д хичээллэж эхэлсэн.

-Удахгүй болох тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Бид дөрвийн төгсөх тайлан тоглолт. Тоглолт маань долоодугаар сарын 5-нд болохоор төлөвлөгдсөн байгаа. Бэлтгэлээ зургаадугаар сараас эхэлсэн.

 

-Балетаар хичээллэсний давуу талыг юу гэж бодож байгаа вэ?

-Балетаар хичээллэснээр зөв бие галбиртай болж, харьцааны боловсролд суралцдаг гэж боддог. 

-Анх яагаад баллетаар хичээллэх болов. Цаашид ирээдүйдээ юу төлөвлөж байгаа вэ?

-Би багадаа бүжиглэх их дуртай хүүхэд байсан. Анх сонирхогчийн балетад явж байгаад мэргэжлийн балетад шалгуулж тэнцээд хичээллэж эхэлсэн. 

Гадагшаа тэмцээнд явахыг мөрөөддөг. Удахгүй явах төлөвлөгөөтэй байгаа. Мөн гадаадын том театруудад ажиллахыг хүсдэг. 

UB BALLET NIGHT...

 

Долоодугаар сарын 5-ны өдөр СТӨ-нд болох “Ub ballet night” тоглолтыг зохион байгуулж буй Ub Ballet School-ийн захирал МУГЖ Х.Гэрэлчимэг, багш ДБЭТ-ын гоцлол бүжигчин, МУГЖ Ч.Ганчимэг, төгсөгч Д.Анужин, Э.Анима, Б.Тэнүүн, И.Саруул нар өдөр бүр тогтсон цагтаа цугларч амьдрал, аз жаргалаа хуваалцахаар шийдсэн балет хэмээх гайхамшигтай урлагийн төлөө зүтгэсээр. 

Тэдний тоглолт болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн. 

Тоглолтод дэлхийн сонгодог бүтээлүүд тавигдах бөгөөд яг юу байхыг нь одоохондоо нууцлахыг хүслээ. Гэхдээ тоглолтод цэвэр сонгодог, неоклассик, модерн зэрэг олон сонирхолтой номер байгааг онцолсон юм.

Тоглолтын бүрэлдэхүүний хувьд тэднээс гадна Түмэн-Эх чуулгын эрэгтэй бүжигчид, СТА н.Ганбат, Япон улсын балетын студийн бүжигчин хүүхдүүд байх аж.

Уран бүтээлчдийн бэлтгэлтэй хэсэгхэн хором танилцаад буцахад бүжигчин хүний хөлийн товших чимээ, сонгодог аялгуу намайг үдэн гаргасан юм. 

 
 
 
 
 

 

 
 

Гэрэл зургийг Б.Бямба-очир MPA.mn