Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шейпэрс Нийгэмлэгээс Монгол үндэстнийхээ уламжлалт өв соёлоо сэргээн бэхжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх “Монгол гэр” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Уг төслийн эхний шат амжилттай хэрэгжиж өнөөдөр төслийн албан ёсны нээлтийн өдөрлөг Чингисийн талбайд болж байна. Төслийн хүрээнд Нийслэлийн ЕБ-ын 60 сургуульд монгол гэр бэлэглэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр эхний ээлжийн 10 сургуульд гэр гардуулах юм байна.
Глобал Шейпэрс Нийгэмлэгийн тэргүүн З.Энхмөнх “Төслийн зорилго нь сургууль бүрийг гэртэй болгох юм. Хотод төрж өссөн хүүхдүүд гэр барих, гэрийн ёс зан заншлын талаар мэддэггүй. Тийм болохоор сургууль бүрийг гэртэй болгох зорилго тавиад байна.
Сургуулиуд гэртэй болсноор хүүхдүүд гэрээ барьж, гэртэй холбоотой ёс, дэг жаягаас суралцах боломжтой болно” хэмээн ярилаа.
Төслийн хүрээнд сургуулиудад бэлэглэх гэр нь дөрвөн ханатай оторын гэр байх бөгөөд Техник Технологийн Дээд Сургуулийн оюутнууд бүтээж байгаа ажээ.
Тус сургуулийн удирдлагуудын зүгээс “Монгол гэр” төслийн хүрээнд гэр үйлдвэрлэж нийлүүлж байгаа нь сургуулийн тогтвортой үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа талаар хэлж байлаа.
Монгол гэрийн талаарх хичээл ЕБС-ийн бага ангийн хөтөлбөрт байдаг юм байна. Өнөөдрийн өдөрлөгийн үеэр төслийн хүрээнд Монгол гэрийн сийлбэр, эсгий урлал, хээ угалз хийж сурсан сурагчид бүтээлээ үзүүлж байлаа.
Гэрэл зургийг Г.Өнөболд /mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!