ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн бүрэн дунд сургуулиудын төлбөр хэрхэн ӨССӨН бэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 8 сарын 18
iKon.MN

Хувийн бүрэн дунд сургуулийн сургалтын төлбөрийн асуудал олны шүүмжлэлд өртөх болсон.

Манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй их дээд сургуулиудын хувьд төлбөрийн хувьд дэлхийн жишгээс харьцангуй бага байгаа бол ерөнхий боловсролын хувийн зарим сургуулиудын төлбөр барууны өндөр хөгжилтэй орнуудынхтай дүйцэхүйц байдаг. 

Тэдгээр сургуулийн төлбөр өндөр байгаад зогсохгүй жил бүр нэмэгдэж байна хэмээн эцэг эхчүүдийн зүгээс гомдол гаргадаг хэдий ч хувь хүний сонголтын асуудал учир тэр бүр зохицуулалт хийгээд байх боломжгүй бөгөөд хувийн хэвшлийн асуудалд төр оролцох нь зарим талаараа учир дутагдалтай юм.

Хувийн сургуулиудын сургалтын төлбөр хэрхэн нэмэгдэж байгааг харуулах зорилгоор хамгийн өндөр төлбөртэй, сургалтаа англи хэл дээр явуулдаг, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, олон улсын зэрэг тодотголтой томоохон сургуулиудын төлбөрийн мэдээллийг тус сургуулиудтай утсаар холбогдож цуглууллаа.

ЗАРИМ СУРГУУЛИЙН ТӨЛБӨР 50 ОРЧИМ ХУВИАР ӨСЖЭЭ

 

Бидний сайн мэдэх “Орчлон” бүрэн дунд сургуулийн хувьд өнгөрсөн жилийн сургалтын төлбөр нь 12 сая төгрөг байсан бол энэ жилийн хувьд нэгдүгээр анги 15 сая, дунд анги 16 сая, ахлах анги 16.5 сая төгрөг байна. Энэ нь зөвхөн сургалтын төлбөр бөгөөд дүрэмт хувцас, хоол зэрэг бусад зардлууд тусдаа ажээ. Хэрэв өнгөрсөн жилийн дунджийг 12 сая гэж үзэх юм бол энэ жил ахлах ангийн сургалтын төлбөр 16.5 сая байгаа нь ойролцоогоор 37 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Харин англи хэлний сургалтаараа манлайлдаг “Хобби” сургуулийн хувьд нэгдүгээр ангид элсэж ороход жилийн 7 сая төгрөгийн төлбөртэй бол дунд анги 9 сая, ахлах анги 9.5 сая төгрөгийн төлбөртэй байна. 

Сургалтын төлбөрийн хувьд нэлээн өндөрт тооцогддог “Улаанбаатар Элит” сургуулийн хувьд өнгөрсөн онд 8.9 сая байсан нэгдүгээр ангийн сургалтын төлбөр 9.9 сая болж нэмэгджээ. Харин ахлах ангийнхны хувьд 11.3 сая төгрөгийн төлбөр төлөх юм байна. 

Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Олонлог” бүрэн дунд сургуулийн бүх ангийн сурагчид 4.5 сая төгрөгийн төлбөртэй. Харин “Сант” сургуулийн төлбөр өнгөрсөн жил 5 сая байсан бол энэ жилийн хувьд 6 сая төгрөг болжээ. 

Япон-Монголын хамтарсан “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн хувьд энэ жил төлбөрөө нэлээдгүй хувиар нэмсэн байна. Тус сургуулийн шинэ элсэлт зургаадугаар сард эхлэх бөгөөд энэ жилийн хувьд нэгдүгээр ангид 72 сурагч элсүүлнэ хэмээн зарлажээ. Сургалтын төлбөрийн хувьд нэгдүгээр анги нь өнгөрсөн жил 2.6 сая төгрөгийн төлбөртэй байсан бол энэ жил 4 сая төгрөг болж 50 гаруй хувиар өсжээ. Харин “Шинэ Монгол”-ын ахлах ангийн сурагчид энэ жил 4.1-4.2 сая төгрөг төлөх нь.

Хамгийн үнэтэй гэгддэг International School of Ulaanbaatar, British School of Ulaanbaatar сургуулиудын сургалтын төлбөрийг лавлалаа. International School of Ulaanbaatar-ын хувьд 1-5 дугаар ангийн сурагчид 18,658 ам доллар төлөх юм байна. Энэ төлбөр өнгөрсөн жил 17 мянга гаруй доллар байсан ажээ. Харин ахлах буюу 6-10 дугаар ангийн сурагчид 22,743 ам доллар төлөх юм байна.

British School of Ulaanbaatar-ын хувьд сургалтын төлбөр ангиасаа хамаараад 10-18 мянган ам долларын хооронд хэлбэлзэж байгаа гэв.

БГД-т байрлах “Гурван тамир” бүрэн дунд сургуулийн сургалтын төлбөр 1.8 сая төгрөг бөгөөд өнгөрсөн жилийн хувьд мөн ийм хэмжээний төлбөр авч байсан гэсэн мэдээлэл өгсөн юм.

Ямартай ч хувийн бүрэн дунд сургуулийн төлбөрийн өсөлт янз бүр байна. Гэхдээ дийлэнх нь төлбөрөө нэлээдгүй хувиар өсгөснийг харж болох юм. 

Сургалтын төлбөрийн хэт нэмэгдлээс болж хүүхдээ өөр сургууль руу шилжүүлэх, анги хамт олноос нь салгах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.  

Гэхдээ зах зээлийн нийгэмд хүүхдээ ямар төлбөртэй сургуульд сургах нь эцэг эхчүүдийн сонголт, төлбөрөө өсгөх эсэх нь хувийн хэвшлийнхний шийдвэр, бүрэн эрх. 

Тиймээс хүүхдийнх нь сурч буй сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэн бол ямар шалтгаанаар, хэдэн хувиар нэмэгдэж байгаа болон өгч буй мөнгөндөө таарсан үйлчилгээ авч байгаа эсэхээ эцэг эхчүүд өөрсдөө хянах нь одоо хэрэгжүүлж болох хамгийн эхний арга зам болоод байна.