Гадныхан биднийг ямар нүдээр харж байгаа нь их сонирхолтой. Учир нь тэд илүү шинэлэг, бидний анзаараагүй өнцгөөс асуудлыг авч үзсэн байх нь элбэг.
Ингээд Монгол нутгаар аялсан зурагчин Hannah Reyes-ийн зургуудийг түүний хувийн тайлбартай нь хамт хүргэж байна. Мөн тэрээр хувьсан өөрчлөгдөж буй нүүдэлчдийн амьдралын талаар өөрийн бодлоо илэрхийлжээ.
Монголын хээр тал бол дэлхийд цор ганц нүүдэлчин соёлын өлгий нутаг билээ. Хятад, Орос гээд дэлхийн хоёр том гүрний дунд оршдог хэдий ч нүүдэлчдийн тал нутаг, амьдрах хэв маяг тийм ч их өөрчлөгдөөгүй. Өнөөдөр ч тэдний зарим ёс заншил Чингис хааны эрин үеийнхээс ялгаагүй хэвээр байна.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд газар нутгийн өөрчлөлт бий болж, иргэд боловсрол, ажлын байр, орчин үеийн тав тухтай амьдралыг хайн хотод суурьшиж эхэлжээ. Үнэн хэрэгтээ дан ганц хот руу нүүдэллэж байгаа хүмүүсээс гадна нүүдэлчин амьдралын хэв маягаа үргэлжлүүлэхээр шийдсэн хүмүүст ч бас энэ хандлага нөлөөлж байна.
Өнөөдөр талын нүүдэлчид амьдралын уламжлалаа шинэ хэв маягтай хослуулан амьдарч байна. Тэд нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлж байгаа ч мал сүргээ маллахдаа мотоцикл их ашигладаг болсон. Мөн нэг газраас нөгөө рүү нүүдэллэхдээ үхэр тэрэг биш ачааны машин ашиглаж байна. Ачааны машин, мотоцикл зэргийг ашиглахтай холбоотой хөдөө шатахуун түгээх газрууд бий болж эхэлжээ.
Монголын уламжлалт сууц болох гэрийн гадаа нарны эрчим хүчээр цахилгаан гаргадаг хавтангууд байдаг. Энэ нь хөдөө цахилгааны эх үүсвэрийг бий болгох гол арга зам. Нарны эрчим хүчээр бий болгосон цахилгаанаар тэд зурагт үзэж, төв суурин газар сургууль сурч байгаа хүүхдүүдтэйгээ холбоо барьдаг ажээ.
Монгол хүүхдүүд хөдөө, суурин газар гээд хаанаас гаралтай байх нь хамаагүй хотын сургуульд сурдаг. Харин хөдөөний хүүхдүүд зуныхаа амралтаар гэртээ харьж аав ээждээ мал маллахад нь тусалдаг юм. Тэдний зарим нь сургуулиа төгсчихөөд малчин болдог байна.
Технологийн хөгжил нүүдэлчдийн амьдралыг тодорхой хэмжээгээр өөрчилж байгаа. Гэхдээ энэ өөрчлөлтүүд уламжлалаа урт удаанаар хадгалж, өсөн хөгжихөд нь тусалж болох юм.
Тэд хөдөө талын нүүдэлчин амьдралаасаа зугтахаасаа илүү шинэчлэлийг өөрсдийн амьдралдаа “нутагшуулах” нь илүү чухал байна.
Соёлын энэ өөрчлөлт орчин үеийн тав тухтай амьдралыг бий болгохын зэрэгцээ эртний гайхалтай амьдралын хэв маягаа хадгалах боломжийг олгоно.
Эх сурвалж: TheDiplomat
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!