-"Цэцэг" төвийн гурван замын уулзварыг дөрвөн замын уулзвар болгосныг иргэд саашааж байна-
"Гудамж" төслийнхөний энд онд ашиглалтад оруулсан хамгийн эхний ажил "Цэцэг" төвийн дөрвөн замын уулзвар байлаа. Уулзварын нээлт өнөөдөр 11.40 цагт болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр тэргүүтэй албаныхан оролцов.

Хэдийгээр энэхүү бүтээн байгуулалтын ажил ойр орчмын иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан ч өнөөдөр ийнхүү биелэлээ олж, иргэд ч ам сайтай, үнэхээр сайхан бүтээн байгуулалт болсон байна хэмээн ярьж байна.
Түүнчлэн тус дөрвөн замын уулзварыг өнөөдрөөс эхлэн Маршалын гудамж гэж нэрийдэхээр боллоо.
Энэхүү шинэ гудамж, замын зураг төслийг “Гудамж” төслийн захиалгаар “Эйч Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экспресс зам" ХХК гүйцэтгэсэн бол ажлын бүхий л үе шатанд Японы “Си Ти Ай Инженеринг Интернэйшнл” ХХК зөвлөх үйлчилгээ үзүүлж, хяналт тавин ажиллажээ.
-Дөрвөн замын бүтээн байгуулалтын ажилд 2 тэрбум төгрөг зарцуулсан байна-
Хотын төв хэсгийн хамгийн их түгжрэл үүсдэг хөндлөн тэнхлэгийн хоёр гудамжийг холбосон босоо тэнхлэгийн шинэ гудамж гаргахдаа, 4895 ам метр талбайд хатуу хучилт хийж, 0.2 км авто зам, 510 ам метр талбайд явган зорчигчийн зам барьсан байна.
Мөн зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн замыг тусгаарласан 780 метр урт хайс, 7 ширхэг гэрэлтүүлгийн шон шинээр суурилуулж, 200 ам метр талбайг ногоон байгууламжтай болгож, 14 мод тарьсан байсан.
Шинэ гудамж, зам барихын тулд Төрийн тусгай хамгаалалтын газрын 130 метр урт хашааг зүүн тийш шилжүүлэн барьсан учраас Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн зүүн талаар бетон суурь бүхий мөн хэмжээний төмөр хашаа шинээр барьж өгсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!