Зураг
Зураг
Индэр    
2017 оны 5 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

БИДЭНД БОЛОМЖ БИЙ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засаг “үхэх үү, сэхэх үү” дээрээ тулаад байгаа энэ үед олон улсын “Standart & Poors” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B-”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээсэн тухайгаа дөрөвдүгээр сарын 18-нд танилцуулав. Ямартай ч хэдэн сарын өмнө толгой дараалан буураад байсан зээлжих зэрэглэл тогтворжжээ.

Гэхдээ санаа амарч болно гэсэн үг биш.

Зээлжих зэрэглэл бол хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаардаг хүчин зүйл бөгөөд эдийн засгийн толь байдаг.  Бид үнэлгээгээ “A” зэрэглэлд оруулахын төлөө тэмүүлж байх учиртай.

“S&P” агентлагийн мэдэгдэлд дурдсанаар эдийн засгийн хэтийн төлвийг тогтвортой хэвээр үлдээх үндэслэл нь “Уул уурхайн томоохон төслүүд нь эдийн засгийн өсөлтийн чадавхыг нэмэгдүүлж, одоо тулгарч буй дарамтыг дараагийн 12 сарын хугацаанд бууруулж болзошгүй” гэж үзжээ.

Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах, гуравдугаар сард дахин санхүүжүүлсэн бондын төлбөрийг макро эдийн засагт дарамтгүйгээр шийдвэрлэж чадсаныг сайшаасан байна. 

Тус агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг цаашид сайжруулах, бууруулах үндэслэлийг тодорхойлсныг бүрэн эхээр нь хүргэвэл: 

Дээшлүүлэх үндэслэл:

“Оюу толгой, Таван толгой зэрэг уул уурхайн мега төслүүдийн хэрэгжилт хурдасч, эдийн засаг өсөх, төсвийн болон гадаад секторын үзүүлэлтүүд хүлээлтээс давсан тохиолдолд зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжтой”

Бууруулах үндэслэл:

“Монгол Улсын гадаад секторын үзүүлэлтүүд цаашид бодит эрсдэл дагуулах хэмжээгээр муудсан тохиолдолд зээлжих зэрэглэлийг бууруулах эрсдэлтэй” гэжээ.

Үүнээс гадна Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар зарласан ч төсвийн алдагдал өндөр, цаашдын төлөв сул хэвээр байгааг S&P” агентлаг хамгийн түрүүнд дурдсан нь нэг чухал мессеж өглөө. Хөтөлбөрт хамрагдчих л юм бол асуудлаас гарчих нь гэж баярлах хэрэггүй гэсэн үг.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэх боловч энэ нь төсвийн алдагдалд голчлон зарцуулагдах учраас эдийн засгийг урагшлуулах хүч мега төслүүдээ хөдөлгөх зүй ёсны шаардлага урган гарч байгааг анхааруулсан байна.

Мөн мега төслүүд хэрэгжиж эхэлснээр эдийн засгийн өсөлтийг 2018 оноос тогтворжиж 2019 оноос өсөхөөр байна, гэхдээ эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх дарамтууд хэвээрээ байгаа гэжээ.

Эдийн засгийн өсөлт бол Монголын жирийн иргэн ажилтай, орлоготой болохын нэр.

Гадаад секторын дарамт гэдэг нь манай улсын хэт хамааралтай болсон уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл юм. Зэс, нүүрсний үнэ өсөхөөр тэнгэрт мандаж, буурахаар хамраараа газар хатгадаг энэ байдал үргэжилсээр байхыг олон улсын үнэлгээний байгууллагууд анхааруулсаар улиг болжээ. Энэ удаад ч анхааруулсан гол зүйл нь байлаа.

Тиймээс энэ байдлаас гарах, эдийн засгаа олон биш юм аа гэхэд хоёр тулгууртай болгох алхмууд хийх нь энэ Засгийн газрын том ажил байх нь гарцаагүй.

Хөтөлбөрийн хүрээнд гадаад валютын албан нөөцийг тогтвортойгоор нэмэгдүүлэх нь чухал гэдгийг мөн онцолжээ. Төв банкийг хараат бус болгох шаардлага байгааг хэлсэн байна. Монголбанкнаас Төв банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хуулийн төслөөр дээрх асуудлыг шийдвэрлэх боломж байгаа гэж харж байна. 

Манай Засгийн газрын хувьд төлбөр гүйцэтгэх чадвар муутай, өрийн хэмжээ их байгаа. Жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2018 оны нэгдүгээр сард 500 сая ам.долларын өр төлөх ёстой. Хэдийгээр энэ оны гуравдугаар сард төлөх байсан 580 сая ам.долларыг дахин санхүүжүүлж чадсаныг S&P агентлаг эерэгээр үнэлсэн ч ирэх жилийн төлбөрийг дахин санхүүжүүлэх эрсдлийг бууруулах хэрэгтэй гэжээ.

Бидэнд энэ хүндрэлээс гарах боломж байгааг "S&P" агентлаг ийнхүү тодорхойлов. Одоо хэрэгжүүлж чадах эсэхийг эрх баригчдын ЧИН ЗОРИГ л мэднэ. 

Хүснэгт: Монгол Улсын зээлжих зэрэглэл /S&P агентлаг/

Огноо

2016.04.28

2016.08.19

2017.04.18

Урт хугацаат

B stable

B- stable

B- stable

Богино хугацаат

B

B

B

T&C assessment

B+ stable

B stable

B