Зураг
Зураг
Индэр    
2017 оны 4 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

Засгийн НЭМЭХ 7 ТАТВАРААС хамгийн "ШУДАРГА НЬ"

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нэмэгдэх долоон төрлийн татварын нэг нь хадгаламжийн хүүгийн орлогод ногдох албан татвар юм. Өмнө нь ХХОАТ-ын тухай хуулиар мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авдаг байсан.

Харин энэ удаад нийт хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах асуудал яригдаж байна.

Хадгаламжийн зах зээлийн тоо баримт:

Манай улсын төгрөг болон валютын хадгаламжийн хэмжээ нь нийтдээ 6.5 их наяд төгрөг байдаг. Төв банкнаас олон нийтэд ил болгосон мэдээллээс харахад 2016 оны байдлаар нийт хадгаламж эзэмшигчдийн 96.6 хувь нь буюу 2,015,921 данс 10 сая төгрөгөөс доош хэмжээний хадгаламжтай, Харин 3.4 хувь нь буюу 70,822 данс 10 саяас дээш төгрөгийн хадгаламжтай байна.

ГРАФИК 1: Хадгаламжийн данс, хадгаламжийн хэмжээ

 

Дээрх мэдээллээс харвал 10 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд нийт иргэдийн 3.4 хувийг эзэлж байгаа хэрнээ нийт хадгаламжийн 80 гаруй хувийг эзэмшиж байна. Харин үлдсэн 96.6 хувь нь нийт хадгаламжийн 10 гаруй хувийг эзэмшдэг гэсэн үг.

Засгийн газрын тооцоолсноор нийт хадгаламжийн хүүнд татвар ногдуулснаар ирэх гурван жилийн хугацаанд 180 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт орж ирэх юм.

Энэ шийдвэр сонсогдсон даруйдаа ихээхэн эсэргүүцэлтэй тулгарав. Тухайлбал төсвийн тодотгол хэлэлцэж байх үеэр зарим гишүүд хадгаламж эзэмшигч хүн бүрээс биш харин их мөнгөн дүнтэй хадгаламж эзэмшиж байгаа иргэдээс татвар авах нь зүйтэй гэдэг санааг илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл босго тогтоох тухай. Ингэхдээ 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хүүгийн орлогоос татвар авъя гэв.  

Хэрэв ингэх юм бол өөрчлөлт ярих хэрэг байна уу?

Хадгаламжийн хүүний орлогоос авах албан татвар Монгол улсын хувьд ШИНЭ СЭДЭВ байгаагүй. Угаасаа татвар авах ёстой байсан ч банкны секторыг дэмжих нэрээр хэрэгжилтийг нь хойшлуулсаар ирсэн. Дэлхий нийтийн жишгээс харвал хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар байх ёстой.

Бид бусад орнуудаас хэд дахин өндөр хүү авдаг хадгаламж эзэмшигчид гэдгээ ойлгох цаг нэгэнт болжээ. Хэрэв хадгаламжийн хүүгээс албан татвар авах хууль хэрэгжиж эхэллээ гэж бодоход таны жилдээ авдаг 15 хувийн хүү 10 хувиар буурч 13.5 хувь л болно. Энэ нь гадны ямар ч зах зээлээс дор хаяж хоёр дахин өндөр хүү гэдгийг битгий мартаарай.

Хэрэв 100 саяас дээш гэдэг ч юм уу хуучин зохицуулалтаар явах юм бол 13 сарын хугацаатай хадгаламж, 100 сая төгрөгөөс доош хэмжээтэй хадгаламжийн үйлчилгээ зэрэг хуулийн цоорхойг ашиглаж татвар төлөхгүй байх нөхцлүүд бүрдэх боломжтой. Тиймээс босго тогтоовол энэ хуулийн хэрэгжилт “лөөлөө” болно.

Үүнээс гадна иргэдийн төөрөлдөж байгаа нэг зүйл нь хадгаламжийн хүүгийн орлогын албан татварыг авснаар хадгаламжаас нь татвар авчих юм шиг ойлгож байна. Үнэндээ энэ татвар таны хадгаламжинд ямар ч дарамт болохгүй. Та 10 сая төгрөгийн, нэг жилийн хугацаат хадгаламжнаасаа 15 хувийн хүү буюу 1.5 сая төгрөгийн орлого олдог бол энэхүү орлогоосоо 10 хувийг буюу 150 мянган төгрөгийг улсад татвар болгон төлнө.

Энэ нь орлогын албан татварын шударга төлөлт биш гэж үү?