Индэр    
2017 оны 3 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

Г.Мөнх-Эрдэнэ: Хувьцаа танд ХЯЗГААРГҮЙ боломжийг олгоно

Зураг

“Хувьцаа ямар ашигтай вэ” шинэ ном мэндэлжээ. Энэхүү номыг Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Судалгаа Хөгжлийн Нийгэмлэгээс эрхлэн гаргасан байна.

Халаасандаа их хэмжээний мөнгөгүй ч дэлхийн хэмжээний хөрөнгөтөн болох боломж хөрөнгийн зах зээл гэдэг гайхамшигт ертөнцөд бий. Энэ ертөнцөөс төрсөн тэрбумтнууд, компаниуд дэлхийд үргэлж шилдэг нь байдаг. Тухайлбал Уоррен Баффет, Жорж Сорос, Фэйсбүүк, Алибаба гээд нэрс хөвөрнө.

Гэвч Монголчууд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг төдийлөн ойшоохгүй ирлээ. Төрөөс ч энэ салбарт бодлого үгүйлэгддэг.

Харин хувийн хэвшлийнхэн идэвх санаачлагатай ажиллаж, зарим нэг амжилтуудыг гаргаад байгаа юм. Тэднийг төлөөлүүлж Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Судалгаа Хөгжлийн Нийгэмлэгийн тэргүүн, “Хувьцаа ямар ашигтай вэ” номын зохиогч Г.Мөнх-Эрдэнийг урьж ярилцлаа.


-Шинэ номоо гаргасанд баяр хүргэе. Монголчуудад хөрөнгийн зах зээл тийм ч ойрхон биш. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ салбарыг сонирхогчдын тоо улам өсөөд байгаа нь анзаарагдаж байна. Та юутай холбоотой гэж үзэж байгаа вэ?

-Баярлалаа. Би 2007 онд анх хувьцаа авч эхэлж байлаа. Тухайн үед хувьцааны талаар одоогийнх шиг ярьдаггүй байсан. Өнөөдөр бол хэвлэл мэдээллийнхэн хөрөнгийн зах зээлийг их ярьдаг, бичдэг болж. Санхүүгийн зах зээлд танигдсан, нэр хүндтэй хүмүүс ч хувьцааны ач холбогдлыг тодотгох болсон.

Ингээд мэдээлэл тараад эхлэхээр хүмүүс сонирхож эхэлдэг юм байна. Хүмүүс яриад эхлэхээр дараагийн хүмүүс нь ярьж эхэлдэг юм байна. Тэгэхээр бид эхлээд ярилцаж хэлэлцээд шийдлээ олоод дараа нь төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах хэрэгтэй гэж боддог. Нэг үеэ бодвол хүмүүс энэ зах зээлийг сонирхдог, ойлгодог болсон. Энэ бол дэвшил шүү.

-Та анх 2007 онд ЕБС-иа дүүргэж их сургуульд элсэн орохдоо л энэ салбарыг сонирхож байсан гэдэг. Одоогоос 10 жилийн өмнө буюу мэдээлэл хомс үед юу таныг энэ салбар руу татсан бэ?

-Миний хувьд хүмүүсийн боломжгүй гэж хэлдэг, боддог зүйлийг боломжтой гэж харуулах дуртай. Хүмүүсийн мэдэхэд хэцүү гэж зай барьдаг зүйлийг мэдэж сурахыг хүсдэг. Чадахгүй зүйлсийг нь  чаддаг байхыг эрмэлздэг. Энэ зан чанар их нөлөөлсөн болов уу.

Тухайн үед хувьцааны талаар хэн ч өнөөдрийнх шиг ярьдаггүй, хувьцааны арилжаа, хөрөнгө оруулалт гэдэг нууцлаг, ил тод биш, цомхон хүрээнд байсан даа.

Гэвч хувьцааг мэдчих юм бол, зөв хөрөнгө оруулж чаддаг болох юм бол хил хязгаар, үндэстэн харгалзахгүй, цаг хугацаанаас үл хамааран өөрийн болоод хүмүүсийн хөрөнгийг өсгөх боломжтой юм байна гэдгийг тухайн үед олж харсан юм.  

Намайг унтаж байхад Нью-Йорк ажиллаж байна. Нью-Йорк дээр авчихсан байгаа хувьцааны ханш өсөж байвал миний мөнгө өөрөө өөрийгөө өсгөж байна л гэсэн үг.

Бид өнөөдөр БНХАУ руу зөвхөн зэс, нүүрсээ л зарж байна. Тэгвэл бид үр өгөөжөө тогтмол өгч байдаг ямар зүйлийг урд хөршөөсөө авч болох вэ? Магадгүй Алибабаг авбал Хятадын эдийн засгийн өсөлт хувьцааны ханшид эерэгээр нөлөөлж миний мөнгө өсөх боломжтой. Хил хязгаар харгалзахгүй, цаг хугацаанд баригдахгүй, ямар ч салбарт хүссэн үедээ хөрөнгө оруулж, хүссэн үедээ гарах боломжийг хувьцаа олгож байдаг нь намайг маш их татдаг.

-Тухайн үедээ 4 сая төгрөгийн өрөнд орж байсан тухай номноос тань уншсан. Гэхдээ өнгөрсөн жил “Монгол Шуудан” компанийн хувьчлалыг хийж дотоодын захаас 6.2 тэрбум төгрөг босгосон байна лээ. Энэ хувьчлалын талаар дэлгэрэнгүй яриач?

-Хувьцааг сонирхож эхлээд би хамгийн түрүүнд Монголын өмч хувьчлалын түүхийг судалсан юм. Энэ бол маш гашуун түүх л дээ. Хувьчлалын үр дүнд олон сайхан компаниуд юу ч үгүй дампуурсан байдаг. Ингээд оюутан байхаасаа л төрийн өмчийг түмэн олонд нь хувьчилсан шиг хувьчлах юмсан гэж мөрөөдөж эхэлсэн. Харин энэ мөрөөдөл маань жилийн өмнө биелэлээ олж өөрийн гараар “Монгол Шуудан” компанийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилсан юм. Уг ажил маань ч амжилттай дуусч 6.2 тэрбум төгрөгийг манай андеррайтерийн баг босгосон.

Хамгийн гайхалтай нь УИХ болон ЗГ-аас компанийн 34 хувийг нэмж хувьцаа гаргах замаар хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилж, босгосон хөрөнгийг төсөв авахгүй харин компанийн үйл ажиллагааг сайжруулах замаар ашиглана гэсэн тогтоол гарчихсан байсан. Өөрөөр хэлбэл хувьцааны хуваарилалтыг хэрхэн хийх талаар чиглэл, заавар байгаагүй юм. Энийг мэдэх үед л төрийн өмчийг түмэн олонд нь хувьчилсан шиг хувьчилчих юмсан гэсэн мөрөөдөл минь биелж эхэлсэн.

Бид хувьчлалд хэн нэг нь давуу эрх эдлэх ёсгүй, захиалга өгсөн иргэд бүгд хувьчлалд оролцож хувьцаатай болох ёстой, тэгш, шударга оролцоотой байх ёстой гэсэн зарчим баримталсан. Тодруулбал, эхлээд бүх жижиг хувьцаа эзэмшигчдийн захиалгыг биелүүлээд, дараа нь том хувьцаа эзэмшигчдийн захиалгыг хувь тэнцүүлж биелүүлэн бүгдэд нь хувьцааг тэгш хуваариласан. Тухайн үед 350 гаруй хүн хувьцаа худалдаж авсан. Үүнийг хангалттай өндөр тоо гэж хэлэхгүй ч өмнө нь болсон хувьчлалуудтай харьцуулахад өндөр тоо юм.

Ингэж хувьчилсан нь ч хоёрдогч зах зээлд үнэ өсөх нэг үндэслэл болсон. 185 төгрөгөөр гарч байсан хувьцаа өнөөдөр 400 төгрөг болчихсон байна. Энэ хувьчлалд оролцсон бүх хүн баяртай байгаа гэдэгт итгэлтэй байна. Төрийг өмчийг хувьчлахад ийм л жишгийг цааш нь үргэлжлүүлээд яваасай гэж хүсдэг. Төрийн өмч бол түмний өмч шүү дээ. Тэгэхээр төрийн өмчийг түмэнд олонд нь хувьчлах ёстой.

-Монголчуудын өнгөрсөн жилүүдэд хийсэн хамгийн том алдааны нэг “Эрдэнэс Таван Толгой” байсан гэж та бүхэн дүгнэсэн байна лээ. Ингэж дүгнэх шалтгаан юу вэ?

-“Эрдэнэс Таван Толгой” зүгээр л нэг нүүрсний компани биш. Энэ бол олон талт ач холбогдолтой стратегийн орд, бүтээгдэхүүн юм.

Төрөөс 1,072 ширхэг хувьцааг иргэддээ тараасан ч амилуулж чадаагүй. Хэрэв амилсан бол иргэд хүссэн хүсээгүй энэ хувьцаагаа эргэлтэнд оруулж хөрөнгийн зах зээлийн харилцаанд оролцох байсан. Бид ганцхан компанийн хувьцаагаар Монголын нийгмийг хөрөнгийн зах зээлээр амьсгалуулах боломжоо алдсан. Хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх ойлголт, мэдлэгийг маш  богино хугацаанд иргэдэд өгч чадах байсан ч чадсангүй.

Хэрэв бид ярьж байснаараа Монгол, Хонг-Конг, Лондонгийн бирж дээр хувьцаагаа гаргачихсан байсан бол Монгол Улс нүүрс, алт, зэс гэдэг түүхий эдээр биш хөрөнгийн зах зээлд ажиллаж чаддаг, мөнгө босгож чаддаг гэдгээ харуулж дэлхийн хөрөнгийн зах зээлийн тавцанд хүчтэй гарч ирж чадах байлаа. Энэ боломжоо ч алдсан.

Тэгэхээр энэ бол эдийн засаг, хөрөнгийн зах зээл, нийгэм гээд олон талын ач холбогдолтой том төсөл. Гэхдээ одоо энэ ордын нөөц нь байгаа, нүүрсний үнэ өссөн учраас менежментээ сайн хийвэл одоо ч гэсэн мөнгө босгох боломжтой. Тэгэхээр цаашид төр засаг нь иргэддээ ашигтай хувилбарыг сонгож шийдвэрээ гаргаасай гэж хүсч байна.

Хамгийн гол нь хувьцааг нь бирж дээр гаргаж эргэлтэд оруулах хэрэгтэй. Өөр замаар ашиглах бол Монголын иргэд энэ ордынхоо үр шимийг хүртэж чадахгүй.

"Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үү, эс хөгжүүлэх үү гэдэг бодлого нь алга"
 

-Хөрөнгийн зах зээлд ёс зүйгүй оролцсоноос болж муу үр дагаварт хүрсэн олон кейсүүд энэ номд байсан. Манайд ийм кейс хэр олон бэ?

-Бид л онцолж ярьдаггүй болохоос манайд ч гэсэн тийм кейсүүд бий. “Анод” банкны асуудлаас болж олон ч хөрөнгө оруулагч хохирсон шүү дээ.

Яагаад дампуурсныг нь нарийн хэлж мэдэхгүй ч тэнд ямар нэгэн алдаатай процесс, ёс суртахуунгүй үйлдэл байсан нь гарцаагүй. Хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаад удаагүй дампуурсан шүү дээ. Хэдэн арван жил ажиллаж байгаад зах зээлийн нөхцөл байдлаас болж дампуурчихлаа гэвэл ойлгож болохсон. Өнөөг хүртэл дампуурсан шалтгаан нь олон нийтэд тодорхой болоогүй л байна. "Зоос" банк бас байна. Дампуурсан гэхээр бас биш. Дампуураагүй гэхээр хувьцааг нь авсан иргэд өнөөг хүртэл мөнгөө авч чадахгүй, хохирлоо ч төлүүлсэн юмгүй  явсаар л байгаа.

Номон дээр ийм кейсүүд оруулсан нь ёс суртахуунгүй үйлдлүүд гардаг, үүнийг мэддэг байх хэрэгтэй гэдгийг ойлгуулах зорилготой. Өөрөөр хэлбэл хувьцаанд хөрөнгө оруулахаасаа өмнө компаниа сайн судлах хэрэгтэй. Ёс суртахууны гажуудал ямар нэг байдлаар байгаа л бол тэр компани чинь цагийг тааруулаад тавьчихсан тэсрэх бөмбөг л гэсэн үг.

-Анхаарах ёстой чухал зүйл мөн шүү. Одоо хөрөнгийн зах зээлийн эерэг талыг ярья. Энэ зах зээлд орсноор залууст ямар боломжууд бий болох вэ. Мөнгө олж, хөрөнгөжиж буй залуус хэр их байна?

- Хөрөнгийн зах зээлд олон компани бий. Үүнд сайн нь ч бий, муу нь ч бий. Харин аливаа юмыг нарийн судлахгүй ерөнхийд нь харчихаад шийдвэрээ гаргадаг нийтлэг дутагдал манайханд анзаарагддаг. Эндээс л алдаа эхэлж байгаа юм.

Муу компаниудын жишээг түрүүлж харахаасаа илүү сайнуудыг нь олж хувьцаанд нь хөрөнгө оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд хүнд мэдлэг, мэдээлэл хэрэгтэй. Мэдлэг, мэдээлэл олж авахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй болж байна.

Манай нийгэмлэг сүүлийн үед “Хувьцаанд хөрөнгө оруулахаасаа өмнө оюундаа хөрөнгө оруул” гэсэн уриалгыг гаргаж байгаа. Учир нь мөнгө олохын тулд мэдлэгтэй, туршлагатай байх хэрэгтэй. Мөнгөний араас улайраад эхэлбэл алдахаас өөр юм байхгүй.

Монголд сайн хувьцаанууд байна. Жишээ нь “Говь” ХК-ийн хувьцаа жилийн өмнө 8,400 төгрөг байсан бол одоо 12,500 төгрөг болсон. Үндсэндээ 50 хувь өссөн байна. Жилийн хугацаанд 50 хувийн өсөлт гэдэг бол маш сайн. Банкинд хадгалбал үсрээд л 16 хувийн өсөлт үзүүлнэ. Мөн жижиг Таван толгой гэж нэрлэгддэг “Таван толгой” ХК-ийн хувьцаа жилийн өмнө 1,000 орчим төгрөг байсан. Хэдхэн сарын өмнө 5,000 төгрөгт хүрлээ. Хэд нугалж өссөн байгаа биз.

Тэгэхээр, нэгдүгээрт, хямралын үед ч гэсэн сайн хувьцаагаа олж сонговол боломж их байна. Хоёрдугаарт, хүмүүс надаас хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар анх хувьцааны зах зээлд орох нь тохиромжтой вэ гэж асуудаг.

Миний хариулт бол хувь хүн одоогийн нөхцөл байдалд 50 сая төгрөгөөс дээш дүнгээр хувьцаа авчихаад гэнэт мөнгөний асуудал гараад зарах гэвэл зарагдахгүй байх магадлалтай. Харин 50 сая төгрөг дотор арилжаа хийх гэж байгаа бол зарагдахгүй гэж айгаад байх шаардлагагүй. Харин энд багц бүрдүүлэх ёстой гэдгийг санаарай. Бүх мөнгөөрөө нэг хувьцаа аваад хэрэггүй. Дор хаяж гурван хувьцаа авах хэрэгтэй. Тэгэхээр сайн хувьцаагаа сонгож чадвал эргэж зарагдахгүй гэсэн асуудал гарахгүй. Харин муу хувьцаа авчихвал маш хэцүү шүү. Үүний тулд л хүнд мэдээлэл, мэдлэг хэрэгтэй болж байгаа юм.

-Иргэд өөрсдийгөө хөгжүүлэх шаардлагатай юм байна. Нөгөө талаас Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаа шалтгаан нь юу юм бол?

-Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үү, эс хөгжүүлэх үү гэдэг бодлого нь алга. Энэ зах зээлд төрийн бодлого байхгүй учраас 10 эсвэл 20 жилийн дараа хаана хүрэх, яаж хүрэх вэ гэдэг төлөвлөгөө, арга хэмжээнүүд нь тодорхой бус.

Төрийн бодлого энэ салбарын хөгжилд манлайлах үүрэг гүйцэтгэнэ.  

Бодлого гээд ярихаар заавал мөнгөөр дэмжих тухай ярих шаардлагагүй. Өнгөрсөн хугацаанд бид улс мөнгө удирдахаар яаж дампууралд хүргэдгийг бондын эргэн төлөлтөөр тод харлаа.

Тэгэхээр хөрөнгийн зах зээл дэх төрийн бодлогыг би мөнгөөр биш хууль эрх зүйн орчны бүрдлээр харж байгаа юм. Жишээ нь Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан экспорт хийдэг компанийн татвараас яагаад чөлөөлж болохгүй гэж. Импортыг орлодог бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани ч мөн адил.  Энэ мэтээр татварын таатай орчныг бүрдүүлэх замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж болж байна.

Үнэхээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд мөнгө хэрэгтэй байгаа бол банкаар биш хөрөнгийн зах зээлээр дамжуулж зээл олгох хэрэгтэй. Бирж дээр хувьцаагаа гаргачихсан компаниудын бүх юм ил тод, нээлттэй байдаг. Ийм компаниудад л улс бондынхоо мөнгийг зээлчих л дээ.

Товчоор бол нэг компани, нэг хүн энэ салбарыг хөгжүүлж чадахгүй. Төрийн цогц бодлого үгүйлэгдэж байна.

-Монголд Хөрөнгийн бирж байгаа ч бидний дунд талбайн хажуу талын барилгаар нь төсөөлөх явдал их байдаг. Манай Хөрөнгийн биржийн хөгжил сул дорой байна. Яаж хөгжүүлэх вэ?

-Хөрөнгийн зах зээл нь хөгжчихсөн орнууд хөгжиж буй орнуудынхаа Хөрөнгийн биржийн хувьчлалд оролцож, техник, санхүүгийн туслалцаа үзүүлдэг. Тухайлбал Мъянмарын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Японы хөрөнгийн зах зээлд ажилладаг байгууллагууд ажиллаж байна.

Тэнд Японы технологи, туршлага нутагшиж байна.

Миний бодлоор Хөрөнгийн биржийг хувьчлах нь зөв. Гэхдээ төрийн бодлого байх ёстой. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй, хүртээмжтэй, тэдний тэгш оролцоог хангасан байх нь чухал. Төвлөрлийг хязгаарлах замаар нээлттэй хувьчлах хэрэгтэй. Хэрвээ бид гадаадын хөрөнгө оруулалтаас айгаад хувьчлалаа зөвхөн дотоодод хийвэл дэлхийн жишиг хөрөнгийн зах зээлийг бий болгоход их л хүндрэл гарна гэж боддог. Алдаатай хийсэн хувьчлал зах зээлийг урагшлуулах биш хойшлуулж мэднэ.  

“Хувьцаа ямар ашигтай вэ” ном сайн цаг хугацааг наашлуулаасай гэж хүсч байна
 

-Монголд нийт зах зээлийн 90 гаруй хувийг арилжааны банкууд эзэлж байна. Зарим хүмүүсийн хувьд энэ чигээрээ явж болоод байгаа мэт санагдаж байж магадгүй. Хөрөнгийн зах зээл хөгжихгүй бол ЯГ ЮУ БОЛОХГҮЙ байгаа юм бэ?

-Нэгдүгээрт баялагтаа эзэн суух боломж хөрөнгийн зах зээл дээр л байдаг. Жишээ нь, "Эрдэнэс Таван Толгой" компани банкнаас зээл авсан гэж бодъё л доо. Яг энэ үед нүүрсний үнэ өслөө гэе. Эндээс банкны эзэд хүүгийн орлого хийж улс татварын орлогоо зутаатгана биз. Хамгийн бага өгөөжийг иргэд хүртэнэ. Учир нь иргэд банкинд хадгалуулсан мөнгөний хүүгээр л өгөөж хүртэнэ гэсэн үг.

Тэгвэл хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргасан компанийн хувьцааг иргэд нь эзэмшвэл нүүрсний үнэ яаж өснө түүний дагаад л хувьцааны ханш нь хэд дахин өснө шүү дээ. Би түрүүн хэлсэн. "Таван толгой" ХК-ийн хувьцааны үнэ жил хүрэхгүй хугацаанд 1,000 төгрөгөөс 5,000 төгрөг болсон тухай. Үүнийг л хэлээд байгаа юм.  Тэгэхээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүйгээр бид дараа дараагийн том ордууддаа эзэн суух боломжоо алдана. Энэ бол хамгийн аюултай хэрэг.

Хоёрдугаарт төсвийн хөрөнгө оруулалтууд банкаар дамжиж байна. Банк өөрөө хаалттай систем. Төсвийн мөнгө хаагуур дамжаад хэнд очиж байгааг нь мэдэх боломжгүй. Тэгвэл хөрөнгийн зах зээлд байгаа компаниудаар дамжуулж төсвийн хөрөнгө оруулалт хийгдвэл бүх юм ил тод болно. Үүнийг дагаад авлига хээл хахууль ч буурах боломжтой. Ингэж чадвал бид маш том алхам урагшилна.

Хөрөнгийн зах зээл хөгжвөл бидний хорин жил ярьсан үйлдвэрлэлийн салбар хөгжинө, санхүүгийн зах зээл тогтвортой болно гэх мэтээр олон сайхан үр дүнг ярьж болно.

-“Хувьцаа ямар ашигтай вэ” номоо гаргасан гол шалтгаан нь юу байсан бэ. Магадгүй дээр дурдсан олон асуудлыг шийдэл болгохыг хүссэн үү?

-Хоёр шалтгаан байгаа л д аа. Би энэ зах зээлийг сонирхож эхлээд 10 гаруй жил болж. Сүүлийн таван жил мэргэжлийн компанид нь ажиллаж байна. Энэ хугацаанд бүхнийг шинээр сурч, алдаж онох нь надад хэцүү байсан. Цаг хугацаа ч багагүй алдсан байх. Тэгэхээр яг над шиг энэ зах зээлийг сонирхож байгаа хүмүүс миний алдааг битгий давтаасай. Миний алдаанаас суралцаад илүү хурдан өсч хөгжин илүү их амжилтанд хүрч, магадгүй Уолл Стрийтэд очиж дэлхийд танигдсан алдартай хөрөнгө оруулагч болох хүсэл эрмэлзэлийг нь өдөөж өгөөсэй гэж бодсон. Энэ номыг уншаад тодорхой хэмжээний ойлголт, мэдлэг, мэдээлэл авч цаашдын зам нь илүү дардан байгаасай гэж хувь хүнийхээ үүднээс хүссэн юм.

Харин иргэн хүнийхээ хувьд хөрөнгийн зах зээл хөгжөөгүйгээс болж бид ямар их зүйл алдаж байгаагаа, хэрэв хөгжчих юм бол ямар сайхан үр дүн хүлээж байгаа вэ гэдгийг нийгэмд хүргэж, харуулахыг зорьсон.

Энэ номыг уншсанаар өнөөдөр биш ч гэлээ тодорхой хугацааны дараа хүмүүс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг улс төрчдөөс шаарддаг ч болох юм билүү. Хэн мэдлээ. Нэг үгээр хэлбэл, залуу хүний хувьд Монголынхоо нийгэмд хэрэг болох зүйл хийж үлдээе гэж бодсон хэрэг. Энэ бүхнийг аясаараа болохыг хүлээвэл маш их хугацаа орох нь гарцаагүй. Харин “Хувьцаа ямар ашигтай вэ” ном энэ цаг хугацааг наашлуулаасай гэж хүсч байна.

 

 

Бидний яриа Макс Моллын  "Caffe Bene" кофе шопд өрнөсөн бөгөөд зочин маань латте захиалав.