Индэр    
2025 оны 10 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Хасын Хүлэгүүд"-ийн ноёрхлыг аль баг зогсоох вэ?

Зураг
Гэрэл зургийг Д.Бямбажаргал

Монголын сагсан бөмбөгийн Дээд лиг 31 дэх жилдээ хөшгөө нээв. 1994 оноос эхэлсэн лигт өнгөрсөн улиралд "Хасын Хүлэгүүд" баг ес дэх удаагаа түрүүлсэн билээ.

Тэгвэл энэ шинэ улиралд эрэгтэй 10, эмэгтэй зургаан багтай эхэлсэн юм.

Одоогоор бүх багууд 1-3 тоглолт хийгээд байна. Багууд хоёрдугаар сарын 25-ныг дуустал улирлын тоглолтоороо сагсан бөмбөг сонирхогчдыг баясгана.


Хасын Хүлэгүүд

зураг
 
  • Багийн ахлагч: Чулуунбаатарын Ихбаяр
  • Ерөнхий дасгалжуулагч: Атанасиос Скоуртопоулос

Энэ жилээс баг тус бүр нэг Азийн найман улсаас импорт буюу гадаад тоглогч бусад тивээс хоёр легионер багтаа элсүүлэх боломжтой. Шар тивийн төлөөллүүд минутын хязгааргүй талбайд гарах боломжтой гэдгээрээ бусдаас давуу талтай байх юм.

Өнгөрсөн улирлын аваргууд болох "Хасын Хүлэгүүд" хашир туршлагатай хамгаалагч Иан Миллерийнхээ хамт америк төвийн тоглогч Омоефай Жонсонг багтаа авчээ. 

Аваргууд ази импорт тоглогчоор Японы Ватарү Игариг авчирсан байна.


Бишрэлт Металл

зураг
 
  • Багийн ахлагч: Түмэнбаярын Ууганбаяр
  • Ерөнхий дасгалжуулагч: Цепелис Еванжелос

Сүүлийн гурван улирал дараалан аваргын цомын төлөө өрсөлдсөн "Бишрэлт Металл" баг америк тоглогчид болох Кристиан Брэдфорд болон Абдул Малик Абу нарт итгэл хүлээлгэв.

Тэд мөн бүрэлдэхүүндээ шигшээ багийн довтлогч Э.Маргадыг элсүүлсэн юм.  


Омни Эрдэнэт Майнерс

зураг
 
  • Багийн ахлагч: Намжилдоржийн Золжаргал
  • Ерөнхий дасгалжуулагч: Одонбаатарын Баярцогт

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч О.Баярцогтын удирдлага дор 2022-2023 оны улирлын аваргууд өнгөрсөн жилээ бодвол илүү өрсөлдөөн үзүүлэх нь гарцаагүй. Тэд америк довтлогч Пендарвис Уильямс, төвийн тоглогч Чад Веннинг дээр нэмээд энэтхэг холбогч Сахайж Сехоноор бүрэлдэхүүнээ зузаатгасан. 

Мөн лигийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Санчирыг эгнээндээ нэгтгэснээ зарласан ч тодорхой шалтгааны улмаас одоогоор шинэ багтайгаа хэзээ талбайд гарах нь тодорхойгүй байна.


Сэлэнгэ Бодонс

зураг
 
  • Багийн ахлагч: Боргилын Батзолбоо
  • Ерөнхий дасгалжуулагч: Предраг Стоянчив

Энэ улиралд олны анхаарлыг татаж буй баг бол гарцаагүй "Сэлэнгэ Бодонс". Одоогоор Ахмед Гилберт, Майкл Уильямс гэсэн гадаад тоглогчтой шинэ улирлыг эхлүүлж байна.

Тус баг хасагдах шатанд шалгарвал ДеМаркус Казинс эргэн ирэхээр төлөвлөсөн. Мөн бүрэлдэхүүндээ 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогчид болох А.Ананд, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нарыг авснаа зарласан. Гэхдээ тэд 3х3 шигшээ багийн улирал дуусах хүртэл Дээд лигт тоглохгүй бололтой.


ЭС ЖИ Эйпс 

зураг
 
  • Багийн ахлагч: Мягмарсүрэнгийн Өлзий-Орших
  • Ерөнхий дасгалжуулагч: Хосе Нето

"SG Apes" багийн хувьд шинэ улирлыг америк бус тоглогчдод итгэл хүлээлгэхээр шийджээ. Хорватын лигт данстай Өмнөд Суданы шигшээ багийн хамгаалагч Петер Жок болон энэтхэг төвийн тоглогч Принсипал Синх нар тус багийн бүрэлдэхүүнд буй. 

Тэд мөн шигшээ багийн ирээдүй гэгдэж буй Г.Дөлгөөнийг багтаа элсүүлсэн. Залуу тоглогч Дээд лигт тоглоход асуудалгүй гэдгээ эхний хоёр тоглолтод хангалттай харуулж, тус бүр 23, 20 оноо аваад байна.

Сонирхуулахад өчигдөр тус баг хашир тоглогч Н.Золжаргалтай гэрээ байгуулснаа зарлажээ.


Дархан Юнайтед

зураг
 
  • Багийн ахлагч: Бат-Өлзийгийн Даш-Очир
  • Ерөнхий дасгалжуулагч: Мазутис Андрес

"Дархан Юнайтед" америк төвийн тоглогч Марлон Жонсон болон холбогч Энтони Нелсон нараас гадна хашир туршлагатай япон тоглогч Масахарү Катаокаг эгнээндээ нэгтгэжээ. 


Би Си Эйч Найтс

зураг
 
  • Багийн ахлагч: Очирбатын Эрдэнэцогт
  • Ерөнхий дасгалжуулагч: Юрис Василевис

Өнгөрсөн улиралд "Хасын Хүлэгүүд" багт аваргалсан Жордан Толберт энэ удаад "Хүлэг баатар" болов. Мөн америк хамгаалагч Даррен Уоррен, Тайванийн Супер лигийн драфтыг тэргүүлж, шилдэг шинэ тоглогчоор тодорч байсан Э.Сугар-Очир, А.Базаргүр, энэ жилийн драфтын №1 М.Чинхутаг гээд багийн ахлагч О.Эрдэнэцогтод туслах тоглогч олон бий.

Түүнчлэн тэд ази импорт тоглогчоороо Энэтхэгийн шигшээ багт данстай Харш Дагарыг авчээ. 


Ховд шонхорууд

зураг
 
  • Багийн ахлагч: Мөнхбаатарын Төгөлдөр
  • Ерөнхий дасгалжуулагч: Цогтсайханы Ванчинсүрэн

Хөгжлийн лигээс Дээд лигт дэвших эрхээ авсан "Ховд Шонхорууд" баг Аарон Жонс, Брандис Росс зэрэг америкчуудаас гадна Хонконг төвийн тоглогч Юет Юнг Пок зэрэг гадаад тоглогчтой. 


Монголианс

зураг
 
  • Багийн ахлагч: Батдэлгэрийн Наранбаатар
  • Ерөнхий дасгалжуулагч: Дашдондовын Лхагва

Өнгөрсөн улиралд "Бишрэлт Металл" багт тоглосон Байрон Уэсли болон гуам тоглогч Жонадан Галловэй нар хамтдаа "Монголианс"-т зүтгэнэ. Мөн багийн ахлагч Б.Наранбаатартай гэрээгээ сунгаснаа зарласнаас гадна авьяаслаг тоглогч Б.Сүхбатыг эгнээндээ нэгтгэсэн юм.


Завхан Бродерс

зураг
 
  • Багийн ахлагч: Туулын Мэндбаяр
  • Ерөнхий дасгалжуулагч: И Хю Сан

МаКензи Муур, Ладелл Элмойр болон япон хамгаалагч Юма Ишибаши нарын гадаад тоглогчтой. Тэд мөн хашир туршлагатай Т.Мэндбаяр, Э.Тулга, залуу авьяастан Э.Ирмүүн зэрэг тоглогчдоор бүл нэмсэн юм.


ХҮСНЭГТ

Байрлал Баг Хожил Хожигдол
1 Би Си Эйч Найтс 2 0
2 Омни Эрдэнэт Майнерс 1 0
3 Хасын Хүлэгүүд 2 1
4 Завхан Бродерс 1 1
5 Ховд Шонхорууд 1 1
6 Бишрэлт Металл 1 1
7 Монголианс  1 1
8 Эс Жи Эйпс 1 1
9 Сэлэнгэ Бодонс 0 2
10 Дархан Юнайтед 0 2

 

Энэ улирлын чухал өдрүүд

  • XII.31 Эмэгтэй лигийн улирлын тоглолт дуусна
  • 2026.I.01 Эмэгтэй лигийн хасагдах шат эхэлнэ
  • 2026.I.08 Эмэгтэй лигийн улирлын шилдгүүдийн шагнал гардуулна
  • 2026.I.16-17 Бүх оддын тоглолт
  • 2026.II.25 Эрэгтэй Дээд лигийн улирлын тоглолт дуусна
  • 2026.II.28 Эрэгтэй Дээд лигийн хасагдах шат эхэлнэ
  • 2026.III.13 Эрэгтэй лигийн улирлын шилдгүүдийн шагнал гардуулна
  • 2026.IV.24 Эрэгтэй шигшээ цуврал эхэлнэ
  • 2026.V.21 Драфт