Хорватын Загреб хотод Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ноос зохион байгуулдаг бөхийн төрлүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж буй.
Бөхийн төрлүүдийн ДАШТ-ий түүх албан бусаар 1904 оноос эхэлдэг. Тухайн үед зөвхөн сонгомол төрлөөр зохион байгуулагддаг байсан бол 1921 оноос албан ёсоор дэлхийн аваргыг тодруулж эхэлжээ. Харин 1951 оноос эрэгтэй чөлөөт бөх, 1987 оноос эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнийг зохион байгуулж ирсэн юм.
Улмаар ДБНХ байгуулагдсан цагаас хойш буюу 2005 оноос бөхийн төрлүүдийн ДАШТ-ийг нэгдмэл байдлаар зохион байгуулах болсон билээ.
Энэ жилийн хувьд Хорват Улс түүхэндээ анх удаа дэлхийн шилдгүүдийг нутагтаа хүлээн авлаа. Нийт 76 орны 776 тамирчин оролцсон ДАШТ-д хорватчууд 14 тамирчинтай оролцсон юм.
Тус улсын Засгийн газар (Сангийн Яам болон Аялал Жуулчлал, Спортын Яам)-аас тэмцээнийг зохион байгуулахад 4 сая евро гаргасан бол нийт зардал нь ойролцоогоор 8 сая евро болжээ.
Манай улс энэ удаагийн тэмцээнд 21 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Тухайлбал эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, сонгомол төрлөөр 1 тамирчин илгээсэн юм.
Манай улсын эрэгтэй шигшээ багийн цор ганц медалийг 70 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга зүүсэн юм. Тэрбээр 2021 онд дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэж байсан амжилтаа ахиулж дөрвөн жилийн дараа мөнгөн медаль хүртэв.
Ингэснээр Т.Тулга Монголын чөлөөт бөхийн түүхэнд 29 дэх мөнгө, 80 дахь медалийн эзэн болсон юм.
Харин эрэгтэй багийн хувьд 44 дэх медаль аж. Эрчүүд чөлөөт бөхийн ДАШТ-ээс 3 алт, 16 мөнгө, 25 хүрэл медаль хүртсэн. Тодруулбал З.Ойдов 62 кг-ын жинд (тухайн үеийн) 1974, 1975 онд дараалан алтан медаль хүртэж байсан бол +87 кг буюу одоогийн 97 кг-ын жинд Х.Баянмөнх 1975 онд алтан медаль авчирсан түүхтэй.
Эрэгтэй 10 жингээс бөхийн орон Ираны шигшээ баг ердөө хоёр жинд алтан медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Рахман Амузад, 125 кг-ын жинд Амир Хоссейн Заре нар төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн ч хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр тэргүүллээ.
Иранчууд багийн дүнгээр долоо дахь удаагаа өнгөлсөн нь энэ. Хамгийн сүүлд 2013 онд багаараа манлайлж байв.
Эрэгтэйчүүдийн ангилалд тус бүр гурван алтан медаль хүртсэн АНУ, Японы баг мөнгө, хүрлээр удаалав. Хойд Солонгосын Хан Чон Сон, ОХУ-ын Заур Угуев, Грекийн Йоргос Куюмцидис нар үлдсэн алтыг авсан юм.
Грекийн Йоргос Куюмцидис Парисын олимпод бүтэлгүйтсэнийхээ дараа Гүрж Улсад бэлтгэлээ базаажээ. Үр дүнд нь эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга болсон анхны грек тамирчин боллоо. Үүнээс өмнө грек эрчүүд аваргын төлөө гурван удаа шалгарсан ч ялж үзээгүй юм.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд София Пумпуриду 2002 онд нутагтаа болсон ДАШТ-ээс алтан медаль хүртэж байв.
Манай улсын эрэгтэй шигшээ баг нэг мөнгө, нэг шагналт байранд орсон амжилтаар Узбекистаны хамт есдүгээр байранд жагслаа.
Эмэгтэйчүүдийн ангилалд Монголын дунд жингийн гурван бүсгүй хүрэл медаль зүүсэн. Тухайлбал 59 кг-ын жинд Т.Алтжин, 65 кг-ын жинд Т.Энхжин нар анхны медалиа хүртсэн бол 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртэв. Тэрбээр 2017 онд Парисын дэвжээнд төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн билээ.
Манай улс эмэгтэйчүүдийн ангилалд нийт 42 медаль хүртсэний 25 нь хүрэл. Түүнчлэн 4 алт, 13 мөнгөн медальтай юм.
Хүүхнүүд үзүүлсэн амжилтаараа 65 оноо цуглуулснаар багийн дүнгээр долдугаарт бичигдлээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд Японы баг 2013 оноос хойш тасралтгүй багийн дүнгээр тэргүүлж буй. Энэ удаад ч таван жинд алтан медаль зүүсэн амжилтаараа 162 оноогоор илт давамгай түрүүллээ. Тэдний ард хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль зүүсэн Хойд Солонгосын бүсгүйчүүд 115 оноогоор орсон бол БНХАУ-ын баг 87 оноогоор хүрэл медаль авсан байна.
Өмнөд Америкийн Эквадор Улс энэ удаагийн тэмцээнд гойд оролцож, түүхэн амжилтаа үзүүлсэн.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Хенесис Реаско алт, 53 кг-ын жинд Лусия Епес мөнгөн медаль авчээ. Л.Епес 2023 онд дэлхийн дэвжээнээс хүрэл медаль авчирсан улсынхаа анхны нядхан болж байсан бол энэ удаад анхны мөнгөн медалийн эзэн боллоо. Харин Х.Реаско улсынхаа түүхэнд чөлөөт бөхийн төрлөөр алтан медаль авч буй анхны тамирчин болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
Бөхийн төрлүүдийн нэг болох сонгомол барилдаанаар манай улсын тамирчид тив, дэлхийн тэмцээнд оролцох нь цөөн. Тэгвэл энэ жилийн ДАШТ-д 130 кг-ын жинд улсын начин Ду.Батбаярын хүү Б.Намбардагва өрсөлдсөн юм.
Тэрбээр өнөө жил дэлхийн чансааны оноо олгох Улаанбаатарын нээлттэй тэмцээний сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн төдийгүй чөлөөт бөхийн 23 хүртэлх насныхны Ази тивийн аваргад түрүүлсэн билээ.
Харамсалтай нь тэрбээр эхний даваанд Украины Микола Кучмид 1:5-аар дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Тэмцээний сүүлийн өдрүүд сонгомол бөхийн төрлөөр үргэлж байна.
Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ноос 2026 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг зохион байгуулагч орныг зарлалаа.
2026 оны есдүгээр сарын 5-наас 13-ныг дуустал Бахрейны нийслэл Манама хотод дэлхийн шилдгүүд цуглахаар болжээ. Ингэснээр Арабын орнуудаас анх удаа бөхийн төрлүүдийн ДАШТ-ийг эх орондоо хүлээн авсан улс нь Бахрейн болж байна.
Персийн булангийн олтриг дээр оршдог 30 гаруй арлаас бүтсэн тус улсын хүн амын 85 орчим хувь нь арабчууд.
Бахрейны Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Фарис Аль-Коохежи Хорватын Загреб хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтэд зарлаж UWW холбооны тэргүүн Ненад Лажовичийн хамт гэрээнд гарын үсэг зуржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!