Манай улсад скүүтер, мопед, цахилгаан дугуй түрээсийн үйлчилгээ гурван жилийн өмнөөс нэвтэрсэн.
Энэ хугацаанд тодорхой зохицуулалт, тогтсон стандартгүй явсны уршгаар таван хүн амь насаараа хохирч, 2,453 хүн бэртэж гэмтжээ.
Эв эрүүл хүмүүс өөрсдийгөө тахир дутуу болгох, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй алхмыг хийж байна.
Ялангуяа өсвөр насны хүүхдүүд хоёр гурваараа сундалж давхих, арын дугуйн дээрээ тогтож үзүүлбэр үзүүлэх, хурд авч өндрөөс харайх, хөөрч давхих зэргээр скүүтер, мопедыг ТОГЛООМ НААДГАЙ мэт ашиглаж байгаа нь анзаарагддаг.
Энэ төрлийн осолд 15-19 насныхан хамгийн их өртсөн. Осолдсон иргэдийн ихэнх хувь нь ТАРХИ ТОЛГОЙН ГЭМТЭЛ-тэй ирж, эмнэлгийн яаралтай тусламж авдаг.
Толгойн гэмтлээс үүдэлтэй хөдөлмөрийн чадвараа алдах, саажилт үүсэх, сонсголын бэрхшээлтэй болох зэрэг олон арван уршиг бий.
Цаашилбал амь насандаа заналхийлэх ийм үйлдлийг анхаарах цаг болсныг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч М.Өлзийдэлгэр сануулж байлаа.
График: Гэмтсэн иргэдийн тоо (2022-2024 он)
Дээрх графикт харуулсанчлан өнгөрсөн гурван жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 887 иргэн цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэн гэмтэж бэртжээ.
Тэгвэл энэ жилийн эхний долоон сард зөвхөн скүүтер, цахилгаан дугуй, мопедоос үүдэлтэй осол 1,566 бүртгэгдсэн байна.
График: Гэмтсэн иргэдийн тоо (2025 он)
Тэгвэл скүүтер, мопед, цахилгаан дугуйг сонгон хэрэглэж буй хүмүүс хаагуур зорчих вэ? Мэдээж зориулалтын замаар зорчвол аюулгүй боловч Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан ийм зам хэр их байгаа вэ? ...
2024 онд гурван иргэн, 2025 он гарснаас хойш хоёр иргэн тухайн шалтгааны улмаас амиа алджээ.
Өнгөрсөн онд хохирсон иргэдийн хоёр нь цахилгаан дугуйтай онхолдож, нэг нь скүүтерт мөргүүлж амь насаараа хохирсон харамсалтай мэдээлэл байна.
"Эдгээр хэрэгсэл явган хүний замаар явахыг зөвшөөрсөн шийдвэр нь оновчгүй.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд бүртгэгдсэнээр гурван иргэн газар дээрээ нас барсан.
ГССҮТ-д хандсан хоёр иргэний нэг нь тархины хүнд хэлбэрийн цус харвалтын улмаас амь насаа алдсан, нөгөө нь олон эрхтний хавсарсан хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгч байсан" гэдгийг ГССҮТ-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг хэлж байв.
Энэ төрлийн хэрэглээний улмаас осолд өртөж, эмнэлгийн яаралтай тусламж авсан иргэдийн КЭЙСҮҮД:
КЭЙС 1:
Яаралтай тусламжийн тасгийн их эмч М.Өлзийдэлгэр "Мопед унаж яваад өвдөгний үе дайрсан хугаралтай ирсэн нэг залуу бий. Хурдтай явж байгаад хөлөөрөө тулсны улмаас ийнхүү бэртсэн.
Тухайн үед яагаад хөлөөрөө тулсан учрыг нь гайхаж байсан. Гэтэл энэ асуудал чинь тоормостой холбоотой юм байна.
Би саяхан түрээсийн модепыг туршиж унаж үзлээ. Заримынх нь бүрэн бүтэн байдал алдагдсан байна. Тоормос нь ажиллахгүй болсонтой холбоотой зогсох газраа зогсох ямар ч боломж байдаггүй юм байна. Хөлөөрөө жийгээд ч бололцоогүй юм билээ.
Хэрвээ миний өмнөөс машин гарч ирсэн бол зогсож чадахгүй нөхцөлд орсон.
Тэгэхээр түрээсийн үйл ажиллагаа эрхэлж буй орлогын байгууллагууд скүүтер, мопедынхоо бүрэн бүтэн байдлыг хянан шалгах хэрэгтэй байна" гэдгийг хэллээ.
КЭЙС 2:
Яаралтай түргэн тусламжийн машинаар 17 настай хүү ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Тархины гэмтэлтэй, биеийн байдал маш хүнд.
Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлээд тархины мэс засалд оржээ.
Энэ талаар "Гол шалтгаан нь гэрийнхэндээ хэлэлгүй суррон унаж гараад байрныхаа гадаа машинд мөргүүлж, осолдсон.
Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ суррон, мотоцикл авч өгөхийг "хүүхдээ хайрлаж, эрхлүүлж байна" гэж бодох хандлагатай.
Гэтэл эсрэгээрээ эрүүл мэндэд нь заналхийлсэн орчныг бий болгож байгаа явдал" гэдгийг ч эмч сануулав.
Скүүтер, мопед унахаас өмнө нэн түрүүнд "Энэ төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал хангагдаж чадах уу" гэдгийг анзаарч, анхаарах хэрэгтэй.
Хүний амь настай холбоотой асуудалд түрээслэгч байгууллагууд хариуцлагатай хандаж, бүрэн бүтэн байдлыг хянан шалгадаг байх шаардлагатайг дээр дурдсан КЭЙС илтгэж байна.
Одоогийн байдлаар "Жэт" скүүтер, "Tapa", "Eco bike", "U-Go", "UB bike" гэх түрээсийн скүүтер, мопед, цахилгаан дугуй зорчигчдод үйлчилж байна.
Тэгвэл эдгээр байгууллага эргээд техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдалд хэрхэн анхаарч байгааг тодруулахыг зорилоо.
Нийслэлийн хэмжээнд хэчнээн скүүтер, мопед, цахилгаан дугуй явж байгаа, тэдгээрийн бүрэн бүтэн байдалд хэрхэн анхаарч буйг тодруулахад дараах байр суурийг илэрхийлсэн юм.
(Зураг дээр дарж томруулж харна уу)
Энэ төрлийн осолд 10-19 насныхан хамгийн их өртөж, эмнэлгийн тусламж авчээ.
Замын хөдөлгөөний дүрмийн ямар ч ойлголт, мэдлэггүй хүмүүс ийнхүү хөдөлгөөнд оролцсоноор өөртөө ч өрөөлд ч эрсдэл бий болгож байна.
Цахилгаан скүүтер, мопедыг 16 нас хүрсэн хүн л унах ёстой. Тиймээс түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд энэ чиглэлд анхаарч, аппликэйшн хөгжүүлэлтээ хийх шаардлагатайг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлж байлаа.
График: Гэмтсэн иргэд насны ангиллаар (2024 он)
Скүүтер, мопед, цахилгаан дугуйн хэрэглээг цааш хэрхэн зохицуулах талаар /ТЦА/-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодруулснаа хүргэе.
-Энэ төрлийн осол гэмтэлд хүүхдүүд их өртөж байгааг гэмтлийн тоон мэдээлэл илтгэж байна. Цаашид скүүтер, мопед, цахилгаан дугуйн хэрэглээнд ямар зохицуулалтыг мөрдөж ажиллах вэ?
-Жолооны үнэмлэхгүй ч 16 насанд хүрсэн бол цахилгаан мопед унаж болно. Гэтэл гудамж талбайд 13,14,15-тай хүүхдүүд унаж яваа нь харагддаг. Иймд түрээсийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд аппликэйшн дээрээ тохиргоо хийх хэрэгтэй байна.
-Тэгвэл 16 насанд хүрээгүй хүн цахилгаан мопед унасан зөрчилд буцаагаад ямар хариуцлага оногдох вэ?
-Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоо шилжүүлсэн үйлдэл. Нэг үгээр хэлбэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн жолоо барьж явсан учир Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ урдаа зогсоох, суулгах байдлаар авч явбал мөн хариуцлага тооцох зохицуулалттай.
-Явган хүний зам дээр скүүтер, мопед явдаг үзэгдэл нийтлэг ажиглагддаг. Улмаар явган зорчигчийг гэмтээх эрсдэл үүсэж байна. Тэгвэл энэ чиглэлд ТЦА-наас хэрхэн анхаарч байна вэ?
-Зорчих хэсгийн баруун хөвөөгөөр унадаг дугуйн замаар явна гэсэн нэгдсэн зохицуулалттай.
Хэрэв дугуйн зам байхгүй бол нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замаар явж болохгүй гэх чиглэлийг өгсөн.
Түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллагуудын төлөөллүүдтэй саяхан уулзаж, мэдэгдлээ өглөө. Тодруулбал
Нийслэлийн 105 байршилд 2,400 орчим нэгдсэн зогсоол зохион байгуулах ажлыг байгууллагуудад өгсөн.
Байгууллага ашиг орлого олж л байгаа бол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиараа үүрэг хүлээх ёстой.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ.
Тус хуулийн төсөлд ямар асуудлуудыг зохицуулахаар тусгаж байгаа талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэг дараах мэдээллийг өгсөн байдаг.
Гэвч одоогоор дорвитой шийдэлд хүрсэн зүйл алга.
Өнгөрсөн хугацаанд таван иргэн амь насаараа, 2,400 гаруй иргэн эрүүл мэндээрээ хохирсон энэ асуудлыг цэгцлэх цаг болжээ.
Хэдэн настай, хэн байхаас үл хамааран хүссэн болгон нь замын хөдөлгөөнд оролцож, дураараа давхиж байна. Цааш дахиад хэчнээн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдэхийг таашгүй.
Иймд дорвитой гарц гаргалгааг хайж, түүнийгээ ягштал мөрдсөнөөр Та бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж буйн илрэл болох биз ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!