Авто спортын олимп гэгдэх 47 дахь удаагийн "Дакар Ралли" уралдаан өнгөрсөн нэгдүгээр сарын 3-наас 17-ныг дуустал Саудын Арабын элсэн цөлд үргэлжилсэн. Нийт 14 өдөр, 7,700 км замыг туулах хүнд даалгавартай тамирчид тулсан. Тэдний нэг нь Монголын тамирчин Пүрэвдоржийн Мөрөн байв.
Монголчууд авто спортын олимпод 2013 оноос хойш мөрөө гаргаж буй. Тэгвэл П.Мөрөн 101:21:18 цагийн амжилтаар 76 дугаар байрт эзэлснээр Монгол Улсаас барианд орсон 13 дахь, мотоциклийн төрөлд замаа дуусгасан долоо дахь тамирчин болсон юм.
Түүнтэй "Дакар Ралли 2025" уралдааных нь талаар ярилцлаа.
- "Дакар Ралли 2025" уралдаан энэ жил зургаа дахь удаагаа Саудын Арабт болсон. Тэмцээнд оролцохоос өмнөх төлөвлөгөө, очсон хойно төрсөн сэтгэгдэл хэр зөрүүтэй байв?
- "Дакар" уралдаанд оролцох гэж сүүлийн гурван жил тасралтгүй зорьсон ч татгалзсан хариу авч байлаа. Илүү туршлага хуримтлуулсны эцэст өнгөрсөн жилийн наймдугаар сард оролцох эрхээ хангасан. Энэ удаагийн тэмцээнд оролцохоор өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд Монголоос долоон хүний бүрэлдэхүүнтэй замдаа гарсан юм.
Нийт 14 хоногийн турш 7,700 км газрыг элсэн манхан, хад, чулуу, уул гээд гол уснаас бусад бүх бартаат замыг туулсан. Өмнө нь оролцож байсан тэмцээнээс бүх талаар хүнд байлаа. Нэг өдөр уралдаад замаа дуусгахад дараагийн өдөр нь түүнээс хэцүү байхаар бие физиологи, сэтгэл санаагаар хүнд сорилттой тулгарч байлаа.
Энэ бүх сорилтыг даваад барианд орсондоо сэтгэл хангалуун байгаа.
- Гурван жил хүсэлт өгөөд татгалзсан гэлээ. "Дакар"-т оролцох "тийз" авахын тулд ямар шаардлага тавьдаг вэ?
- Олимпын эрх авдаг журамтай төстэй. Жил бүр зөвхөн мотоциклын төрөлд гэхэд 1,000 орчим тамирчин оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Ингээд зохион байгуулагчдын зүгээс шаардлага хангасан гэж үзсэн 150 орчим тамирчинд урилга өгдөг юм.
Гурван жил дараалан татгалзсан үндсэн шалтгаан нь элсэн манхан дундуур 2,000 - 3,000 км явсан туршлага надад байгаагүй.
Мөн "World Rally-Raid Championship" буюу Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий цуврал тэмцээнд хоёроос олон удаа оролцсон байх шаардлага тавьдаг. Сүүлийн таван жил "Дакар"-т оролцох эрх авах шалгуур их чангарсан.
- Энэ жилийн "Дакар" өмнөх жилүүдээс илүү хүнд даалгавартай боллоо. Эхний гурван гарааны дараа дээгүүр уралдах болов уу гэж таамаглаж байсан зарим тамирчин уралдааныг орхисон. Энэ талаар уншигчид их сонирхож байгаа болов уу.
- "Дакар" бол зүгээр нэг уралдаад замаа дуусгах зорилготой тэмцээн биш. 14 хоногийн хугацаанд дунд нь даалгавар биелүүлэх үүрэг өгдөг. Хоёр болон гурав дахь гараанд 48 цагийн марафон уралдаан болсон. Тодруулбал 24 цагийн дотор 900 км бартаат замыг туулахдаа тодорхой цэгүүдэд цагт амжиж очих ёстой. 18:00 цагаас өмнө нэг цэгт заавал очиж хонох даалгавар авдаг ч юм уу.
Марафоны үеэр ямар нэгэн байдлаар мотоцикл эвдэрвэл гаднаас сэлбэг болон бусдаас тусламж авах боломжгүй. Мөн баг хамт олноосоо тусдаа хол уралддаг онцлогтой. Тамирчин хаана явж байгааг мэдэх боломж хомс тул тусламж бараг ирэхгүй. Тиймээс яг энэ үед тамирчин өөртөө л найдахаас өөр аргагүй.
Үүнээс гадна тусгай гараанууд бий. Масс буюу бөөн гараа гэх мэт эхний долоо хоногт л бүх даалгаврууд шахалдсан байлаа. Үүнээс болоод эхний хагас өнгөрөхөд нийт тамирчдын 40 орчим хувь нь тэмцээнээ өндөрлүүлсэн.
- Уралдааны үеэр техникийн саатал гарсан гэж байсан. Ямар асуудал гарсан бэ?
- Тэмцээний эхний өдрөөс техникийн саатал гарч байлаа. Ямар нэг шалтгаангүйгээр тосол дундарч эхэлсэн. Уралдааны үеэр гурван литрийн усны сав авч явдаг юм. Уг нь замын турш өөрөө уух ёстой ч радиатор халаад шингэн нь дундраад байсан тул уух усаа хэмнэж эхэлсэн. Зургаа дахь өдрөөс бүр их халж эхэлсэн тул 20 - 30 км яваад ундны ус ч дууссан. Элсэн цөлд айл гэж байхгүй, замтай ойрхон цэгүүдэд үзэгч таарвал ус гуйж аргалсан ч долоо дахь өдрөөс мотоцикл маань эвдэрсэн.
Эвдрэлийн гол шалтгаан нь өндөр халалт. Үүнээс болж араагаа сольж чадахаа больсон. Долоо дахь өдөр 400 км зам туулахаас 90 км дээр нам зогслоо.
Манай багийнхан 250 км-ийн цаана явж таараад байрлаж байсан цэгтээ буцаж очоод мотороо солих шаардлагатай болсон. Нийт замынхаа талаас илүү хувийг нь дуусгавал торгууль бага ирдэг ч тэгж чадаагүй тул 30 гаруй цагаар торгуулсан.
Зохион байгуулагчид гараа бүрд цаг агаар, замын нөхцөлийн талаар мэдээлэл өгч байсан ч нэг асуудалтай зүйл нь газрын зураг дээр байхгүй жалганууд их гарсан. Үүнээс болоод том том машинууд эвдэрч, гэмтэх нь их байлаа.
Миний хувьд хурдаа тохируулж байсан тул асуудалд орох нь бага байсан.
- Уралдахаасаа өмнө ямар нэгэн зорилго тавьж байв уу?
- Ах нарынхаа амжилтыг ахиулах зорилготой байлаа. Монголчуудын хувьд "Дакар Ралли"-гийн өндөр амжилт нь 45 дугаар байр. Тиймээс энэ амжилтыг ахиулах зорилго тавьсан.
Эхний өдрүүдэд 20 орчмоор яваад олны анхааралд ороод эхэлсэн нь сэтгэлзүйн хувьд тогтворгүй болоход нөлөөлсөн. Тэгээд мотоцикл эвдрээд дээгүүр байранд өрсөлдөх боломжгүй болсноор замаа дуусгах ганц зорилгодоо илүү анхаарч сүүлийн өдрүүдэд сайн нөхөж уралдлаа. Эндээс маш том сургамж авсан.
Энэ бүхний эцэст замаа дуусгаж чадсандаа баяртай байна. "Дакар"-т долоон жил уралдаад барианд орж чадаагүй тамирчид ч бий. Тэгэхээр энэ уралдаан ямар харгис, хэцүү болох нь мэдэгдэх болов уу.
- Авто спорт зардал өндөр байдаг. "Дакар Ралли"-д оролцохын тулд хэр их зардал гардаг вэ?
- Уралдаанаас өмнө тэмцээний бүртгэлд 20,000 евро төлдөг. Мөн Испанийн "Normadas Advanture" багаас үзүүлэх үйлчилгээний багц 60,000 евро, мотоцикл түрээс 15,000 евро, хамгаалах хувцас хэрэгсэлд 5,000 евро, бас бус зардал ороод нийтдээ 104,000 еврог зарцуулсан.
Уралдаанд ийм үйлчилгээ үзүүлдэг 10 орчим баг бий. Багууд 60,000 - 110,000 еврогийн ханштай. Тэднээс үнийн саналыг нь харж байгаад тамирчид өөрсдөө сонгодог. Уралдаангүй үед мотоциклийн бүрэн бүтэн байдлыг нь шалгах, шаардлагатай үйлчилгээг хийх мөн амрах байраар хангах үүрэг хүлээнэ.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Абу Дабигийн ДАШТ-д оролцохдоо Испанийн багийг сонгосон. Тиймээс энэ удаагийн тэмцээнд ч дахин хамтарсан ч харамсалтай нь мотоциклыг маань сайн бэлдээгүй. Анх надад шинэ мотор гэсэн боловч угсарсан мотортой байсан. Үүнээс үүдэлтэй техникийн саатал гарсан юм.
Техникийн төрлийн спорт ивээн тэтгэлэг болон хувь хүмүүсийн дэмжлэггүй бол хөгжихөд хэцүү. Сүүлийн хэдэн жилд олон байгууллагатай хамтарч ажилласан. Энэ хүртэл намайг дэмжиж, тусалж ирсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.
- Ирэх жилийн "Дакар"-т уралдах сонирхол бий юу?
- Энэ жилийн уралдаанд оролцож байхдаа л ирэх жилийн төлөвлөгөөгөө бодож байлаа. Гэхдээ дараа жил олуулаа оролцох зорилго тавьсан. Багаараа оролцоход давуу тал их гарна. Аль нэг нь саатлаа гэхэд нөгөөдөө туслах зэргээс өгсүүлээд ханьтай.
Өмнө нь бартаат замын уралдаанд туршлагыг их чухалчилдаг байсан бол одоо 18-19 настай залуучууд их орж ирж байна.
"Дакар"-т оролцоход 18 нас хүрсэн, жолооны үнэмлэхтэй байх шаардлага тавьдаг. Харин дээшээ насны хязгаар байдаггүй.
Гэхдээ жил бүр өрсөлдөөн хурдтай нэмэгдэж буй. Өмнө нь эхний 10 тамирчин түрүүлэхийн төлөө өрсөлддөг байсан бол одоо ТОП 30 тамирчин хоорондоо өрсөлдөж байна.
- Энэ жил мотоциклийн төрөлд Австралийн Даньел Сандерс эхний гараанаас дуустал тэргүүлсээр түрүүлсэн. Мотоциклийн төрөлд Австралиас авто олимпод өнгөлсөн хоёр дахь тамирчин боллоо. Энэ тэмцээнд түрүүлсэн эсвэл дээгүүрт өрсөлдөж байгаа тамирчдаас ур чадвар, техник хэрэгслээр хэр зөрүүтэй байв?
- Даньел Сандерс уралдааны эхнээс өнгөлөг байгаа нь анзаарагдсан. Ер нь түрүүлэх тамирчны өнгө эхнээсээ л мэдэгддэг юм билээ.
Бидний хооронд зөрүү их бий. Гаднын ихэнх тамирчид 12 сар тасралтгүй бэлтгэлтэй байдаг. Миний хувьд улирлаас хамаараад зуны үед л тогтмол бэлтгэлээ базаах боломжтой. Бэлтгэлээ тасалдахгүйн тулд сэрүүн улиралд гадагшаа тэмцээнд оролцоод явбал амжилтаа ахиулах боломжтой.
Гэхдээ дэлхийд өрсөлдөж байгаа тамирчдын мотоцикл нь өөрсдөд нь зориулж хийсэн байдаг. Харин миний мотоцикл хуулбар нь. Гаднаасаа ижил харагдах боловч эд анги, мотор, диск, тоормосны аппарат зэрэг бүх зүйл нь өөр.
- Бэлтгэлээ хаана базаасан бэ?
- Ихэвчлэн Монголдоо бэлтгэлээ хийсэн. "Дакар"-т уралдахад хурд тал дээр дутах зүйл байгаагүй. Харин элстэй газраар уралдахад туршлага дутсан. Тиймээс элсний бэлтгэлд түлхүү анхаарч, дугуй сайн унах ёстой юм байна гэсэн бодол төрсөн.
Монголын говийн элс, тэндхийн элс хоёр шал өөр юм билээ. Манай говийн элс доороо нойтон, элс нь хатуу байдаг бол Саудын Арабын элс нь маш нарийн ширхэгтэй, зууранги биш.
Тиймээс байнгын мэдрэмжтэй уралдахгүй бол мотоциклоо эвдэх асуудал их гарна.
Уралдааны үеэр сэтгэлзүйч их хэрэгтэйг ойлгосон. Тэмцээндээ явахын өмнөх өдөр нь хүртэл зардлаа хайж байсан тул Монголд сэтгэлзүйчтэй уулзаж чадаагүй.
Тиймээс ирэх жил сэтгэлзүйчтэй явахаар төлөвлөж байгаа.