Зураг
Зураг
Индэр    
2024 оны 8 сарын 7
Зураг
Сэтгэл судлаач, доктор

Монголчуудын ижилсэл, бахархлыг баяр наадмаараа дамжуулан дэлхийд хүргэхэд иргэн бүр оролцох боломжтойг Солонгос дахь монголчууд харууллаа

Зураг

... "Халууны амралтаараа хаашаа явахаа мэдэхгүй байсан. Энэ наадмыг үзээд шууд Монгол явж үзэхээр шийдлээ", "Монгол хэд хэдэн удаа явж байсан ч наадам үзэж байгаагүй. Үнэхээр сонирхолтой болдог юм байна. Үндэсний хувцсаа өмсөж ирсэн хүмүүс үнэхээр сайхан харагдаж байна. Монголчууд үнэхээр царайлаг юм аа"...

Энэ бол БНСУ-ын нийслэл Сөүл хотын ойролцоо Пажу хотод долдугаар сарын 13-нд болсон Монгол наадамд анх удаа хүрэлцэн ирсэн солонгос иргэдийн зарим төлөөллийн сэтгэгдэл юм. Монголчууд хамгийн олноороо ажиллаж амьдардаг Солонгос улсад анх удаа зохион байгуулагдсан Монгол Үндэсний баяр наадамд зөвхөн монгол, солонгос төдийгүй олон орны зочид хүрэлцэн ирсэн нь Монгол наадам хэдийн олон үндэстний очиж үзэхийг хүсдэг томоохон баяр ёслолын нэг болсныг илтгэв.

Солонгост амьдарч, ажиллаж байгаа монголчууд ч үндэсний баяр наадмаа санасныг бид энэ үеэр мэдэрсэн юм. “Солонгост амьдраад 18 жил болж байна. Солонгост болдог наадамд оролцож үзээгүй. Ийм гоё болдог гэж мэдсэнгүй. Хүүхдүүд маань Монголд очсон юм шиг л мэдрэмж төрж байна гэсэн. Охин маань морь унаж, хүү гүйлтийн тэмцээнд үеийнхэнтэйгээ гүйж, хуушуур идсэн нь их гоё байсан гэсэн. Үнэхээр сайхан байна.

Хүүхдүүддээ монгол хэлийг зааж эхлэх ёстой юм байна гэж бодогдлоо. Дараа жил дахиж хийгээрэй”, “Эх орондоо очиж чадахгүй бидэн шиг хүмүүст сэтгэлээ дэвтээж, монгол бөхөө үзэж, найз нөхдөөрөө уулздаг ганц баяр бол Монгол наадам шүү дээ. Энэ удаагийн наадам морь малтай, байхгүй юмгүй, цэгцтэй, найзуудтайгаа уулзаад сэтгэл санаа өөдрөг, сайхан наадаж байна” гэхчлэн олон хүн өөрт төрсөн сайхан мэдрэмжээ хуваалцаж, сэтгэл хангалуун нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм.

Наадмын тойм, онцлог:

Монгол наадам болоод сар болох гэж байгаа ч наадмын тухай яриа, сэтгэгдэл, дурсамж өчигдөрхөн болсон мэт, Солонгос дахь монголчуудын дунд хөвөрсөөр, ирж амжаагүй хүмүүс ирэх жилийн наадмыг хүлээж байгаа гэнэ.

Монголын 22 дахь аймаг гээд тодорхойлоход болохоор болчихсон Солонгос улсад суурин 53,000, ирж очдог хүмүүстэйгээ нийлбэл 100,000 монголчууд амьдарч байна. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар БНСУ дахь НАМҮ хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн төв болон Хурд ХХК хамтран Солонгосын хойд бүсийн Пажу хотод анх удаа “Монгол наадам 2024” нэртэйгээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж, Канвон болон Кёнги аймагт суугаа Монгол Улсын Өргөмжит консулын газар дэмжиж оролцлоо.

Энэ удаагийн наадам нь монгол иргэдээ оролцуулахаас гадна Солонгосын байгууллага, иргэдийг урьж, сурталчилгаа мэдээллээ хоёр хэлээр өгсөн нь олон орны иргэд хамрагдаж, Монгол орноо сурталчлах нөхцөлийг бүрдүүлсэн томоохон арга хэмжээ болж чадсан гэж үзэж болно.

Наадамд Монгол, Солонгосын хол ойрын 3,000 гаруй наадамчин цугласан. Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол цэргийн багийн туг залах ёслол, морьт үзүүлбэр, хөөмий, монгол-солонгос морин хуурчдын тоглолт, хөгжмийн тоглолт, мэргэжлийн бүжигчид, дуучид, НАМҮ төвийн хүүхдүүдийн хоор дуу, бүжиг зэрэг бүрэн хэмжээний хөтөлбөрийг үзүүлсэн. Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг НАМҮ төвийн монгол сурагчид наадмын чимэг, наадамчдын сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөж чадсан юм.

зураг
 

Тэд монгол хэлээ сурч, наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монголын төрийн дуулал, хүүхдийн дуу, биелгээ сурснаа бүжиглэж наадамчин олны нүд, сэтгэлийг баясгасан. Мөн 64 бөх, шагайн харваан 10 багийн 100 орчим тамирчин, волейболын шилдэг найман баг 70 тамирчин, сур харваа, гар барилдаан, гүйлт зэрэг тэмцээнүүдэд нийт 400 гаруй тамирчин албан ёсоор бүртгүүлж хамрагдсан нь өргөн цар хүрээг хамарсныг илтгэнэ.

Солонгост амьдраад 18 жил болж байна. Солонгост болдог наадамд оролцож үзээгүй. Ийм гоё болдог гэж мэдсэнгүй

Монгол наадмаараа хүний газар амьдарч буй монголчууд элэг нэгтнүүдтэйгээ уулзаж, нутаг ус, хайртай дотнын хүмүүсээ санасан сэтгэлээ дэвтээж, ажлын алжаал, стрессээ тайлж, эрч хүч олж авч, үр хойчдоо үндэсний өв уламжлал бахархлаа таниулсан гээд олон ач холбогдлыг дурдаж болно. Тийм ч учраас монгол наадам Солонгос дахь монголчуудын хүсэн хүлээдэг баяруудын нэг болоод байна.

Наадмаа брэнд болгоё

Гадаадад амьдардаг иргэд уламжлалт баяр ёслол, арга хэмжээнүүдийг суугаа орондоо зохион байгуулж ирсэн туршлага ихтэй. Иргэдийн хэрэгцээнд нийцүүлж сайн дурын болон бусад байгууллагын санаачилга, сайн дурын үндсэн дээр нэгдэж, өөрсдийн санхүүжилтээр, урлаг, спортын арга хэмжээг тасралтгүй амжилттай зохион байгуулж ирсэн.

Үндэсний баяр наадам зэрэг томоохон арга хэмжээнүүдийг бодлогоор дэмжиж, тухайн орны туршлагатай байгууллагуудтай хамтарч, тэднээр дамжуулж эх орноо дэлхийд сурталчилж, олон талын үр өгөөж хүртэх боломжтой болжээ.

Дэлхийгээр тархан суугаа монгол хүн бүр Монголын нэрийн хуудас, сурталчилгаа

Наадам фестивалийг Монголын нэрийн хуудас, брэнд болгож дэлхий бүх л оронд төрж өсөж буй монгол хүүхэд, залуустаа таниулж өвлүүлэх, монгол иргэдээ сэтгэл санаагаар дэмжих, гадаадын иргэдэд нүүдэлчдийн ахуй, соёлыг эх орноосоо үзэх боломжоор хангаж, Монгол руу аялах хүсэл, сэдлийг өгч чадвал олон талын ач холбогдолтой ажил болох юм.

Солонгосын хэвлэлүүд юу гэж онцлов

Монгол хүмүүс үндэсний баяраа эмх замбараатай, осол авааргүй, өндөр зохион байгуулалттай, төрдөө хүндэтгэлтэй, хамтдаа нийлж баярлаж чаддаг ард түмэн юм байна хэмээн Солонгосын хэвлэлүүд онцлон бичжээ.

"Монголчууд дүр төрхөөрөө бидэнтэй адилхан ч дээлээ өмсөөд морьтой явахыг нь харахад Чингисийн түүхийг санагдуулж, бүх хүн үндэсний дээл хувцсаа өмсөж, гоёл чимэглэлээ зүүсэн байх нь үнэхээр үзэсгэлэнтэй, чамин. Цугласан хүмүүс энд тэнд гэр бүл, найз нөхдөөрөө сууж амарч, инээлдэж, тоглож байгаа нь яг л нүүдэлчдийн соёл гэлтэй сонирхолтой. Таарсан хүн болгон инээж, мэндэлж байсан нь ах дүүгийн дотно сэтгэгдэл төрүүлж байлаа. Хайртай хүмүүсээсээ хол, эх орноо санасан иргэдэд үндэсний их баяр наадам нь “эм” болж, мөн монголчууд “healing” болж байсан нь хэн ч харсан тодорхой байлаа. Манай улсын төр засгаас гадаад иргэдийн асуудалд илүү анхаарч, тэднийг Солонгос улсад тав тухтай амьдрахад бүх талаар тусална гэж харж байна" хэмээн бичжээ.

Дэлхийгээр тархан суугаа монгол хүн бүр Монголын нэрийн хуудас, сурталчилгаа юм. Хүн бүрийг сурталчлагчаар томилж, Монголд аялсан гадаадын жуулчин бүрд “нэг хонь” өгсөнчлөн дагуулж ирсэн хүнийх нь тоогоор бас монгол хүнээ урамшуулъя. Гадаадад амьдардаг, гадаад яваад ирсэн хүн бүрийн эх орон, нутаг усаа гэх сэтгэлгээ, сэтгэл улам хүчтэй болдог. Иргэдтэйгээ хамтарсан төрийн бодлого илүү хүчтэй бас үр дүнтэй байдаг. Ийм боломж байгааг Солонгост болсон Пажу Монгол наадам бэлхнээ харууллаа.

Монголчуудын ижилсэл, бахархлыг, баяр наадмаараа дамжуулан эх орноо олон улсад танилцуулахад хүн бүрийг оролцоотой болгож, Монголд ганц наадмаа дэлхийн хүмүүс хүлээдэг, оролцохыг хүсдэг үндэсний их баяр “БРЭНД ФЕСТИВАЛ” болгоё.

зураг