Нийгмийг цочроосон маш олон хүүхдийн хэргүүд гарч байна.
Хүүхдийн гэмтэл болон үхлийн шалтгаан нас насанд харилцан адилгүй байдаг. Бага насны хүүхэд байх тусам гадны нөлөөтэй амь нас эрсдэж гэмтдэг бол томрох тусам дотоод гадаад хүчин зүйлийн нөлөөтэй болдог. Аль ч насанд хамгийн чухал хамгаалалт бол насанд хүрэгчдийн шууд хараа хяналт хамгийн чухал байдаг болохыг судалгаанууд харуулж байна. Тэр дундаа ард үлдсэн буюу тавиул хүүхдүүдийн аюулгүй байдал дэлхий нийтийн анхаарлыг татаж буй асуудал болоод байна. Учир нь тавиул гэж нэрлэгддэг хүүхдүүд нь эцэг эхийн асран хамгааллаас хол хөндий айлд амьдарч байгаа, эмээ өвөө, ах эгч, таньдаг айлдаа байгаа зэргээр аюулгүй байдал нь зөрчигдөж байна гэж үздэг.
БНХАУ 2015 оны Хятадын Хүүхэд залуучуудын судалгааны төвөөс “Ард үлдсэн хүүхдүүдийн хандлага, сайн сайхан байдлыг онцлон харуулах нь” үндэсний судалгааг явуулж тавиул хүүхдүүдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, эрүүл мэнд, аюулгүй байдал, боловсрол зэрэг цогц судалгааг явуулжээ.
Судалгаагаар дараах асуудлуудыг илрүүлэв.
1. Тавиул хүүхдүүд санамсаргүй бэртэл гэмтэлд илүү өртөмтгий байдаг. Судалгаанд хамрагдсан тавиул хүүхдүүдийн 49.2% нь санамсаргүй осол гэмтэлд өртөж байсан бол аав-ээжтэйгээ амьдардаг хүүхдүүд 41.3% байв. Үүнээс осол гэмтэлд өртөх гол шалтгаануудын нэг нь хараа хяналтгүй байдал гэж харж болно. Үүнд: түлэгдэлт (1.6%-иар илүү), муур, нохойд хазуулсан (3.9%), унаж ойчсон (3.1%), зам тээврийн осол, усанд живэх, цахилгаанд цохиулах зэрэг гэмтлүүдэд их өртдөг болохыг илрүүллээ.
2. Тавиул хүүхдүүд сурлагын дүн муу, сурах сонирхол багатай байдаг. Эцэг-эхтэйгээ амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад сурах идэвх сул, дүн муу болохыг судалгаа харуулав. Үүнд гэрийн даалгавраа хийж ирээгүй (49.4%), хичээлээс хоцордог (39.6%), хичээл тасалсан (5.5%) зэрэг багтана. Судалгаанаас харахад эцэг эхтэйгээ хамт амьдардаг хүүхдүүдийн 68.7% нь эцэг эхийнхээ заавар зөвлөгөөг өдөр тутамдаа авч, гэрийн даалгавраа хийхэд нь тусалдаг, шалгадаг гэж хариулсан бол тавиул хүүхдүүд зөвхөн багшдаа найддаг гэжээ. Ихэнхдээ тавиул хүүхдүүдийн асран хамгаалагчид нь эмээ, өвөө зэрэг настай, мэдэхгүй, завгүй байдаг тул гэрийн даалгавраа хийхэд нь туслах боломжгүй байдаг байна.
3. Тавиул хүүхдүүд нийгмийн дэмжлэг хангалттай авдаггүй. Энэ байдал нь тэдний сэтгэл зүйн асуудлууд дээр илүү тод харагдав. Тус судалгааны тайланд эцэг-эхтэйгээ амьдардаг хүүхдүүд асуудал тулгарахад хамгийн түрүүнд ээж, ангийнхан, найз нөхөд, ааваасаа дэмжлэг хайдаг бол тавиул хүүхдүүдийн хувьд найз нь хамгийн эхний дэмжлэг үзүүлэгч байдаг гэсэн хариу гарчээ. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа тавгүй, хэн нэгэнтэй ярилцахыг хүсвэл ангийнхан, найз нөхдөдөө хэлдэг байна. Багш нараасаа сэтгэл санааны дэмжлэгээс илүү суралцах чиглүүлэг, зааварчилгааг голчлон авдаг байна.
4. Эмэгтэй тавиул хүүхдүүд сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй байдаг. Тайлангаас харахад тавиул охид хөвгүүдээсээ илүү өөртөө итгэлгүй, өөрийгөө хүлээн зөвшөөрөх чадвар багатай байв. Охидын хувьд өөртөө сэтгэл хангалуун байх (76.5%), өөрийгөө үнэ цэнтэй хүн гэж мэдрэх (64.4%) нь хөвгүүдийнхээс даруй 5.9%-8.6%-иар бага байна.
5. Тавиул хүүхдүүдийн эрсдэлт зан үйл өндөр байдаг. Судалгааны үр дүнгээс үзэхэд тавиул хүүхдүүдийг бусад хүүхдүүдтэйгээ харьцуулахад зурагт үзэж, компьютер тоглоом тоглох, гадуур сэлгүүцэхдээ их цаг зарцуулдаг байна. Хамгийн их санаа зовоосон, анхаарал татсан тоо бол 40.4% нь сурах хүсэлгүй, 64.4% нь хичээлдээ төвлөрөхөд бэрхшээлтэй, 54.8% нь гэрийн даалгавраа хийлгүй явдаг гэжээ. Энэ нь бусад хүүхдүүдээс 3-10.7%-иар их байв.
6. Тавиул хүүхдүүд гэмт хэрэг зэрэгт өртөмхий байдаг. Судалгаанаас харахад тавиул хүүхдүүд эцэг эхийгээ эзгүйд бие даах чадвар нь нэмэгддэг ч олон янзын шалтгаантай гэмт хэрэг, дээрэлхэлтэд өртөмхий болдог. 23.7% нь дээрэлхүүлж байсан, 19.8% ялгаварлан гадуурхалтад өртөж байсан гэж хариулжээ. Бага сургуулийн 4 дүгээр анги хүртэлх сурагчид хол байгаа эцэг эхтэйгээ илүү ойр дотно харилцаатай байсан ба эцэг эхээ үгүйлж санах (76.7%), уулзаж чадахгүй, харахгүй байгаа нь хэцүү байдаг (59.2%), аав-ээж надад хайргүй (34.6%) гэж боддог гэж хариулжээ.
Хүн бүрд хүний газар ажиллаж амьдрах шалтгаан байдаг ч бидний хамгийн том зорилго хүүхдээ эрүүл-аюулгүй өсгөж, хүмүүжүүлж, боловсрол эзэмшүүлэх. Тэд аав-ээжийнхээ хажууд хамгийн аюулгүй бас итгэлтэй тайван өсөж хөгждөг гэдгийг битгий мартаарай.