- Ярилцлагын судалгааны тэмдэглэл 1 -
"Хурдан мөнгөтэй болоод
Харина даа гээд ирдэг ч
Хураасан жаахнаа хүн хүний амьдралын асуудлыг шийдэх гэж өгсөөр
Харих хоног нь хойшилсоор
Хүний нутаг өөрийн нутаг шиг болж
Холоос нутгаа харуулдан санагалзан суудаг даа
Харийн нутагт байгаа хэд нь"
Солонгос улсад бүртгэлгүй амьдарч буй монголчуудынхаа нийгэм-сэтгэл зүйн байдлын судалгааг солонгосын томоохон их сургуулийн багштай хамтран явуулж байгаа юм.
Судалгаанд (27-75 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс) оролцогчид маань анх солонгост яагаад ирсэн, яаж ирсэн, ирээд ямар байсан, ямар хүндрэл бэрхшээл тохиолдсон, яаж даван туулсан, ямар ажил хийгээд хэдийг олоод өөртөө хэдийг гэрийнхэндээ хэдийг нь явуулсан, одоо сэтгэл санаа-бие хаа нь хэр байна, цаашид ямар зорилготой, амьдралд нь хэцүү юм юу байна, солонгосын Засгийн газраас хүсэх зүйл байна уу гээд олон зүйлийг ярилцсан ярилцлага боллоо.
Судалгаанд оролцогчдын хувьд ярилцлагын судалгаанд оролцож байсан туршлагагүй, судлаач нь солонгос хүн учир эхэндээ гайхах, сүрдэх, итгэхгүй байсан ч ярилцлагын явцад хүмүүс нээгдэж, үнэхээр нь асуудлыг нь анхаарч сонсож, бичиж авч, ярилцаж байгаа өнгө аясаас нь хараад өөрт нь туслах сэтгэлээр хандаж байгааг ойлгож нээлттэй, илэн далангүй ярьж өгч судалгааны үр дүн бодитоор гарахад тус болов. Профессорын хувьд ч олон жил бүртгэлгүй гадаад иргэдийн судалгаа хийж байгаа учраас анхааралтай, мэдрэмжтэй, мэргэжлийн ажиллав.
Багш маань “Монгол эмэгтэйчүүд бүгд дээд боловсролтой, ямар тэвчээртэй, биендээ сэтгэлдээ их ачаатай, ямар их мэриймтгий махруу, үнэхээр дайчин улс юмаа” гэж гайхаж асууж, бас олон сайн чанаруудтай болохыг мэдэж авч, зүрхэндээ мэдэрсэн тухайгаа хэлсэн.
Баригдчихгүй л бол нэг зорилгоо биелүүлээд дараагийн зорилгынхоо төлөө өвдөх эрхгүй, баригдахаас ч айхгүй ажиллаж амьдарч байна
Солонгост анх ирэх хамгийн том шалтгаан бол 80 хувь нь зах зээлийн шилжилтийн сорилтод орж, ямар ч хамаагүй аргаар амьд үлдэхийн төлөө хичээсэн, үр дүн нь солонгос оронд ирж санхүүгийн хувьд амьдралаа аюулгүй, тогтвортой болгож сайжруулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл мөнгө олох зорилготой (өр төлөх, байранд орох, сургалтын төлбөр) ирсэн. Зорилгодоо хүрч өр зээлээ дарсан, хүүхдээ, дүүгээ сургасан, хэн нэгнийхээ эмнэлгийн төлбөрийг төлсөн, эрүүл болгосон, эрүүл болгох гэж байгаа.
Баригдчихгүй л бол нэг зорилгоо биелүүлээд дараагийн зорилгынхоо төлөө өвдөх эрхгүй, баригдахаас ч айхгүй ажиллаж амьдарч байна. Олон жил хүнд хэцүү ажил хийгээд байнга бие нь янгинах, өвддөг болсон ч эмнэлэг явдаггүй. Хэл мэдэхгүй, даатгалгүй учир үнэтэй. Эмийн сангаас өвчин намдаах ууж түр аргацаах арга хэмжээ авдаг.
Солонгост байхад хамгийн хэцүү зүйл нь дотны хүмүүсээ санах, уулзаж чадахгүй байх, тэдэнд ямар нэг зүйл тохиолдоход очиж чадахгүй байх, уулзалгүй явуулах зэрэг нь хамгийн хэцүү.
Цаашдын зорилго бол өрөө дарсан одоо өөрийн байртай болох, үр хүүхдээ ийм хүнд хэцүү ажил хийлгэхгүй тулд мөнгө сайн олж солонгост сайн сургуульд сайн сургаад гоё ажилтай болгох, тиймээс өвдөж баригдаж болохгүй гэж хариулав. Эдгээр хүмүүсийн түүх нь зөвхөн нэг хүн, нэг айлд тохиолдож байгаа асуудал биш манай нийгмийн асуудлыг харуулж байгаа юм.
дотны хүмүүсээ санах, уулзаж чадахгүй байх, тэдэнд ямар нэг зүйл тохиолдоход очиж чадахгүй байх, уулзалгүй явуулах зэрэг нь хамгийн хэцүү
1970, 80 онд төрсөн залуусын 1990 оны нийгмийн шилжилтийг даван туулах арга нь цагаачлал байв. Цагаачлалын сүүдэр хэсэг нь нийгмийн эмзэг бүлэг болох хүүхэд (аюулгүй байдал, өсөлт, хүмүүжил), гэр бүлийн тогтвортой байдалд (салалт) сөрөг нөлөө үзүүлсэн. Өөрийн болон үр хүүхдийнхээ өнөөдрийн амьдралаа аврахаар явсан аав ээжүүд амьдралынхаа төлөө гэсээр өдөр хоногтой уралдан, хураасан мөнгөө ахиулаад хариад хүн шиг хүссэнээрээ амьдарна гэж хичээсээр явна.
Хүүхдүүдээ мөрөөдлийнхөө амьдралаар амьдруулах гэж солонгост хүнд хэцүү ажил хийж, баригдахаас айж ичсэн ч амьдралын төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө (нэр хүндтэй сургуульд нь ороод, хүн шиг сураад, хүндлүүлээд, эх орондоо хэрэгтэй хүн болоосой) гэсэн хүсэл мөрөөдөл тээсээр хичээнгүйлэн ажиллаж байна.
Харин үлдсэн хүүхдүүд нь хэр амьдран суугаа бол? 10, 20 жилийн дараа үлдээгээд явсан хүүхдүүдээс “ Ажил амьдрал нь сайн уу, юу хийж байна” гэж асуухад юу ярьж, юунд гомдон эсвэл бахархаж, хаана юу хийж бүтээж явах бол гэсэн бодол төрөн суулаа.
Би хүмүүст хайртай, тэдэнтэй ярилцах бас дуртай. Айл болгон, хос болгон, 3 хүүхэдтэй ээж болгон гээд л бүгд өөр өөрийн давтагдашгүй түүхтэй байдаг. Ярилцлагад орсон хүмүүс бүртгэлгүй гэх нэр дор харьяалагдах хэдий ч бүгд өөр өөр зовлон жаргалтай, хүсэл зорилготой, хийдэг зүйлстэй байлаа. Тасралтгүй ажилласан, хичээсэн учир зорилгодоо хүрсэн гайхалтай хүмүүс байлаа. Монгол хүн амны билгээр “Та бүхэн минь удахгүй бичиг баримттай болоод эх орондоо очиж аялаарай” гэж ерөөе.
ЖИЧ: Хүний газар ирээдүйтэйгээ хамт, хажуудаа бүтээж байгаа ээж, аавууд азтай. Яагаад гэвэл тэд ирээдүйд аз үзэх шаардлагагүй зөвхөн хичээл зүтгэл гаргаж, хамт хичээхэд (цаг гаргах, ярилцах, суралцах) л ирээдүй нь гэрэлтэй өөдрөг, сайхан болох юм.