Зураг
Зураг
Индэр    
2024 оны 5 сарын 31
Зураг
Эдийн засагч, шинжээч

ПАНЗНЫ ЭХ ОРОН

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нүүдэлчид яагаад байнга Хятад руу дайрдаг байв? Маш олон зүйлсээр тайлбарлах ч хамгийн болхиор бодвол ахуйн хэрэгцээгээ л хангах гэж тэр. Мэдээж, тал нутагт ямар ч үйлдвэрлэл байхгүй. Тиймдээ ч хэрэгцээг нь хангах тэр газраас алба, гувчуур татна.

Харин Чингис хаан, түүний ач хөвгүүд арай өөрөөр харав. Тэд алба, гувчуур гол нь бус тэнд хийгдэж буй үйлдвэрлэл, гарч буй бүтээгдэхүүн нь чухал болохыг анзаарсан. Түүгээр ч үл барам торгоны зам гэгдэх бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх ложистик, тээврийг ч тэд хяналтдаа авсан. Улмаар Их Монгол Улсын эдийн засгийн голлох салбар нь худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, ХАА гэх солонгон бүтэцтэй байв. Тиймдээ ч сангийн орлого(төсөв) тогтвортой, дайн тулаан хийсэн ч улс нь тогтвортой байв. Их Монгол улсын урт удаан оршин тогтносон нууц нь ийм л эдийн засгийн онцлог гэлтэй.

Панзны эх орон ба Их Монгол улс: Харин өнөөдөр бид өвөг дээдсээсээ ч дор явна. Өнөөдөр Монгол улс панзны эх орон болсон. Нэгээс нөгөө рүү юм дамжуулж зарж ашиг олно гэхээс биш өөрсдөө хийж бүтээгээд байгаа юм алга.

Бид уул уурхайгаас хүчтэй хамаардаггүй солонгон эдийн засгийг ярьдаг ч өнөөдөр зөвхөн нүүрснээс хүчтэй хамааралтай эдийн засагтай хэвээр байна. Нүүрс их гарлаа мөнгөтэй болно. Тэр мөнгөөрөө панз үсэргэж, гадна дотноос бөөн импортын хэрэглээг бий болгоно. Өнөөх нь ч дор хаяж үнээ 2-3 нугалж зарна.

Мухар төмөр зам ба Торгоны зам: Их Монгол улсын үед торгоны замыг Монголчууд хяналтдаа авч, дэлхийн худалдааны эргэлтийг хурдтай явуулдаг байв. Ямар ч худалдаачин Өрнөөс Дорно хүртэл төвөггүй зорчдог байсан. Бидний өвөг дээдэс юу чухлыг мэдэж байсан. Хожим нь дэлхий нийтээр Тээвэр, ложистикийн чухлыг КОВИД-ын үед л ойлгосон гэхэд буруудахгүй. (цөөхөн хэд нь мэдээж ойлгосон. Төмөр замын хяналт, Худалдааны бүс, чөлөөт хэлэлцээр гэх мэт).

Гэтэл бид өвөг дээдсийнхээ ч холч ухаанаас суралцаж чадсангүй. Хятад руу нүүрсээ зөөх төмөр замаа ч өдийг хүртэл барьж чадсангүй. Өнөөх төмөр зам нь амьд бол өдгөө амьдралын утга учиргүйг гайхаж байх байсан биз. Их Монгол улсын үед тэмээгээр тээдэг байсан жин өнөөдөр Хятадын Хова тэргээр солигдсоноос өөр өөрчлөлт үгүй. Бидний байгаа байдал ийм л байна.

800 жилийн өмнө малчин залуучууд хоорондоо нэгдэн, нийлж энэ бүхнийг хийж чаджээ. Харин та бид усанд орж, цагаан цамц, зангиа зүүснээс биш тэднээс илүү сэтгэж байгаа юм алга. Ичиг, ичиг, ичиг...