Индэр    
2024 оны 4 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

ОЮУТАН: КУДС-д "жаргалын долоо хоног" дууссаны дараа их уулзалт болж, дээд курсийнхэн дүү нараа жагсаагаад "хайр" өгдөг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Соёл Урлагийн Их Сургуулийн жүжигчдийн дээрэлхэлтийн асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан билээ. Үүнтэй холбогдуулан Кино Урлагийн Дээд Сургууль (КУДС)-д дэг журам байсан эсэх талаар шинэхэн төгсөгчтэй нь ярилцлаа.

Энэ ярилцлагаар аль нэг сургуулийн муу сайныг онцлохоос илүүтэй урлагийн сургуулийн сургалтын чанарын талаар төгсөгч нь ярихыг хүссэн юм. Тэрбээр урлагийн сургуульд бараг дэвтэргүй төгссөн, багш нарын хариуцлага, анги хоорондын дээрэлхэлтийн талаар өөрийн дуу хоолойгоо хүргэж байна.


- КУДС-д үе хоорондын дээрэлхэлтийн асуудал байдаг уу? 

- КУДС-д элсэж ороход "жаргалын долоо хоног" гэж зүйл байдаг. Нэгдүгээр курсийн залуус сургуультайгаа дөнгөж танилцдаг учраас "жаргалын долоо хоног"-т дээр үеэс нэрлэсэн гэсэн.Энэ хугацаанд дээд курсийнхэн янз бүрийн зүйл ярьдаггүй. Ерөнхийдөө доод курсийн дүү нараа ажиглана. 

"Жаргалын долоо хоног" дууссаны дараа их уулзалт гэж зүйл болно.Хил хамгаалах ерөнхий газрын эсрэг талын 15-ын талбай дээр 1-4 курсийн бүх оюутан эрэмбээрээ жагсаж зогсоно. 

Дараа нь дөрөвдүгээр курсийн жүжигчний ангийн дарга нь сургуулийнхаа түүхийг танилцуулж, цаашдаа мэндтэй явна шүү гэсэн зүйл ярина. Ер нь тэнхим тэнхимээрээ ялгарч уулздаг. 

Манай ангийнхан анх төсөөлөхдөө өөрсдийгөө танилцуулна гэж ойлгосон. Гэвч дөрөвдүгээр курсийн ах нар гадуур хувцсаа тайлснаа доод ангийнхныгаа дээрээс нь зодоод эхэлсэн. Дараа нь ойлгоход дөрөв нь гураваа, гурав нь хоёроо, хоёр нь нэгдүгээр курсийн хүүхдүүддээ "хайр өгнө" буюу нүүрэнд бус газар нь цохихыг хэлдэг.

Ингэж л сургуулийн дотуур дэг журам эхэлдэг. Нэг оюутан нэлээд ах нараас "хайр" авна. Их уулзалтын үеэр хүйсээрээ ялгарч "хайр" өгч, авдаг. 

- Тэр хөлбөмбөгийн талбай дээр ил задгай нэгнийгээ зодож байхад хүмүүс цагдаа дуудах уу? 

- Их уулзалтын талаар хүмүүс цагдаад өчнөөн дуудлага өгдөг. Сургуулиараа ирчихсэн байгаа учраас нүсэр харагдах нь мэдээж.

Цагдаа ирээд зөндөө тарааж байсан. Гэхдээ яаж ч тараасан дээд курсийн нэг ах биднийг аваад явна. Тэгэхээр юу ч болсон их уулзалт заавал үргэлжлэх ёстой. 

Намар шинээр ирсэн оюутнуудтайгаа танилцаж байгаа учраас их уулзалт нэг удаа болно. Охидоос болж урлагийн сургуульд асуудал үүсдэг. "Ангийн охидын чинь ам болохгүй байна" гэх мэт дарамт байдаг даа. 

- Охидоос болж асуудал үүснэ гэдэг нь? 

- Охид хоорондоо их уулзалт зохион байгуулж хэн нь хэн бэ гэдгээ мэдэж авна. Гэхдээ эгч нар ширүүдүүлсэн удаа гарсан. Хөвгүүд бол зодуулсан ч гэсэн ар гэртээ матахгүй. 

Би гуравдугаар курсэд байхад дээд ангийн эгч манай ангийн охиныг алгадах үедээ хэнгэргийг нь хагалсан. Тухайн үед манай ангийн охин яалт ч үгүй ар гэртээ хэлсэн.

Түүнээс болж ах, эгч нарыг цуглуулж сургуулиас хөөх талаар хуралдсан. Гэвч дарамталснууд нь өвдөг сөгдөж уучлалт гуйсаар байгаад сургуулийн удирдлагууд сүүлийн удаа боломж олгосон. 

Ер нь олон жижиг уулзалт болдог байлаа. Зарим уулзалтад ангиараа орохгүй нэг хоёр хүүхэд орхиод явах тохиолдол гарна. Үүнээс болж үлдсэн хүүхдүүд нь уулзалтад ангиас нь хэдэн оюутан ирээгүй байна, түүний тоогоор нэмж зодуулна. 

"Урлагийн сургуульд ороод нэг курсээр ах байсан ч хүндлэх, зодуулах болсон нь үнэхээр дарамт, айдастай"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Та нар хариу үйлдэл үзүүлж байсан уу? 

- Би дунд сургуульд сурч байхдаа дээшээ дөрвөн насаар ах эгч байсан ч найзаа гэж дууддаг. Урлагийн сургуульд ороод нэг курсээр ах байсан ч хүндлэх, зодуулах болсон нь үнэхээр дарамт, айдастай. 

Үүнийг зарим талаараа зөв гэж үздэг. Урлагийн сургуульд иймэрхүү дэг журам байснаар ажил бүтэмжтэй явдаг. Ах, эгч гэж хүндлээд явчихвал нэгнийхээ үгэнд сайн ордог.

Сургуулийн спортын тэмцээний үеэр дээд ангийнхан заавал дуудаж уулздаг. Одоо хожигдож өг, хожвол орой нь яахыг мэдэж байгаа юу гэх мэтээр сүрдүүлнэ.

Сонирхолтой нь КУДС-д ах эгч нар гэж хүндэлсэн атлаа төгсөж гарч ирээд хэнийгээ ч дээрэлхэхгүй. Үүнээс харахад манай сургуульд их асуудалтай юм шиг. 

- Дээрэлхэлтийн талаар багш болон сургалтын албандаа ярьж байсан уу? 

- Уулзалт бүрийн дараа оюутнуудаас нэг нь заавал сургуульд ханддаг. Багш, сургалтын албаны хүмүүс их уулзалт болсныг маргааш нь мэдсэн ч арга хэмжээ хангалттай авч чаддаггүй. 

КУДС-ийн захиргаа оюутнаа хөөчихвөл сургалтын төлбөр, орлого багасна гээд халгадаг байх. Урлагийн сургуулийн дэг журам олон жил уламжлагдсан учраас бид яаж ч эсэргүүцсэн боломжгүй.

Уулзалт бүрээр дээд ангийнханд нэг шил архи, хайрцаг тамхитай очих ёстой. Гэхдээ уулзах бүрдээ авч очихгүй, дээр үед хатуу байсан гэдэг. 

Хоёрдугаар курсээс дээрэлхэлтийн асуудал багасна. Нэгдүгээр курсийг тэвчиж чадаагүй нь сургуулиасаа гардаг. Манай анги анх 56 хүүхэд байсан бол төгсөхөд 26 болсон. 

"Манайд жүжигчний ёс зүйн хичээл огт ордоггүй. Бараг дэвтэргүй төгсөнө"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Та нарт ёс зүйн хичээлээр юу заадаг вэ? 

- Манайд жүжигчний ёс зүйн хичээл огт ордоггүй. Жүжигчин хүн ямар байх ёстой талаар онолын хичээл орохгүй. Бараг дэвтэргүй төгсөнө. Зөвхөн гоо зүй, уран зохиол, англи хэлний хичээл дээр дэвтэр хэрэг болдог. 

Бусад хичээлд дэвтэр огт хэрэггүй. Жүжигчин хүн сайн унших ёстой байдаг боловч академик боловсрол бага олгож байгаа нь дээрэлхэлттэй холбоотой байж магадгүй. 

КУДС-ийн сургалтын чанар маш муу, би элсэж ороод сургуулиасаа гарах талаар бодсон. Манай сургуулийн багш нар том том цолтой боловч яг амьдрал дээрээ юу ч зааж байгаагүй.

Оюутнуудтайгаа тулж ажиллах, шинэ зүйл зааж өгөхгүй дээ. Олон нийтэд танигдсан жүжигчид учраас хичээл заах үеэрээ кино зураг авалтад их явна. Энэ нь биднийг хийдүүлж байна гэсэн үг.

Ер нь жүжигчид дэлгэцээр гоё харагддаг ч бодит амьдрал дээрээ бол хүн чанар муутай санагдсан. Манай сургуульд мэргэжлийн хичээлийг мэргэжлийн багш нар нь ордоггүй.

Багш нарын дутагдалтай сургууль учраас нэгдүгээр курсэд тайзны хөдөлгөөний хичээлийг төгсөх ангийн оюутан орох жишээтэй. Аргалаад л төгссөн дөө.

- Чи КУДС-аас юуг хамгийн сайн сурсан бэ? 

- Үүнийг л сайн сурч гээд нэрлэчих зүйл үнэндээ алга. Гэхдээ мэргэжилдээ хайртай. Буруу сургуулиа сонгосон. 

Би шинэхэн ардын жүжигчин цол авсан хүний ангид сурсан. Энэ хүн хичээл заахдаа маш муу. Анх удаа анги удирдаж авсан учраас хүссэн ч заах зүйл байхгүй юм шиг санагдсан. 

Нэгдүгээр курсэд оюутнуудтай анх танилцах үеэрээ "жүжигчний сургуульд ийм олон хүүхэд сурахгүй. Та нарыг их хөөнө. 10 хүрэхгүй хүн төгсөнө" гэсэн. Хичээл заахгүй, огт хэрэггүй зүйл их ярина.

КУДС-д сурах гэж буй хүүхдүүдэд хайран амьдрал, аав ээжийн мөнгө гэж зөвлөмөөр байна. Хуучин багш, сургалтын систем яг хэвээрээ байгаа шүү. 

Ангийнхантайгаа эргээд уулзахад сурах хугацаандаа янз бүрийн зүйл хийж үздэг байжээ гэж ярина. Жүжигчин мэргэжилтэй гээд өөрийгөө танилцуулахад хүмүүс эергээр хүлээж авч байгаа нь сайхан санагддаг.