Нэгэнт сонсголоо алдаж, дүлийрсэн бол алтаар гуйгаад уйлсан ч нэмэргүй. Тэр үед хэн ч таныг аварч чадахгүй.
Бидний чихэн дотор 12,000-13,000 хан ширхэг сонсголын эс бий. Чанга дуу авианы улмаас мэдрэл, мэдрэхүйн гаралтай сонсголын эсээ гэмтээж, үхүүлсэн бол авралгүй дүлийрнэ.
Энэ цаг үед чихэвчний дуу хөгжмийн хэт хэрэглээнээс үүдэн залуусын дунд сонсгол буурах, ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох бодит эрсдэл байгаа. Таны өнөөдрийн дадал зуршил ирээдүйг тань тодорхойлно гэж Улсын Гуравдугаар төв эмнэлгийн сонсгол судлалын эмч Д.Оюунзул хэлж байлаа.
Хүн амын сонсголын эрүүл мэндтэй холбоотойгоор түүнтэй дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.
-Сүүлийн үед хүүхэд, залуусын дунд чихэвчний хэт хэрэглээ нэлээд дэлгэрлээ. Энэ бол автобус унаа, гудамж талбайд элбэг харж болохоор дүр зураг. Харамсалтай нь мэдрэл, мэдрэхүйн гаралтай сонсгол буурсан бол эргэж сэргээх аргыг шинжлэх ухаан нээгээгүй, үхсэн эсийг амилуулах боломжгүй гэсэн үү?
-Техник, технологи хөгжиж байгаа энэ цагт бараг хүн болгон чихэвчээр дуртай дуу хөгжмөө сонсож байна. Энэ бол анхаарал хандуулах шаардлагатай асуудал.
Гэхдээ чихэвч зүүхээ боль гэж шууд хэлбэл хүний эрхэд халдсан хандлага болох байх. Хамгийн гол нь зөв зүйтэй, зохистой хэрэглээг хүүхэд, залуустаа зааж, зөвлөх нь бидний үүрэг.
-Чихэвчийг өдөрт хэдэн цаг хэрэглэх, сонсох дуу авиагаа хэрхэн тохируулах талаар уншигчдад зөвлөнө үү?
-Бид 60:60-ын дүрмийг баримталбал сонсголоо хамгаалж чадна. Энэ дүрмийг тайлбарлая.
Та бүхэн дээрх дүрмийг баримталж чаддаг уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрэв хоногт олон цаг чихэвч хэрэглэдэг, дуу авиан түвшнийг чангалдаг бол анхаар.
Дууг нь нэмэгдүүлэхэд утсан дээр улаан зураастай тэмдэглэгээ гараад ирдгийг мэдэх байх. Энэ бол 60 хувиас хэтэрч, таны чих гэмтэх аюултай болж байгааг илэрхийлэх дохио.
-Олон цаг сонсвол тоотой хэдэн сонсголын эсээ гэмтээж, өөрийгөө хохироож байна гэсэн үг байх, тийм үү?
-Тийм ээ. Хүний чихэн дотор сонсголыг мэдэрдэг сормууслаг эсүүд бий. Чанга авианы нөлөөгөөр тоотой хэдхэн ширхэг сонсголын эсүүд маань гэмтээд үхчихдэг гэсэн үг.
Харамсалтай нь нэгэнт үхсэн сонсголын сормууслаг эс хэзээ ч эргэж сэргэхгүй.
Тэр хүн хэдэн насандаа чанга дуу авианд өртсөн бэ? Магадгүй бага залуу, өсвөр насандаа чанга дуу авиаг давтамжтай сонсвол 10, 20, 30 жилийн дараа дүлийрэх эрсдэлтэй.
Өөрийнхөө тоотой хэдэн эсийг өдөр болгон аажим аажмаар гэмтээвэл үр дүн нь ирээдүйн тодорхой нэг цагт зайлшгүй илэрнэ. Тэр үед та эргэж сэргэхгүйгээр дүлийрсэн байх вий.
Алтаар гуйгаад уйлсан ч эмч нар аварч чадахгүй. Одоо л таны сэрэмжлэх цаг, дадал хэвшлээ өөрчлөх боломж.
-Манай улсын хэмжээнд сонсголоо алдсан хэчнээн иргэн байдаг вэ. Мэдээж төрөлхийн болон олдмол байдлаар сонсгол буурах нь хоёр тусдаа ойлголт байх. Энэ талаарх нарийн тоон мэдээлэл бий юу?
-Сүүлийн үеийн нэгдсэн судалгаа гараагүй байгаа. Гэхдээ 250 гаруй хүн сонсголын өөрчлөлттэй гэсэн дээр үеийн тоон мэдээлэл бий.
Дэлхий дээр нийт 500,000-1,000,000 хүн сонсголын бууралтай гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тоон мэдээлэл байгаа. Энэ тоо улс орны хотжилт, техник, технологийн дэвшилтэй холбоотойгоор 2050 он гэхэд 900 саяд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарсан байдаг.
Одоогоос хоёр жилийн өмнө АНУ-ын эмч нар сонсгол бууралтай холбоотой судалгаа хийжээ.
Тодруулбал 12-оос дээш насны хүүхдүүдэд судалгаа хийхэд тэдний 12 хувьд нь сонсголын бууралт илэрсэн гэх үр дүн гарсан. Түүнчлэн ирээдүйд сонсгол алдах эрсдэл хүмүүсийн дунд илүү өсөх магадлалтай гэж дурджээ.
Олон улсын энэ жишгээр монгол хүүхдүүдийн дунд сонсголын бууралт нэмэгдэж байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлийн нэг бол чихэвчний хэрэглээ, чанга дуу чимээтэй шууд холбогддог.
-Эмчилгээ авахаар хандаж байгаа хүмүүс дийлэнхдээ ямар шалтгаан, зовуурьтай ирдэг вэ?
-Сонсголын бууралт нь дотроо гурван төрөл байдаг. Тодруулбал
Эдгээрээс мэдрэл, мэдрэхүйн гаралтай сонсголын бууралт нэлээд давамгайлж байна.
Тухайлбал мэдрэл, мэдрэхүйн гаралтай сонсгол бууралтай үед чихийг нь үзвэл хэнгэрэг бүтэн, үрэвсэл цооролгүй байдаг. Өөрөөр хэлбэл чихийг нь наанаас дурандаад харахад эрүүл хүнийх шиг гэсэн үг. Гэтэл цааш дуу авиаг хүлээж авдаг мэдрэлийнх нь эсүүд гэмтсэн байдаг.
Харин хэнгэрэг цоорч, чихнээс нь булаг гарах тохиолдолд дамжуулах замын сонсгол буурсан байдаг. Хэнгэргийн хальс, алх, дөш, дөрөө гэх мэтчилэн чихний ясанд асуудал үүсэж, цоорох үед дамжуулах замын алдагдалтай болно. Дээрх шинж тэмдгүүд бүгд илэрвэл холимог хэлбэрийн сонсголын бууралт гэж үзнэ.
Монголчуудад мэдрэл, мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт болон чихний үрэвслүүд элбэг тохиолдож байна.
-Хэрэв сонсголын сормууслаг эсүүдийг гэмтээвэл мэс заслын аргаар сэргээх боломж бий юу, эсвэл ямар ч аргагүй юу?
-Одоогоор дэлхий дээр мэдрэл, мэдрэхүйн сормууслаг эсүүдийг нөхөн сэргээх арга байхгүй. Дан ганц чихэвчний хэрэглээ гэхээс илүү чанга дуу чимээнд өртөхөөс сэргийлэх нь чухал. Хэт чанга дуу чимээтэй орчинд ажилладаг бол анхаарах хэрэгтэй.
Жишээ нь
Хэрвээ гэнэтийн хүчтэй дуу чимээнд өртвөл долоо хоногийн дотор сонсголын эмчид үзүүлж, эмчилгээ хийвэл эрт үед нь аврах боломжтой.
Мэдрэл, мэдрэхүйн гаралтай сонсголын бууралтай үед өндөр давтамжийн буюу нарийхан дуу чимээг сонсохоо больчихдог. Харин өтгөн буюу бүдүүн авиагаа хэвийн сонсдог.
Хүн 15-20 децибел болон түүнээс дээш сонсож байвал хэвийн түвшинд байна гэж үзнэ.
-Дүлийрлийн анхан шатны шинж тэмдгийг хувь хүн өөрөө мэдэх боломжтой юу. Ямар шинж тэмдгүүд ажиглагдах вэ?
-Эмнэлэгт очихгүйгээр өөрөө мэдэх арга бий. Ерөнхийдөө сонсгол буурсан хүмүүс андашгүй.
Шинж тэмдэг нь
Дээрх шинж тэмдэг ажиглагдвал хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандаад сонсголоо шалгуулах ёстой. Ирээдүйг сонсохын тулд сонсголоо шалгуул гэдэг шүү дээ.
-Эрүүл мэнддээ хайнга хандвал ирээдүйд олон эрсдэлтэй нүүр тулж болзошгүй байх, тийм үү?
-Өнөөдөр, маргаашдаа зүгээр байж болно. Бүр олон сар, жилийн дараа ч өөрчлөлтгүй байж мэднэ. Гэхдээ буруу дадал зуршлын хор нөлөө нэг л өдөр мэдрэгдэнэ.
Мэдсэн ч мэдээгүй юм шиг хайнга, тайван хандаж болохгүй. Хэзээ нэгэн цагт харамсаад суух вий.
Автобус унаанд сууж яваа залуусыг харахад ихэнх нь чихэвч зүүдэг. Чихэвчний хөгжим хажуу талд нь сууж байгаа хүнд шууд сонсогдохоор тийм чанга. Юу сонсож байгааг нь бараг хамт сонсож байна. Энэ нь дүлийрэлд хүргэх эрсдэлтэй.
Хүний эрүүл ахуйн сонсох хэмжээ 85 децибел байвал чихэнд хор нөлөөгүй. Харин түүнээс дээш хэмжээтэй болговол сонсголын мэдрэлийн эсүүдийг үхүүлдэг.
Хоёрдугаарт чихэвчний хөгжим сонсоод явж байхдаа осол аваарт өртсөн олон гашуун сургамж бий. Мэдэхгүйгээр дээрээс нь юм унаад хүний амийг хохироодог, автомашины осолд ордог.
Зүрх өвдөх эсвэл тархинд нь цус харвах үед хүмүүс сандраад л эмнэлэгт үзүүлнэ шүү дээ. Гэтэл сонсгол маань чимээгүй тахлын хэмжээнд хүрсэн.
Өнөөдөртөө “ёо, ёох” гээд хэвтчихгүй байгаа учраас сонсголоо шалгуулахаар эмнэлэгт ханддаггүй юм уу, мэдэхгүй.
-Бага байхад эмээ, өвөө нар л сонсож чадахгүйгээс болоод “Айн” гэж асуудаг байсан. Гэтэл одоо 13, 14 наснаасаа чихэвчний хөгжмөө чангалаад сонсож байгаа хүүхэд магадгүй 30 гараад хөгшин хүн шиг сонсголтой болох нь ээ.
-Ийм эрсдэл байна. Өмнө нь үйлдвэржилт бага, чихэвч бараг хэрэглэдэггүй байлаа. Ихэвчлэн эмээ, өвөө нарын сонсгол насных нь аяар сулардаг байсан. Гэтэл одоо настай хүмүүс дээр нэмэгдээд сонсголын аппараттай залуус их орж ирж байна.
Одоо чанга дээр нь тулгаж сонсоод байгаа тэр чихэвч чинь ирээдүйд сонсголын аппаратаар солигдох аюултай шүү гэж хэлж байгаа үг яг үнэн.
Хүн сонсголоо алдвал давхар маш олон боломжийг алддаг. Наад зах нь сонсголгүй хүн суралцаж, боловсроход төвөгтэй болно. Энэ нь ирээдүйн ажил, мэргэжилд ч нөлөөлнө.
Залуус минь ийм нөхцөл орчхоод харамсаад суух биш эхээс төрсөн эрүүл биеэ бод.
Эрүүл мэндийн боловсрол манайхны дунд маш муу байна. Хэтэрхий чанга дуу авиаг удаан сонсвол дүлий болдог юм шүү гэдгийг мэдэхгүй байгаа учраас буруу дадал хэвшилтэй болоод буй.
-Хэрэв шүд хорхойтсон бол ломбодуулж, эмчилж болно. Харин сонсголын эс гэмтээд үхвэл буцаагаад амилуулах боломжгүй юм байна. Тэгэхээр сонсож байгаа зүйлдээ хэмжээ хязгаарыг баримтлах хэрэгтэй болов уу?
-Тийм ээ. Мэдээж чихэвч зүүгээд дуртай зүйлээ сонсож болно. Гэхдээ бодолтой, болгоомжтой бай.
Хэрвээ гэрийн нөхцөлд сонсож байгаа бол чихэвчгүйгээр задгай сонсохыг зөвлөе. Түүнчлэн шуугиантай орчинд чихэвч битгий зүүгээч ээ. Яагаад гэвэл шуугианаас давуулж сонсохын тулд улам чангаруулж тохируулга хийх болно.
Бид намуухан орчинд намуухан л ярьдаг биз. Үүнтэй адилаар намуухан орчинд чихэвчээ зүүвэл хэмжээг нь хэтрүүлэхгүй сонсоно.
-1-2 цаг чихэвч хэрэглэхээр сүүлдээ чих шуугиад толгой өвдөж эхэлдэг. Энэ шинж тэмдэг нь өөрөө дүлийрэлд өртөх эрсдэлийг илэрхийлэх дохио мөн үү?
-Ингэж ойлгож болно. Чанга, чимээтэй орчинд хүн удаан байхаар мэдээж ядардаг. Түүнтэй адилхан сонсголын мэдрэл ядарч, цочирч байгаа гэсэн үг.
Харин хэнгэрэг нь цоорхой, булаг гарсан, өвдсөн, магадгүй ханиад томуу хүрээд хамар нь битүү яваад байсан тохиолдолд хүртэл чих нь өвддөг. Энэ нөхцөлд бид эмчилж чадна.
-Эмч нар сонсголын аппаратыг ямар тохиолдолд зөвлөдөг вэ?
-Мэдрэл, мэдрэхүйн гаралтай сонсголын бууралтын хөнгөн, дунд, дундаас хүндэвтэр зэргийн хэлбэрт хамгийн түрүүнд сонсголын аппарат зүүлгэдэг.
Гаднаас дуу чимээг хүлээн авч байж хүний яриа хөгждөг. Хэлгүй, дүлий гэдэг онош дунгийн суулгац гэдэг мэс засал хийгдэх болсноороо тавигдахгүй болж байгаа.
Дунгийн суулгацыг эрт үедээ тавиулбал хүүхэд сонсгол орно. Сонсголтой болсноор дагаад хүний хэл яриа хөгждөг.
-Тэгвэл эхээс төрөхдөө эрүүл байсан хүн том болоод сонсгол буурсан бол хэл ярианд нь гажиг үүсэх үү?
-Олон жил сонсохгүй явахаар үг ярианд өөрчлөлт орно. Чих дамжуулах үүрэгтэй бөгөөд сонссон мэдээллийг тархинд аваачна. Тархинд очихоор хариу үйлдлээ бодно.
Чих таны үгийг дамжуулахгүй бол тархинд очих мэдээлэл цөөрнө. Тархинд очих мэдээлэл цөөрсөөр хүн үгээ таних нь давхар багасна.
Сонсгол буурвал үг, үсгээ ялгахаа больдог, танихаа байдаг. Хэлээд байхад л "энэ чинь юу гэсэн үг билээ" гээд ялгахаа больдог гэсэн үг. Ажиглавал сонсгол бууралтай болсон хүмүүсийн хэл ярианд өөрчлөлт орсон байдаг.
-Чихэвч гаргаж ирээд хамгийн чанга дээр нь тавиад сонсож байна гэдэг бол бидний өөрсдийн үйлдэл. Хэн нэгэн хүчээр зүүлгээгүй болохоор дадал зуршилдаа анхаарах цаг иржээ гэж ойлголоо.
-Эцэг эхээс эрүүл саруул төрчхөөд өөрөө өөрийгөө гэмтээж байгаа л гэсэн үг. Түрүүн хэлсэнчлэн 60:60-ынхаа дүрмийг баримтлах нь эрүүл мэнддээ анхаарч буй маш том хөрөнгө оруулалт.
Олон жил эрүүл саруул явж, ажил хөдөлмөрөө саадгүй хийж, сайхан амьдрахын эх үүсвэр.
Бүр таг дүлий биш дунд зэргийн бууралтай хүмүүс гол горхины шаржигнаж байгаа дуу чимээ, навч унах, шувууд жиргэхийг сонсож чаддаггүй.
Байгалийн сайхан дуу авиаг сонсохгүй амьдарна гэдэг ямар байх вэ? Энэ бол маш их уйтгар гуниг шүү дээ.
Хүн байгалийн амьтан болохоор энэ сайхан чимээ анирыг сонсоод бодол, сэтгэл хүртэл тайвширдаг биз дээ.
Дээрээс нь үр хүүхдийнхээ дууг сонсож чадахгүй ээж, аав байна гэдэг ямар эмгэнэл вэ. Өөрт байгаа энэ бүх үнэ цэнийг анзаараад үзээрэй.
-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.