Зураг
Зураг
Индэр    
2024 оны 4 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч

Маттео Ортолани: Монголын хөлбөмбөгийн Дээд лигт гоол оруулсан анхны итали хүн болсноороо бахархдаг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Италийн Брера Холдинг компанийн санхүүжилттэй хөлбөмбөгийн "Брера Илч баг" 2023 оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, Монголын Дээд лигт тоглож байна.

Тус багт Италийн "AC Milan" багийн хүүхдийн академид суралцсан Маттео Ортолани хэмээх хөлбөмбөгчин ахлагчаар тоглож байгаа. Түүнтэй манай улсын хөлбөмбөгийн хөгжлийн талаар ярилцсанаа хүргэж байна. 

Тэрбээр монгол тоглогчид болон Дээд лигийн талаар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм. 


- Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Маттео Ортолани гэдэг. Одоо 24 настай, Италийн Ром хотоос ирсэн. Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн "Брера Илч" багт тоглож байгаа. 

Би Албани улсын хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн аварга болж байсан. Мөн Италийн хоёрдугаар лиг болон Швейцарт тоглосон туршлагатай. 

Манай багт аргентин, итали, ливи, япон тоглогчид байгаа. Мөн Италийн "Интер Милан" багийн мэргэжлийн хөлбөмбөгчин асан Андреа Маззаны дасгалжуулагчаар ажилладаг.

Монголын хөлбөмбөгийн Дээд лигт тоглож, гоол оруулсан анхны итали хүн болж бяцхан түүх бичиж буйгаараа бахархаж байна. 

- Яагаад Монголын Дээд лигт тоглохоор болсон бэ? 

- Хамгийн анх Италид үйл ажиллагаа явуулдаг "Брера Холдинг" гэх компани надад Монголд тоглох санал тавьсан. Ингэхдээ багийн ахлагчаар тоглож, илүү сайн хөгжүүлэхээр бид ярилцсан. Одоогоор "Брера баг"-ийг арга барил болон сэтгэл зүй талаас нь илүү сайжруулахаар ажиллаж байна. 

Би хоёрдугаар сарын 14-нд Монголд ирсэн. Маш хүйтэн гэдгийг мэдэхгүй, өвлийн гуталгүй ирсэн учраас анх дасахад хэсэг хугацаа зарцуулсан. Нуулгүй ярихад үнэхээр хэцүү үе байсан гэж болно.

Монголын талаар бүрэн хэмжээний ойлголтгүй байсан. Улаанбаатар хотод гэмт хэрэг их гардаг, хүйтэн гэж интернэтээс уншсан. Гэхдээ ирсний дараа өөр гэдгийг ойлгосон. Хүйтнээс бусад нь миний сэтгэлийг хөдөлгөж байгаа.

"Дээд лигийн шүүгчид чадвартай болоосой гэж хүсдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Монголын хөлбөмбөгийн Дээд лиг танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? 

- Хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтэс өөрчлөгдөөсэй гэж маш их хүссэн. Ялангуяа Дээд лигийн шүүгчид чадвартай болоосой гэж хүсдэг. Манай багийн сүүлийн тоглолтыг шүүж буй байдал үнэхээр таалагдаагүй. 

Монгол тоглогчдын хурд болон биеийн хүч маш сайн гэдгийг ажигласан. Мөн шигшээ багийн Азийн аваргын урьдчилсан шалгаруулалтын тоглолтуудыг үзсэн.

Хамгаалалт сайн байсан боловч хангалтгүй довтолсон. Гэхдээ би довтлогч учраас гоол оруулах ямар хэцүү вэ гэдгийг мэднэ. Цаашдаа сайжрах байх.

- Та Европт хөлбөмбөг тоглож сурсан. Мэдээж хэрэг манай улсыг Италитай харьцуулахад хөлбөмбөгийн хөгжил тийм ч сайн биш. Гэхдээ таны ажигласнаар монголчууд хөлбөмбөгийг хэрхэн тоглож байна вэ? 

- Европт бөмбөгийг хоорондоо дамжуулж тоглуулахыг илүүд үздэг. Учир нь энэ бол багийн спорт учраас хүн бүр оролцох ёстой. Ингэж тогловол ялалт байгуулж чадна.

Европын хөлбөмбөгтэй харьцуулахад Монголд маш хурдтай тоглогч олон байна. Гэхдээ тоглолтын турш бусдадаа дамжуулахгүй, хувийн ур чадвараа үзүүлэх нь элбэг. 

Иймэрхүү зан чанар нь багийн спортын системд бага зэрэг тохиромжгүй гэж болно. Талбайд байгаа 11 тоглогч яг нэг хүн шиг тоглолтыг мэдрэх нь чухал. "Брера баг"-ийг маш зөв системтэй тоглодог болгохоор манай дасгалжуулагч ажиллаж байгаа. 

Мөн тамирчин хүний сэтгэл зүй гэж зүйл монгол тоглогчдод бага байна. Хожиж, хожигдсон ч нэг сэтгэл зүйтэй байх нь тамирчин хүнд маш чухал. Үүнийг сайжруулахаар бид ажиллаж байгаа.

- Танай баг одоогоор хүснэгтийн доогуур байранд бичигдэж байна. Ирсэн зорилгоо биелүүлж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байгаа вэ? 

- Манай багийн зорилго бол Дээд лигт дахин нэг улирал тоглох юм. Одоогоор дөрвөн удаа тоглож, хоёрт нь хожоод байна. Энэ улиралд багаа заавал Дээд лигт үлдээхийг хүсэж байгаа.

Миний гэрээний хугацаа энэ оны долдугаар сард дуусаж, Итали руу явна. "Брера Холдинг" компанитай ярилцсаны дараа дахин нэг жил тоглох эсэх нь шийдэгдэнэ. Гэхдээ багаа Дээд лигт үлдээж чадвал дараа жил ирж тоглоно гэдэгтээ итгэлтэй байгаа.

"Бид Европын хөлбөмбөгийн суурийг суулгах зорилготой учраас ажиллах зүйл олон байна"

- Монголын тамирчидтай тоглоход асуудал гарч байна уу?

- Монгол тоглогчдын зан ааш нь тамирчин хүнийх шиг биш. Үүнийг өөрчлөхийн тулд бид хичээж байгаа. 

Эхний тоглолтод манай баг 6:1 онооны харьцаатай хожигдсон. Тэр үед бүгд муухай царай гаргаж, сэтгэл санаагаар унасан. Иймэрхүү хүнд тохиолдолд тамирчин хүний сэтгэл зүй маш чухал. 

Мөн бусад багийн тоглогчид тоглолтын үеэр бага зэрэг ууртай, эсрэг багийнхантайгаа маргалдаж байгаа харагдсан. Монголд анх ирэхэд миний тоглож сурсан орчноос тэс ондоо ертөнц намайг угтаж авсан.

Бид Европын хөлбөмбөгийн суурийг суулгах зорилготой учраас ажиллах зүйл олон байна. 

- Та Италийн алдарт AC Milan багийн хүүхдийн академид тоглож байсан. Энэ үеийн дурсамжаа хуваалцана уу? 

- Би 16 настайдаа тоглож байсан. Тэр үед олон гоол оруулж, цом өргөж байлаа. Маш их сэтгэл ханамж авсан ч өнгөрсөн зүйлийн талаар ярих дургүй.

Өнөөдрийг ярьж, ирээдүйн тухай бодохыг илүүд үздэг. Энэ бол надад цаг хугацааны явцад бий болсон сэтгэлгээ. Би Монголын хөлбөмбөгийн Дээд лигт ахиц дэвшил гарахаар ирсэн. Үүнийгээ ч биелүүлэх болно. Жинхэнэ ялагч байхын тулд хичээх ёстой.

Би 15 настайгаасаа гэр бүлээ орхиж, олон улсад тоглосон учраас тодорхой хэмжээний туршлагатай болсон. Олж авсан туршлагаа энэ лигт хангалттай гаргахыг хичээж байгаа. 

"Манай багийн тоглолтыг ирж үзээрэй. Бид олон ялалт байгуулж, та бүхэнд хөлбөмбөгөөс баяр баяслыг мэдрүүлэх болно"

- Монголын хөлбөмбөгөөс суралцах зүйл байна уу? 

- Одоогоор сурсан зүйл байхгүй. Цаашдаа олон зүйл суралцана гэдэгтээ итгэлтэй байгаа. Монголын уур амьсгалд дасан зохицоход жаахан хэцүү. Нэг өдөр зун шиг дулаахан байснаа өглөө босоод ирэхэд цас орчих юм. 

Бэлтгэлийн эхний хэдэн өдөр, дараа нь тоглолтын үеэр надад тулгарсан цорын ганц бэрхшээл бол маш их хүйтэн, хүнд цаг агаар. Үүнээс болоод хангалттай сайн амарч чадахгүй байгаа. Тамирчин хүн бүх зүйлд дасах ёстой. Энэ бүхэн надад шинэ сорилт мэт санагдсан. 

Үзэгчдэд хандаж үг хэлмээр байна. Манай багийн тоглолтыг ирж үзээрэй. Бид олон ялалт байгуулж, та бүхэнд хөлбөмбөгөөс баяр баяслыг мэдрүүлэх болно. 

- Ярилцсанд баярлалаа. 


"Дээд лигийн техникийн багийнхан их ажил хийж байгаа юм шиг харагддаг ч зохион байгуулалт маш муу"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн "Брера баг"-ийн менежер Ала Насер Б Рамадан Монголын Дээд лигийн талаар өөрийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм. 

- Монголын Дээд лигийн өнөөгийн нөхцөл байдлын талаар та сэтгэгдлээ хуваалцана уу? 

- Дээд лигийн техникийн багийнхан их ажил хийж байгаа юм шиг харагддаг ч зохион байгуулалт маш муу байна. 

Энэ байдлыг өөрчлөхийн тулд олон зүйл хийх шаардлагатай. Жишээлбэл хөлбөмбөгийн гадна талбайн хүртээмжийн асуудал.

Одоогоор ганцхан хөлбөмбөгийн гадна талбайд багууд ээлжилж бэлтгэл хийж байгаа. Цагийн хуваарь тавигддаг боловч нэг багт долоо хоногийн 1-2 өдөр ногддог. Аль болох багаараа удаан бэлтгэл хийвэл сайн амжилт үзүүлнэ шүү дээ. 

- Урт хугацаанд энэ багийг ивээн тэтгээд явах боломжтой гэж харж байна уу? 

- Одоогоор бид төслийн загвараар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр 1-2 жилдээ бид санхүүжүүлээд явах байх. Гол нь амжилтад хүргэх, илүү дэвшилтэд хөлбөмбөгийг үзүүлэхийг хичээж байна. 

Мөн хөлбөмбөгийн холбооны цаг төлөвлөлтийн асуудлыг ярих хэрэгтэй. Хагас сайн өдөр тоглолттой атал гэнэтхэн маргааш боллоо гээд хойшлуулдаг. Энэ нь бидний төлөвлөгөө, зохион байгуулалтад нөлөөлдөг.