Зураг
Зураг
Индэр    
2024 оны 3 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч

БАЙЛДАГЧ: Цэргийн алба цэцэрлэг биш, зодууртай. Эрх хүүхдүүдийг хүн болгоно гэдэг. Сул дорой байвал дээрэлхүүлнэ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Монгол цэргийн өдөр тохиож байна. Мөн Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой болж байгаа юм. 

Цэрэг амь насаа алдлаа гэх мэдээлэл өнгөрсөн онд нийгмийг маш хүчтэй донсолгосон. Тэрхүү хаалттай хаалганы цаана яг юу болдог талаар хүмүүс сонирхох нь лавтай. 

Тиймээс хаалганы цаана ямар амьдрал буцалдаг талаар бодит мэдээллийг өгөх үүднээс энэхүү ярилцлагыг хүргэж байна. Гэхдээ цэргийн албыг магтан дуулах, муулах гэсэндээ биш. Бүтэн нэг жилийг хилийн цэрэгт өнгөрүүлсэн нэгэн байлдагч залуу харсан, мэдсэнээ нууж хаахгүйгээр ярьсан юм. 

Ярилцаж буй хүнийхээ албан тушаал, овог нэр, аль цэргийн ангид алба хаасныг өөрийнх нь хүсэлтийн дагуу нууцлав. Цэргийн албанаас халагдахынхаа өмнөх нь бүхнийг нууцална гэсэн гэрээнд гарын үсэг зурдаг аж. 

- Цэргийн албанд мордох анхны сэтгэгдэл ямар байсан бэ? 

- Цэрэг татлага дээр очоод ангиа сонгож, эмчийн үзлэгт орсон. Дараа нь тэнцсэн гэсэн бичиг авсан. Анх ямар машинаар явах талаар төсөөлөлгүй байлаа. Гэтэл хуучны ЗИЛ-31 гэх машины ачааны бүхээгт үеийн олон залуугийн хамтаар цэргийн дуу эгшиглүүлээд явсан даа. 

Ард хувцастай биднийг цэргийн ангид очиход дарга, хал цэрэг гээд бүгд жагсаад хадаг сүүтэй угтаж авдаг. Энэ үед маш их огшсон, хүндлэлтэй сандагдсан. 

Өмнө хэзээ ч ирж үзээгүй орчин, хараагүй зүйлстэй нүүр тулахад сонин санагддаг.

Эмчийн үзлэгээс ачигдах, цэргийн анги ороход үргэлж дуу дуулна. Одоо бодоход хол явж байгаа хүүхдүүдийг юм бодогдуулахгүй гэсэндээ чанга дуулуулж сэтгэл санааг тайвшруулсан юм шиг. 

Цэргийн хувцсыг долоо хоногийн дараа өмссөн. Тэр хүртэл ард хувцастайгаа штабын хашаа цэвэрлэх, хог түүх, хүнс бэлтгэх гэх мэт ажил хийсэн. Цэргийн хувцас өмссөний дараа тэр ажлуудыг хийдэг ч өөрийгөө жинхэнэ цэрэг гэдгийг мэдэрдэг учраас энгийн байдаг. 

Ард хувцастай цэргийн ангид явахаар маш эвгүй, биеэ барина. Өмнө хэзээ ч ирж үзээгүй орчин, хараагүй зүйлстэй нүүр тулахад сонин санагддаг.

Эхний ээлжид ирсэн залуучуудыг хоёр ангид хувааж, үс хусна. Дараа нь халаасанд байсан бүх мөнгийг хурааж авна. Би 5,000 төгрөгтэй очсон. Цэргийн бүртгэлд орохдоо шаардлагатай үед хэрэглэх бэлэн 500,000 төгрөгтэй байсан. Ах маань бэлэн мөнгө байвал замдаа хураалгана гээд өгч явуулаагүй. 

Халагдах үед мөнгийг чинь буцааж өгнө, зарим нь шүдний сойз авч өгнө гэсэн. Гэхдээ халагдах үедээ хэн ч мөнгөө буцааж аваагүй. Угаасаа банканд хадгалж байгаа биш дээ, мөнгө маань намайг халагдахыг хүлээхгүй шүү дээ. 

"Цэргийн амьдрал өглөөний 05:00 цагт эхэлнэ. Өглөө босоод ус ч уухгүйгээр шууд 10-15 км гүйдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Цэргийн албанд ирээд 45 хоногийн хугацаанд байлдагч болоход бэлтгэгддэг гэсэн. Энэ хугацаанд юу хийсэн бэ? 

- 45 хоногийн хугацаанд цэргийн эрдэмд эхнээс нь суралцдаг. Ихэвчлэн цэргийн команд, буудлага, мэндчилгээ заана. Бүх цэргийг нэгэн жигд алхаж сургана.

Манай салааны захирагч зан аашны хувьд зэрлэг хүн байсан. Ер нь цэргийн амьдрал өглөөний 05:00 цагт эхэлнэ. Өглөө босоод ус ч уухгүйгээр шууд 10-15 км гүйдэг. Буцаж ирээд дасгал хийсний дараа ариун цэврийн өрөө ороод өглөөний цай ууна. Дараа нь цэргийн ангиараа жагсаал зохион байгуулж, тугаа мандуулна. 

Цэргийн хичээлд үд хүртэл суугаад өдрийн хоолонд орно, дуусаад хичээл, цэрэгжилт, гэх мэт зүйлс хийж явсаар 21:00 цагийн үед оройн тоондоо гараад, 22:00 цагт бүх цэрэг орондоо ордог.  

Өдрийн хоолны дараа болон оройн тооны өмнөх нь 30 минутыг чөлөөт цаг гэж өгнө. Энэ үед цэргүүд гутлаа тослох, захны даавуугаа солих гэсэн ажил хийж өнгөрөөдөг. 

- Өглөөний цай болон хоолондоо хангалттай цадах уу? 

- Өглөө цай маслотай талх өгнө. Өдөр нь нэг, хоёрдугаар хоол иднэ. Орой хоол өгнө. Зарим үед хоол өгөхгүй ч үе гарна. Өдөржин бэлтгэл хийсний дараа хоол идэх шиг жаргал байхгүй. Манай цэргийн анги хоол хүнс, хувцасны хангамж сайн байсан. 

Сүүлдээ хоолны амт чанар огт хамаагүй. Хоолойгоор давж байвал тэр бол хоол. Аль болох хурдан идэж дуусгах хэрэгтэй.

Хоолонд орохдоо ярьж болохгүй. Хэрэв яривал хоолондоо ам хүрээгүй байсан ч босгоод, бэлтгэлд гарна. Энэ нь нэг төрлийн шийтгэл гэх үү дээ. Гэхдээ салаагаар нь шийтгэх ёстой. Цэрэг гэдэг чинь зэрэг гэсэн үгнээс гаралтай гэж бүгд ярьдаг.

"Гэртээ өөрийн дураараа байсан хүн бүх зүйлийг даргаас асууж шийдэх ёстой болно. Орой унтахын өмнө зарим цэрэг гэрээ санаж уйлна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Янз бүрийн орчинд амьдардаг хүмүүс ирнэ. Та нар зэрэг гэдэг үгийг суртлаа хэр удсан бэ? 

- Ер нь цэрэг бол шууд удирдлагатай газар. Бүх зүйл даргын тушаалаар байх ёстой. Унт гэвэл унтана. Ариун цэврийн өрөө ор гэвэл орно. Хүнтэй өнгөрөх бүрдээ нэр, салаагаа хэлж мэндэлнэ. 

Анх очиход бүх зүйлд шантарна. Өглөө босоод гүйж чадахгүй нусаа хацартаа наана. Гэртээ өөрийн дураараа байсан хүн бүх зүйлийг даргаас асууж шийдэх ёстой болно. Иймэрхүү зүйлийг анх хийж чадахгүй хүнээр загнуулна, зодуулна. Өөрийн эрх чөлөөгөө хүний гарт бэлэглэнэ гэхэд хилсдэхгүй. 

Тэнд янз бүрийн хүүхдүүд ирдэг учраас бэлтгэл сургуулилалт, хоол, орчиндоо дасахгүй тохиолдол их гарна. Орой унтахын өмнө зарим цэрэг гэрээ санаж уйлна. Тангаргийн баяраар нэг удаа гэрийнхэнтэйгээ уулзана. 

14 хоногт нэг удаа ар гэртэйгээ утсаар ярьж болно гэж заасан байдаг. Гэхдээ цэрэг гэдэг цэцэрлэг биш гээд яриулахгүй. Олон хүний нүдэн дээр аав ээжээ санаад байна уу охин минь гэж дуудуулахгүйг бүгд л хүснэ шүү дээ. 

- Тангаргийн баярын дараа цэргийн амьдралд харьцангуй сайн суралцчихсан байх уу? 

- Жинхэнэ цэргийн амьдрал тангаргийн баярын дараа эхэлдэг. Тангараг өргөж эх орны хүү болсны дараа хилийн застав руу хуваарилагдсан. Ингэснээр 10 хоногийн хугацаатай ээлж ээлжээр хилийн манаанд явна. 

Хилийн манаанд их зүйл болно. Хоол хүнсийг яг тааруулж өгнө. Тэгэхээр цэрэг хүн маш нарийн тооцоо хийж сурна. 10 хоногийн хүнсийг найман өдөрт дуусгачихвал нөхөж өгөхгүй. Тиймээс юмыг маш сайн тооцоолж амьдрах ухаанд суралцдаг. 

Би гэртээ хоол хийж үзээгүй, бүх юмаа аав ээжээрээ бэлдүүлдэг байсан. Тэнд очоод жинхэнээсээ бие дааж сурсан даа. Хал цэрэг болчихвол цаашаа зүгээр гэж хүмүүс их ярьдаг. Үнэндээ бол тэр амьдралдаа дасах юм. 

"Гэрээсээ холдоогүй, хүнээс үг сонсож үзээгүй айлын эрх хүүхдүүд хамгийн их гутал, нусаа чирдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Цэргийн албанд байлдагчдыг дээрэлхэх, гар хүрэх үү? 

- Байлдагчийг хэн дуртай нь зодно. Жишээлбэл анх манай салаа жигд алхаж чадахгүй байсан. Энэ үед хөлөө нийлүүлэхгүй байгаа нэгнийг нь ариун цэврийн өрөө оруулаад л шууд зодоод эхэлсэн.

Иймэрхүү байдлаар хэлээд ойлгохгүй бол яс маханд нь гэсэн дүрэм баримталдаг. Хүн 2-3 удаа зодуулсны дараа дахиулахгүй байхыг л бодно шүү дээ. Гэхдээ бүтэн жилийн турш л зодууртай л байсан. 

Өглөөний жагсаалын үеэр манай салааны нэг байлдагчийг жагсаалаас гар гэсэн команд өгөхөд, нөгөөх нь буруу гарахад "чамд юу гэж заасан" гээд орилонгуут манарчихдаг. Иймэрхүү үед цэргүүд юу хийгээд байгаагаа ойлгохгүй уйлах, зодуулах тохиолдол их гарна. 

Гэрээсээ холдоогүй, хүнээс үг сонсож үзээгүй айлын эрх хүүхдүүд хамгийн их гутал, нусаа чирдэг. Би ч ялгаагүй эхний нэг сар бүх юмаа л чирсэн.

- Зодуулснаа цэргийн ангийн удирдлагууддаа ярьж үзсэн үү? 

- Хүнд зодуулаад гэмтсэн ч нуугаад л өнгөрөх ёстой. Дээд удирдлагуудад ярьсан ч их тоохгүй.

Гэхдээ зодуулснаа ярихын тулд хэн нэгэн намайг гэрчлэх шаардлагатай шүү дээ. Намайг зодуулж байхыг харсан цэргүүд гэрчлэхгүй бол би өөрөө буруутна.

Бүтэн жил амьдрах хүмүүс иймэрхүү зүйлд хүлээцтэй хандах ёстой гэдгээ л ойлгодог юм. 

"Орой унтахын өмнө 10 секундийн дотор бүх хувцсаа тайлах ёстой. Тайлж чадсан байлдагч орондоо орж эрт унтана"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Хилийн манааны амьдрал хэрхэн өрнөдөг вэ? 

- Хил бол эзгүй зэлүүд газар. Тэнд хүнтэй их таараад байхгүй. Өглөө бүр эх орны хилээс нар мандахыг харна гэдэг эр хүн бүрд тохиох зүйл биш байх. Өдөр бүр нарны туяаг харахад ээж аав, найз нөхөд, амьдрал ямар үнэ цэнтэй талаар маш сайн ойлгоно. 

Хайртай хүмүүсээ санасан үед ургаж буй нар сэтгэл бүлээцүүлдэг гэх үү дээ. Хилийн цэрэг байхын нэг том ашиг нь энэ юм даа. Бороотой, цастай ямар үед хилээ манана. 

Хилийн застав дээр дахин 14 хоног сургалтад сууна. Цэргийн анги дээр байдаг шиг л өдрүүдийг өнгөрөөдөг.

Би нэг удаа ахлагчтайгаа урын зууханд зодолдож үзсэн. Найзтайгаа тамхи татаад зогсож байхад нүүр гэнэт халуун оргисон. Тэр ахлагч ганцаараа байсан болохоор бид хоёр бараг зодсон. Гэхдээ надтай зодолдсон гэдгээ битгий хэлээрэй гэсэн. 

Дараа нь харуулд гарах үеэр нөгөө ахлагч маань намайг үнэхээр чангалсан. Би 10 хоногийн хугацаанд 3 кг хассан. Орой 22:00 цагт унтах ёстой. Гэтэл өвлийн хүйтэнд шөнө цасан дотор аргал түүлгэх, дуртай үедээ дуудаж ирээд нүүр рүү таших, бууны бөгсөөр элэгдэх гэх мэт үйлдэл их гарна.

Байлдагч гэхээр зодуулдаг гэсэн ойлголттой дарга нар олон байсан. Угаасаа эр хүмүүсийн амьдралд иймэрхүү асуудал байх зүйл гэж үздэг. Аав ээж нь хайрлаад гар хүрч үзээгүй хүүхдүүд цэргийн албанд очоод янз бүрийн зүйл үзнэ дээ. 

- Эзгүй газар цөөхөн хүн байгаа юм чинь нэгнийгээ дээрэлхэх нь бага уу? 

- Хаана ч байсан зодуулах шалтаг мундахгүй. Жишээлбэл өглөө бүр аюулгүй ажиллагааны дэвтэрт "ямар нэгэн байдлаар амь насаа алдвал гомдолгүй" гэж гарын үсэг зурна. 

Би тангаргийн баярын үед дэд түрүүч цол авсан учраас манааны ахлагч болсон. Нэг цэрэг аюулгүй ажиллагааны дэвтэрт гарын үсэг зураагүй байвал надтай хариуцлага тооцож, ахлагч ганц шанаа өгнө. 

Уг нь цэргийн дүрмээр амьсгалуулж гар дээр суниалгах, талбай тойруулж гүйлгэх ёстой. Иймэрхүү үед миний эрх зөрчигдөхгүй.

Даанч дүрмээ барихгүйгээр зоддог гэх үү дээ. Эр хүмүүсийн хооронд ганц гар хүрэх асуудал байх зүйл гэсэн хандлагатай хүмүүс тэнд байгаа. 

Орой унтахын өмнө 10 секундийн дотор бүх хувцсыг тайлуулна. Тайлж чадсан байлдагч орондоо орж эрт унтана. Чадахгүй бол 10 секундэд тайлж суртал нь унтуулахгүй хийлгээд л байна. Цэргийн хувцас зузаан, үдээс, товч ихтэй учраас өмсөж тайлахад ажиллагаатай. 

- Цэрэгт цалин өгдөг гэж сонссон. Тэрийг ихэвчлэн юунд зарцуулах уу? 

Цэрэгт сул дорой байвал хэн ч чамайг дээрэлхэнэ

- Манай цэргийн анги цалинг бэлнээр өгдөг байсан. Цэргүүд ихэвчлэн тамхинд үрдэг дээ. Заримдаа ахлагч эсвэл цэргүүд дотроо нэгнийхээ мөнгийг журамлана. 

Цэрэгт сул дорой байвал хэн ч чамайг дээрэлхэнэ. Тиймээс бие сайн хөгжүүлж, бусдаас илүү байхыг л эрмэлзэх хэрэгтэй. Тэр орчинд эрүүл мэнд, амь насаараа хохирохгүйн тулд шилдэг нь байх ёстой юм шиг санагдсан. 

Офицер цолтой дарга нар их зодохгүй. Ер нь бага цолтой, жаахан юм үзээгүй ааштай хүмүүс байлдагчийг яргалах дуртай байдаг. 

Анх цол авахад хүнд тушаал өгөх, захирах үнэхээр хэцүү. Яг ижилхэн байлдагчаас дэд түрүүч цол авсан болохоор дундаа орчихдог. Гэтэл дарга дуудаж ирээд "цэргүүд чинь жирийн ард шиг байна" гээд надад гар хүрнэ. Иймэрхүү байдлаар зодууртай зүйл рүү орчихдог гэх үү дээ. 

Би зодуулахгүй байхын тулд өөртэйгөө ижил байлдагчийг 80 суниалгаж, захирч, цэргийн дүрмээр амьсгалуулж эхэлнэ. Сүүлдээ бид яг хүний нүдний харцаар хөдөлж, хийдэг болно. 

Гэхдээ цэрэгт очсон бол ямар ч шалтаг тоочихгүйгээр хамгийн шилдэг нь байхыг хичээх хэрэгтэй. Тэнд бүгд амь амиа л бодож байгаа. 

"Айлын эрх хүүхдүүд ирээд хүн болоод буцдаг даа. Чи ээж ааваараа юмаа бэлдүүлдэг байсан бол цэрэгт очоод бүгдийг өөрөө хийнэ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Цэргийн алба хаахын хамгийн сайхан нь юу вэ? 

- Цэргийн албанд ачигдах, тангараг өргөх, халагдах хамгийн сайхан гэж наргиа маягаар ярьдаг. Гэхдээ хамгийн сайхан нь цэргийн найз, нөхөрлөл юм даа. Тэр хол газар ар гэрээс бараг эргэлт ирэхгүй учраас бие биедээ л сэтгэлийн дэм өгнө. Хамт зодуулж, өлсөж, жаргаж үзсэн болохоор эрхэм байдаг. 

Цэргийн алба цэцэрлэг биш учраас ганц удаагийн зодуур байдаг зүйл. Хүний үгэнд орохгүй ард дүрдээ ороод байвал гар хүрэхээс аргагүй болно. Гэхдээ хүний эрүүл мэндийг хохироож болохгүй. 

Цэргээс халагдсаны дараа эргээд дурсахад сайхан санагддаг. Амьдралдаа анх удаа өдөр бүр гутлаа тосолж үзнэ. Тангаргийн баяраар гэрийнхэндээ захиа бичнэ. Бичиг үсэг мэдэхгүй цэрэгтээ бүгд тусална.

Айлын эрх хүүхдүүд ирээд хүн болоод буцдаг даа. Угаасаа дарга нар айлын эрх хүүхдүүдийг хүн болгомоор байна гэдэг. Хувцсаа оёх, ороо ёотон шиг хураах гэсэн нарийн юмыг сайн сурна. Өдөр бүр жижиг зүйлийг давтуулаад байвал тэр нь дадал болгочихдог. Хүнийг хүндэлж, үг дааж, сонсож, хариу үйлдэл үзүүлж сурна.

Чи ээж ааваараа юмаа бэлдүүлдэг байсан бол цэрэгт очоод бүгдийг өөрөө хийнэ. Хүнтэй харьцаж, удирдаж, удирдуулж сурна. Цэргийн албанаас сурах зүйлийг нь аваад, хаяхыг нь мартах хэрэгтэй. 

- Чи цэргийн албанаас юу хамгийн сайн сурсан бэ? 

Тэр олон хүн дотор өөрийгөө зөв авч явна гэдэг бол жинхэнэ чадвар байсан.

- Гэртээ байдаг шиг эрх дураараа бол хол явахгүй гэдгийг бие мах болон сэтгэл санаагаар нь мэдрүүлдэг. Цэрэгт янз бүрийн л хүмүүс байгаа. Тэр дундаас өөрийгөө зөв аваад явж чадвал чи эр хүн. 

Бусдыг дагаад буруу зүйлд уруу татагдаж байгаа хүн өөртөө дүгнэлт хийх ёстой. Цэрэгт очоод хийх ажилгүй болоод тамхинд ордог гэж худлаа, тэр бол хүний ухамсрын асуудал. 

Тэр олон хүн дотор өөрийгөө зөв авч явна гэдэг бол жинхэнэ чадвар байсан. Ганц талх байсан ч салаагаараа хувааж иднэ. Манай салааны 26 цэргээс 21 нь тамхи татдаг байсан. Би өмнө өдөрт 7-8 ширхэг тамхи татдаг байсан бол цэрэгт хоёр ширхгийг 21 хүнтэй хувааж татна. 

Тухайн хүний хэр сэргэлэн байгаагаас шалтгаалж цэрэгт юуг ч олж болно. Хилийн манаанд явж байхдаа нэг айлаар ороод хайртай охинтойгоо утсаар ярих гэх мэт зүйлийг өөрөө сэтгэж болдог. 

- Заримдаа цэргийн албанд очсон хүүхдүүд амиа хорлоод байгаа. Хүний амь насанд хүртэл нь чангалж, хэцүү байдалд амьдруулдаг уу? 

- Бие мах бодийн дэглэлт байдаг. Сайн цэрэг байвал хэн ч чамтай оролдохгүй. Нэг удаа манай салааны залуу өөрийнхөө буруу биш зүйлд гар дээрээ суниахаар болсон. Мэдээж хэрэг өөрийнхөө буруу биш зүйлд шийтгэл хүлээх хэн дуртай байх билээ дээ.

Тэр байлдагч чадахгүй гээд өөдөөс нь хэгжүүрхэхэд төмөр ултай гутлаар цээж рүү нь өшиглөөд цус урстал зодсон. Ингэлээ гээд тэр байлдагч хэнд ч зодуулсан гэж хэлэхгүй. 

Хилийн манаанаас бууж ирэхэд янз бүрийн асуудал гарсныг эмч биед нь үзлэг хийж шалгадаг. Нуруу нь зодуулаад хөхөрсөн байсан ч нүүрс зөөж байгаад ийм болсон гэж л ярина. Толгой хагарсан ч малгайн дотроо гэдэг үг хамгийн сайн үйлчилдэг.