Индэр    
2024 оны 3 сарын 13
Зураг
Эдийн засагч

Зээл ашигтай юу, хадгаламж ашигтай юу?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүмүүс баяжих талаар ном уншиж, мухар сүсэгт итгэн түрүүвчээ даллаж харагддаг. Тэгвэл өөрийнхөө хэрэгцээг бэлэн төлж авах, зээлж авах ойлголт танд хэр ялгаатай санагддаг вэ?

Хүний хэрэгцээ орлогоо дагаж нэмэгдэж, хасагдаж байдаг. Өнөөдөр нэг удаа такси бариад хоосрохгүй, олон удаа таксины мөнгө хэмнээд баяжихгүй. Гэхдээ эхний алхам санхүүгийн сахилга баттай болох ёстой.

Миний хувьд Ипотекийн зээлээс бусад зээл хэрэггүй. Мэдээж хэрэгцээ гарна, гэхдээ аль болох өөрийнхөө чадалд тааруулах, эсвэл урьдчилан бэлтгэх хэрэгтэй гэж боддог.

1991 оны 20 дугаар тогтоол гарахгүй бол эсвэл КОВИД-оор тохиолдсон бодлогын хүү бууралтын үед л биш бол зээлийг аль болох авахгүй байх хэрэгтэй гэж үздэг. Эдийн засгаар сурсан дийлэнх хүн инфляц өндөр байхад зээл ашигтай гэж үздэг ч цалингийн орлого, бизнесийн орлого өөр ойлголт гэдгийг санах хэрэгтэй.

Статистикийн хорооны тайланд: 2023 оны сүүлээр өрхийн орлого 2.3 сая, өрхийн зардал 2.4 сая гэхээр Монголын дундаж давхарга хадгалах боломж төдийлөн олддоггүй байх нь. Энэ санхүүгийн сахилга баттай холбоотой юу, эсвэл барааны үнэ өндөр байгаатай холбоотой юу?

2023 оны Монголбанкны статистикаас харахад нийт 3.3 сая иргэний хадгаламжийн данс, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөж, иргэдийн нийт хадгаламж дахь мөнгөний хэмжээ 14.5 хувиар өсөж, 17.9 их наяд төгрөг болсон байна. Нэгж дансанд дундаж хадгаламж 5.4 сая төгрөг байна гэсэн үг.

Хадгаламжийг үнийн дүнгээр тоймлосон статистик байвал илүү сонирхолтой тоо гарч ирэх байх.

Кредит карт: Санхүүгийн сахилга бат муутай бол зээлийн карт хүсээд ч хэрэггүй болов уу! Банк тэнэг биш таны орлогод үндэслэн хязгаар тогтооно. Тогтсон хугацаанд зарцуулсан төлбөрөө төлөхгүй бол хүү бодогдоно. Бэлэн мөнгө АТМ-аас авах боломжгүй, шилжүүлэг хийж болохгүй. Зөвхөн худалдан авалтад зарцуулах боломжтой.

Энэ сард кредит картаа тултал ашигласан тохиолдолд дараа сарын орлогоо кредит картын төлбөрт төлж, дараа сард кредит карт дахин ашиглаж, өглөгөөс өглөгийн хооронд амьдарна.

Яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан, зээл заавал авах шаардлага гарсан тохиолдолд нэг удаа ашиглахад буруудахгүй үйлчилгээ.

Зээл: Тусгай сангийн зориулалттай биш бол зээлийн хүү нь хадгаламжийн хүүгээс ямагт өндөр байдаг.

Банкны тооцооллыг ашиглавал: 1 сая төгрөг 20%-ийн хүүтэй зээлбэл жилийн дараа 1,111,000 - 1,113,000 төгрөг төлнө.

Хадгаламж: Монголын зах зээлд хадгаламжийн төрөл олон, 2023 онд жигнэсэн дундаж хүү 12.6% байна.

Хувь хүний хувьд цалингаасаа тогтмол тодорхой хэмжээний мөнгийг хугацаатай хадгаламжид хийснээр зээлж авахаас илүү ашигтай.

Банкны тооцооллыг ашиглавал: Сар бүр цалингаасаа 100,000 төгрөг цааш нь хийвэл жилийн дараа 12%-ийн өгөөжтэй хадгаламж нийт 1,266,000 төгрөг орчим болсон байна.

Саяхан америкийн CNBC зээлтэй оюутны 90% нь зээлээс үүдэлтэй сэтгэл түгшилтэй, 53% нь өрнөөс үүдэлтэй сэтгэцийн хямралд ордог тайлан танилцуулж байсан. Тэгэхээр зээлгүй байх нь сэтгэцийн эрүүл мэндэд мөн эерэг нөлөөтэй байх нь.