Индэр    
2024 оны 3 сарын 11
Зураг
Эдийн засагч, шинжээч

МОНГОЛ УЛС ДАМПУУРАХ УУ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ улс хаашаа явж байгааг ойлгоход бэрх болжээ. Ирээдүйн 5, 10, 20 жилийн дараа ямар байх вэ? Монгол хүн улсдаа ажиллаж, амьдраад явах боломж нь байсаар байх уу? Энэ асуултад хариулах гэж үзье.

Дампуурал нэртэй өвчин байдаг гэе. Энэ өвчнийг улс орон бүр тусаж, өвдөж, эдгэдэг. Өвчин тусаж, хүндээр өвдсөн улсуудыг дурдвал Шри Ланка, Венесуэл, Аргентин, Пакистан зэргийг дурдаж болно. Эдгээр улсад дараах шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байдаг.

1.Гадаад өрийн дарамтад орж, төлж чадахгүй нөхцөлд ордог

Энэ шинж тэмдэг нь маш нийтлэг илэрдэг. Авлигал ихтэй ийм улсад улс төрчид улсынхаа баялгийг төсвөөр, хөгжлийн нэртэй төслүүдээр дамжуулан хулгайлж эхэлдэг. Ихэвчлэн тэр улсад ямар баялаг байна түүнтэй нь л холбогдоно. Харин тэрхүү баялаг ашиглагдаж дуусмагц гаднаас зээл тавьж эхэлдэг.

Мэдээж зээлээр авсан мөнгө хөгжлийн гоё нэртэй зүйлд зарцуулагдах байсан ч хоорондоо хувааж идээд л дуусгадаг. Улмаар тавьсан өрийг нь ард түмний татварын мөнгөөр төлөх гэж үздэг. Монголд сүүлийн 20 жил илэрсэн шинж тэмдгийн нэг нь энэ.

2. Бусдаас бурууг хайн асуудлыг гаднынханд тохон хөөж гаргадаг

Мэдээж өрийн дарамттай улс өөдтэй, өнгөтэй байна гэдэг юу л бол... Өсөлт нь тогтворгүй, инфляц өндөр, ханшийн уналттай тулгардаг. Улс төрчид эрх мэдлээ хадгалж үлдэх ёстой. Тиймээс ийм үр дагаварт хүргэсэн хэн нэгэнд бурууг тохон булзааруулах ажиллагаа эхэлдэг. Нийтлэг тохиолдолд энэ нь гаднынхан байж таардаг. Дээр нэр дурдагдсан бүх улсууд гаднынхныг ард түмнээрээ үзэн ядуулж, улсаасаа хөөн гаргасан байдаг. Эцэст нь гаднаас орж ирэх ам.долларгүй болж, ханш нь унаж, улс төрчид нь зугтан оддог. Ард үлдсэн үйлийн үрийг нь ард түмэн нь үүрдэг.

Мэдээж гаднын хүмүүс ашиг хайж ирдэг. Харин харилцан ашигтай болгох нь улсын эздээс л хамаарна. Та санаж байгаа бол Монгол Улсад эхлээд Эрдэнэт, дараа нь Оюутолгой, одоо Эрдэнэс Тавантолгой тойрсон улс төржилт үргэлжилж байна.

3. Тэд ерөнхийлөгчийн засаглалтай байдаг

Дампуурсан улсууд ихэвчлэн ерөнхийлөгчийн засаглалтай байдаг. Аргентин улс гэхэд эхнэр, нөхөр дараалаад 10 гаруй жил төр барьчихсан байх жишээний... Шри Ланка ч мөн адил ерөнхийлөгч нь ойр дотны бүх хүмүүсээ улс төрийн албан тушаалд томилон эцэстээ бүгд зугтсан байдаг. Венесуэл бол бүр дарангуйлагчид дүүрсэн улс. Өөрөөр хэлбэл авлигал өсөж үржих тааламжтай хөрс нь энэ засаглал гэсэн үг.

4.Эдийн засагт шок(Ковид) болоход гадаад өрөө төлөх чадваргүй болдог

Ам.долларын орлогогүй, импортын хэрэглээтэй, улс төрийн орчин тогтворгүй улсад КОВИД мэтийн гаднын шок орж ирэхэд шууд л дампуурдаг. Тухайн жилийн гадаад өрөө төлж чадахгүй төдийгүй гол хэрэгцээ болсон шатахуунаа ч авах мөнгөгүй үлддэг. Ингээд улс дампуурлаа албан ёсоор зарлаж эхэлдэг.

Дээрх шинж тэмдгүүд Монголд илэрсэн ч азаар Монгол улсыг дампууруулахгүй тогтоож буй зүйл нь парламентын тогтолцоо юм. Энд гэхдээ дампуурах тухай ярьж байгаа нь ичгэвтэр. Бид ямар хэмжээний ёроолд очсоныг илэрхийлнэ.

Сүүлийн 30 орчим жил ОХУ, Хятад дотор асуудалтай байсан үе. Бид энэ үеийг л ашиглан хурдтай хөгжих боломж байв. Гэвч хэн, хүнгүй эрх ашиг, өнгө мөнгөний араас хөөцөлдсөөр өнөө үед ёроолдоо хүрчээ. Цаашид хоёр том хөрш бидэнтэй хэрхэн харьцахыг таашгүй.

Ирэх 5, 10, 20 жилд Монголыг хурдтай хөгжинө гэдэгт эргэлзээ төрсөөр...