Зураг
Зураг
Индэр    
2024 оны 2 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч

Фиона Блайт: Газар нутгийнхаа төлөө зоригтойгоор тэмцэж буй украинчуудаар бахархаж байна. Их Британи улс тусалсаар байх болно

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Украинаас салсан Донбассын хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолд 2022 оны хоёрдугаар сарын 22-нд Оросын Холбооны Улс(ОХУ)-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурж байв. 

Мөн тэрбээр ОХУ-ын цэргийг энхийг сахиулах үүрэгтэйгээр Донецк, Луганск руу илгээх шийдвэр гаргасан билээ.

Үүний дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд халдсан хэрэг гэж тодорхойлоод зөрчил, үл ойлголцлыг энхийн замаар шийдвэрлэх уриалга гаргаж байв. Гэхдээ өдийг хүртэл хоёр жилийн хугацаанд асуудал энхийн журмаар шийдэгдээгүйгээр үл барам гэмгүй хүмүүс амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. 

Украинчууд Оросын халдлагыг эсэргүүцэн тэмцэхэд нь дэлхийн томоохон орнууд ихээхэн хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж буй. Үүний нэг нь Их Британи улс юм. Дайн эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй энэ үед Их Британи улс Украинд ямар дэмжлэг үзүүлж буй талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайттай ярилцлаа. 

- Орос, Украины дайн эхлээд хоёр жил болжээ. Ийм удаан үргэлжилнэ гэж ихэнх хүн төсөөлөөгүй байх. Энэ тухай мэдээг анх сонсоод Их Британичууд юу гэж таамаглаж байсан бол?

- 21 дүгээр зуунд нэг улс хөрш зэргэлдээ улсдаа халдан довтлохыг харах тун эмгэнэлтэй байсан. Бүгд маш их гайхсан шүү дээ. Энэ нь нэг улс нөгөө улсын хилийн эсрэг хууль бусаар түрэмгийлж, НҮБ-ын дүрмийг зөрчиж байгаагийн тод жишээ.

Орос энэ ажиллагааг эхлүүлэхдээ хэдхэн хоногийн дотор Украиныг эзэгнэнэ гэж найдаж байсан байх. Харин Украин зөв дэмжлэг авбал өөрийгөө хамгаалж чадна гэдгээ энэ хугацаанд харуулж байгаа. Тэд газар нутгийнхаа төлөө зоригтойгоор тулалдаж байна.

- Украинд нөхцөл байдал одоо ямар байна вэ. Хүмүүс харилцан адилгүй мэдээлэлтэй байгаа шүү дээ?

- Украин Оросын эсрэг тууштай тэмцсээр байгаа. Оросын эзэлсэн газар нутгийн талаас илүү хувийг украинчууд эргүүлэн авлаа. Оросын арми 300,000 гаруй цэргээ алдсан нь асар их тоо юм.

ОХУ нь хамгийн хүчирхэг армитай улсын нэг бол Украины арми зөвхөн эх орноо хамгаалах л хүсэлтэйгээр сөрөн зогсож байна. Тэд нэг шөнийн дотор Оросын довтолгооны нисдэг тэрэгнүүдийн 20 хувийг устгасан. Мөн Украин Оросын Хар тэнгисийн флотыг шахаж гаргасан. Ингэснээр Хар тэнгисийн боомтуудаа нээж далайн экспортоо дахин сэргээж дайн эхэлснээс хойших хамгийн их үр тариа экспортлоод байна.

- Дайн эхэлснээс хойш Их Британи Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлж, тусламж үзүүлсээр байна. Энэ хугацаанд хэр хэмжээний тусламж үзүүлсэн бэ. Мөнгөн дүнгээр нь тодорхой хэлж өгнө үү?

- Бид Украинд дэмжлэг үзүүлж байгаадаа маш их бахархаж байгаа. Их Британи Украинд ойролцоогоор 12 тэрбум фунт стерлингийн цэрэг, хүмүүнлэг, эдийн засаг болон сэргээн засварлалтын дэмжлэг үзүүлээд байна.

Түрэмгийлэл эхэлснээс хойш Их Британийн Украинд үзүүлсэн цэргийн бус тусламж 4.7 тэрбум фунт стерлинг болжээ. Үүнд 4.1 тэрбум фунт стерлингийн санхүүгийн дэмжлэг, 660 сая гаруй фунт стерлинг хоёр талын тусламж багтсан байна.

- Барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байна. Энэ нь ОХУ-д дорвитой нөлөө үзүүлж чадаж байгаа гэж үзэж байна уу?

- Тийм гэж бодож байна.

Бид хамгийн том бөгөөд маш хатуу хориг арга хэмжээг ОХУ-ын эсрэг нэвтрүүллээ. Өмнө нь ямар ч томоохон эдийн засаг ийм хэмжээний хориг арга хэмжээнд өртөж байгаагүй.

ОХУ Украин руу дайран орсноос хойш бид одоогоор 1,900 гаруй хувь хүн, аж ахуйн нэгжид хориг тавиад байна. Мөн 22 тэрбум ам.долларын эргэлтийн хөрөнгө нь царцсан.

Оросын дайны санхүүжилт болох байсан 400 гаруй тэрбум ам.долларын хохирол учруулсан. Хориг арга хэмжээнүүд нь Оросыг 2022 онд эдийн засгийн уналтад оруулсан бол эрчим хүч экспортлогч бусад томоохон орон өсөлттэй байлаа.

Цэргийн зардал өндөр, хөдөлмөрийн зах зээлийн хомсдол зэргээс үүдэн Орос улс инфляцын өсөлттэй тэмцэж байгаа. Мөн Төв банк нь долдугаар сараас хойш зээлийн хүүгээ хоёр дахин нэмэгдүүлж, 16%-д хүргэсэн. Ингэснээр жирийн орос иргэд болон бизнес эрхлэгчдэд зээл авах нь тун өндөр зардалтай болоод байна.

Одоо бидэнд тулгараад байгаа асуудал бол Орос хориг арга хэмжээг тойрон гарах шинэ арга замыг хайж, шинэ зам, улс орнуудыг ашиглаж байгаа явдал. Тиймээс бид эдгээр чиглэлийг хаахын тулд шаргуу ажиллаж байна

- Хориг арга хэмжээнүүд барууны улсуудад ч мөн нөлөөлж байгаа. Тухайлбал танай улсад ямар нөлөө үзүүлсэн бэ ?

- Энэ нь бусад орны нэгэн адил Их Британид ч нөлөөлж байгаа. Гэвч англичууд дүрвэгсдийг гэртээ байрлуулах зэргээр украинчуудыг дэмжсээр байна. Англид хаана ч очсон Украины далбааг харж болно.

Хэдийгээр хориг нь англичуудад нөлөөлж байгаа ч Оросын түрэмгийлэл байгаагүй бол хориг анхнаасаа тавигдахгүй байсан гэдгийг маш сайн мэдэж байгаа. Хэрэв Орос цэргээ татаж дайн дуусах юм бол дэлхийн эдийн засаг эргээд хэвэндээ орно.

- Энэ оны нэгдүгээр сард Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Киевт айлчилж, Украин болон Их Британийн хооронд Аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Мөн 2024-2025 онд 2.5 тэрбум фунт стерлингийн зэвсгийн тусламж үзүүлнэ гэдгээ зарласан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

- Бид Украины урт хугацааны аюулгүй байдлыг дэмжиж, тэднийг Оросын харгислалд дахин хэзээ ч өртөхгүй байх, цаашдын энхийн хэлэлцээнд тус улсыг боломжит хамгийн сайн нөхцөл байдалд оруулахын төлөө байгаа.

Ерөнхий сайд Украинд үзүүлэх цэргийн тусламжийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, дараагийн санхүүгийн жилд 2.5 тэрбум фунт стерлинг олгохоор болсон.

Үүнээс багадаа 200 сая фунт стерлингийг Украинд нисгэгчгүй онгоцыг түргэн шуурхай худалдан авах, үйлдвэрлэхэд зарцуулна. Эдгээр нь Украиныг иргэдээ хамгаалах, газар болон далайд түрэмгийлж буй Оросын цэргүүдийг онилох хамгийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээр хангах болно.

Их Британи 2022 оны зургаадугаар сараас хойш Украины 34,000 гаруй алба хаагчийг Их Британид сургаж, Украины хүчинд зориулсан томоохон сургуулилалт явуулсаар байна.

"Дайны дараа Украин өмнөхөөсөө илүү хүчирхэг болон дахин сэргэнэ гэдэгт итгэлтэй байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Дайн цаашид хэрхэн үргэлжлэх бол, Украинд хэзээ энх тайван тогтоно гэж та бодож байна вэ?

- Дайн урт удаан үргэлжлэх нь хэнд ч ашиггүй.

Энх тайванд хүрэх хамгийн дөт зам бол Ерөнхийлөгч Путин Украинд хууль бусаар байгаа Оросын цэргийг татан гаргаж, хөршийнхөө эсрэг түрэмгийллээ зогсоох явдал юм. Гэсэн хэдий ч Орос улс байлдааны талбарт явуулж байгаа үйл ажиллагаа нь НҮБ-ын дүрмийн зарчмуудыг үл тоож, энх тайвныг эрхэмлэх сонирхлыг бүрэн үгүйсгэж байгааг харуулж байна.

Үүний эсрэгээр Ерөнхийлөгч Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2023 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн тогтоолд 141 орны дэмжсэн зарчмуудыг тусгасан "Арван цэгт энх тайвны томьёолол"-доо Украины энх тайвны төлөөх тууштай байдлыг тодорхой харуулсан.

Оросын тал төлөвлөж байсан шиг Украины газар нутгийг эхний долоо хоногт бүрэн эзэлсэн бол Украин маш эмзэг байрлалд байхаар байлаа. Гэвч Украин тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн эрхийнхээ төлөө тэмцсээр байна.

Иймд Орос улс чин үнэнчээр хэлэлцээрт ороход бэлэн болох үед Украинд түүнд нь хүчтэй байр суурьтай байх ёстой. Үүний тулд бид цэрэг зэвсэг, хүмүүнлэгийн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлсээр байх болно. 

- Хэзээ нэгэн цагт энэ бүхэн өндөрлөх байх. Тэр үед та бүхэн Украиныг сэргээн босгоход туслах уу?

- Дайны дараа Украин өмнөхөөсөө илүү хүчирхэг болон дахин сэргэнэ гэдэгт итгэлтэй байна. Украины сэргэн мандалт, сэргээн босголтыг дэмжих нь Их Британийн хувьд нэн тэргүүний зорилт юм. Бид Оросын аюул заналхийлэлд тэсвэртэй, шинэчлэгдсэн эдийн засагтай болох, дайнаас ангижрах Украины хүчин чармайлтыг дэмжсээр байх болно.

2023 оны зургаадугаар сард Лондонд болсон Украины сэргээн босголтын бага хуралд Украиныг дэмжих зорилгоор дэлхийн өнцөг булан бүрээс Засгийн газар, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчид оролцсон.

Бид 2023-2024 оны санхүүгийн жилд Украины сэргээхэд босголтод зориулж 240 сая фунт стерлингийн хоёр талын тусламж үзүүлж байгаа бөгөөд үүнд хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг аврах хүмүүнлэгийн тусламжийн 127 сая фунт стерлинг багтсан.

Мөн Украинд хувийн хэвшил, олон улсын түншүүдтэй хамтран хувийн хөрөнгө оруулалтыг өргөн цар хүрээтэй болгох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүнд шинэчлэл-сайн засаглал, санхүүгийн зах зээл-даатгал, бизнесийн туршлага, дэд бүтэц, эрчим хүчний талаарх санаачилгууд багтаж байна.

Нэгдүгээр сард Киевт Ерөнхий сайд айлчлахдаа Украины эрчим хүчний дэд бүтцийг бэхжүүлэх, сэргээн босгоход зориулж нэмэлт найман сая фунт стерлинг олгохоо мэдэгдсэн.

- НАТО улам хүрээгээ тэлсээр байна. Энэ өргөжилтийн зорилго юу вэ?

- Улс орнууд НАТО-д сайн дураараа элсдэг бөгөөд энэ нь хамтын аюулгүй байдлыг хангах холбоо юм. Энэ нь бид аюул заналхийлэл, эзлэн түрэмгийллээр бус хамгаалалтын хэлбэрээр аюулгүй байдлаа хамтдаа бэхжүүлэхийг зорьж байна гэсэн үг.

Украин НАТО-д элсэх хүсэлтэй эсэх нь тэдний шийдвэр. Түрэмгийллийн үед үндэстнүүд нэгдэх нь илүү хүчтэй байдаг. 2022 оны хавар Орос улс Украинд түрэмгийлсний дараа Финланд, Швед улс НАТО-д элсэх хүсэлт гаргасан. Финланд улс 2023 оны дөрөвдүгээр сард нэгдээд байна.

- Сүүлийн асуултыг танд үлдээе. Ярилцлагын төгсгөлд та юу хэлэхийг хүсэж байна вэ?

- Эхний асуултад хариулж хэлснээ давтан хэлэхийг хүсэж байна. 21 дүгээр зуунд нэг улс нөгөө рүүгээ халдан довтлох нь үнэхээр гайхширал төрүүлсэн. Дайн тулаан, эзлэн түрэмгийлэл нь биднээс өмнөх үед дууссан гэж боддог байв. Гэтэл өнөө цагт бидэнд тулгарлаа.

Хэрэв бид энэ түрэмгийллийн эсрэг байж зогсоохгүй бол олон улсын харилцааны дүрэм журам үгүй болж, ардчилал, хууль дээдлэх ёс, тогтвортой байдалд урт хугацаанд заналхийлэх болно.

Орос улс НҮБ-ын дүрмийг зөрчсөн нь бидний аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт хамаарах амин чухал дүрэмд цохилт болж байна.

Хэрэв Монгол Улс ийм байдалд орсон бол монголчууд ч газар нутгийнхаа төлөө тэмцэх байсан гэдэгт итгэлтэй байна.

Тиймээс бид хүчээ нэгтгэн энэхүү сорилтын эсрэг тэмцэх хэрэгтэй.