Үнэндээ Улаанбаатар хот цэвэр усны нөөцийн хомсдолд орчихсон.
Туул голын сав газарт ашиглаж болох боломжит нөөцийн дээд хязгаар нь хоногт 256,000 шоо метр. Гэтэл бидний хэрэглээ аль хэдийн 300,000 шоо метр болж давсан.
Зүйрлэвэл таныг хоногт 100,000 төгрөг ашигла гэж хэлсэн байхад 150,000 төгрөг зарцуулаад байвал тэнд өр үүсэх нь тодорхой. Яг үүнтэй адил бид боломжит нөөцийн дээд хязгаараас давуулан ашиглаж байна гэсэн үг.
Ерөнхий утгаараа цэвэр усны хомсдол гэдэг нь ашиглаж болох дээд хязгаараас хэтэрсэн тухай асуудал. Түүнээс биш зарим хүний боддог шиг цоргоноос ус огт гоожихгүй болчихлоо гэсэн үг биш. Нөгөөтээгүүр ус гарч байсан ч ууж чадахгүй болох нь ундны усны бохирдлын хамгийн ноцтой аюул гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр хэлсэн юм.
Энэ бүхний цаана хүний үнэ цэнтэй амьдрал, амь нас яригдаж байгааг тэрбээр сануулж байлаа.
"Ундны ус ба эрүүл мэнд" сэдвийн хүрээнд Усны газрын дарга З.Батбаяртай үргэлжлүүлэн ярилцсанаа хүргэе.
-Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын утаа, түгжрэлтэй дүйцэхүйц асуудал ундны ус болж хувирсан уу. Үүнийг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн дүгнэдэг вэ?
-Усны асуудлыг аль нэг цэг буюу Улаанбаатар эсвэл Монгол гэж ярих нь утгагүй. Улаанбаатарын асуудлыг ярихын тулд алсаас эхлэх хэрэгтэй болдог.
Усыг хүний судастай адилтгаж болно. Хүн төрөлхтөн л хил хязгаарыг бодож олсон болохоос биш байгаль дэлхий үүнийг мэдэхгүй шүү дээ.
Дэлхий дээр хамгийн өргөн тархсан бодис бол ус. Гэтэл яагаад "уух усгүй болж байна", "усаа хайрлаж, гамная" гэж яриад байна вэ. Тэгэхээр дэлхийн бөмбөрцгийн гадаргыг дөрөв хуваасны гурвыг ус эзэлдэг. Харамсалтай нь энэ их хэмжээний усны дөнгөж 2-3 хувийг уух боломжтой. Үлдсэн нь давстай далайн ус гэсэн үг.
Манай монголчуудаас цөөхөн ч гэсэн хүн далайн усыг амсаж үзсэн байх. "Загасчны морь усгүй" гэдэг ардын зүйр үг бий. Хэрвээ далайн усыг уувал цангаж үхдэг.
Нөгөө талаас хойд, өмнөд туйлын мөс бол уух боломжтой цэвэр ус. Бидний ууж болох усны гуравны хоёр нь мөс хэлбэртэй байдаг. Гэвч дэлхийн дулаарлаас үүдэн хойд, өмнөд туйлын мөс хайлаад далайн ус руу орж байна.
Дэлхий дээр өргөн тархсан их усны дөнгөж нэг хувийг нь уух боломжтой гэсэн үг. Яагаад гэвэл далайн усыг цэвэршүүлэхийн тулд гаргах зардал нефтийн үнээс илүү болж хувирсан. Хоёрдугаарт ялгасан далайн давсыг эх газар тараавал ногоон ургамал, ан амьтад устах аюултай болсон. Харин мөсийг бид ашиглаж чадахгүй.
Ийм учраас үлдсэн нэг хувийн цэвэр усаа хайрлах тухай ярьж, анхаарч байна.
-Дэлхий дээрх цэнгэг усны нөөц ийм бага байхад ундны усаа үрэлгэн ашигладаг хэвшил бидний дунд түгээмэл. Ийм дадал хэвшлийг өөрчлөхийн тулд хэрхэх хэрэгтэй вэ?
-Та хоногт хэдэн литр ус хэрэглэдгээ мэдэх үү? ... Ихэнх хүн үүнд тодорхой хариултыг хэлж мэддэггүй.
Хүн хамгийн багадаа өдөрт дөрвөн удаа жорлон ордог гэж бодъё. Тэгвэл жорлонгийн ариутгах татуурга ойролцоогоор 10 литр хүртэл багтаамжтай бол багадаа 40 литр усыг бие засахдаа хэрэглэж байна гэсэн үг.
-Манай улсын усны хэрэглээтэй холбоотой тодорхой тооцоо судалгаа байдаг болов уу?
-Бидний тооцооллоор Монгол Улсын нийт усны хэрэглээ 640 орчим сая шоо метр байна.
Монголын хилээс хойш 130 гаруй километр зайд орших Галуут нуурын дулааны цахилгаан станцын жилийн усны хэрэглээ нь 600 сая шоо метр. Өөрөөр хэлбэл бидний усны хэрэглээ нэг цахилгаан станцын хэрэглээтэй тэнцүү.
-Тэгвэл нийслэл хотын оршин суугчдын хэрэглээ ямар түвшинд байна вэ?
-Орон сууцанд амьдарч байгаа хүмүүс хоногт 135 литр ус хэрэглэдэг гэх тооцооллыг Ус Сувгийн Удирдах Газар(УСУГ)-аас гаргасан.
Улаанбаатар хотын оршин суугчдаас 750,000 нь орон сууцанд амьдарч байна. Үүнээс бодоход ердөө нэг өдрийн дотор 101 сая литр ус хэрэглэдэг байх нь. Энгийнээр хэлбэл хоногт 20,000 усны машинаар зөөх усыг орон сууцанд амьдарч байгаа хүмүүс зарцуулдаг.
Нөгөө талд хүн амын дахиад тал хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Тэд худгаас усаа авч, зөөнө. Гэхдээ өдөр болгон усанд явж чадахгүй.
Ямар хүн ямар эрхтэй болоод өдөрт 135 литр ус хэрэглэдэг. Харин ямар хүн ямар эрхгүй болоод хоногт 10 литр ус хэрэглэдэг юм бэ?
Энэ бол хүний эрхийн асуудал. Ус бол хүний сайн сайхан амьдрах, эрүүл амьд явах баталгаа.
Харамсалтай нь Зайсан, Яармагийн зарим хотхон хорооллын ундны ус зэвтэй, гэдэсний савханцраар бохирлогдсон. Тэгвэл энэ бүхэн хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх мөн үү.
-Газар дээрх бүтээн байгуулалтаас гадна газрын доор ямар шугам хоолой тавигдсаныг анзаарч, анхаардаг байх нь хамгийн чухал алхам байх, тийм үү?
-Худал ярьдаг хүнд 1990 оноос хойш Улаанбаатар хотод шинээр төв шугам баригдаагүй.
Тухайн үед Улаанбаатар хотод 600,000 орчим хүн амьдарч байсан бол одоо аль хэдийн сая давсан. Энэ шугамаар дахиад гурав дахин их ус хэрэглэгдэж байна гэсэн үг.
Тэгвэл төв шугам нь ачааллаа дийлж байгаа юу гэдэг асуудал.
Яагаад Улаанбаатар хотод түгжрэл бий болчхоод байгаа юм бэ? Амьдарч буй хүнийх нь тоо өссөн.
Энэ өргөн зам дээр түгжрэл үүсэж байгаа юм бол 500, 1,000-ын шугам хоолой мөн л ачааллаа даахаа болих нь аргагүй биз. Зам барихгүйгээр хот бүтээн байгуулж, хүн амьдруулж болдоггүйтэй адил газрын доорх шугамыг нь хийхгүйгээр тэнд амьдарна гэж байхгүй.
-Зайсан, Яармагт үүсээд буй асуудал мөн л газар доорх шугам хоолойн стандарттай шууд холбоотой байх нь.
-Тийм ээ. Зайсангийн тухайд цэвэр, бохир усныхаа шугамтай холбогдоогүй. Ийм учраас бохироо соруулж зөөдөг. Ингэж зөөж байхад алдаа гарч, нэвчсэн байх магадлалтай гэсэн үг.
Тэр хавийн цэвэр ус нь хөрсний усаараа тэжээгддэг. Гэвч хөрсний ус нь бохирдсон учраас гэдэсний савханцар нян илрээд байгаа нь энэ. Харин Яармагт стандарт бус шугам хоолой тавьснаас хойш зэвтэй ус гараад байгаа.
Сүүлийн 10, 20 жилийн барилгын халуурлаас болоод “Бушуухан л нэг юм овоолоод авъя”, дараа нь “Бушуухан заръя” гэдэг хандлага газар авсан. Мөнгө цагаан нүд улаан гэдэг шиг ашгийн төлөө явсан үйлдэл ирээдүйд хүний сайн сайхны төлөө байж чадах уу.
Нийт нийгэм өөрөө ашгийн төлөө байж болохгүй. Хүн уух ундтай байх ёстой. Нүүр гараа угаах, усанд орох устай байх ёстой. Гэтэл одоо Зайсанд сая ам.долларын байшинд амьдарч байгаа хүмүүс нэг настай хүүхдээ ваннд оруулж чадахгүй болчихсон.
Яагаад гэвэл тэр хөөрхөн булбарай арьсанд нь нөгөө савханцар шигдээд орвол яах юм бэ гэдэг айдастай. Яах вэ томчууд агаар, хөрсний янз бүрийн бохирдолдоо дассан байж магад. Гэтэл тэр нялх нэг сартай, нэг настай хүүхдэд ямар байх вэ?
-Зайсангийн оршин суугчдын зүгээс "Одоо бид нар яах вэ" гэдэг асуудлыг дэвшүүлсэн байх, тийм үү?
-Нэлээд их ярьж байгаа. Яриад шийдлийг гаргадаг хүн нь би биш шүү дээ.
Одоо Зайсанд юу болж байна вэ гэвэл дэлгүүрүүдийн 20 литрийн савлагаатай уснууд хамгийн түрүүнд дуусаж байгаа.
Гэдэсний савханцартай усаар шүдээ ч угааж чадахгүй байна. Тэр хавьд литр ус 1,000 орчим төгрөг болчихсон. Ийм л нөхцөл байдалд оршин сууж байна. Ус гэдэг ямар чухал болохыг үүнээс ойлгох хэрэгтэй.
-Цэвэр усны хомсдол гэдэг нь ус алга болох тухай биш, ус байсан ч ууж чадахгүй болох асуудал гэдгийг Та дурдаж байсан.
-Цоргоноос ус гоожсон ч ууж чадахгүй болох аюул нүүрлээд байна.
Яармагт шинээр сайхан өндөр байшингууд баригдсан. Манайхан яараад гүйгээд орцгоосон. Гэтэл Яармагийн зарим хорооллын ус зэвтэй. Ус байсан ч ууж чадахгүй. Усны бохирдлын хамгийн том аюул нь энэ.
-Дэлхийн томоохон хотууд цэвэр, бохир усны шугамаа хэрхэн төлөвлөж орон сууцаа барьдаг юм бэ?
-Бээжин, Москва, Будапешт хотод нэг дор олон өндөр байшин барьдаггүй нь цаанаа шалтгаантай.
Би Будапешт хотод 10 гаруй жил амьдарч байлаа. Тэнд ойролцоогоор есөн давхраас өндөр байшин барьдаггүй. Голын эрэг дээр байдаг учраас газар хөдлөлтөөс гадна голоо бохирдуулахгүйн тулд олон давхар орон сууц төлөвлөдөггүй.
"Тэр гол бохирдоно уу, яана бизнесмэн надад ямар хамаатай юм бэ" гэж бодож магадгүй. Гэтэл 10 жилийн дараа тэр бизнесмэний барьсан байшинд нь амьдарч байгаа хэдэн зуун хүн, өөрийнх нь үр хүүхэд, гэр бүл хорддог. Эсвэл үерт дайруулж эндэх эрсдэлийн эх үүсвэр болдог.
"Авлига" хорооллыг нураая гэж нэг хэсэг их ярилаа. “Авлига” хороолол гэдэг бизнесийг устгая гэдэг санаа огт байхгүй. Хүний амь нас үрэгдэх эрсдэлээс болгоомжилж байгаа хэрэг. Магадгүй 10, 20, 100 жилийн дараа гэнэтийн үерт нэрвэгдэж тэр хавийн хэдэн зуун хүн амь эрствэл яах билээ.
Хоорондоо маш ойрхон баригдсан учраас нэг нь нурахдаа нөгөөгөө дарж унах аюултай. Тэр бүхэнд хүний амь нас яригдаж байна.
Өнөөдрийн ашиг, Дулмаагийн компани өргөжиж байгаа, Доржийн байшин томорч байгаа эсэх нь ердөө ач холбогдолгүй.
Нураадаггүй юмаа гэхэд ямар нэгэн аргаар үерийг давах хэмжээнд хамгаалалтаа хийж, далангаа байгуулах хэрэгтэй. Тэр даланг байгуулахын тулд хамгаалалтын бүсэд буусан айлууд болон барилгуудыг нураая гэдэг асуудлыг хөндөж байна.
-Одоог хүртэл өндөр барилгууд уулын аманд баригдсаар, үерийн бүсэд айл буусан хэвээр. Тиймээс стандартыг аль ч түвшинд мөрдлөг болгох хэрэгтэй болов уу?
-Сүүлийн 30 жилд бий болсон барилгажилтын халуурал, ухаангүй, төлөвлөлтгүй дэд бүтцийг хөгжил гэж буруу итгэж бодсоноос усны нөөцөө бохирдуулаад эхэлсэн.
Дахиад Зайсангаар жишээ дурдъя. Тэр хавь бохир усны шугамд холбогдоогүй учраас бохир усны ёмкость байрлуулсан. Ёмкость гэдэг нь ган хоолойтой, ган савыг хэлдэг. Гэтэл одоо пластик материалтай шугам хоолой тавьчихсан.
Чухам хаана нь сэтэрсэн гэдгийг бид мэдэх аргагүй. Өөрөөр хэлбэл стандарт дагана гэдэг чинь энэ.
Пластик материал магадгүй таван жил хэвийн байж болно. Өөдрөгөөр харвал 30 жил ч зүгээр байж магадгүй. Дараа нь солих ёстой. Гэтэл манайд нэгэнт суурилуулсан бол сольдоггүй.
Жишээ нь цоо шинэ машин аваад хүйтэн гараашинд таван жил хэвтүүлчихвэл унаж явсан машинаас илүү муудна. Үүнтэй адилхан байнга сэлбэж, засаж янзалж байх ёстой. Энэ бол суурьшмал амьдралын жам. Гэтэл манайхан хоолой холбосон л бол газар доор байгаа зүйлс бидэнд харагдахгүй гэж ханддаг.
Хууль дүрмээсээ дутахгүй чухал зүйл бол стандарт. Манайхан өнөөдөр аргалчихлаа гэж боддог болчихсон нь хамгийн том алдаа.
-Энэ мэтчилэн асуудлаас харвал Улаанбаатарын ундны усны бохирдол аюултай түвшинд байгаа гэж харж болох уу?
-Асар өндөр, аюултай түвшинд байна. Цэвэр усны нөөцийн хомсдолд орчхоод байна. Хомсдолд орж байхгүй болохоос илүү бохирдол нь аюултай боллоо.
Тиймээс газар доорх байгууламжийн усны эх үүсвэрийг хангах усан сан хэрэгтэй.
Сайхан цэнгэг усаараа шалаа цэвэрлэдэггүй, машинаа угаадаггүй болох хэрэгтэй байна.
Нийт усныхаа 70-80 хувийг дахин ашигладаг хэмжээнд очвол монгол хүн сая аюулгүй орчинд амьдарч чадна. Ундны усаа зөвхөн уухдаа зарцуулж, бусад хэрэглээндээ дахин ашиглалтыг нэвтрүүлье.
-Ус дахин ашиглахын давуу талыг уншигчдад тайлбарлахгүй юу?
-Бид усаа дахин ашиглаж, автомат угаалгыг нэвтрүүлж чадвал машин угаалгын үнийг 2-3 дахин бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл ард иргэдийн халааснаас гарах мөнгө багасна гэсэн үг.
Түүнчлэн бороо хур ихтэй зуны улиралд дээврийн усыг машин угаалгад ашиглаж чадвал зардлаа 400,000 төгрөг болгон бууруулж чадна. Гэхдээ Улаанбаатар хотод дээврийн усыг цуглуулдаг барилга байшин харамсалтай нь алга. Хэрвээ дээврийнхээ усыг цуглуулдаг байсан бол ууж болохгүй ч бусад хэрэглээндээ ашиглаж чадна.
Саарал усаар шалаа угаадаг эсвэл цонхны тавцан дээрх цэцгээ усалдаг болчихвол яг тэр хэмжээний цэвэр усыг үр хүүхдэдээ үлдээнэ гэсэн үг.
Хоёрдугаарт нь хамгийн чухал зүйл бол үер. Үерээр асар их ус орж ирдэг, үүнийг хуримтлуулж авах хэрэгтэй. “Уух уснаас бусад бүх зүйл дээр” усыг дахин ашиглаж болно.
Жишээлбэл М-Си-Эс Кока-Кола компани жилд 700,000 шоо метр усыг цэвэршүүлээд гаргаж байна. Гэхдээ үүнийг авч ашиглах хүн байхгүй учраас бохир усныхаа хоолой руу хаясан удаатай. Өөрөөр хэлбэл машин угаалгын газруудын усны хэрэглээг ганцхан үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар бүрэн хангах боломжтой байхад ашигладаггүй.
-Машин угаалгын газруудаас гадна өөр үргүй зарцуулж буй олон салбар байгаа болов уу?
-Арьс ширний үйлдвэр, ноос, ноолуурын үйлдвэр, зочид буудлууд, үсчин, хими цэвэрлэгээний газрууд гэх мэтчилэн дурдаж болно. Үүний зэрэгцээ нийтийн жорлонд яагаад саарал ус өгч болохгүй гэж.
Бид нар хэрэглэж байгаа усныхаа 70, 80 хувийг дахин ашиглаж чадвал төв цэвэрлэх байгууламж ямар ч асуудалгүй цэвэрлээд Туул гол маань бохидолгүй болох боломжтой.
-Төв цэвэрлэх байгууламжид очих ачаалал ямар түвшинд байна вэ?
-Нийслэлчүүд төв цэвэрлэх байгууламжийг их буруутгадаг.
Харин ч төв цэвэрлэх байгууламж 130 литрийг өгсөн ч аваад байгаа нь их юм.
-Тэгэхээр бид өөрсдөө мэдэлгүйгээр асар их усны хэрэглээтэй болчихсон юм байна, тийм үү?
-Аймгийн төвүүд дундаас хамгийн анх усан бассейн хаана бий болсон бэ? Та мэдэх үү.
Энэ жилийн Монголын усан спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад буюу говьд болж байна. Гайхамшигтай биз. Харамсалтай нь тэр говьд ус байдаггүй. Тэгж усгүй байхад бассейн барьж болох уу.
Дэлхий дээр нэг бургер хийхийн тулд 4,000 литр ус гаргадаг гэдгийг тооцоолоод гаргасан. 100 грамм үхрийн мах хийхийн тулд 18,000 литр ус хэрэглэдэг гэдгийг гаргасан. Гэтэл монголчууд бид "үхэр хоногт 20 литр ус уудаг" гэдэг тооцооноос өөр юмгүй сууж байна.
Ус хэрэглэхгүйгээр бий болдог бүтээгдэхүүн гэж ганц ч үгүй. Иймд усны хэрэглээгээ нарийн тодорхойлж гаргаж ирэх ёстой.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.