Индэр    
2024 оны 2 сарын 13
Зураг
Эдийн засагч, шинжээч

"Мөнгийг дууддаг түрийвч гэж байхгүй"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ асуултыг олон хүнээс сонсож байв. Мөнгө, санхүүтэй холбогдох салбарт 10 гаруй жил ажиллав. Та бүхэнд хэрэгтэй, хэрэггүй зөвлөгөө өгөхөөс илүү хүмүүс яагаад санхүүгийн эрх чөлөөнд хүрч чаддаггүйг хуваалцъя.

Хүн өвдөөд эмч дээр очдог. Эмч биеийг нь үзээд, эм бичиж өгөөд л бие нь эдгэх юм шиг ихэнх нь санадаг. Гэвч эмчийн байнга шахуу хэлдэг үг бий. Бараг л тарни болчихсон. Нойроо зохицуул, хоолоо зохицуул, дасгал хөдөлгөөн тогтмол хий гэх мэт. Бид толгой дохиод гардаг ч гараад л өнөөх тогтсон амьдралын хэв маягаараа үргэлжлүүлэн амьдарч эхэлдэг.

Хүн амьдралд хөл алдахдаа лам дээр очдог. Яг л эмч дээр байсан шиг бүх юмаа тоочиж, ном уншуулдаг. Өнөөх уншуулсан ном, засалдаа итгэн сэтгэлзүйн эмчилгээ маягийн юм хийлгээд тайвшраад гараад явна. Эргээд л өнөөх тогтсон амьдралын хэв маяг руу орно.

Би яагаад эдгээрийг бичээд байна гэхээр санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх вэ? Яаж мөнгөтэй болох вэ? гэх зэрэг асуултууд болон тэдэнд өгч буй зөвлөгөө тухайн үедээ үнэ цэнтэй мэт боловч гараад л хүн амьдралын урсгалдаа хөтлөгдөн одно.

Тэгээд асуудал нь яг юунд байна вэ? Эмч, лам, санхүүч аль аль нь дээр очсон хүн гаднаас авралыг эрдэг. Өөрөөс шалтгаалах зүйлсээ хийгээгүй, өөрөө гэрийн даалгавраа сайн хийгээгүй атлаа гаднаас авралыг нэхдэг. Эмч хүн хэлдэг. Эм бол үрэвслийг чинь дарна. Өвчин бол дийлэнхдээ амьдралын хэв маяг шүү гэдэг. Лам хэлдэг. Тарни бол таны амьдралыг өөрчлөхгүй. Таны дотоод сэтгэл, та л өөр өөртөө амар амгаланг бий болгоно гэдэг.

Мөнгөний энэ асуудал ч адилхан. Таны л тууштай, тэвчээртэй байдлаас хамаарах зүйл. Мөнгийг ургуулах мод байхгүй. Мөнгийг дууддаг түрийвч гэж байхгүй.

Цаашлаад бодох юм бол хүн уг чанарт бий. Хүн угаас л дийлэнх нь уйдамтгай, тууштай биш, шуналтай гэх мэт. Яг ийм байдал дээр нь нэмээд нийгэмд үйлчилж буй дүрэм нь янз бүр. Энэ бүхний илрэл нь авлигал, ядуурал, тэгш бус байдал, эрх мэдлийн төлөөх тэмцэл.

Тиймээс үнэхээр мөнгөтэй болох тухай бодох бол өөрөөсөө л эхэлнэ дээ. Өөрийн бүтээмжээ өсгөх, өөрийн мөнгөнд хандах хандлагаа өөрчлөх, өөрөө сахилга баттай байх нь л чухал. Ийм хүнд мөнгө өсгөх арга, мөнгө өсгөх боломжуудыг хэлж өгөхөд үр дүн нь мөдхөн гараад эхэлдэг.