Индэр    
2024 оны 1 сарын 21
Зураг
Судлаач проф.

Өглөө сэрэхгүй бүх хотоороо унтчихсан байвал яах вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Утааны сэдвийг дахин хөндөхүй

Утааны эсрэг төр-засгийн түвшинд хийж байсан гайхамшигтай тэмцэл зогсчхоогүй байх гэж найдна. Өмнөх Ерөнхийлөгчийн үед хэлж байсан үгс нь санаанаас гардаггүй.

"Төр засаг, нийслэлийн удирдлагууд олон жил ярьж, олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж бас, олон арван тэрбум төгрөг зарцуулж ирсэн Улаанбаатарын утаа энэ өвөл онцгой их, илүү өтгөн, улам хортой байна. Нийслэлд, тэр дундаа утааны бүсэд амьдарч буй сурагч хичээлдээ явах замдаа угаартаж, анги дээрээ ухаан алдсан тохиолдол урьд өмнө арай ч сонсогдож байсангүй. Гэхдээ нийслэлийнхэн нийтээрээ чимээгүй хордож байсан өнгөрсөн он жилүүдийг энд үгүйсгэхгүй" гэж байж билээ.

Тэр их өтгөрсөн утаа бага зэрэг багассан байх болтугай гээд өөрийн үзэл бодлоо дор буулгая.  Монгол Улсын нэгдүгээр зэргийн асуудал болчихсон юм биш үү гэмээр л сэтгэгдэл төрж байна. Хоёрдугаарх нь замын түгжрэл. Гурав дахь нь нүүрсний хулгай юу? Гэхдээ монголчууд бид тэмцлээсээ ухрахгүй байх хэрэгтэй. “Ийм л байсан, цаашид ч гэсэн тийм л байна” гэх гутранги бодол тээж өвлийн гурван сарыг өнгөрөөгөөд, Цагаан сараар баярлан цэнгэж зовлонгоо мартаад, тэр эрчээрээ хаврыг үдчихдэг ард түмэн шүү дээ.

Хаврын урь ормогц цас хайлж газар гэсээд утаа сийрэгжсээр алга болдог. Дараа нь дулаан ормогц энэ жил УИХ-ын сонгууль гэж манаргаад Наадамтайгаа золгочих учраас хэргээр сануулж анхааруулан бичиж байна. Утаагаа умартаад арваннэгдүгээр сар хүртэл дээр доргүй ам үдээтэй явах вий гэхээс би үнэхээр айж бачуурч байна.

зураг
 

Миний ажиглахад утааны эсрэг тэмцэл дунд бай, эзнээ олохгүй нь ч байна, олох нь ч байна. Цогцоор нь нэг дор (утаа, ядуурал, ажилгүйдэл, орон сууцжуулах) шийдчих гээд л үзээд байх шиг. Тэрийг би буруутгах гэхгүй. Тэгэхдээ эхлээд ганцыг нь барьж авах. Цогцолбор шийдэл чинь амны уншлага, уриа дуудлага, сүүлдээ уран сайхан болоод алга болчихдог практик хангалттай байна, улс төрчид өө, Хотын дарга аа.

Жилдээ мянга гаруй гэв үү, арай олон тоо хэлчхэв үү, амьгүй нярай маш олон төрдөг гэлээ, эхийн хэвлийд байхдаа утаанд хордоод хүн болж чадсангүй, бас гэртээ хордож нас барсан иргэн, өрхийн тоо ч чамгүй дуулдана. “Өглөө сэрэхгүй бүх хотоороо унтчихсан байвал яах вэ?” гэдэг гарчгийг санаандгүй авсан ч юм биш, ёрлож авсан ч юм биш, сэрэмжлүүлж, тэгэхдээ яг одоо зааг үед нь сэрэмжлүүлэн үглэж дуулж байгаа нь тэр хэмээн дахин учирлая.

Манайхан залхахдаа амархан, улиг болтол яриад шийдэхгүй орхих нь нэн түгээмэл, хэлэлцэх нь сүржин, хийх нь мад, далайлт аугаа, буулт нь шал гээд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй дуусгах санаатай. Утаа үйлдвэрлэж, уугиулж суугаа, хог хаягдал, хорт бодис түлж дулаацаж байгаа ядуу иргэдийг өрөвдөх, мөнгө олгох, тэгсэн хэрнээ хариуцлагажуулах тухай үлгэрийн далай хөвөрсөөр хавартай золгох вий!

Дээхэн ийм нэг мэдээ явж байсан даа: Хотын найман цэгт буюу Толгойт, Гандан, Амгалан, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, Баянхошуу орчимд хэдийнээ агаарын чанарын индекс 500 давжээ. Энэ үзүүлэлт нь хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэх учир шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна!, Иргэдийн зүгээс сошиал хуудсаар эсэргүүцлээ зарлаж байгаа бөгөөд "Онц байдал зарлах"-ыг шаардлаа, Тэд "Бид чимээгүй үхэж байна" хэмээн өөрсдийн эсэргүүцлээ илэрхийлж нүүр хуудас, жиргээнд нийтэлж эхэллээ гэх мэт.

Одоо ийм мэдээнд хэн ч цочирдохоо больсон. Өдөр тутам мэдээлээд ирэхээр уншсаар залхаж байгаа нь тэр биз. Монголчууд уйдамхай, хэнэггүй. Ийм мэдээ сарын дараа гэхэд хэвлэлээс алга болно. Монгол хүний тархинаас ирэх арваннэгдүгээр сар хүртэл ор мөргүй арилчихна. Би нөгөө айдас бачуурлаа л бичээд байна.

Харин одоо би утааны улс төрийн асуудлыг олон улсын харилцааны өнцгөөс хөндөх гэж байна. Шал өөр аюулыг энд ярих гэж байна. Тэр аюул руу орох зааг үеийг зориглон  нэрлэх гэж байна. Мянга гаруй хүний амь бүрэлгэнэ (амьгүй нярай) гэдэг олон улсын эрх зүйн хэллэгээрээ бол геноцид, манайхны орчуулгаар бол аймаглан устгах.

Мянган амьгүй нярайн тухай зүрхээ зүсүүлэн ярихын оронд зуухыг зуухаар, нүүрсийг нүүрсээр солих, инженерийн байгууламж барих тухай үлгэр ярьсаар суугааг сөргүүлж энэ чинь “Экологийн терроризм” гэх зүйл ангид хамаарах олон улсын гэмт хэрэг ээ гэж би нэрлэх гэж байна. Санаатайгаар хордуулаагүй ч, үйлдлээрээ хордуулж байгаа бол “экотеррорист” гэх олон улсын эрүүгийн гэмт хэрэгтний ангилалд багтах хэдэн зуун мянган хүнийг (гэр хорооллын яндан бүрийн тоогоор)  бид аргацааж, тэсэж суугаа гэдгийг зориглон хэлэх гэж байна.   

Утааны зааг үеийг давлаа гэж төсөөлөөд үзье. Цаана нь асуудал үлдэнэ ээ. Энэ их ажилгүйдэл, ядуурал, хагас золбин амьдрал дээр нь шашны мухар фанат сүсэг нэмэгдвэл, эсвэл хэн нэгэн нь нэмэхийг зоривол тэгээд л дууслаа гэсэн үг. Алдахаас айхгүй цайчихсан ядуу золбин хүн хэдэн мянгаараа холхиж яваа хот шүү дээ, Улаанбаатар чинь.

Японы “Аум Шинрикё” маягийн балмад явдал хөгжингүй соёлжсон орнууд дотроос төрснийг бодохул тиймэрхүү шашны фанатууд Улаанбаатарт орж ирж ажиллах, эсвэл дотроосоо төрүүлэх хөрс, нөхцөл нь бэлээхэн байна, нээлттэй байна. Шашны фанат, мухар сүсэгт, сахилаа хэтрүүлээд хатуудуулаад авчихсан монгол хүн ч олон бий.

Яаж хорлох вэ? Гэр хорооллоор дүүрэн нүүрс, түлээ зардаг худалдаачид ярайтлаа сууж байна. Үнэгүй юманд нугасгүй монгол занг нь ашиглалаа гэж төсөөл. Гар хийцийн атомын бөмбөгөн гранатаар террористууд дайтах л үлдсэн цаг үе шүү дээ, энэ ертөнц чинь. Ганц хуруу дутуу байгаа. Тийм ганцхан гранатыг нүүрсний хэлбэрт оруулж хувиргаад шуудай нүүрсэнд ганцыг хийгээд үнэгүй өгөхөд л хэдэн зуун мянга, сая хүн өртсөн халдлага болж хувирна.

Атомын биш байлаа гэхэд химийн зэвсэг бол энүүхэнд. Айлын зууханд түлш болж ороод урвалд  ороход хорт хий агаарт тархаад гүйц ээ. Би үүнийг алс холын Араб ертөнцөөс, лалын террористуудаас учрах заналхийлэл гэх гээгүй. Ердөө хөршөөс чинь учирч болно.

1997 онд Москвагийн нэгэн метронд гэмт хэрэгтнүүд химийн зэвсгийн анхны туршилтаа хийснийг монголчууд мартчихсан. Хими-технологийн хүрээлэнгийн нэг ажилтан орос залуу хувиараа иприт хэмээх хордуулагч бодис бүтээгээд хэдхэн граммыг (кг биш шүү!) хулгайч нарт худалдаж ашиг олсны гашуун сургамж нь тэр байсан шүү дээ.

Социализмын үед юм даа. Миний ба надаас дээших үеийнхэн мартаагүй байгаа. “Хүйтэн дайн” ид өрнөж байсан үед АНУ-ын Ерөнхийлөгч–харьшгүй дайнч харцага Рональд Рейган гэж балмад этгээд аймшигт зэвсэг зэвсэглэлдээ авах болоод үзэл суртлын бөөн хэрүүл, цэрэг-дайны хэнээрхэл дэвэргэж билээ.

Тэр нь капиталистуудын шунаг сэтгэлийн илэрхийлэл болох, амьд хүн амьтныг хордуулж алж устгаад, эд баялаг, хот сууриныг нь хэвээр үлдээх нейтроны бөмбөг гээч болж таарсан. Газар доорх ямар ч бункер, хорогдох байр руу шууд нэвчиж орох юм гэсэн. Бүх амьд организм үхэх үйлтэй нэг килотонны хөнөөх чадвартай тийм нэг зэвсгийн тухай бид ам мэдэн ярьж, бичиж АНУ-ыг мөн ч их хараасан даа.

Нейтроны давлагаа, гэрлэн дэлбэлэлт нь юунд ч үл торох, тэр нь цөмийн зэвсгийн хамгийн боловсронгуй төрөл болох тухай тэр яриа мартагдаад 40 жил болжээ. Харин тэр зэвсэг одоо хүртэл Орос, Америк, Франц, Хятадын зэвсэглэлд байгаа. Атомын гранат хийчхэж чадах хэдэн сая лаборатори дэлхийд ажиллаж байгаа бол нейтроны гранатыг нүүрсний хэлбэрт оруулаад бүтээж чадах лаборатори хэд ч, хаана ч (арай Монгол биш) байж таарна.

Монголд санаатай хордуулалт хийе гэх олон улсын террорист, шашны фанат, мэдрэлийн өвчтөн хаана, хэдүүлээ байж болох тухай судалгаа бидэнд байхгүй ч, тийм этгээд байх магадлал өндөр.

Ердөө туршилт хийе гэхэд л утаандаа дарагдсан, утаа нь агаарын чанарын индексийн “500”-г аль хэдийнээ давчихсан Улаанбаатар бэлээхэн туршилтын талбар нь нээлттэй байж байна. Гэм нь тэгж хувиргасан бяцхан химийн зэвсэг түлчхээд дутуу шаталттай нүүрс хэмээн монголчууд өлхөн бодоод олчихно. Хэдэн мянган хүн хордож үхээ л биз, юун сүртэй юм бэ гэх арилчихсан дотортой монгол хүн цөөнгүй бий байх шүү!