Индэр    
2024 оны 1 сарын 20
Зураг
Эдийн засагч, шинжээч

1,072 хувьцааны ногдол ашиг нь бэлэн мөнгө тараалт биш

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

1,072 ширхэг хувьцаа анхнаасаа улс төржилт дунд явагдсан. Хувьцаа өгнө, өгөхгүй дээр улс төржсөөр хүн бүрд Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг эцэст нь өгсөн. Харин сүүлд энэ компанийн ашгаас ногдол ашиг тараах дээр бүгд улс төржөөд эхэлжээ.

Байз, байз. Жаахан тогтоод харъя.

-Танд 1,072 ширхэг хувьцаа байгаа юу?

-Байна.

-Тэгвэл та Эрдэнэс Тавантолгой компанийн хувь эзэмшигч мөн үү?

-Тийм.

-Таны хувь эзэмшдэг энэ компанийн ашиг 2023 онд 3 их наяд орчим төгрөг гарахаар байна. Тус компанийн ТУЗ-ийн хурлаар ашгийн тодорхой хувиар ногдол ашиг тараах шийдвэр гарсан гэе. Тэгвэл та тэр ногдол ашгаас хүртэх эрхтэй юу?

-Мэдээж тийм. Тэгвэл та хувь эзэмшигч учраас ногдол ашиг хүртэх ёстой.

-Тэгвэл энэ мөнгө тараалт мөн үү?

-Энэ мөнгө шинээр хэвлээгүй. Компанийн дансанд байгаа мөнгө. Ногдол ашиг тараахгүй үед компанийн үйл ажиллагаанд зарцуулагдана. Адилхан л импорт дэмжинэ.

Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал, ногдол ашиг тараах цаг үе нь оны эхний хагаст явагддаг. Яалт ч үгүй сонгуулийн цаг үетэй таарч байгаа юм. Гэхдээ энэ бол МАН-ын гавьяа биш. Та Монгол Улсын иргэн учраас Монголын газар нутаг дээрх баялгийг эргэлтэд оруулан эзэмшиж, түүнээсээ ашиг хүртэж буй процесс. Дахин хэлэхэд, хэн нэгэн намын буян, тэнгэрээс тараасан хишиг биш гэдгийг маш сайн ойлгох ёстой.

Ногдол ашиг тараавал юу болох вэ?

Мэдээж нэг шийдвэр гарахад өөр нэг талд нь алдагдсан боломж үүсэж байдаг. Тус компани 1 их наяд төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гарсан гэе. Тэгвэл энэхүү нэг их наяд төгрөгөөр өөр юу хийх байсан гэх алдагдсан боломжийн өртөг үүснэ. Гэвч ингэж найдсаар өнөөдөр нэг ч том бүтээн байгуулалт алга даа.

Нөгөөтэйгүүр, үнийн өсөлт болон ханшийн уналт ч энд яригдана. Гэхдээ энэ мөнгө тараалт биш. Угаас эргэлтэд орчихсон мөнгийг хуваарилах тухай юм. Нэг компанийн дансанд байсан мөнгө 1.2 сая данс руу хуваарилагдах процесс. Иргэний дансанд байсан ч, компанийн дансанд байсан ч тэр мөнгө импортыг дэмжих нь ойлгомжтой.

Бид ямар үйлдвэрлэгч улс биш.