Зураг
Зураг
Индэр    
2024 оны 7 сарын 1
Зураг
Эдийн засагч, шинжээч

Данх зүлгэх арга

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгууль болов. Айхавтар зүйл нь ажилгүйдэл сонгуулиар л буурав. Учир нь хүн бүр сонгуулийн үеэр ажилтай, орлоготой боллоо. Уг нь монголчууд байнга ийм ажилтайсан бол ...

Сонгууль дуусав. Монголын ард түмэн “хүчтэй сөрөг хүчин бай” гэж АН, Хүн, Эвслээр сонголтоо солонгоруулав. Тэгэхээр ирэх дөрвөн жил сөрөг хүчнүүд маань Засгийн газрыг сайн шахаж, жинхэнэ үр дүнг үзүүлмээр байна.

Монгол улсыг компани гэж бодъё. Тэгвэл CEO нь Засгийн газар байх учиртай. Харин ерөнхийлөгч болон УИХ нь ард түмнээс сонгогдсон компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл юм. Энэ компанийн CEO ажлаа аваад гурван жилийг үдсэн. Тэрбээр "CEO ажлаа аваад багаа бүрдүүлж, компанийн дотоод, гадаад болохгүй бүтэхгүй зүйлстэйгээ тэмцэж, цэгцэлж чадлаа" гэж ярьсан. Улмаар ирэх дөрвөн жил дахин CEO-оор ажиллах боломжоо ч хадгалж үлдэв.

Харин одоо шалдар, булдар компанийн дотоод хэрүүл яримааргүй байна. Бид монгол гэх компанийг яаж томруулах тухай сүүлийн 30 жил болон гурван жил хангалттай сонслоо. Одоо хийж бүтээмээр байна. CEO хүн алсыг харж, стратеги гаргаж, монгол гэх компанийг яаж хөгжүүлэхийг ярьж бус хийж харуулах ёстой. Эцэст нь компанийн хувьцаа эзэмшигч болох ард түмнийг өөрийн ажлаа хийгээд амар тайван, элбэг хангалуун амьдрах нөхцөл бүрдэх юм.

CEO хүн амаа биш хуруугаа хөдөлгөдөг. CEO хүн өөрийг нь тойрсон захирлууддаа автах бус, таны харилцагч болох ард түмэнтэйгээ ойр байх ёстой. Таны харилцагч өдрийн талхаа хувааж авч, өрөнд баригдаж, өөрийн хүчээр хичээгээд ч амьдрах нөхцөлгүй болсон шүү ЗАХИРЛАА.

Хариуцлагаа ухамсарлаж, монголчууд бидний ирээдүйг тодорхойлох боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн реформыг зоригтой хиймээр байна.

Харин ТУЗ маань сөрөг хүчин ихтэй. АН, ХҮН, Эвсэлд CEO-н ажлыг хангалттай дүгнэх, араас нь ташуур өгөх чухал үүрэг ногдсон. Эцэстээ бид бүгд монголчууд. Энд сайн, муу хүний тухай бус сайн, муу системийн тухай л яригдана.

Энэ систем ажиллаж, эцэст нь та бид сэтгэл хангалуун байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.