Зураг
Зураг
Индэр    
2024 оны 8 сарын 13
Зураг
Эдийн засагч, шинжээч

Найр, наадам чинь дуусах нь уу

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Найр, наадам чинь дуусах нь уу. Гишүүд маань аймаг, сумын ой далимдуулаад тойргоо услах гээд бүгд хөдөө гарчээ. Шинэхэн нэг гишүүн маань бүр өнгөрсөн дөрвөн жилд айлын үсний найранд очсоор байгаад гишүүн болсон гэх хошин яриа ч дэлгэрчээ.

Гэтэл зарим нь хот, хөдөөгүй ажиллан гишүүн, дарга таны ийш, тийш гүйлгэх татварын мөнгийг тань бүрдүүлээд сууж байна. Татвар, шимтгэл төллөө гээд мань мэт нь ямар хөнгөлөлттэй эрүүл мэндийн үйлчилгээ, өндөр тэтгэвэр, өр ширгүй амьдарчих биш. За энэ ч яахав.

Нээрээ намар эхэлчихсэн. Нөгөө намрын их ажил гэх пи ар хааччихсан бэ? Урд нь өмнө нь намрын их ажлаа хийдэггүй ч ядаж пи ар-г нь хийгээд байдаг байсан даа. Энэ жил бүр таг шүү.

Бид чинь загасны ой санамжтай. Жил бүр нэг асуудлаа давтдаг ч мартаад байдаг. Пи Ар энэ тэр хийж байж сануулж байхгүй бол горьгүй. Удахгүй гомдол, цөхрөл, бачуурал, их стрессийн эрин үе эхлэх гэж байна.

  • Утаа ба утаанаас үүсэх сөрөг нөлөөллийн Монгол дахь туршилт
  • Түгжрэл ба таг зогсож, тэвчээрийн түвшнээ шалгах аян
  • Эрчим хүчний асуудал ба эх дэлхийгээ тогоо хязгаарлах замаар хайрлах ухаанд суралцах нь
  • Зуд ба хадлан тэжээлээ хийхийн оронд хавтгайрсан найранд зарцуулсандаа харамсах цаг үе
  • Орон нутгийн сонгууль ба тэд дахин эргэж ирсэн нь цувралын 2 дугаар анги

Энэ бүгдийг бодохоос ч бөөлжис хүрч байна. Сонсдоггүй, хардаггүй, хэлдэггүй гурван сармагчин эгнүүлж тавьсан мэт төртэй болохоор шийднэ гэдэгт нь итгэж чадахгүй. За энэ бол нийгмийн чиглэлийн л стресс шүү. Дараагийн түвшнийх нь бол таны эрүүл мэнд биш түрүүвчтэй чинь ярьдаг.

  • Нүүрс ба Хятад нүүрсний хэрэглээгээ танана гээд айхавтар хөтөлбөр зарлачихлаа
  • Панз ба 9 дүгээр сард юмныхаа үнийг гурав нугалдаг хүйтэн цэвдэг ашиг хайгчид эргэн ирлээ
  • Татвар, шимтгэл ба ханаж цадахаа мэдэхгүй гарууд төсвөө дахин тэлж, тодотгол хийх нь

Анх удаа амьдрахын ахисан түвшний туршилт хийгдэж буй Монголд тавтай морил. Амьд үлдэхийн төлөө уралцаад байж дээ. Яалтай. Зүгээр сайхан зүлгэн дээрээ зунжингаа гэрээ барьж суусан байх. Одоо тэгээд туршилтдаа...