Дэлхий нийт хувьсан өөрчлөгдөж, ногоон бүхэнд тэмүүлэх болов.
Эрчим хүч, автомашин үйлдвэрлэл энэ зүг рүү эрчтэй явж байна. Үүнийг дагаад уул уурхайн салбарт олон шинэ зүйл өрнөх болов.
Хүн төрөлхтөн сүүлийн 100 гаруй жил газрын тосонд суурилсан эдийн засагтай байсан бол ирээдүйн 100 гаруй жилд магадгүй зэс оройд нь гарах эдийн засаг руу шилжиж байгааг мэргэжлийнхэн онцолж байгаа юм.
Жишээлбэл автомашинууд 100 хувь түлш шатахуунаар ажилладаг байснаа хос хөдөлгүүртэй болж, цаашид 100 хувь цахилгаан болох шилжилтийн цэгтээ явна. Энэ нь эрчим хүчний салбарыг шинэ, хүртээмжтэй, чанартай байхыг шаардаж байгаа юм.
Нүүрс халагдах нь нэгэнт тодорхой болсон тул цаашид манай улс төсвийн орлогоо хэрхэн бүрдүүлэх вэ гэх асуултын хариу нь зэс, батарейн түүхий эд болоод байна. Манай улс зэсийн арвин нөөцтэй гэдэг боловч яг баталгаатай орд болох гэж байгаа нь цөөн. Суурь судалгаа, хайгуулдаа төдийлөн анхаараагүйн гор нь энэ.
Харин гадаад улсууд уул уурхайн салбарт өөрсдийн өнгийг шинээр тодорхойлж, ашигт малтмалын олборлолт, түгээлт, борлуулалтын шинэ газрын зурагт чухал байр суурь эзлэхийн төлөө өрсөлдөж байна. Үүнээс бид хоцрохгүйн тулд хайгуулаа эрчимжүүлж, хөрөнгө оруулагчдыг татахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж буй.
Уул уурхай нь олборлох, хайлуулж цэвэршүүлэн металлаа ялгаж авах, эцсийн бүтээгдэхүүн болгох худалдах, хаягдлыг боловсруулах зэрэг олон хэсгээс бүтэх том гинжин хэлхээтэй. Үүнд хэн ашигтай байрлал эзэлж байсан тухай авч үзье.
2019 оны мэдээллээр хөнгөн цагаан, цайр, никель зэрэг үндсэн металлыг ухаж олборлох шатны 20 орчим хувийг Хятад улс эзэлж байсан ч цэвэршүүлэх буюу ангилах ялгах ажлын бараг 50 хувийг гүйцэтгэж байв. Үүгээр зогсохгүй эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэхэд ч том үүрэг гүйцэтгэж байлаа.
График 1, үндсэн металлыг олборлох, цэвэршүүлэх, үйлдвэрлэх үе шатанд улс орон, бүс нутгийн эзэлж буй хувь хэмжээ, 2019 он
Эх сурвалж: SWP Research Paper 01, Stiftung Wissenchaft und Politik, Berlin, 2023
Өөрөөр хэлбэл гинжин хэлхээнд БНХАУ-ын эзлэх байр суурь маш их байв. Тус улс нийлүүлэлтийн гинжин хэлхээний хүдэр цэвэршүүлэх, ангилах шатанд 2002 онд 17 хувийг эзэлж байсан бол 2018 онд бараг 50 хувь болов. Харин бүтээгдэхүүн болгох шатанд 16 жилийн хугацаанд 17.2-оос 49 хувь хүртлээ өсжээ. Энэ хэрээр Европ, Америкийн хүч саарсан нь "Friendshore" хэмээх цоо шинэ ойлголтыг бий болгож байгааг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль(ШУТИС)-ийн багш М.Дагва хэлсэн нь анхаарал татахаар байна.
"Friendshore" гэж нэрлэгдэж буй энэ үед хэн нь найз вэ гэдгээ улс орнууд тодорхойлж, хамтраад эхэлснийг тэрбээр хэлж байв. Өөрөөр хэлбэл жижиг улсуудын хувьд түншээ оновчтой сонгох, том гүрнүүдийн тухайд нөлөөгөө тэлэхийн төлөө эрмэлзсэн эгзэгтэй цаг үе өрнөж байна.
2021 оны байдлаар уул уурхайн идэвхтэй төслүүдийн тоог харвал манай улсынх бусдаасаа тун бага байна. Энэ нь хайгуулын ажилдаа анхаараагүй, мэдээлэл маш дутмаг байгаагийн илрэл юм. Ингэснээр уул уурхайн олон улсын том зах зээлд өрсөлдөх чадамж багатай мэт харагдуулж байна.
График 2, уул уурхайн төслүүдийн тоо, 2021 он
Эх сурвалж: S&P Global
"2,700 орчим лиценз эзэмшигчдийн гарт байгаа. 900 орчим нь хайгуулынх, үлдсэн нь олборлолтынх гэж бодоход ашиглагдаж буй ордтойгоо харьцуулахад маш бага тоо. Лицензийн тоо хэдэн мянгаараа яригдаж байгаа ч эргэлтэд орсон нь тун бага гэсэн үг. Мөн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компани 60-70 байна.
Эдийн засагт оруулж байгаа үр өгөөж нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1/3, экспортын 92 хувь, аж үйлдвэржилтийн 70 орчим хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувь гэж яриад байгаа ч энэ нь тоотой хэдхэн компанийн үзүүлж буй үр нөлөө. Цаашид энэ компаниудын олборлолтын ажил дуусахад дараагийн олборлолт эхлэх төслүүд хаана байна вэ гэдгийг анхаарч үзэх ёстой" хэмээн Монголын Уул Уурхайн Ассоциацын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хэлж байв.
Харамсалтай нь хууль тогтоомж, олон нийтийн үл ойлголцол, нийгэмд салбарын талаар ташаа мэдээлэл хүчтэй тархсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж, сүүлийн 10 гаруй жил хайгуул судалгаа бараг хийгдээгүй гэхэд болохоор байгааг тэрбээр мөн дурдсан.
Тэгвэл дэлхийн даяар хайгуулын ажилд жилд хамгийн ихдээ 20 орчим тэрбум ам.доллар зарцуулагддаг аж. Энэ дүнгийн 30 орчим хувь нь Канад, Австралид хайгуул хийхэд зориулагдаж байгаа бол үүний араас хайгуулын хөрөнгө оруулалтаараа Чили, Перу, Америк, Мексик, Африк, Хятад, Орост жагсдаг. Эдгээр улс жилийн нийт мөнгөний 98 хувийг авч, үлдсэн хоёр хувь нь бусад улсад ордог гэсэн үг.
Цаашид хайгуулын салбарт орох ихээр нэмэгдэх төлөвтэй байгаа. Учир нь дэлхий нийт түлшээ сольж буй. Саяхныг хүртэл стратегийн хувьд хамгийн чухал түүхий эд нь газрын тос байсан бол 2020-2040 оны хооронд металл болох нь.
Автомашины түлш солигдож буй энэ үед металлын эрэлт өсөх нь нэгэнт тодорхой тул хайгуулд зарцуулах мөнгө нэмэгдэх юм. Түүнчлэн "Friendshore"-ын дагуу дэлхийд ашигт малтмалын олборлолт, боловсруулалт түгээлтийн газрын зураг шинээр зурагдаж байна. Энэ дунд Монгол Улс тодорч орохын тулд хичээх хэрэгтэй болоод буй.
Иймийн тулд хайгуулдаа хөрөнгө оруулалт татаж, металлын ордуудаа илрүүлэх, шинэ гинжин хэлхээнд ойртох хэрэгтэй.
Гэтэл манай улсын нутаг дэвсгэр бүрэн судлагдаагүй, байгаа мэдээлэл нь нэлээд хуучных байна. Одоогоор таван километр тутмаас дээж авах буюу 1:50,000 зураглал дөнгөж 40 хувьтай байгаа юм. Үүнийг багадаа 75 хувь болгох шаардлагатайг ШУТИС-ийн багш М.Дагва хэлж байлаа.
Хайгуулын таван төрөл байдгаас
Эдгээрээс гарсан мэдээлэлд үндэслэж эрсдэлээ бүрэн хариуцах чадвартай хувийн аж ахуйн нэгж, гаднын хөрөнгө оруулагчид орж ирдэг байх нь. Тиймээс уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах нэгдүгээр алхам нь өөрсдөө гаргаад үзүүлэх датагаа бэлдэх. Иймд манай улс энэ онд 40 тэрбум төгрөгөөр 255 мянган километр квадрат талбайд хайгуул судалгаа хийхээр төлөвлөөд байгаа. Үүгээр сайтар мэдээлэл цуглуулж, олон улсын сонирхлыг татаж чадвал шинэ зураглалд тодрох боломж нэмэгдэх юм.