Индэр    
2024 оны 1 сарын 1
Зураг
Эдийн засагч, шинжээч

2024 ОНД МӨНГӨ ДУУДАХ ТАРНИ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ тарни нь Төвд хэлээр биш учраас их амархан. Юуны өмнө та өөртөө ОДООНООС ЭХЭЛ, ОДОО Л ХУРИМТЛУУЛ гэж амандаа гурвантаа шивнэнэ. Байнга хэрэглэ, зээл ав гэж Монголчуудын тархи ажилладаг учраас тархи тань хэсэгтээ гацах болно. Гэвч тодорхой хугацааны дараа хүлээн авч эхэлнэ. Энэ тарнийн утга учир юу юм бэ гэж үү?

Эдийн засагт алдагдсан боломжийн өртөг гэх ойлголт бий. Та өдөр бүр л сонголт хийж байдаг. Хэрвээ алдагдсан боломжийн өртөг өндөртэй сонголт хийвэл та эргээд харамсана. Харин алдагдсан боломжийн өртөг багатай сонголт хийвэл талархана. Одооноос эхэл гэх тарни нь алдагдсан боломжийн өртөг өндөр учраас одоо эхэл гээд байгаа хэрэг.

Жишээ авцгаая. 2020 оны эхнээс та өдөр бүр 10 мянган төгрөг хуримтлуулсан бол 2023 онд 13 сая төгрөг болох байж. Та энэ тарниа хэрэглэхгүй байсаар байвал таны алдагдсан боломжийн өртөг 2030 он гэхэд 78 сая, 2040 он гэхэд 394 сая төгрөгийн мөнгөтэй болох боломжоо алдаж байна гэсэн үг. Та тарниа хэлээд үйлдэл хийж эхлэх тэр мөчид алдагдсан боломжийн өртөг огцом багасна.

Хоёр дахь тарни бол таныг хуримтлалыг өсгөх тарни. Та ШҮД УГААХ ШИГ АМАРХАН гэж хэлнэ. Энэ тарни нь их утгатай. Амжилтын талаар бичсэн бүх ном дээр дадал ярьдаг. Та өөрийгөө дадалгүй хүн гэж бодож байна уу? Тэгвэл та яагаад өдөр бүр шүд угаадаг юм бэ? Өдөр бүр яаж нүүрээ угаахыг сурсан юм бэ? Хүн бүрд дадал бий. Гол нь энэ дадлыг амьдралынхаа бусад хэсэгт халдварлахыг хүлээн зөвшөөр. Мөнгө хуримтлуулах чинь ШҮД УГААХ ШИГ АМАРХАН байх ёстой. Тийм байхын тулд:

  • Зорилготой хуримтлуул. 30 жилийн дараа тэтгэвэрт гарах бол түүндээ зориул.
  • Өөрийн чадах хэмжээгээр хуримтлуул. Огцом биш бага дүнгээр хамаагүй хуримтлуул. Тэгвэл цуцлагдахгүй юм.
  • Тогтмол дүнгээр тууштай хуримтлуул. Гэнэт сая төгрөгөөр л ганц хоёр удаа хийнэ гэж байхгүй. Тэгэхээр яах вэ? өдөр, сар, улирлын давтамжтай тогтмол дүнгээр тууштай яваарай. Яг хэдэн төгрөг вэ? гэдэг дээр мэдэхгүй бол цалингийнхаа 5-10 хувь байж болно.

Одоо тарнийн хүч үйлчилж эхэлнэ. Яаж?

Та өдөр бүр 10 мянган төгрөг хуримтлуулбал: 5 жилд – 25.9 сая төгрөг, 10 жилд - 78 сая, 15 жилд 183 сая, 20 жилд - 393 сая, 30 жилд бүүр 1.7 тэрбум төгрөг болж өсөх аж.

30 жилд бий болж байгаа 1.7 тэрбум төгрөгийн ердөө 108 сая төгрөг нь л таны нөгөө 10 мянган төгрөг, харин үлдсэн 1.6 тэрбум төгрөг нь тарнийн хүч буюу хуримтлалын хүч байгаа нь гайхалтай.

Эйнштейн энэхүү тарныг дэлхийн найм дахь гайхамшиг гэж хэлсэн байдаг. Хуримтлалын хүчээр мөнгөтэй болох тарниа 2024 ондоо хэрэгжүүлж, урт хугацааны мөнгөтэй болоорой.

Танд шинэ оны мэнд хүргэе.