Зураг
Зураг
Индэр    
2023 оны 12 сарын 21
Зураг
Эдийн засагч, шинжээч

2024 ОН БА ХУЛГАЙН ЭДИЙН ЗАСАГ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны эдийн засгийн тоонууд бүгд гоё. Харамсалтай нь энэ гоё тооны хүртээмж дэндүү бага. Иргэд, ААН-д эергээр наалдах нэг ч тоо алга. Үүнээс гадна бүртгэлгүй хулгайн эдийн засаг зэрэгцэн орших аж. Тэр яг л далдын хүч мэт бидний амьдралд өдөр тутамдаа нөлөөлж байдаг. Бидний амьдрах орчин муудаж, систем нь авлигад идэгдэж, засаглал нь замхарлаа. Сүүлийн 15 жилийн улсын бүх асуудлууд энэ жил тартагтаа тулж байна. Хулгайн эдийн засаг ил гарсан ч ичиж айж байгаа шинж огт алга.

Иргэд, ААН-үүд дахин золиос болох нь ээ

2021 оноос эхлэн бодлогын хүүг өсгөж, улмаар зээлийн хүү дахиад өсөв. Иргэдийн хэрэглээ, ААН-үүдийн бизнесийн зээлийн хүү өндөр нь яг тэнгэр шиг. Ийм байдлаар сүүлийн хоёр гаруй жилийг туулан инфляцыг нэг оронтой тоо, ханш тогтворжих боломж бүрдэв. Ийм их золиосоор бид үнийн өсөлтийг буулгаж, төгрөгийн ханшийг(яахав нүүрсний нөлөө их) аварч байв. Гэвч энэ бүх хугацаанд эдгээр бодлогын үр нөлөөг хамгийн их сааруулж байсан зүйл нь хулгайн эдийн засаг байв. Бүртгэлгүй нүүрс, орон сууц, ланд, сургалтын төлбөр, гаднын хаус энэ бүхэн бүгд ханшийг өдөөх том хүчин зүйл билээ.

Яг инфляц нэг орон руу орж, ханш тогтохын даваан дээр сонгуульд зориулсан данхар төсөв батлав. Одоо яалтай билээ.

Манай төсвийн зарлага:

  • 2011 онд 4.9 их наяд ₮
  • 2020 онд 13.9 их наяд ₮
  • 2024 онд 27 их наяд ₮ болов. Сүүлийн дөрвөн жил хоёр дахин татвар нь өссөн байхад эдийн засаг нь ингэж өсөж чадаагүй.

Төсвийн зарлага хэт тэлэхээр өнөөх үр дүнд хүрсэн жаахан ажлаа ул мөргүй салхинд хийсгэж буйтай адил.

  • Импортыг дэмжиж, төгрөгийн ханш унах нөхцөл үүснэ.
  • Инфляц хоёр оронтой тоонд хадгалагдана.
  • Иргэд, ААН-үүдийн авсан зээлийн хүү буурахгүй.

Улс орны бодлого, хөтөлбөр иргэдээ амар тайван, амьдрах боломжоор хангахад чиглэдэг байтал манайх бол улс төрчдийн эрх ашиг, цэвэр популизм дээр явагдана. Одоо тоо ярих ямар ч утга алга. Эдийн засаг 6% өсөж, инфляц 9%-д хүрч, нүүрсний экспорт 60 сая давлаа гээд утаа, түгжрэл, тог цахилгаан, ядуурал, архидалт буурч байна уу? Мэдээж үгүй. Яагаад? Хулгайн эдийн засаг нөлөөлж байгаа учраас тэр.

Ер нь тоогоор ирэх жилийн өнгө төрхийг хэмжсэн ч Монголд яагаад болохгүй байна вэ? Хулгайн эдийн засаг зэрэгцэн оршсоор байх болно. Эдийн засгийн бүртгэлд байдаггүй хахуулийн том эдийн засаг өөрөө валютын ханшийг өдөөж, үнийн өсөлтийг хөөрөгдсөөр байх аж. Манай улсын далд эдийн засаг 30 хувьтай гэх судалгаанууд байдаг. Гэвч энэ тоонд хулгайн эдийн засгаа оруулчих юм бол 50 хувь давах биз.

Хулгайн эдийн засгаа ойлгож байж сая бид үнэнтэй нүүр тулж, зөв бодлого хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ. Тэгэхгүй албан эдийн засгаараа бүх юмаа төлөвлөөд яваад байдаг эргээд өнөөх нь ямар ч үр нөлөөгүй. Наад зах нь Лондонд байр авах, гадаадын том сургуульд хүүхэд сургах эсвэл орон нутагтаа суварга барих, орж ирсэн үнэтэй машин бүрийг худалдан авах, орон сууцыг давхраар нь урьдчилж авах гээд хулгайн эдийн засаг хүчтэй шүү, хүчтэй.