Индэр    
2023 оны 12 сарын 8
Зураг
Эдийн засагч, шинжээч

2024 онд хувийн санхүүгээ яаж сайжруулах вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Яг одоо цагт муйхраар зүтгэж, өдөр шөнөгүй ажиллаад таны санхүү дээрдэхгүй гэдгийг баталгаатай хэлье. Сонгуулийн жилтэй нүүр тулна. Бэлэн мөнгө тарааж, ханш үнэгүйдэх ч эрсдэл байна.

Бид санхүү тал дээр ерөөс урсгалаар явж болохгүй. Богино хугацаанд мөнгөө өсгөх гээд чичрээд байж бас болохгүй. Танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Зөвлөгөө 1: Урт ба богино хугацаатай мөнгөтэй болоорой

Урт хугацаатай мөнгө нь танд ирээдүйд гарах нь ойлгомжтой том зардалд хэрэглэх мөнгө гэсэн үг. Жишээ нь тэтгэвэр, хүүхдийн ирээдүйн төлбөр гэх мэт. Урт хугацаатай мөнгө гэхээр их дүн бол биш. Одоогоос бага багаар хураасаар хуримтлалын хүчээр өсөх мөнгө юм. Дараах хүснэгтээс таны зорилго хэр урт хугацаанд вэ? та хэдээр хуримтлуулах боломжтой вэ? гэдгээ сонгоод хүрэх үр дүнгээ харж болно. Урт хугацааны мөнгө бий болгох нууц нь тууштай, урт хугацаанд өөртөө тохирсон дүнгээр хуримтлал (хувьцаа, бонд, Засгийн Газрын ам.долларын бонд) үүсгэх юм.

Хүснэгт 1: Сар бүр хуримтлал хийвэл гарах үр дүнгүүд

Богино хугацаатай мөнгө нь таны ойрын хугацаанд ямар нэг зүйлд зарцуулах нь тодорхой мөнгө юм. Хэрвээ энэ мөнгөө урт хугацаанд хийчихвэл хэрэгцээ гарсан үед алдагдалд орох эрсдэлтэйг санагтун. Богино хугацаатай мөнгө нь ихэвчлэн хадгаламж, харилцах дээр байршихад тохиромжтой.

Зөвлөгөө 2: Бүтээмжээ өсгөөд үзэх үү?

Энэ талаар би өнгөрсөн жил ч бичиж байсан. Бүтээмж гэхээр өдөр, шөнөгүй ажиллах тухай бодож болохгүй. Богино хугацаанд юмыг чанартай хийх чадвар юм. Бүтээмж өсгөх аргыг нь 1776 онд Адам Смит хэлчихсэн. Хариуцаж авсан, өөрийн хэсэг дээрээ мэргэш, төрөлж. Таныг хэн ч орлож чадахгүй байх чадвартай болох нь чухал. Компани чинь багийн ажиллагааны үр дүн. Ан агнахад таны үүрэг оролцоо байхгүй бол тэр сүрэгт та хэрэггүй. Тиймээс багийнхаа нэг хэсэг нь болох, болохдоо орлуулшгүй хэсэг. Улмаар таныг баг үнэлнэ, компани үнэлнэ. Цалин өснө.

Зөвлөгөө 3: Санхүүгийн зөвлөхтэй болоорой

Надад санхүүгийн зөвлөхтэй яриад байх мөнгө байх биш гэж ихэнх нь андуурдаг. Та санхүүгийн зөвлөхийг эрүүл мэндээ үзүүлдэг эмч, хүүхдэд тань боловсрол олгодог багш шиг хараарай. Зах зээл дээр олон эмч, багш нар байдаг. Хэн нь хэн бэ? гэдгийг төвөггүйхэн олчихдог. Түүн шиг санхүү, хөрөнгийн захын компаниудаас зөвлөгөө авч, санхүүгээ оношлуулах нь чухал гэж харж байна. Мэдээж туршлагатай санхүүгийн зөвлөхийг олох хэрэгтэй.

Зөвлөгөө 4: Мөнгөтэй бол мөрөөдөл биелнэ гэдгийг мартаж болохгүй

Монголчуудын ихэнх нь нэг жилийн л хугацаатай мөнгөтэй. Тэгснээ гадаадад аялсан, амьдарсан сайхан амьдралын тухай мөрөөддөг. Санхүүжилт байхгүй бол юу ч бүтэхгүй. Одоогоос тэтгэврийн хуримтлал(20-30 жил, сар бүр 10,000 байсан ч болно), хүүхдийн сургалтын төлбөр(10 жил, сар бүр 100,000), гадагш аялах хуримтлал(3 жил, сар бүр 200,000 төгрөг) гээд амьдралд тохиох нь ойлгомжтой, зарлага гарах нь ойлгомжтой зүйлүүд дээрээ хуримтлал үүсгээрэй. Таван жилийн дараах Парис дахь өөртэйгөө өнөөдөр та гэрээ байгуулж байна гэж бодоорой.

Зөвлөгөө 5: Орлогоо төрөлжүүлэх гээд үзэх үү?

Энэ үгийг бүр маш их сонсож байсан байх. Гэхдээ чухал. Тоотой ярина. Сүүлийн 50 жилд баялгийн бялуунд цалингийн орлогын хувь нэмэр буурч, компанийн ашгийн хувь нэмэр өсөж байна. Одоо санхүүгийн зах зээл нь 30 жил боллоо. Бүгдээрээ хадгаламжаас өөр бүтээгдэхүүн ярьдаг болох юм сан.

Хөрөнгийн захын компаниуд хүн татах гээд хувьцаа, бонд ав гэхээр шууд өөрөө дур мэдээд авчхаж болохгүй. Шууд алдагдал хүлээх магадлалтай. Аялагчид Алтай Таван Богд руу авирах гэж байгаа бол мэргэжлийн уулчидтай хамт гардаг. Наад зах нь үс засуулах, хоол хийхэд тогооч хэрэгтэй. Яг түүнтэй адил. Хувьцаа бол ажил тараад амрангаа авчихдаг зүйл огт биш. Мэргэжлийн хүнтэй нь, компанитай нь хамтарна. Хувьцаа бол урт хугацаанд шидээ үзүүлдэг мөнгө өсгөх хүн төрөлхтний бодож олсон гайхалтай бүтээгдэхүүн.

Зөвлөгөө 6: Санхүүгийн мэдлэгээ нэмэх гээд үзэх үү?

Санхүүгийн мэдлэг нь байр, хадгаламж хоёр дээр гацсан. Зүйр үг болтлоо хөгжлөө. Найдвартай гээд хадгаламж хийдэг. Төгрөгийн ханш унахаар үнээ алдахгүй гээд байр авдаг. Гэсэн мөртөө богино хугацааны залиланд ихээр өртөнө. Мөнгө богино хугацаанд хурдан өсдөггүй юм. Бүү чичир. Энд их олон тайлбар хэрэггүй байх.

Жилийн хугацаанд 60 гаруй койн гарлаа. 200 мянган хүн оролцлоо. Мэдээлэлтэй 1,000 хүн нь 199,000 хүнийхээ мөнгийг хувааж авлаа. Дууслаа. Тиймээс мөнгөө богино хугацаанд яаж өсгөх вэ? гэсэн муйхар бодлыг толгойгоосоо авч хаясан нь дээр. Оронд нь бага багаар, урт хугацаанд тэвчээртэй тууштай хуримтлуулах, хөрөнгө оруулах нь чухал.

2024 онд нь амжилт хүсье.