Зураг
Зураг
Индэр    
2023 оны 12 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

Н.Эрдэнэ-Очир: Монголд уул уурхайг маш бүдүүлгээр буюу "нинжа" хэлбэрээр ашиглаад байна. Томоохон хэдхэн уурхай байхад хангалттай

Зураг

Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн онцлох сэдэв нь нүүрсний сонсгол. Өнгөрсөн хугацаанд манай улсын хөгжлийг хязгаарласан нүүрсний хулгай гэх зүйлийн талаар нууж хаахгүйгээр улсаараа ярихаар болсон. 

Сонсгол дуулиан шуугиантай болоод дуусна, харин цаашдаа энэ улс орон яаж аж төрөх талаар бодох ажил бидэнд үлдэх байх. Тиймээс өнгөрсөн хугацаанд бидний алдсан боломж болон цаашдын хөгжлийн талаар гашуун ч гэсэн үнэнийг ярьж чадах нэгэн өвөр монгол хүнтэй ярилцсанаа хүргэж байна. 

Тэр хүн бол БНХАУ-ын Ханжоу хотын Жэжян их сургуулийн Хот төлөвлөлт хүрээлэнгийн захирал, дэд профессор Надмидын Эрдэнэ-Очир юм. Түүнээс манай улсын ирээдүй болон байгалийн баялгаа зөв ашиглах арга ухааны талаар сонсохыг зорилоо. 

- Таны харж буйгаар Монгол Улс хэр сайн хөгжиж байна вэ? 

- Том хоёр гүрний дундах улс эдийн засгийн өвөрмөц онцлогоо зөв бодож хэрхэн хөгжих вэ гэдэг нь сонирхолтой атлаа энгийн зүйл. Ер нь Монголд янз бүрийн нөхцөл байдалтай аймгууд байдаг. Тиймээс зарим зүйлд онцгой анхаарал хандуулах шаардлагатай болов уу.

Хамгийн түрүүнд аймаг бүрийн эдийн засгийн уялдаа холбоог нь үндэслэж оновчтой бодлого хэрэгжүүлэх нь чухал. Жишээлбэл БНХАУ олон мужтай. Тэр бүрийг улсын ганц бодлогоор хөгжүүлсэн түүх байхгүй. Тиймээс орон нутгийн орчин нөхцөл, газар зүйн байршилд нь зориулаад гол давуу талыг нь нэн түрүүнд тодорхойлох хэрэгтэй. 

Одоогоор Гашуун сухайт, Ганц мод боомт Монголын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байна. Энэ хоёр боомтоор танай улсын уул уурхайн бүтээгдэхүүний ихэнх нь гардаг. 

Тэгвэл тус хоёр боомттой хил залгаа орших Өмнөговь аймгийг зэсийн баяжмал, коксын нүүрс, дэлхийд ховорт тооцогдох нар салхины эрчим хүч зэргээр нь түшиглэн яаж хөгжүүлэв гэдгийг л бодох ёстой. 

Засгийн газар нь юуг хөгжүүлэх вэ гэдгээ мэддэггүй, бусдыг хүлээгээд сууж байгаа юм шиг. Энэ үед ямар нэгэн олон улсын байгууллага, компани ирээд үүнийг хөгжүүлмээр байна гэдэг. Иймэрхүү байдлаар олон талд чиглэлгүй зүйл хийгээд байгаа юм. Хүний ярьсан бүрийг хөгжүүлэх гэж зүтгэх нь утгагүй зүйл. 

- Тухайн орон нутгийн хөгжилд нь таарсан бодлогыг яаж боловсруулах вэ. Манай улсад хүн ам нэг газраа хэт төвлөрөлтэй. Залуучууд нь орон нутагт очиж ажиллах хүсэл багатай. Иймэрхүү үед ямар бодлого хэрэгтэй вэ? 

- Хөгжлийн гарцыг зөвхөн яам буюу нэг шатны удирдлагаар шийдэх боломжгүй. БНХАУ-ын 30 гаруй муж өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. 

Тэгэхээр тухайн орон нутагт эрх мэдлийг нь өг. Тэд өөрсдийн онцлогоо ойлгоод, хөгжлийн гарцаа тодорхойлдог байх ёстой. Мэдээж хэрэг бүх эрх мэдлийг өгч болохгүй. Тодорхой хэмжээнд эрхийн өгөөд ажлыг нь хийлгүүлмээр байгаа юм. Дараа нь яамны сайд нар бодлогоор дэмжиж, хууль эрх зүйн орчныг нь баталж өгөх ёстой. 

Эс бөгөөс уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудлыг бүх түвшинд ижилхэн байгуулахаар зүтгэх нь тохиромжгүй. Тиймээс хөгжлийн гарцыг нь хармаар байгаа бол тухайн орон нутгийн нөхцөл байдлыг хүндэтгэж, эрхийг нь шилжүүлж өгөх хэрэгтэй. 

Орон нутагт эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Тэд өөрсдийн онцлог ойлгоод, хөгжлийн гарцаа тодорхойлдог байх ёстой.

Мөн ойрд яригдаад буй чөлөөт бүс маш чухал.Чөлөөт бүсийг Замын-Үүд болон Эрээн дээр хөгжүүлэх боломжтой. Гэтэл энэ асуудлыг маш удаан ярьж байгаа. Гэхдээ Замын-Үүд боомтод чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин, тэдний шийдвэр гаргах эрхийг нь бүрэн өгч чадсан эсэх нь эргэлзээтэй.

Тавантолгой, Оюутолгой гэсэн уурхайнууд Өмнөговь аймаг үйл ажиллагаа явуулаад удаж байна. Өмнөговь аймаг дээрх хоёр уурхайг түшиглээд өөрийн орон нутгаа хөгжүүлж чадах хууль, эрх мэдэлтэй байгаа юу гэдгийг эргэж харах цаг болсон. 

Энэ бүхнийг ажиглахад орон нутагт зориулсан эрх мэдэл, хууль зүйн орчинтой болох маш чухал. Жишээлбэл БНХАУ-ын далай болон баруун бүсийн орон нутгууд нь өөрсдийн гэсэн эрх мэдэл, эдийн засгаа хөгжүүлэх бодлоготой байдаг.

Эрхийг нь өгнө гэхээр үйлдвэржилт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал бүгд багтаж байгаа юм. Гэхдээ Монгол даяар аялал жуулчлал хөгжинө гэж байхгүй. Яг хөгжих боломжтой газарт нь тухайн салбарыг хөгжүүлэхэд анхаармаар байна. 

- Уул уурхайг түшиглэсэн аж үйлдвэржилт гэдэг ойлголтыг тайлбарлаж өгнө үү?

- Дэлхийд хөгжсөн, хөгжиж буй ямар ч орон аж үйлдвэржилтийг алгасаж дараагийн зам руугаа орсон тохиолдол байхгүй. Тиймээс өөрийн онцлогт тохирох аж үйлдвэржилтийн замналаар заавал алхах л хэрэгтэй. 

Монгол Улсын хувьд уул уурхайгаа түшиглэн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь хамгийн бололцоотой зүйл. Байгалийн баялгийг олборлоод экспорт хийж байна гэдэг бол зүгээр л уул уурхай гэсэн үг. 

Харин аж үйлдвэр гэдэг бол байгалийн баялгийг олборлож гаргаад түүхий эд болгоно. Дараа нь нарийн технологи, менежмент шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд нийлүүлэх юм. 

Тэгэхээр аж үйлдвэр, уул уурхай гэдэг нь хоёр өөр салбар. Уурхайг түшиглэсэн үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийн парк байгуулах хэрэгтэй.Мөн уурхайгаас гарсан түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож буй үйлдвэрийн гинжин хэлхээсийг нэг зүгт чиглүүлэх ёстой. 

Уурхайг түшиглээд үйлдвэр байгуулж эхэлбэл эс хүссэн ч хаягдал бохирдол заавал гарна. Энэ нь зөвхөн гадагшаа чиглэсэн асуудал. Харин дэд бүтэц буюу тог, цахилгаан, зам бол дотооддоо шийдэх ёстой чухал хэрэгцээ.

Дотооддоо шийдэх ёстой хэрэгцээг кластер буюу цогцлоосон маягаар нэг дор байгуулах нь эдийн засгийн үр өгөөж талаасаа хамгийн бага зардалтай байдаг.

Байгалийн баялгийн хэмжээнээсээ хамаараад Монголын хэмжээнд тодорхой тооны хэдхэн аж үйлдвэр байхад болно. Ялангуяа нүүрсний аж үйлдвэр байгуулах хэрэгцээ их байгаа. Учир нь Хятадууд танай нүүрсний гол хэрэглэгч шүү дээ. 

- Таны бодлоор БНХАУ манай улсын нүүрсийг юу гэж хардаг вэ? 

- Хятад бол дэлхийд хамгийн их нүүрс хэрэглэж байгаа орон. Гэхдээ өөрсдөө нүүрсний арвин нөөцтэй. Тиймээс хоёр талаас нь хардаг. Ер нь нүүрсийг эрчим хүч болон химийн үйлдвэрт ашигладаг. Энгийн эрчим хүчний нүүрс бол бүх Хятад даяар байгаа. Хямдхан байвал авна. Үнэтэй байгаа бол Монголоос авахгүй л гэнэ. 

Нэгд, Хятадын уурхай байгуулахад өртөг зардал болон байгаль орчин гэх мэт шаардлага өндөр байдаг. Хэрэв импортын нүүрс зах зээл дээр хямдхан байгаа бол чадах хэмжээгээрээ авахыг зорьдог. Монголын нүүрс хямдхан байвал аваад байх хүсэлтэй гэсэн үг. 

Монголоос заавал авах ёстой нь коксын нүүрс. Танай эрчим хүчний нүүрс зах зээлд өрсөлдөж чадахгүй байгаа шалтгаан нь ердөө энэ. 

Хоёрд, өөрийн улс орон даяар хомстож буй нүүрсийг ихээхэн сонирхож байгаа. Жишээлбэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гол коксожсон нүүрс. Тэр нь ч БНХАУ-ын хэмжээнд хомстох болон хэрэгцээ байгаа юм. Ер нь Монголоос заавал авах ёстой нь коксын нүүрс. Танай эрчим хүчний нүүрс зах зээлд өрсөлдөж чадахгүй байгаа шалтгаан нь ердөө энэ. 

Гуравт, БНХАУ-ын жилд хэрэглэж буй дөрвөн тэрбум тонн нүүрстэй харьцуулбал Монголын 60 сая тонн нүүрс гээгдэнэ. Миний харж буйгаар хятадуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөж байгаа. 2025 оноос цахилгаан эрчим хүчний нүүрсний хэрэглээ суларч эхэлнэ. 2030 оноос огцом буурна. 

Тэгэхээр хятадуудын дотооддоо хэрэглэж буй эрчим хүчний нүүрс цаг хугацааны эрхээр химийн үйлдвэрт зарцуулагддаг болно. Харин коксын нүүрсний хэрэглээ ойрын хэдэн жилдээ маш сайн эрэлттэй байна. Гэхдээ БНХАУ-ын дотоодын дэд бүтэц, хот, хурдны галт тэрэг, ган төмөр, барилгын хэрэгцээ ханаж байгаа. 

Жишээлбэл ган үйлдвэрлэх хүчин чадлын 300 сая тонн байснаас жил бүр буурч байна. Тэгэхээр монголчуудын коксын нүүрсний хэрэгцээ түр хугацаанд эрэлттэй байх ч удахгүй буурна. Яг л эрчим хүчний нүүрс шигээ. 

- Коксын нүүрсний хэрэглээ буурах үед манайх нүүрсээрээ яаж орлого олох вэ? 

- Монголчууд нүүрсний аж үйлдвэрийн салбараа яаралтай хөгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл нүүрсээ баяжуулах, холих үйлдвэрийг уурхайн аман дээр буюу аж үйлдвэржилтийг байгуулах ёстой болоод байгаа юм. 

- Манайх нүүрс баяжуулах үйлдвэр барьчихлаа. Түүнээс гарсан бүтээгдэхүүн БНХАУ-ын зах зээлд урт хугацаандаа өрсөлдөж чадах уу? 

- Зах зээлийн дагуу баяжуулаад чанараа баталж чадаж байвал дэлхийн аль ч орон 100 хувь авна. Ямар ч тэнэг хүн бодсон жилд 26 сая түүхий нүүрс гарснаас баяжуулагдсан чанартай нүүрс экспортлох нь чухал биз. Ингэснээр хоёр улсын хооронд их хэмжээний мөнгө, худалдааны таатай байдал үүсэх юм. Үүнийг хоёр тал эрт үеэсээ ижилхэн л хүссээр ирсэн. 

Гэвч цорын ганц хүсдэггүй хүмүүс нь дунд зуучлагч буюу худалдааны компаниуд. Эсвэл монголчуудын түүхий нүүрсийг авч ирээд Хятадын талд угаадаг хүмүүс ч байх магадлалтай. Иймэрхүү үйлдлийг нүүрсний эцсийн хэрэглэгчид ч хүсэхгүй байгаа.  

Үнс, тоос, хаягдалтай нүүрсийг байгаагаар нь гаргаад урд хөрш рүү зөөхийн тулд дэд бүтцийн өртөг зардал шингэж буй нь утгагүй зүйл. Ингэж яасан ч болохгүй. 

Өвөр Монголд байгаа химийн болон эрчим хүчний үйлдвэрүүд дундын наймаачдаар дамжуулж түүхий эдээ авахыг хүсдэггүй. Олон гар дамжуулахгүйгээр Монголын чанартай нүүрсийг өртгийн багасгаад авахыг боддог. 

Энэ хүсэл зах зээл хоёр хоорондоо холбогдож чадаагүй байгаа шалтгааныг бид бодох ёстой.Гэхдээ үүнийг залруулахын тулд өөрчлөх ёстой зүйл олон байна. Хамгийн эхэнд бидний гаргаж буй бүтээгдэхүүн чанартай байх нь чухал. Үнс, тоос, хаягдалтай нүүрсийг байгаагаар нь гаргаад урд хөрш рүү зөөхийн тулд дэд бүтцийн өндөр зардал шингэж буй нь утгагүй зүйл. Ингэж яасан ч болохгүй. 

Нүүрсийг баяжуулаад зарахад хэцүү зүйл огт байхгүй. Монгол хүн чадна. Иймэрхүү зүйлд эрх зүйн маш сайн зохицуулалт хийх хэрэгтэй. Нүүрсийг түүхийгээр нь зарахыг хориглохгүй ч татвар нэмж өгөх ёстой. 

- Манай улс нүүрсээ биржээр арилжиж байгаа нь хэр үр дүнтэй вэ? 

- Дэлхийн ямар ч уул уурхайн бүтээгдэхүүн биржээр арилжаалагддаг. Энэ бол маш зөв арга. Жинхэнэ биржийн арилжаа алхам дараатай явагддаг. Гэтэл танай биржийн арилжаа зах зээлийн үнэтэйгээ уялдаа холбоогүй.

Тендер шиг үнээ зарлаад, авах гэж байгаа нь саналаа хэлдэг бол бирж биш. Энэ бол жинхэнэ стандартын биржийн арилжаа биш гэсэн үг. 

Биржээр арилжих гэж байгаа бол доор зүйлийг урьдчилан биелүүлсэн байх ёстой. Өөрийн бүтээгдэхүүн чинь чанартай, стандартад нийцсэн байх шаардлагатай. Үүнийг Монголын тал харьцангуй хийх гэж оролдож байна. 

Монголын биржийн үнэ Хятадын зах зээлийг ханшийг харуулж чадахгүй байгаа юм. Хэрвээ биржээр арилжаа хийе гэвэл нүүрсээ хамгийн хурднаараа зах зээлд нийлүүлдэг байх ёстой. 

Тухайн өдрөө гарч буй бүтээгдэхүүн биржээр зарагдаад амласан гэрээний дагуу эцсийн хэрэглэгчдээ хүрдэг байх ёстой. Өнөөдөр гарсан нүүрс зарагдаад олон өдрийн дараа авсан хэрэглэгчдээ хүрнэ. Тэр үед биржийн үнэ нь өөрчлөгдсөн байдаг.

Жишээлбэл Индонез улс өөрийн нүүрсээ баталгаажуулаад далайн онгоцоор тогтмол тээвэрлэдэг. Түүний дараа Хятадын агуулахад ирээд гэрээ нь хийгдэж байгаа. Энэ нь тухайн долоо хоногийн зах зээлийн үнэтэй уялдаатай байдаг. 

Гэтэл Монголын биржийн үнэ Хятадын зах зээлийг ханшийг харуулж чадахгүй байгаа юм. Тиймээс биржээр тогтмол худалдан авалт хийгдэхгүй болоод байдаг тал ажиглагдсан. Хэрвээ биржээр арилжаа хийе гэвэл нүүрсээ хамгийн хурднаараа зах зээлд нийлүүлдэг байх ёстой. 

Биржийн үнийг тогтоох нь чухал асуудал. Нүүрснийхээ үнийг шинжлэх ухаанчаар тогтоох хэрэгтэй. Ямар нэгэн веб сайт харж суугаад үнэ тогтооно гэдэг утгагүй зүйл. Тиймээс нээлттэй байдлаар үнэ ханшаа тогтоох хэрэгтэй байна. Гэхдээ монголчуудыг яаж үнэ ханшаа тогтоогоод байгааг сайн ойлгохгүй байгаа. 

- Нүүрсээ борлуулахад дундын наймаачдыг зохицуулах шаардлагатай гэж байна. Тэгвэл наймаачдын хийгээд байгаа ажлыг бид яаж орлуулах вэ? 

- Олон улсын экспорт болон импортын бараа бүтээгдэхүүн худалдаалагдахад дундын зуучлагч, наймаачдын компаниуд байх нь буруу зүйл биш. Гол тэр наймаачид эцсийн хэрэглэгчидтэй яаж харилцаж байгааг мэдэх хэрэгтэй.

Тэд эцсийн хэрэглэгчид шиг өндөр үнээр авч чадаж байгаа бол зарсан ч болно. Гэхдээ бидний биржээр зарж байгаа нүүрс эцсийн хэрэглэгчдэдээ хүрч чадахгүй байгаа. Тиймээс эцсийн хэрэглэгчдийн сонирхлыг татаж чадахгүй байна гэсэн үг. 

Иймэрхүү систем байхгүй учраас хэн нэгэн дундаас нь аваад, зараад, дамлаад тоглоом шиг зүйл хийгээд байгаа юм. Нүүрсээ биржээр арилжаалж байгаа бол эцсийн хэрэглэгчдэд хүргэж сонирхлыг нь татах ёстой. 

Ер нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Хятадын нэг коксын үйлдвэртэй урт хугацааны гэрээ хийгээд биржээр арилжаална гээд тохирсон хамтрагч байна уу. Одоохондоо байхгүй. Бүгд л зуучлагч компаниар дамжуулж байна. 

- Тэгвэл бид дамжуулж байгаа болон эцсийн хэрэглэгчидтэйгээ нүүрсээ яаж зарах талаараа тохирох ёстой гэж ойлголоо. Зөв үү? 

- Ер нь бол тийм. Дээр нь нэг зүйлийг тайлбарлахад Гашуун сухайт гэсэн боомт дээр дундын дамжуулагч компаниуд оршин тогтноод байгаа нь олон шалтгаантай. Тэд тээвэрлэлт, газар, агуулах, мөнгөн гүйлгээг нь шийдэж байна. 

Хэрэв бид Өвөр Монголд байгаа нүүрсний ордууд шиг агуулах, тээвэрлэлтээ өөрсдөө шийдээд эсвэл гуравдагч компанитай урт хугацааны гэрээ байгуулаад эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өгч чадаж байгаа бол дундын зуучлагч компанийн орон зайгүй болно. 

Хэрэв байхгүй бол хүнд биш, зөвхөн өөртөө гомдоорой. Нүүрсээ олборлож чаддаг ч борлуулж мэдэхгүй байна гэсэн үг.

Гэхдээ боомт дээр байгаа дундын зуучлагч компанийн буруу биш. Зөвхөн төр засгийн буруу. Жишээлбэл "Эрдэнэс Монгол" шиг том компани өөрийн нүүрсээ зөөх машин, баталгаат агуулах, мөнгөө гаргах банк байна уу. Химийн үйлдвэрийг хөгжүүлэхээр гэрээ үзэглэсэн түнш байна уу гэдгийг асуухад бүх зүйлийн учир тайлагдана. 

Хэрэв байхгүй бол хүнд биш, зөвхөн өөртөө гомдоорой. Нүүрсээ олборлож чаддаг ч борлуулж мэдэхгүй байна гэсэн үг. Энэ бүх нөхцөлийг хангасны дараа биржийг ярих хэрэгтэй. Одоогийн бирж нь жинхэнэ биш болохоор дундын наймаачин компаниуд нь олширсоор байгаа юм. 

- Манай улсын иргэд уул уурхайгаас хаширчихсан байдал ажиглагддаг. Ялангуяа хөдөө амьдарч буй иргэдийн дийлэнх уурхайг сүйтгэдэг гэсэн бодолтой байна. Ордос ч гэсэн иймэрхүү нөхцөлтэй байсан уу? 

- Монголд уул уурхайг маш бүдүүлгээр буюу "нинжа" хэлбэрээр ашиглаад байна. Энэ салбарын хөрөнгө оруулалт маш өндөр босготой. Тиймээс лиценз өгөх үеэс босгыг нь өндөр тавих хэрэгтэй.

Жишээлбэл төмрийн бүлэг ордыг жижигхэн 5-6 компанид өгдөг. Тэд нар нь үйл ажиллагаа арай гэж явуулдаг. Бусад шаардлагыг нь хангахгүй байна гэсэн үг. Үйлдвэрийн зориулалттай ашиглах боломжгүй ордын лицензийг ч өгчихсөн ажиглагддаг. Баялаг байгаа бол заавал ашигла гэсэн үг биш. 

Хэтэрхий олон жижиг уурхай байгаа учраас малчид дургүйцэх нь зөв. Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой шиг уурхайнуудынхаа аж үйлдвэрийг хурдан хөгжүүлээд бусад газар нутгаа хамгаалах хэрэгтэй. 

БНХАУ-д 1990 оны эхээр "бид нэг хувийн газар нутгаа ухаад 99 хувийг нь хамгаалъя" гэсэн уриа дэлгэрч байсан. Тэгэхээр 99 хувийн тал нутгаа хамгаалахын тулд нэг хувийн газраа өргөтгөх хэрэгтэй. 

- Манай улс аж үйлдвэр барихын тулд мөнгө болон технологийг хаанаас шийдвэл зохимжтой вэ? 

- Технологи бол дэлхийн хаана ч нээлттэй, түүнээс монголчууд суралцах, нутагшуулж болно. Үйлдвэрийн асуудал ярьсны дараа, Монголын санхүүгийн системийг өөрчлөх шаардлага байгаа.

Ер нь  ямар ч асуудлыг зээлээр шийдэх сэтгэхүйтэй байж болохгүй. Монголын улс төрчид зээлээр хурдхан шиг том үйлдвэр барья гэж бодоод байдаг. Жишээлбэл дэлхийн стандартад нийцсэн томоохон зэс баяжуулах үйлдвэр барина гэж цаг алдаад хэрэггүй. 

монголчууд уран сайханч байдлаасаа салж, асуудлыг бодитой, мэдлэгтэйгээр хардаг болъё

"Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх" гэсэн сайхан үг байна. Яг энэ үг шиг сэтгэхүйг оюундаа суулгамаар байна. Өөрийнхөө санхүү, технологи, хүчин чадлын хэмжээнд үйлдвэрээ бариад эргэлдүүлэх хэрэгтэй. Тэрийгээ цаашдаа томруулаад, үр ашгийн хүртээд явах нь бүх улсын хөгжлийн гарц байдаг. 

Тиймээс монголчууд уран сайханч байдлаасаа салж, асуудлыг бодитой, мэдлэгтэйгээр хардаг болъё. Бид чөлөөтэй сэтгэж, хийсвэрлэх чадвараа хэтэрхий хөгжүүлжээ. Энэ нь хэлбэр тал руу шилжсэнийг одоогийн нийгмээс харагддаг. 

Хэдэн мянган тонны коксын үйлдвэр барина гэх мөрөөдлөө өндөрлүүлээд, жижигхэн зуух ч болтугай оруулж ирээд туршиж үзэх хэрэгтэй. Үүнийг л би хамгийн их хүсдэг. Цасан бөмбөг жижигхэн ч гэсэн өнхрөөд явсаар байгаад томордог шүү дээ. 

Мөн олон улсын банк санхүүгийн байгууллагаас авч буй мөнгөө буруу газарт зарцуулж байгаа үзэгдэл маш их ажиглагддаг. Түүнийг арай бүтээмжтэй, чухал зүйлдээ яаж үрэхээ бодох ёстой. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өнгөрсөн хоёр жилийн борлуулалтаас харахад аж үйлдвэр барих бололцоотой санхүүгийн түвшинд хүрсэн байсан. 

- Гэхдээ хүнээ хөгжүүлэх нь маш чухал гэдэг санааг Өвөр Монголын компаниуд онцлоод байсан.

- Баялгаа шинжлэх ухаанчаар экспортлоод нэг хэсэгтээ хангалуун чинээлэг амьдрах нөхцөл бол байна. Гэхдээ хүн нь хөгждөггүй. Улс орон хөгжинө гэдэг чинь эцэстээ хүн нь хөгжих ёстой байдаг. Уурхай олборлоод, том машин бариад хүн хөгжихгүй. 

Мэргэжил технологи шингэсэн үйлдвэртээ болсны дараа хүн хөгжиж эхэлдэг. Түүний дараа хот байгуулагддаг. Ер нь үйлдвэржилтийг дагаж хотжилт бий болдог. Мөн уурхайгаас ногдол ашиг гэж иргэн бүрд тарааж гэрт суулгаснаас өглөө бүр ажилд нь явуулдаг байх бодох нь нэг төрлийн хөгжил. 

Мөн цар тахлын үед монголчуудын тог усны мөнгийг "Эрдэнэтийн үйлдвэр"-ээс гаргасан гэж сонссон. Энэ бол маш бодлого буруу. Тус үйлдвэрт хамгийн хэрэгтэй байгаа зэс хайлуулах үйлдвэрийг нь барих хэрэгтэй. Олон жил газрын ховор баялгийг нэмүү өртөг шингээхгүй гаргасан.

Үйлдвэр барих мөнгөөр нь хүмүүсийн хэрэгцээг хангана гэдэг маш буруу систем. Баялгаас гарч буй мөнгөөр аж үйлдвэрээ барих шаардлага монголчуудад байгаа. 

- Өвөр Монголын томоохон компаниуд манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой байдаг уу?  

- Ямар нэгэн төрийн болон хувийн компани бүгд л бүтээн байгуулалт хийдэг. Нэг нь байвал нөгөө нь байхгүй гэсэн дайсан шиг өнцгөөр харж болохгүй. Төр бол бодлогоо боловсруулах, дэд бүтцээ хангах ёстой.

Төрийн өмчит компани баялаг эзэмшиж байгаагийн хувьд эзэн нь байж үр ашиг гаргах, хариуцлагаа ухамсарлах нь чухал. Аль аль талдаа өөрийнхөө хийж чаддаг зүйлээ л бүтээх хэрэгтэй. 

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хятадын жижиг компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийсэн. Тэднээс бүтсэн нь маш цөөхөн. Монгол руу явсан жижиг компаниудын амжилтгүй тохиолдол нь томоохон компаниуд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаа гэсэн үг.

Хятадын топ 500-д багтах компаниуд Монголд хөрөнгө оруулах ямар ч сонголтгүй болчихсон. Монголд хөрөнгө оруулсан жижиг компаниуд нь нөлөөлдөг. Улс орон цаашдаа хаашаа явах гэж байгаагаа тодорхойлсны дараа түүндээ тохирох хөрөнгө оруулалтыг хайх хэрэгтэй. 

Нөгөө талдаа улс төр, хүний нөөц, зах зээлийн жижиг орчноос ихээхэн болгоомжилдог. Мөн АНУ болон БНХАУ-ын худалдааны дайнтай холбоотойгоор гаднын улсад хөрөнгө оруулахад бэрхшээл учирдаг. 

- Монголд цалин бага, инфляц өндөр, банкны зээл гэх мэт асуудал их. Иймэрхүү зүйлээс улс орон яаж ангижирдаг вэ? 

- Эдийн засгийн цар хүрээгээ тэлэх гэдэг үгэнд улс төрчид их дуртай. Харин яаж тэлэхээ гэдгээ ойлгодоггүй. Монголын нэг хүнд ногдох ДНБ 5,000 ам.доллар байна. Үүнийг хамгийн багадаа 10,000 ам.долларт хүргэсний дараа хүмүүсийн амьжиргаа сайжирч эхлэх юм. Үндсэндээ эдийн засгийн багтаамжаа заавал 2-3 дахин тэлэх шаардлагатай.

Монгол шиг өргөн уудам нутагт цөөн хүн амтай бол аялал жуулчлал, үйлчилгээ, гутал, махаа зараад эдийн засгаа тэлнэ гэдэг хүнд.

Монгол шиг өргөн уудам нутагт цөөн хүн амтай бол аялал жуулчлал, үйлчилгээ, гутал, махаа зараад эдийн засгаа тэлнэ гэдэг хүнд. Тиймээс үйлдвэрээ нэн яаралтай босгох хэрэгтэй. Үйлдвэр тэлээд эхэлсэн цагт эдийн засаг аясаараа томорно. Хүмүүс тогтсон цалинтай, өдөр тутмын хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэх үед инфляц угаасаа буурна. 

2000 оноос өмнө Өвөр Монголчууд одоогийн Монголтой яг ижилхэн зовлонтой байсан. Хамгийн чухал нь БНХАУ гэсэн том эдийн засаг хөдөлж байгаа учраас бид дагаад хөгжсөн. Тиймээс нүүрсээ түүхийгээр нь урагшаа зөөхгүйн тулд баяжуулаад нэмүү өртөг шингээж эхэлсэн.

1990 оны эхээр Өвөр Монголын иргэд мал маллаж байсан. Дараа нь хүнээ сургаж, үйлдвэрүүдээ хөгжүүлж эхэлсэн түүхтэй юм. 

Дараа нь аж үйлдвэрээ хөгжүүлээд янз бүрийн зүйл хийдэг байсан. 20 жилийн хугацаанд Өвөр Монголын Өөртөө Засах Орны эдийн засаг 17 дахин тэлж чадсан. Мөн БНХАУ-тай дэд бүтцээ холбож чадсанаар хөгжил эхэлсэн гэж тодорхойлж болно. 

- Та одоогийн монголчуудад ямар зөвлөгөө өгөхийг хүсдэг вэ? 

- Улс орныхоо ихэнх баялгийг эзэмшдэг буюу танайхны ярьдгаар томчууд нь маш хариуцлагатай эзэн байгаасай. Жишээлбэл МАК, MCS, Энержи ресурс гэх мэт. Монгол хүний саруул ухаанд итгээд эзэмшиж буй байгалийн баялгаа дэлхийн стандартад нийцүүлж, шинжлэх ухаанчаар нэмүү өртөг шингээсэн баялаг болгоосой. 

Хамгийн чухал нь Монголыг гадаадын хөрөнгө оруулагч, компаниуд авч явахгүй. Улс эх орныг эцсийн мөч хүртэл авч явах гол хүч бол монгол хүн, монголын компаниуд юм. 

Байгалийн баялгаа гаргаад байхгүйгээр өөрийн ард иргэд, дотоодын ААН-дээ шингээх л хэрэгтэй. Гаднаас ирж буй шинэ технологи хөрөнгө оруулалтыг хүндэтгэх, сурах, хөгжүүлэх нь чухал. Гэхдээ түүнээс гарч буй үр өгөөж нь монгол хүнд шингэж байх ёстой. Эс бөгөөс ямар нэгэн байдлаар хурдхан ухаж экспортлоод, доллар болгох талаар бодох хэрэггүй. 

Гэхдээ энэ бүхнийг жирийн нэгэн малчинд хэлээд нэмэргүй. Монголын эдийн засгийг тэлэх хамгийн гол хариуцлагын эзэн бол томоохон баялгийг эзэмшиж буй компани, эзэд юм. Тэдний хариуцлага чухал. Тэд хөдөлж байж эдийн засаг томорно. 

Монголын залуучууд баялаг бүтээж буй томчууддаа итгэх хэрэгтэй. Тэдэнд зохих хэмжээний итгэл, орон зай, цаг хугацаа өгөх нь чухал. Тодорхой хэмжээгээр төр болон баялаг бүтээгчдэдээ итгэ гэсэн санаа юм. Тэд ч гэсэн ард иргэдийнхээ төлөө хариуцлагаа үүрнэ. 

Аль нэг үеэ буруутгаад суух нь маш буруу. Ардчилал гээд сошиал орчинд баялаг бүтээгч болон төр засгаа ёс жудаггүй гэж байгаа нь ажиглагддаг. Залуу дүү нартаа захихад аливаа улс орон хөгжихийн төлөө хэдэн үеэрээ биесээ дэмжиж, залгамжилж явдаг. Эс бөгөөс талцаж нэг нэгнийгээ гадуурхах нь муухай зан. Баялаг эзэмшиж буй хүмүүс хариуцлагатай байж улс орон хөгжинө.