Индэр    
2023 оны 12 сарын 11
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Э.Жигмэддорж: "Өвөг дээдэс маань ямар хүмүүс байсан бол" гэдэгтээ сониуч хандаж, ургийн овгоо зөв тодруулж чадвал цус ойртохоос сэргийлнэ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын умард зүгийн хилийг хамгаалж үлдэхэд гэр харуул чухал үүрэг гүйцэтгэжээ. Харуулын албанд монгол эрчүүд гэр бүлийн хамт томилогдон суудаг байсан.

Тэдгээр хүн олон жил алба хааж суухын зэрэгцээ зарим нь өөрийн аймаг, хошуундаа буцалгүй тухайн харуулын нутагт үлдэх тохиолдол цөөнгүй гарч байсан гэдэг. Гэр харуулд сууж байсан хүмүүсийн ураг удмынхан өөрсдийн өвөг дээдсийг тодруулах боломжтой хэмээн түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Э.Жигмэддорж онцлон тэмдэглэсэн юм. 

Түүнтэй Манжийн үеийн Ар Монгол дахь гэр харуулын талаар ярилцсанаа хүргэж байна. 



-Гэр харуулын үүсэл, түүхийн тухай асуултаар ярилцлагаа эхэлье.

-Манж нар монголчуудыг захиргаандаа оруулсны дараа 18-60 насны 150 эрийг нэг нэгж болгон сум зохиосон бөгөөд Чин улсын алба залгуулагчдыг сум ард, сум эр гэх зэргээр нэрлэж байжээ. Сум ардуудаас Манжийн төрд залгуулж байсан тогтмол албаны нэг нь харуулын алба юм.

XVIII-XX зууны эхэн үед Халхын нутагт гэр харуул (Орос зүгийн гэр харуул), суман харуул (Алтай зүгийн суман харуул), дотуур харуул (Хошуудын нутгийн зах хязгаарын харуул) зэрэг хилийн харуулын алба байв. Эдгээр харуул нь байгуулсан зорилго, гүйцэтгэх үүрэг, алба хаагчдын тоо, суух хугацаа зэргийн хувьд тус бүр онцлог бүхий улсын алба юм.

Халх монголчуудаас Манж Чин улсад залгуулж байсан харуулын албаны дотор анх байгуулсан нь гэр харуул.

Манж Чин улс болон Хаант Орос улс 1727 оны “Буурын гэрээ”-гээр хоёр этгээдийн зах нийлэх Халх, Барга, Урианхайн нутгийн умард хэсгийн хилийг тогтоосноор гэр харуулын үүсэл тавигдсан түүхтэй.

-Манжийн үеийн гэр харуулын албаны онцлогийг тайлбарлана уу. Гэр харуул гэж нэрлэх болсон шалтгаан нь юутай холбоотой вэ? 

-Монгол Улсын Үндэсний Төв Архивын баримтыг үндэслэвэл Манж Чин улсаас Хиагтын зүүн, баруун этгээдэд нийт 59 суурь (47 суурь харуулыг Халхын дөрвөн аймаг, 12 суурь харуулыг Барга хариуцан хаана) харуул байгуулсан бөгөөд эдгээр харуул нь Буурын гэрээгээр тогтоосон хил хязгаарыг сахин хамгаалах үүрэгтэй байжээ.

Хиагтын зүүн, баруун этгээдэд байгуулсан 47 суурь харуулыг Халхын дөрвөн аймгийн олон хошуунд даалгаж, алба хаах сум эрийг өрх гэр, эд хөрөнгийн хамтаар томилон суулгаж байсан учир “Гэр харуул” хэмээн нэрлэх болжээ.

Архивын баримтанд “Орос зүг тавьсан гэр харуул”, “Орос зүгийн гэр харуул” хэмээн бичсэн нь цөм гэр харуулыг хэлж буй. Манжийн үеийн Ар Монгол дахь гэр харуул нь нэг талаас цэргийн журмаар хаах улсын чанартай алба болохын зэрэгцээ тусгайлсан газар нутаг, хүн ам, мал хөрөнгө бүхий засаг захиргааны онцгой нэгж болж байснаараа онцлог юм.

Гэр харуулын нэг суурийг харуул занги, хүнд нар захирч, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах бөгөөд гэр бүлээрээ очиж, алба хааж байсан сум ардыг хуяг буюу цэрэг гэж нэрлэдэг.

-Гэр харуулууд нь одоогийн хилийн цэрэгтэй тун төстэй үүрэг гүйцэтгэж байсан хэмээн ойлгож болох уу?

-Энэ тухайд Халхын нутгийн умард хязгаарт байгуулсан гэр харуулуудын зарим нь одоогийн Монгол Улсын Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн хойд талын сумдын нутагт байсан юм.

Тухайлбал Хөвсгөлийн хязгаарт байгуулсан гэр харуул нь одоогийн Цагаан-Үүр сумын нутгийн зүүнээс Цэцэрлэг сумын баруун зах хүртэлх нутагт Архан буурал, Уялга, Дархинт, Хөхөө толгой, Хатгал боом, Бэлтэс, Цагаанбулаг, Агар, Шавар, Зайгал, Хачиг, Баянбулаг гэсэн 13 харуул байрлаж байсан.

Хөвсгөл нутагт харуул занги байсан хамгийн сүүлчийн хүн болох Бэлтэс харуулын занги Тогосын Чойжилсүрэн 1960 онд 85 настайдаа насан өөд болсон гэдэг.

Гэр харуул бүр хариуцсан хилийн овоо, тэмдэгтэй бөгөөд хилийн шугамыг тогтмол эргэж, хил зөрчих, нууц худалдаа хийх зэрэг хэрэг зөрчлөөс сэргийлэн сууж байсан түүхтэй.

-Харуулын цэргүүдийн ураг удмын хүмүүс өөрсдийн өвөг дээдсийг тодруулах боломжтой юу? 

-Манж Чин улсаас тогтоосон албыг залгуулахын тулд Халхын аймаг, хошуудаас сум ардыг томилон явуулж, тэд өрх гэрийн хамт харуулын нутагт нүүдэллэн очиж байжээ.

Харуулын албанд томилогдсон цэрэг өрх гэр бүлийн хамт нэг жилээс хэдэн арван жил тэнд сууж, зарим нь тухайн нутагт идээшин дасаж, үлдэх тохиолдол цөөнгүй байсныг архивын баримт болон аман түүхээс харж болно. Эдүгээ монголчуудын дунд өөрсдийгөө “Харуулынхан” хэмээн нэрлэж буй хүмүүс цөөнгүй байгаа бөгөөд тэдний өвөг дээдсийн түүх харуултай нягт холбоотой. Жишээлбэл

  • Л.Галбабадра гэдэг хүн “Уялган харуулаа дурсаюу” хэмээх дуртгалдаа “Ардын хувьсгалын өмнөх үед Хатгал харуулын занги явсан Г.Цэвээндорж (Чуваа гүн гэгдсэн) гэгч олон жил харуулын албанд зүтгэж, орос хүмүүстэй худалдаа наймаа хийж, мянга гаруй малтай болсон.
  • Хөхөө харуулын Балжинням занги 300 гаруй үхэртэй болсон зэрэг баримт бий. Түүнчлэн Уялган харуулын Сэсрэн занги мянгаад малтай байсан агаад бөх Готов (Арзгай Готов гэх) бага байхдаа адуунд нь явдаг байснаа хуучлан ярьдаг байв” гэж бичсэн байдаг.
  • Хуучин Сайн ноён аймгийн Эрээнцалам, Арханбуурал, Уйлган, Хатга зэрэг харуулд алба хаахаар одоогийн Өвөрхангай, Баянхонгор, Архангай болон бусад олон аймгаас гэр орноороо нүүн ирж суурьшсан, эргэж яваагүй нутгийн уугуул иргэн болсон хүний үр удам одоо ч байгааг “Хөвсгөл аймгийн лавлах толь” (Улаанбаатар: 2001, тал 159) бүтээлд онцлон тэмдэглэжээ.

Эдгээр жишээ баримтаас харахад гэр харуулын тухай судлах нь Монголын умард хил хязгаар бүрэлдэн тогтсон түүх төдийгүй тухайн цагийн монголчуудын нийгэм, эдийн засгийн байдал, түүгээр зогсохгүй харуулынхны үр ач нар өөрсдийн үүх түүхийг танин мэдэх сэжим болж байгаа юм.

"Гэр харуулын удмын хүмүүс өөрсдийн өвөг дээдсийг тодруулах боломжтой"

зураг
 
Хувийн архиваас нь авч, ашиглав

-Харуулд сууж байсан хүмүүсийн ураг удмынхан өөрсдийн өвөг дээдсийн талаар хаанаас тодруулах боломжтой вэ? 

-Гэр харуулын түүхэнд холбогдох баримтыг Монгол Улсын хувьд Үндэсний Төв Архив, Монголын Үндэсний Музей, Үндэсний номын сан болон ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн баримт мэдээллийн төв зэрэг газраас үзэж болно.

Тухайлбал Монгол Улсын Үндэсний Архивын “Манжийн үеийн Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яамны фонд”-ын дотор XVIII зууны сүүлчээс ХХ зууны эхэн хүртэлх хугацаанд Хүрээ сайд, түшмэлүүд харуулыг байцаан шалгасан, Халх дөрвөн аймгийн алба тэгшитгэсэн, харуулд суух түшмэл, хуяг цэргийг бүртгэсэн цэс, албанд хичээнгүйлэн зүтгэсэн хүмүүсийг шагнан урамшуулсан, шийтгэсэн зэрэг өргөн хүрээг хамрах баримт буй.

Архивт байгаа монгол, манж бичгээр тэмдэглэгдсэн баримтыг уншиж судлан тодорхой арга зүйн дагуу судалгаа хийх замаар гэр харуулд сууж байсан хүмүүсийн ураг удмынхан өөрсдийн өвөг дээдсийн талаарх түүхэн баримт, үнэн зөв мэдээллийг олох боломжтой.

Баримт бичгийг нягт нямбай, уйгагүй шүүрдэн үзсэний үр дүнд тухайн хүн ямар аймаг, хошуунаас анх харуулын албанд томилогдсон, он цаг, алба хаасан хугацаа, нэр, нас, аль нутгаас гаралтай, ургийн овог зэргийг тодорхой хэмжээнд тодруулан мэдэх бололцоотой.

-Өөрийн өвөг дээдэс, ургийн овгоо зөв тодруулахын ач холбогдол нь юу вэ? 

-“Монголын нууц товчоо” тэргүүтэй сурвалж бичгүүд монголчууд өөрсдийн өвөг дээдсийн түүхийг танин мэдэж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх арвин баялаг уламжлалтай болохыг бэлхнээ гэрчилнэ.

Тус сурвалжийн мэдээг үндэслэвэл монголчууд тэртээ VIII зууны үеэс овгийн нэр хэрэглэж байсан бөгөөд XIII зууны Персийн нэрт түүхч Рашид-Ад-Дин “Судрын чуулган” бүтээлдээ монгол хүмүүсийн тухай “Эдгээр бүх аймгууд яруу тодорхой удам угсааны түүхтэй. Учир нь монголчуудын заншил бол өвөг дээдсийнхээ удам угсааг санаж, төрсөн үр, хүүхдэдээ зааж сургадаг.

Ийнхүү тэд уг язгуурынхаа тухай үгсийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог, аймгаа мэдэхгүй хүн нэг ч үгүй” хэмээн бичсэн нь санамсаргүй зүйл биш билээ.

Судлаачдын үзэж байгаагаар монголчууд өөрийнхөө нэрийн зэрэгцээ овгийнхоо нэрийг VIII зуунаас 1925 он хүртэл лавтайяа 1,200 гаруй жил тасралтгүй хэрэглэсээр иржээ.

Өөрийн өвөг дээдэс, ургийн овог тэргүүтнээ зөв тодорхойлж мэдэх нь цус ойртох, элдэв өвчин эмгэгээс сэргийлэх зэрэгт чухал ач холбогдолтой.

-Цус ойртолтоос сэргийлэх чухал алхам нь "Би хэн бэ?" гэдгээ мэдэх явдал байх нь. 

-Тийм ээ. Цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэрлэхгүй гэсэн үг. Цус ойртолт эрүүл мэндийн хувьд маш ноцтой. Энэ нь ирээдүйд төрөх үр хүүхэд эрүүл саруул байхад нөлөөлөхүйц томоохон хүчин зүйл болдог.

Тухайлбал нэрт эрдэмтэн Б.Ринчен “Монголчууд гаднаас гэрлэх гэдэг ёсыг баримталсаар ирсэн нь, ойр төрлийнхөө хүнтэй гэрлэдэггүй зарчимтай холбоотой байжээ. Тэр учраас монголчууд нэгэн овогтой хүн цөм элгэн төрөл гэж үзэж, өөр овгийн хүнтэй ураг төрөл барилддаг байжээ” хэмээн тэмдэглэсэн буй.

Эцгийнхээ нэрээр овоглосноос хойш монголчуудын дийлэнх хэсэг өөрсдийн жинхэнэ ургийн овгийг мэдэхээ больсон.

Хамгийн гол нь архивын бодит баримтад үндэслэж, өөрийн ураг удмаа мэдэж авах боломж хүн бүхэнд бий. Ургийн овог, удам судраа зөв тогтоож чадвал ураг дотроо гэрлэх эрсдэлээс хамгаалж чадна.

Япончууд эцгийн нэрээр бус ургийн овгоор овоглодог ард түмэн. Энэ нь цусан төрлийн холбоотой хүнтэй гэр бүл болохоос зайлсхийх чухал хүчин зүйл болдог. Японд одоо ч ургийн овгоо хэрэглэсээр байгаа. Харин монголчууд бид эцгийн нэрээр овоглодог. Хамгийн гол нь "Би хэн бэ?", "Өвөг дээдэс маань ямар хүмүүс байсан бол" гэдэгтээ сониуч хандаж, зөв тодруулж чадвал ураг дотроо гэрлэхээс сэргийлнэ.

-Тэгвэл харуулын цэргийн үр удам гэдгээ хэрхэн яаж мэдэх боломжтой вэ? Өөрийн өвөг дээдсийг тодруулахын тулд чухам юунаас эхэлж, ямар баримтаас хайх ёстойгоо хүмүүс тэр бүр мэддэггүй болов уу? 

-Түүхийн баримт бичигт тулгуурлан ураг удмаа үнэн зөвөөр тодруулах нь чухал.

Монгол Улсын Засгийн газраас 1997 оны нэгдүгээр сард ургийн овгийг сэргээх, “Угийн бичиг хөтлөх журам”-ыг батлан гаргах үед хүн амын нэлээд хувь жинхэнэ овгоо мэдэхгүй учир хамгийн түгээмэл овог юм уу эсвэл зохиомол овог хэрэглэж эхэлсэн. Үүний нэг жишээ бол эдүгээ монголчуудын дийлэнх нь "Боржигон" хэмээх овогтой болсон явдал юм.

Гэр харуулын удмын хүн гэдгээ мэдэхийн тулд архивын баримт материалыг уншиж, судлах шаардлагатай.

Хүмүүс ихэвчлэн өвөө, эмээ эсвэл хамаатан садныхаа хэн нэгнээс өвөг дээдсийнхээ талаар асууж сураглаж, их, бага ямар нэгэн хэмжээний мэдээлэлтэй болдог. Гэхдээ үүнийгээ архивын баримт материалд түшиглэж лавшруулж судлах нь ховор.

Баримтанд үндэслэж, өөрийн ураг удмаа мэдэж авах боломж хүн бүхэнд бий.

Удам судар, ургийн овог тэргүүтнээ үнэн зөв тогтоож чадвал ураг дотроо гэрлэх, цус ойртох зэрэг эрсдэлээс хамгаалж чадна.

Монгол Улсын Үндэсний Төв Архив зэрэг газарт хадгалагдаж байгаа гэр харуулын түүхэнд холбогдох баримт материалууд уйгуржин монгол бичиг болон манж бичгээр буй.

Хэрэв монгол, манж бичиг мэдэхгүй, яаж судлах аргаа тэр бүр олохгүй хүмүүс байвал мэргэжлийн судлаачдад хандаасай гэдгийг зориуд хэлмээр байна. Гэр харуулд алба хааж байсан өвөг дээдсээ архивын баримтаар мөшгөн тодруулж чадвал өөрийн уг гарал, угсаа язгуур, төрөл садан, цаашилбал ургийн овог зэргээ үнэн зөвөөр мэдэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл нэг асуултын араас олон зүйлийн учиг тайлагдах үүд хаалга нээгдэнэ.

Өөрсдийн өвөг дээдэс, ургийн овгийг үнэн зөв тодорхойлж чадвал угийн бичгээ сэргээн хөтлөх, ураг удмын номтой болох, ургийн баяр хийх зэргээр нэгэн төрөл садны хүмүүс бие биеийг танин мэдэхэд үлэмж ач тустай.

-Гэр харуулд сууж байсан хүмүүсийн ураг удмынхан өөрсдийн өвөг дээдсийг тодруулсан жишээ баримт байдаг уу?

-Бид “Манжийн үеийн Ар Монгол дахь хилийн харуул” гэх нэгэн сэдэвт бүтээл, “Гэр харуулын түүхэнд холбогдох архивын баримтууд-I” эмхэтгэл болон хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн.

Судалгааг хийх явцад гэр харуулд сууж байсан хүмүүсийн ураг удмынхан өөрсдийн өвөг дээдсийг аль аймаг, хошуунаас гаралтай, цаашилбал ургийн овог зэргээ мөшгөн тодруулах бололцоотой нь харагдсан юм. Энд зарим нэг жишээ дурдвал

Энэ мэдээг лавшруулан тодруулах үүднээс Монгол улсын Үндэсний Төв Архивт сууж 1860-аад оноос 1912 оныг хүртэлх данс бүртгэлийг шүүрдэн үзэв.

Судалгааны үр дүнд цэрэг Өвөг хэмээн нэртэй хүн 1878, 1880, 1885 онуудад Халхын Сайн ноён аймгийн Хөх толгой (Хөхөө толгой) харуулд алба хүлээн сууж байсныг тогтоосон юм.

Гэр харуулын түшмэл, цэргийн бүртгэлд бичсэн нэр, он цаг аман түүхийн мэдээтэй дүйж байгаа учир Хөх толгой харуулд сууж байсан Халхын Сайн ноён аймгийн гүн Дарамбазарын хошууны цэрэг Өвөг бол Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны уугуул Г.Анхсанаагийн аавын талын удмын хүн мөн хэмээн үзэж болохоор байна.

зураг
 
Хувийн архиваас нь авч, ашиглав

Архивын баримтаас харахад Халхын Сайн ноён аймгийн гүн Дарамбазарын хошууны сум ард Өвөг бээр гэр харуулын албанд томилогдон 1870-аад онд нутгаасаа гарч, улмаар Хөх толгой харуулд үе улиран суужээ. Хөх толгой харуулын цэрэг Өвөгийн хөвгүүн Чогсом болон түүний ураг удмын Маналжав, Жадамбаа, Ганболд нар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум амьдарч байжээ.

Энэ талаар Монгол Улсын Үндэсний Төв Архивт буй хүн амын тооллогын баримтаас тодруулан үзэж болно. Эдгээр баримт нь Сайн ноён аймгийн гүн Дарамбазарын хошууны сум ард Өвөг өрх гэрийн хамт харуулын нутагт үлдэж, түүний удмынхан одоогийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд үе улиран суусны гэрч юм.

Энэ мэтчилэн олон жишээг дурдаж болохоор байна. Уг судалгаа үргэлжилж байгаа бөгөөд харуулд сууж байсан хүмүүсийн ураг удмынхан өөрсдийн өвөг дээдсийг тодруулах санал, хүсэлт өгөх тохиолдол цөөнгүй гардаг.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа. 

-Та бүхэнд мөн баярлалаа, ажлын амжилт хүсье.