Индэр    
2023 оны 11 сарын 8
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Есуна Дугарова: Монголд ирээд шоконд орохуйц зүйлс харлаа. Хэн нэгэн асуухад л банкны картынхаа пин кодыг хэлчихдэг юм байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Цахим орчны дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд өчигдөр зохион байгуулагдлаа. 

Энэ үеэр Cyberbully буюу цахим орчинд бусдыг дарамталж, дээрэлхэх хандлагын талаар Колумбын их сургуулийн зочин профессор, доктор Есуна Дугарова оюутнуудад илтгэл танилцуулсан юм. 

Тэрбээр "Artificial Intelligence(АI) эрчимтэй хөгжиж буй энэ эрин үед цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах, аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах зэрэг нь чухал алхам. Эдгээрийг ялгаж, салгаж ойлгох хүрээнд та бүхэнд илтгэлээ танилцуулъя. 

Cyberbully буюу бусдыг онлайн орчинд гадуурхаж, дээрэлхэх явдал нь санаатай болон санамсаргүй байдлаар илэрч байдаг. Өөрөөр хэлбэл сошиал медиа болон бусад онлайн платформуудаар дамжуулан хэн нэгнийг хараах, доромжлох, айлган сүрдүүлэх, заналхийлэх, цуурхал тараах, хорлох гэх мэтчилэн үйлдэл цахим орчинд гарч байна. 

Тэр дундаа зөвшөөрөлгүйгээр бусдын хувийн мэдээллийг түгээх, хуваалцах эсвэл хуурамч нүүр зураг үүсгэн цахимаар гадуурхдаг явдал түгээмэл. Магадгүй бид өөрсдөө ч мэдээгүй явж байгаад цахим дээрэлхэлтэд өртсөн байж болно. Интернэт орчин нь өргөн цар хүрээтэй учраас хүн амьдралдаа онлайн гадуурхалтад санаатай, санамсаргүй байдлаар өртөж болдог. 

Дээрэлхэлтийн хор уршиг тухайн үедээ илрэхгүй байж болох ч таны тархинд тэдгээр сөрөг мэдээлэл нь улам хуримтлагдсаар эцэст нь сэтгэл зүйн гэмтэл trauma болж даамжрах эрсдэл бий. Өөрт үүссэн стрессээ гаргахгүй хуримтлуулсаар байвал хар хайрцаг тань дүүрсээр нэг л өдөр аюултай нөхцөл байдалтай тулгарч мэднэ.

Цахим дээрэлхэлт хүний сэтгэл санаанд нөлөөлснөөр сэтгэлийн хямрал, түгшүүртэй болоход хүргэдэг. Сэтгэл зүйн асуудалтай хүн өөрийнхөө өмнө тулгарсан сорилтыг даван туулах чадваргүй болж байдаг. 

Амиа хорлох бодол тээх, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурах, тусгаарлагдмал, ганцаардмал нэгэн болоход нөлөөлнө. Даамжирсаар бидний өөртөө итгэх итгэлийг бууруулдаг. Сэтгэцийн эрүүл мэндээр зогсохгүй биеийн эрүүл мэндэд давхар нөлөө үзүүлдэг.

Зарим тохиолдолд бидний толгой өвдөнө гэдэг чинь гаднаас ирсэн "Bully"-тэй (дээрэлхэлт) тодорхой хэмжээнд холбоотой байж болно. Энэ нь цаашилбал нойргүйдэлд хүргэдэг хүчин зүйл" хэмээн хэллээ. 

"Цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд дижитал бичиг үсгийн боловсролтой болох нь чухал"

Үргэлжлүүлэн "Өдөржин нөгөө цахим дээрэлхэлтээ бодчихоор бид яаж эрдэм мэдлэг олж авах вэ. Сэтгэлийн хямрал, бусад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь амьдралын сорилтыг даван туулахад саад болж, академик амжилтад маань нөлөөлснөөр оюутнуудын хувьд F дүн авахад хүргэнэ. 

Барууны орнуудад Cyberbully нь маш их хор хохирлыг авчирч байна. Үүнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс нөхцөл байдал хүндэрдэг. Миний хувьд Америк улсад ажиллаж, амьдарч байна. Дийлэнх хүнийх нь стресс дээд түвшинд хүрчихсэн байдаг. Монголтой харьцуулж судлахад энд харьцангуй гайгүй юм байна. 

Яагаад гэвэл монголчууд аав, ээж, ахан дүүстэйгээ хамт цөм гэр бүл болж амьдардаг юм байна. Хамтаараа, бөөнөөрөө амьдардаг учраас тодорхой хэмжээнд харьцуулалт гайгүй байлаа.

Барууны орнуудад ихэвчлэн улс төрийн зорилгоор Cyberbully явагддаг. Үүний зэрэгцээ ямар гарал үүсэлтэй хүн бэ гэдгээсээ хүртэл шалтгаалаад цахим гадуурхалтад өртдөг юм байна. Тодорхой дата мэдээлэл цуглуулж үзэхэд АНУ-ын залуусын 40 орчим хувь нь цахим гадуурхалтад өртсөн байдаг. 

Цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд дижитал бичиг үсгийн боловсролтой болох нь чухал алхам. Онлайн орчинд хариуцлагатай байж, хувь хүмүүстэй зөв, зохистой харьцах хэрэгтэй гэж үздэг. 

Жишээлбэл Швед, Норвеги зэрэг улсад бага насны хүүхдэдээ дижитал бичиг үсгийн боловсролыг чухалчилж үздэг. Онлайн мэдээллүүдэд шүүлтүүртэй, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хариуцлагатай хандаж, цахим харилцаанд хүндэтгэлтэй байх чадваруудыг заадаг гэсэн үг" хэмээв. 

"Монголчууд өөрсдийнхөө цахим нууцлалыг алдагдуулсаар байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн тэрбээр "Цахим гадуурхалтаас сэргийлэхийн тулд бид хувийн аюулгүй байдлаа хамгаалж, хадгалах нь нэн чухал. 

Би Монголд ирснээс хойш хэд хэдэн гайхширмаар зүйлийг олж харлаа. Үнэхээр шоконд орсон. Монголчууд өөрсдийгөө их нээлттэй байлгадаг ард түмэн юм байна.

Бараг асуусан болгонд нь утасны дугаар, нэр зэрэг хувийн мэдээллээ нээлттэй хэлээд өгчихдөг юм байна. Ямар нэгэн үйлчилгээ авахдаа банкныхаа пин кодыг асуухад шууд хэлчихдэг юм байна. Олон улсад энэ мэдээлэл маш нууцлалтай байдаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэнд хэлж, үзүүлж ч болдоггүй код юм.

Энэ мэтчилэн монголчууд өөрсдийнхөө цахим нууцлалыг алдагдуулсаар байна. Өөрсдийгөө аюулгүй байлгаж чадахгүй байна гэсэн үг.

Цахим орчинд хэнийг найзаар нэмэх, ямар мэдээллийг хоорондоо хуваалцах, бусдыг гомдоогоогүй байгаа гэх мэтчилэн өөрсдөдөө дандаа шүүлтүүртэй хандаж сурах нь чухал. Би ямар зургийг хэзээ, яагаад шэйр хийв гэдгээ хүртэл тодорхой хэмжээнд анхаарч, шүүлтүүртэй хандаарай.

Ерөнхийдөө Монгол орныг тайван гэж үзэж байна. "Comfort Zone" буюу та бүхэн тухтай бүсдээ амьдарч байгаа учраас санаа зовохгүй байгааг үгүйсгэхгүй. Гэвч гадаадын өөр улс орон руу явахад хувийн нууцлалаа маш сайн хангах хэрэгтэй. Ялангуяа Америк зэрэг барууны орнуудад хувийн мэдээллээ алдвал том аюул.

Монголд гэр бүл, найз нөхөдтэйгөө ойр байдаг. Асуудал тулгарвал ядаж хажуугийнхаа хамаатан, садан ах, эгчийндээ ордог. Гэтэл гадаадад яваад очингуут бидэнд хамаатан, садан, үеэл, найз нөхөд маань байхгүй учраас тодорхой хэмжээнд оюун санаандаа гэмтэл авдаг. Үүнээсээ болоод аюултай нөхцөл байдалд орох эрсдэл бий" хэмээн зөвлөлөө.