Индэр    
2023 оны 11 сарын 20
Зураг
iKon.mn Сэтгүүлч

М.Эрдэнэ: Монголын нутагт 5,000 жилийн өмнө амьдарч байсан европ төрхтэй нүүдэлчин малчид мал адгуулах соёлыг түгээн дэлгэрүүлсэн

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
  • Монголчуудын удмын сан хэрхэн бүрэлдэж тогтсон бэ?
  • Мал адгуулах соёл хаанаас үүсэлтэй вэ?
  • Монголын нутагт хамгийн анх ямар мал гаршуулж эхэлсэн бэ? ... Эдгээр асуултын хариултыг судлаачид олж, тогтоожээ. 

Эрдэмтэд эртний хүмүүсийн шүдний чулуужсан өнгөрт агуулагдах сүүний уургийг шинжилж, Монголын тал нутагт мал аж ахуй хэзээнээс үүссэнийг тогтоожээ.

Үүний зэрэгцээ одоогийн Монголын нутагт 5,000 гаруй жилийн өмнө хоёр өөр царай зүстэй хүмүүс амьдарч байсныг биологийн антропологийн судалгаагаар тодорхойлжээ. Европ дүр төрхтэй нүүдэлчин малчид, монголжуу зүстэй нутгийн иргэд баруун ба зүүн бүс нутагт тус тус амьдарч байсныг судалгаагаар баталсан байна.

Одоогийн Монголын газар нутгийн зүүн бүсээр аж төрж, амьдарч байсан монголжуу царай төрхтэй эртний хүмүүсийн булшнаас ясан болон чулуун зэв, хутга, сүх, хусуур гэх мэт аж ахуйн болон бусад багаж зэвсэг, буга, гахай зэрэг амьтны шүдээр хийсэн зүүлт зэрэг гоёл чимэглэлийн зүйл олдохоос гадна энэ бүс нутгаас тариа, будааны чулуун самбар, нухуур, сөрлүүрт жад зэрэг эд хэрэгсэл олддог байна.

Гэвч ази, европ төрхтэй тэдгээр хүн монголчуудын удам зүйг бүрэн тодорхойлохгүй. Тэгвэл эрдэмтэн, судлаачид ямар үр дүнд хүрсэн бол... 

Макс Планкийн хувьслын антропологийн хүрээлэн болон Харвард, Кембриж, Арканзас зэрэг дэлхийд эрэмбээрээ тэргүүлэгч их сургуулиудын эрдэмтэн,
судлаачид хамтран монголчуудын удам зүй, цагаан идээ, мал адгуулах соёл зэргийг таван жилийн хугацаанд өргөн хүрээнд судалсан байна. 

Тодруулбал өмнө нь шинжлэх ухаанд тодорхойлогдож байгаагүй шинэ төрлийн АШИГТАЙ БАКТЕР-ийг монгол хүний гэдэснээс илрүүлсэн талаар судалгааны багийн гишүүн, профессор М.Эрдэнэ хэлж байв.

“Цагаан идээний соёл” гэх том төслийн хүрээнд Монголын эртний хүн амын ДНХ, Монгол нутаг дахь мал аж ахуйн гарал үүслийг ч давхар судалжээ.

Өөрөөр хэлбэл олон улсын хамтарсан багийн гишүүд биологийн антропологи, археологи, биомолекул, шим судлал, микробиологи, удам зүй зэрэг олон чиглэлийн судалгааг хийж гүйцэтгэсэн байна.

Зураг1. Судалгааны багийн гишүүдийн мэдээлэл

зураг
 
Хувийн архиваас нь авч, ашиглав

"Монголчуудын удам зүй, мал сүрэг адгуулах соёлын үүсэл, хөгжил"-ийн талаарх судалгааны баримтын хүрээнд МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн биологийн антропологийн профессор М.Эрдэнэтэй үргэлжлүүлэн ярилцсанаа хүргэж байна. 



-Монгол нутгаас археологийн малтлагаар олдсон эртний хүний шүдний чулуужсан өнгөрөөс дээж авч судлахад хамгийн эртний сүүний уургийн олдвор 5,000 гаруй жилийн өмнө амьдарч байсан хүнийхээс олдсон талаар өмнөх ярилцлагад дурдаж байсан. Тэгэхээр монголчуудын мал адгуулах соёл 5,000 жилийн түүхтэй гэж хэлж болох уу? 

-Одоогоос 5,000 жилийн өмнө зүүн Европын өмнөд хэсгээс гаралтай европжуу царайтай малчид (афанасьевчууд) Сибирийн өмнөд хэсэг, уулын Алтай нутгаас өнөөгийн Монголын Алтай, Хангайн нуруунд ирж суурьшин, мал адгуулах соёлыг дэлгэрүүлсэн байна.

Ийнхүү бэлчээрийн мал аж ахуй одоогийн Монгол нутаг даяар маш хурдан тархаж, нэгэн мянган өнгөрөхөд айл, өрх бүрийн гол амьжиргаа болжээ.

Археологи, антропологийн судалгаанаас харахад афанасьевчууд нь хонь, ямаа, үхрийг гаршуулж байсан баримт олддог. Өөрөөр хэлбэл эртний хүний шүдний чулуужсан өнгөрөөс авсан сүүний уургийг лабораторийн нөхцөлд ангилан ялгахад хонь, ямаа, үхрийн сүүг хэрэглэж байсан нь тодорхойлогдсон.  

Төслийн хүрээнд мал аж ахуйн үүсэл хөгжлөөс гадна одоогийн Монголын нутагт 5,000 жилээс нааш амьдарч байсан хүмүүсийн угсаа гарал, удам зүйн судалгааг ч гүйцэтгэлээ.

Эртний хүмүүсийн яснаас дээж авч, ДНХ-гийн судалгааг нарийвчлан хийсэн гэсэн үг. Монгол нутагт амьдарч байсан хүмүүсийн удам зүйг судлахад нэлээд сонирхолтой баримтууд ажиглагдсан.

Өнөөгийн монголчуудын удмын сан дундад зууны сүүл үеийн хүн амынхтай тун ойр төстэй. Өөрөөр хэлбэл Монголын эзэнт гүрний үеэс хойш монголчуудын удмын санд бараг өөрчлөлт ороогүй. 

"5,000 жилийн өмнө Монгол нутагт хоёр өөр төрлийн царай зүстэй хүмүүс амьдарч байсан"

-Анх европжуу царайтай хүмүүс (афанасьевчууд)) мал адгуулах соёлыг монголын нутагт оруулж ирсэн гэж ойлголоо. Үүнийг та бүхэн яаж баталсан юм бэ? 

-Археологийн судалгаагаар 5,000 жилийн өмнө европжуу царайтай хүмүүс (афанасьевчууд) одоогийн Монголын нутагт мал маллан амьдарч байсан баримт олддог. Тэдний дүр төрхийг дүрсэлбэл монхор хамартай, хүнхэр нүдтэй, биерхүү, шар царайтай хүмүүс байж. 

Үүнийг бид антропологийн судалгаагаар баталсан. Өмнөд Сибирь, Алтайн нутгаас афанасьевчуудын оршуулга ихээр олддог. Тэд нас барагсдаа оршуулахдаа талийгаачийн амьд ахуй цагтаа адгуулж, маллаж байсан малаас нь оршуулгад хамт тавьдаг байжээ.

Хойд насандаа мал аж ахуйгаа эрхэлж явахыг бэлгэдэн ийнхүү оршуулдаг байж. Ийм оршуулга Монголын зарим нутгаас ч олддог.

Афанасьевчууд нь дэлхийн түүхэнд том гавьяатай хүмүүс. Тэд хүний оршуулган дээр эсвэл нүхийг таглан тэрэгний модон тэвш, дугуй зэргийг тавих заншилтай байжээ. Ийм зан үйл бүхий оршуулга баруун Монголын нутгаас бас олдсон.

Энэ нь Монгол нутагт олдсон тэрэгний хамгийн эртний олдвор юм. Дугуйт тэрэг нь ачааг зөөвөрлөж, нүүдэллэх замыг илүү хурдан, дөт болгодог байжээ.  

-Монгол нутагт мал аж ахуй үүсэж хөгжсөн гэх бодол тэс өөрөөр эргэсэн нээлт болжээ.

-Зөвхөн Монголд гэлтгүй, төв Ази, зүүн Азийн нутаг дахь мал аж ахуйн гарал үүслийг тайлбарлахад чухал ач холбогдолтой судалгаа болсон.

Шинжлэх ухаанаар батлагдсан одоогийн судалгаагаар бол баруун талаас европжуу царайтай хүмүүс мал аж ахуйг монгол нутагт оруулж ирсэн. 

-Удмын мэдээллийг ялган харуулах судалгааг ямар аргаар хийсэн бэ? 

-Үндсэн Бүрэлдэхүүний Шинжилгээ (ҮБШ) (Principal Component Analysis буюу PCA)-ний аргаар хийсэн. Энэ нь хувь хүн ба бүлэг хүмүүсийн удмын мэдээллийг харьцуулах арга юм.

ҮБШ-ний зураг дээр цэг бүр хувь хүнийг илэрхийлнэ. Ойролцоох цэгүүд нь удмын хувьд илүү төстэй, хол зайтай цэгүүд нь удмын хувьд төс багатай гэх утгыг үзүүлнэ. 

Монгол Улсын хүн амын бүтэц цаг хугацааны явцад янз бүрээр өөрчлөгдөж байжээ.

зураг
 
Хувийн архиваас нь авч, ашиглав.
зураг
 
Хувийн архиваас нь авч, ашиглав.
зураг
 
Хувийн архиваас нь авч, ашиглав.

-Тэгвэл 5,000 жилийн өмнө Монголын зүүн хэсгээр амьдарч байсан хүмүүсийн оршуулгаас ямар эдлэл, хэрэгсэл олддог вэ? 

-Монголын зүүн бүс нутгаар амьдарч байсан хүмүүсийн булшнаас ясан болон чулуун зэв, хутга, сүх, хусуур гэх мэт аж ахуйн болон бусад багаж зэвсэг, буга, гахай зэрэг амьтны шүдээр хийсэн зүүлт зэрэг гоёл чимэглэлийн зүйл олдохоос гадна энэ бүс нутгаас тариа, будааны чулуун самбар, нухуур, сөрлүүрт жад зэрэг эд хэрэгсэл олддог.

Булш нь ихэнхдээ том голуудын ойролцоо байрладаг бөгөөд зарим тохиолдолд онго шүтээний өвөрмөц олдворууд олдоно. Тэдний оршуулгаас гэрийн тэжээмэл малын яс гараагүй. Монголын зүүн болон төв бүс нутгийн чулуун зэвсгийн үеийн хүмүүс Байгаль нуур орчмын тухайн үеийн хүн амтай ижил гентэй байжээ.

Тэгэхээр 5,000 жилийн өмнө Монгол нутагт хоёр өөр төрлийн царай зүстэй хүмүүс байсан гэсэн үг. Монголжуу царайтай хүмүүс зүүн зүгийн нутгаар амьдарч байсан нь антропологийн судалгаагаар нотлогдсон. Ази дүр төрхтэй эртний хүмүүсийн булш Хэнтий, Дорнодын нутгаас олдох нь түгээмэл.

Харин европжуу царайтай нүүдэлчин малчдын булш Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Шатар чулууны дурсгалт газраас олдсон.

Монголд бүр 800,000 жилийн өмнөөс хүн амьдарч байсан бөгөөд тэд байгалийн ургамал, үр жимс түүж идэж ан гөрөө хийж амьдарч байжээ.  

"Монголын эзэнт гүрний үед орчин үеийн монголчуудын удмын сан бүрэлдэх эхлэл тавигдсан"

-Одоогийн монголын хүн амын удам зүй хэдий үеэс эхлэлтэй вэ. Магадгүй афанасьевчууд монголжсон гэж ойлгож болох уу?

-Хамгийн сонирхолтой нь афанасьевчууд монголжиж чадаагүй. Тэдний ген дараа дараагийн үеүдэд төдийлөн харагддаггүй.

Тухайн үед энэ нутагт (одоогийн Монголын нутаг) амьдарч байсан хүмүүстэй тэд нэг их холилдож, гэрлээгүй. Үүнтэй холбоотой тод ул мөр байдаггүй. Гэхдээ афанасьевчууд мал адгуулах соёлоо түгээн дэлгэрүүлсэн. 

-Үүнээс хойш одоогийн Монголын нутагт өөр соёл иргэншилтэй хүмүүс нүүдлээр орж ирсэн үү. Энэ талаарх баримт бий юу? 

-Хүрэл зэвсгийн эхэн үе буюу 3,900-4,700 орчим жилийн өмнө дахиад өөр хүмүүсийн мөр гарч ирсэн. Тэднийг археологит Хэмцэгийн соёл гэж нэрлэдэг, мөн л мал малладаг хүмүүс байсан бөгөөд баруун Сибирийн европжуу төрхтэй хүмүүсийн ген дийлэнх, төв Азийн өмнөд хэсгийн эртний иран хэлт ард түмний ген бага зэрэг холилдсон удам зүйтэй байжээ.

Байгаль нуур орчмын гентэй хүмүүс Монголын нутаг руу тархан улмаар одоогоос 2,900- 3,900 жилийн өмнө Алтай нутагт суурьшихдаа Уралын нурууны өмнөд хэсгээс тэнд нүүдэллэн ирсэн европжуу хүмүүстэй холилдсон. Тэдний үр сад бол төмрийн түрүү үе буюу одоогоос 2,200-2,400 жилийн өмнө баруун Монголд амьдарч байсан Чандманий соёлыг үлдээгч хүмүүс болно.

Харин зүүн Монголын нутгаар энэ бүх хугацаанд ази царайтай хүмүүс амьдарч байв.

Хүннүгийн үед буюу одоогоос 2,000 орчим жилийн өмнө баруун ба зүүн бүсийн хүн амын хооронд холилдох үйл явц эрчимжсэнээс гадна баруун зүгээс Хар тэнгис, Каспийн тэнгисийн хойгуур нутагладаг сарматчуудын болон өмнө зүгийн генийн хольц орж ирсэн байна.

Өөрөөр хэлбэл Хүннүгийн үед одоогийн Монголын нутагт амьдарч байсан хүмүүсийн удам зүй олон янз байж. Хүннүгийн дараагийн үед ч энэ холилдоон мөн л үргэлжилсэн.

Харин Монголын эзэнт гүрний үед орчин үеийн монголчуудын удмын сан бүрэлдэх эхлэл тавигдсан. Эзэнт гүрний үеийн хүн амын генийн сангийн 55-64% нь энэ нутагт хүрэл зэвсгийн үеэс оршин суусан дөрвөлжин булшны хүмүүсийн ген байдаг бол үлдсэн хэсэг нь баруун болон өмнө зүгийн гений хольц байдаг.

зураг
 

-Тэгэхээр Монголын эзэнт гүрний үеэс өнөөгийн монголчуудын удмын сан, царай төрх тогтсон байх нь.

-Тийм ээ. Монголын эзэнт гүрний үеэс хойш Монголын хүн амын удамшлын төлөв байдал дорвитой өөрчлөгдөөгүй бөгөөд өнөөгийн бидний төрх тухайн үед бүрэлдсэн байна. Монголын эзэнт гүрний үед бий болсон удамшлын бүтэц нь өнөөгийн Монгол Улсад амьдарч буй хүн амыг тодорхойлдог хэвээр байна.

Монгол бол газар зүйн хувьд өрнөөс дорно руу, умраас өмнө зүг рүү зорчих урсгал зам дээр байрладаг тул эртний хүн амуудын олон нүүдэл, шилжилт хөдөлгөөн дамжин өнгөрсөн.

Энэ бүхэн өнөөгийн Монголчуудын удмын санд тодорхой хэмжээгээр ул мөрөө үлдээсэн нь генетикийн нарийн шинжилгээгээр тодорхойлогддог. 

"Монголын нутагт хамгийн анх хонь, үхэр, ямааг өсгөн үржүүлж байжээ"

-Түүнчлэн Монголын нутагт хамгийн анх ямар мал адгуулж байсныг энэхүү судалгаагаар тогтоосон гэсэн үү. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулна уу? 

-Олон улсын судалгаанаас харахад хонь, ямаа, үхрийг баруун Азид 8,000-10,000 жилийн өмнө анх гаршуулсан бөгөөд мал аж ахуй аажмаар Ази, Европ тивийн бусад газар руу тархжээ.

Мал аж ахуйн үүсэл, хөгжил, тархалтыг судлахад археологийн судалгаанаас гадна биомолекул, эртний протеомикийн (уургийн) судалгааны арга чухал ач холбогдолтой.

Эртний протеомикийн судалгаа нь эрт үеийн хүн амьтны янз бүрийн уургийг судалдаг. Бид хүний шүдэнд наалдаж үлдсэн өнгөрөөс сүүний уургийг нь ялган цэвэрлэж ямар амьтных, ямар цагаан идээнийх болохыг тодорхойлсон.

Дээр дурдсанчлан Монголын нутагт хамгийн эрт нь 5,000 жилийн өмнө амьдарч байсан хүмүүс гэрийн тэжээмэл малтай байсан болохыг тогтоосон. Тэр хүмүүсийн шүдний өнгөрөөс салаа туурайтан гэрийн тэжээмэл амьтны (хонь, ямаа, үхрийн) сүүний уураг олдсон. Энэ нь сүүг өдөр тутам тогтмол хэрэглэдэг байсны шинж юм.

-Монголын талд хамгийн анх хонь, үхэр, ямааг өсгөн үржүүлж байсан гэж ойлголоо. 

-Тийм. Манай улсын нутаг дээр 4,800-5,000 жилийн өмнө амьдарч байсан хүмүүс хонь, ямаа, үхрийг өсгөж үржүүлэн сүү саалийг нь ашигладаг байж. Харин ойролцоогоор 3,200 орчим жилийн өмнөөс гүүний сүүг хэрэглэдэг болжээ. 

-Тэгвэл ингэний сүүний уураг хэдий үед тодорхойлогдсон бэ? 

-Ингэний сүүний уургийг одоогоос 800 жилийн өмнө говьд амьдарч байсан хүний шүдний чулуужсан өнгөрөөс илрүүлсэн. Үүнээс өмнө ингэний сүүг хэрэглэж байсан уу, үгүй юу гэдэг нь одоохондоо мэдэгдээгүй. Яагаад гэвэл ийм материал хараахан олдоогүй байна. Бид судалгаагаа цааш гүнзгийрүүлээд судалбал тодорхой баримтууд гарч ирэх болов уу. 

Монголын эзэнт гүрний үед монголчууд таван хошуу малаа тавууланг малладаг, сүү шимийг нь ашигладаг байсан. Бидний судалгаагаар нэг хүний шүдний өнгөрөөс хэд хэдэн төрлийн малын уураг тодорхойлогдох тохиолдол нэлээд байсан.

Жишээ нь, Монголын эзэнт гүрний үеийн олдворуудаас нэг хүний шүдний өнгөрт хивэгч мал, гүү, ингэний сүүний уураг олдсон бол бусад хүмүүсийнх нь шүдний өнгөрт хивэгч мал, гүүний сүүний уураг тодорхойлогдсон.

Түүнчлэн Хүннүгийн үеийн гурван хүний олдворт гурвууланд нь сүүний уураг олдсон бөгөөд эхний хүнд гүүний сүү, хоёр дахь хүнд үхрийн болон ямааны сүү, гурав дахь хүнд хивэгч малын сүү, мөн шар сүүний уураг, гүүний сүүний уураг илэрсэн.

Үүнээс үзэхэд Монголын нүүдэлчид Хүннүгийн үеэс гүүнийхээ айргийг маш сайн ууж, хэрэглэж хэвшсэн байжээ.

 

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.