Монголчууд дугуйтай тээврийн хэрэгсэлд суугаад 100 гаруй жил болжээ. Мориноос буугаад машин унаж сурч буй ч асуудал дуусаагүйг одоогийн Улаанбаатарын замын хөдөлгөөн харуулж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу.
Тээврийн цагдаагийн албанаас гаргасан тоон мэдээлэлд 1929 онд Монголд бүртгэлтэй 20 тээврийн хэрэгсэл байв. Харин ардчилсан нийгэмд шилжихийн өмнөх нь буюу 1989 онд 43,491 тээврийн хэрэгсэл улсын хэмжээнд бүртгэгдэж байж.
Тэгвэл 2022 онд нийт 1,264,892 тээврийн хэрэгсэл улсын хэмжээнд бүртгэгдсэн байна. Үүнээс 712,992 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаагаас 513,953 нь суудлын автомашин юм.
Энэ олон машиныг ямар хэмжээний дүрмийн мэдлэгтэй, жолооны сургалтаа хэр зэрэг амжилттай төгссөн хүн жолоо атгаж байгаа вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл мориноос буугаад 100 жил болсон хүмүүс машин зөв барих арга барилд найзуудыгаа хэрхэн амжилттай бэлдэж байгаа вэ?
Нийтийн тээвэр хүртээмжгүй байдал, тэг зогсолттой энэ цаг үед хүмүүс хувийн авто машиныг сонгох болсон. Жишээлбэл Улаанбаатар хотод сүүлийн гурван жилийн хугацаанд жилд дунджаар 47,000 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж буйг Түгжрэлийн сайд мэдээлсэн.
Хуучирсан нийтийн тээвэрт шахцалдан түгжирч явснаас хямдхан ч гэсэн хөл дүүжлэх унаа олж аваад дуртай хөгжмөө сонсоод түгжрэх нь нэг бодлын тав тух байж магадгүй. Тээврийн хэрэгсэл нэмэгдэх тусам зам тээврийн ослын тоо нийслэл хотод өсдөг аж. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 24,121 зам тээврийн осол гарснаас 20,322 нь зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Тус зам тээврийн ослын 96.5 хувь буюу 23,277 нь зөвхөн жолоочийн буруутай үйлдлээс болсон байна. Тэгвэл 2022 онд нийслэл хотод жолоочийн буруутай үйлдлээс болж 19,583 осол бүртгэгдсэн аж.
Нэг харамсалтай тоон мэдээлэл нь зам тээврийн ослоор нас барж буй хүмүүс гэмт хэрэгт өртөж нас барагчдаас хамаагүй их байна. Жишээлбэл өнгөрсөн онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас газар дээрээ болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 539 хүний амь нас хохирсны 453 нь орон нутгийн замд, 86 нь нийслэлд бүртгэгдсэн байгаа юм. Гэтэл гэмт хэргийн улмаас 2022 онд 280 хүн амь насаа алдсан гэсэн тоо бий.
Жолоочийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарч буй нь жолооны сургалтын байгууллагуудын чанарын асуудлыг ярихад хүргээд байна. Одоогоор манай улсын нутаг дэвсгэрт 1.4 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна. Үүний 63.1 хувийг эрэгтэй, 36.9 хувийг эмэгтэй хүн бүрдүүлдэг аж.
Тээврийн цагдаагийн албанаас 2022 онд зам тээврийн осолд холбогдсон 18,590 жолоочийг нарийвчилсан судалгаанд хамруулсан байна. Гэтэл осолд холбогдсон жолоочдын 6,882 нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ аваад 0-4 жил болсон хүмүүс байжээ.
Гэтэл албан ёсны жолооны сургуулиа сурч, шалгалтдаа тэнцээд гарч буй хүмүүс осолд холбогдох магадлал бага баймаар юм шиг. Даанч дээрх судалгаанаас эсрэг үзүүлэлтүүд гарсан байна.
Мөн 2022 онд осолд холбогдсон 18,000 гаруй жолоочийн 4,434 нь эмэгтэй хүн байгаа аж. Энэ нь эмэгтэй жолоочийн зам тээврийн осолд өртсөн байдал 2021 оны үзүүлэлтээс 17.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн осолд холбогдсон жолооч нарын
Мэдээж хэрэг осолд холбогдсон жолооч нарын дийлэнх буюу 13,032 нь суудлын машин жолоодох эрх бүхий хүмүүс байсан байна. Тэгэхээр жолооны сургалтын байгууллага чанарт анхаарах цаг ирснийг дээрх судалгаа тодорхой хэмжээгээр харуулж байна.
Хуулиараа бол 18 нас хүрсэн иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болдог. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 247 жолооны сургалтын байгууллага идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Харин орон нутагт 192 жолооны сургалтын байгууллага жолооч бэлтгэж байгаа аж.
Хууль зүй, дотоод хэрэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны A/46, A/09 дугаартай хамтарсан тушаалаар баталсан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах" журмын дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг жолооч бэлтгэх сургалтын байгууллагын төгсөгчдөөс Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төв Замын хөдөлгөөний хууль, дүрмийн онолын болон дадлагын шалгалтыг авч тэнцсэн иргэдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгодог.
Шинээр жолооч болохоор төлөвлөж буй хүмүүс юу сурах талаар зарим жолооны сургуулиудын багш нараас тодрууллаа.
Олон нийтийн сүлжээнд зараа тавьж буй сургуулиуд "онлайн ангидаа элсэлт авна", "жолооны үнэмлэх 14-45 хоногт түргэн шуурхай гаргана", "хурдан хугацаанд амжилттай төгсгөнө" гэх мэт чихэнд чимэгтэй үгээр үйлчлүүлэгчдээ татдаг болжээ. Харин жолооны сургалтын төлбөр 600 мянган төгрөг хэвээрээ байгаа юм.
Суралцагч замын хөдөлгөөний хууль, дүрэмтэй холбоотой хичээлийг өөрөө бие дааж, гэрээрээ суралцах болсныг ААН-үүд онцолж байв. Өмнө нь жолооны сургуулиуд нь туг тойруулах, машин зогсоолд тавиулах гэх мэт дадлагын хичээлийг ордог байсан аж. Гэвч ихэнх жолооны курс долоо хоногт 2-3 удаа хотын замын хөдөлгөөнд оролцуулж дадлагад гаргадаг байна. Орон сууцнуудын зогсоолоос машинаа оруулж гаргахаас дадлагын жолоодолт эхлэх аж.
Зарим жолооны сургууль "хамгийн чухал дадлагын хичээлээ хотын түгжрэл дотор зогсож байгаад дуусгадаг. Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төв дээр очиж замын хөдөлгөөний жолоодлогын шалгалтыг 10 минут хотын хөдөлгөөнд оруулаад болчихдог гэсэн. Хуучин шиг туг тойруулж шалгалт авахаа бараг больсон. Гэхдээ үнэмлэх баталгаатай гарна" гэсэн хариуг өгсөн юм.
Жолооч бэлтгэж буй сургалтын байгууллагын чанарын талаар нарийн судалгаа тун ховор.
Энэ онд ямар нэгэн байдлаар зөрчил гаргасан нийт 25 жолооны сургалтын байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцалсан байна. Харин өнгөрсөн онд Тээврийн цагдаагийн алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан ажлын хэсэг Улаанбаатарт нэгдсэн шалгалт явуулсны үр дүнд 49 жолооны сургалтын байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түр цуцалсныг ХНХЯ-ны ХНХ-ын Сургалт, үнэлгээ, судалгааны институтээс мэдээлэв. Мөн үйл ажиллагаа цуцлагдаж буй газруудын дийлэнх нь жолооны 1-2 багштай байдаг аж.
Жолооны сургалтын байгууллагуудын зөвшөөрлийг цуцлахын тулд үйл ажиллагаанд гарсан зөрчил, сургалтын орчин, суралцагчдаас ирүүлсэн гомдлыг харгалзан үздэг байна.
Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс ирүүлсэн мэдээллээр энэ оны эхний есөн сарын байдлаар орон нутаг болон Улаанбаатарт нийт хэдэн хүн жолоодох эрхийн шалгалтад хамрагдсаныг харуулжээ.
Орон нутагт шалгалт өгч буй хүмүүс Улаанбаатарынхаас илүү өндөр хувьтай тэнцэж байгааг харж болно. Харин Улаанбаатарчууд замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалтад хамгийн их унаж байгаа юм. Магадгүй энэ мэдээллээр жолооны курсүүдийн сургалтын чанарыг хэмжиж болох юм шиг санагдана.
Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрмээр улсын хэмжээнд жолооны сургалтын байгууллагуудыг тоог хязгаарладаггүй. Шаардлага хангасан бол зөвшөөрлийг нь эхний удаад нэг, дараа нь хоёр жилээр сунгаад явдаг аж.
2022 оны байдлаар манай улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий 1,469,707 жолооч бүртгэгдсэн байна. Мөн тус онд 62,865 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авчээ.
Өмнөх жилүүдийн тоон мэдээллийг харахад жилд 55-60 мянга гаруй хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болдог байна.
Мэдээж хэрэг жолооны сургалтыг чанартай явуулж буй ААН-үүд байгаа. Гэхдээ холбогдоод асуухад "чанартай тухтай сурахыг хүсвэл 45 хоног сууж болно" гэж буй ААН-үүдийн үйл ажиллагааг хянах зайлшгүй шаардлагатай. Ямар ч зүйлийг амар хялбараар хурдан шуурхай гүйцэтгэхийг боддог монголчуудын сэтгэхүйг өөрчлөхийн тулд жолооч болох босгыг өндөрсгөх чухал хэрэгцээ бий.
Жолооны сургуулиа төгсөөд 0-4 жил болж буй хүмүүс хамгийн их осолд холбогдсоныг дээр дурдаж байсан. Тэгэхээр энэ олон жолооч бэлтгэх сургалтын байгууллагынхаа тоонд бус чанарт анхаарах цаг ирсэн болов уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
|