Индэр    
СУРВАЛЖИЛГА: 12 дугаар сургуулийн 1,200 сурагч цахимаар хичээллэж, ахлах ангийнхан нь агаар муутай орчинд шахцалдан сууж байна
Зураг
2023 оны 11 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч

СУРВАЛЖИЛГА: 12 дугаар сургуулийн 1,200 сурагч цахимаар хичээллэж, ахлах ангийнхан нь агаар муутай орчинд шахцалдан сууж байна

зураг
 

Өглөө 08:00 цагаас өдрийн 13:15 цаг хүртэл бүгчим, агаараа сэлгэх боломжгүй тасалгаанд нэг ширээний ард гурав, дөрвөөрөө шахалдан суувал танд ямар байх вэ. 

Хаалгаа нээе гэхэд чимээ шуугиан ихтэй, цонхоо онгойлгоё гэхэд ойр орчмын хогийн цэг, өөр элдэв үнэр ороод ирнэ. Хэцүү санагдахаар байгаа биз? Тэгвэл яг ийм орчинд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид суралцаж байна.

"Энэ байрыг наймдугаар сарын сүүлээр олсон, бид бүгд ямар их баярласан гэж санана. Олдсон ганц нь л энэ" гэх тус сургуулийн багшийн яриа үнэндээ гунигтай санагдсан. Боловсролын салбар бол улсын тэргүүлэх салбар гэдэг хэр нь сурагчид нь сурах газаргүй болж, багш нар нь түрээсийн байр хайж явцгаана гэдэг үнэндээ эмгэнэл. Жил бүрийн есдүгээр сарын 1-н дөхөхөд тохиолддог нийтлэг үзэгдэл гэж бодохоор бүр ч бухимдмаар.

Бараг 76 жилийн түүхтэй 12 дугаар сургуулийн хуучин барилга нь 1963 онд баригджээ. Барилга насжилт их, чанар муудсан тул мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр 2021 оны арваннэгдүгээр сард нураасан байна. Шинэ байртай болгохоор 2022 оны гуравдугаар сараас барилгын ажлыг эхлүүлсэн ч тус сургуулийн 3,300 гаруй хүүхэд, 165 багш ажилтан өнөөг хүртэл "орох оронгүй" байна.

Тэд бүгдийн хүсэл нь шинэ байрандаа хичээллэх...

М.Туулсайхан: 3,300 сурагч маань гурав дахь жилдээ 4-5 газарт хуваагдан хичээллэж байна

зураг
 

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн захирал М.Туулсайхан "Сургуулийн үндсэн барилгыг нурааснаас хойш 82 бүлгийн 3,300 хүүхэд гурав дахь жилдээ 4-5 газарт хуваагдан суралцаж байна. Өнгөрсөн хоёр хичээлийн жилд Мандах дээд сургуульд түрээсээр хичээллэж байв. 

Энэ хичээлийн жилд хүндрэл их гарч байна. 28 бүлгийн дунд ангийн 1,200 хүүхэд хичээллэх газаргүй болсон" гэлээ. 

Хэдийгээр Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас төлбөрийг цаг тухайд нь шийдэж өгдөг ч сургуулийн ойр орчимд түрээслэх, сургалтын үйл ажиллагаа явуулж болохуйц барилга олдохгүй байгаа тул 6-9 дүгээр ангийн сурагчдаа цахимаар хичээллүүлэхээс өөр аргагүй болжээ. 

Сургуулиа төгсөх дөхсөн, анги дүүргэлт харьцангуй цөөн байдаг тул ахлах ангийн 19 бүлгийн 720 хүүхэд "Дөт сайхан" ХХК-ийн дөрвөн давхар байранд түрээсээр хичээллэж байгаа бол бага ангийнхан нь 2011 онд Япон улсын тусламжаар баригдсан өргөтгөлдөө суралцдаг. Энд 1-3 дугаар ангийн 24 бүлгийн 1,120 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна.

Харин 4-5 дугаар ангийн 520 сурагч нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрладаг 153 дугаар сургуулийн нэгдүгээрт давхрын таван ангид хоёр ээлжээр суралцаж байгаа юм. Энэ мэтээр багш, сурагчид тал талд аль боломж бололцоогоороо "суурьшжээ".

Сургуулийн захирал М.Туулсайхан "Хүүхдүүдийн суралцах орчин, сэтгэл зүй, сургалтын чанар хүртээмж нь асуудал болж байгаа. Гэхдээ эцэг эхчүүд маань тун сайн хамтарч ажилладаг. Хичээлийн шинэ жил эхлэхэд мэдээж хэрэг их бухимдаж байсан. Олон газар хуваагдаж суралцах, цар тахал дууссан байхад ч цахимаар хичээллэх, хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөх гээд олон асуудлыг хэлж байв. Эцэг, эхчүүдийн зөв. Тэд хүүхдүүдийнхээ төлөө дуугарах ёстой.

Ямар ч үед хүүхдийн суралцах эрх зөрчигдөж болохгүй тул БШУЯ дэмжье гэсэн ч нөхцөл байдал нь ийм болчихсон. Бид маш олон газар хайсан, бусад сургуулийн боломж бололцоонд суурилаад зарим бүлгээ хичээллүүлье гэтэл манай дүүргийн ихэнх сургуулийн ачаалал хэтэрч, гурван ээлжид орох эрсдэлтэй байгаа. Иймээс менежментээ сайжруулах үүрэг надад оноогдсон" гэлээ. 

Хийж буй зохион байгуулалтынхаа талаар тэрбээр "Цахимаар хичээллэж байгаа хүүхдүүдийнхээ сургалт, сэтгэл зүй, аюулгүй байдал зэрэг олон асуудлыг нь харгалзан багш сурагчид, эцэг эх, сургуулийн захиргаа гээд бүгд хамтарч ажиллаж байна. 

Тавдугаар ангиа төгссөн хүүхдүүд энэ жил зургаадугаар ангидаа цахимаар хичээллэж байна. Анги удирдсан багш, хуваарилагдсан багш нартайгаа танилцах, уулзах, харилцаатай байх гээд бидний өмнө тулгамдсан асуудал их бий.

Хэдийгээр байрны хүртээмж тааруу ч гэлээ хуваарь гарган, цахимаар хичээллэж байгаа дунд ангийнхантайгаа чөлөөт уулзалт хийх, музейн үзэх аялал, модуль сургалтаар танилцах аялал хийх, спортын арга хэмжээ зохион байгуулах, дүүргийн боловсролын газар, бусад сургуультай хамтран биеийн тамирын заалыг нь тодорхой хугацаанд үнэгүй ашиглах гэх мэт арга хэмжээ зохион байгуулдаг" гэлээ. 

Сургуулийн захирлын суудаг өрөөний цонх барилгын талбай руу чиглэдэг. Тиймээс тэрбээр байнга барилгын явцыг ажиглаж, барилгын ажилтан цөөн харагдвал захирал руу нь утастаж, олуулаа ажиллаж байвал баярладаг гэж байв.

зураг
 

Уг нь 12 дугаар сургуулийн барилгыг энэ оны зун ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байв. Гэвч хөрөнгө санхүүжилтийн асуудлаас үүдэн зуны саруудад үндсэндээ зогсжээ. Бүр төсвийг нь 2023-2025 он дамнуулсан тавьсан байжээ. Эл асуудлаар сургуулийн захиргаа, эцэг эхчүүд хамтдаа салбарын яам болон холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж, шахалт үзүүлснээр үр дүнгээ өгсөн байна. 

Энэ тухай М.Туулсайхан захирал "Боловсрол, шинжлэх ухааны сайд манлайлал үзүүлж, маш оновчтой бодлого хэрэгжүүлсэнд талархаж байгаа. Учир нь 2023 оны улсын төсөвт манай сургуульд 1.3 тэрбум төгрөгийг суулгасан байсан нь дөрөвдүгээр сард олгогдож дуусаад зургаадугаар сард барилгын ажил зогсонги байдалд орсон. Сайд 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр одоогийн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн П.Анужин, мөн Нийслэлийн Боловсролын Газар, Сангийн яамнаас гээд холбогдох бүх байгууллагын төлөөлөлтэй хамт манай сургууль дээр ирж ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан. Үүний үр дүнд үе шаттайгаар барилгын ажлын гүйцэтгэлээс хамаарч, санхүүжүүлэхээр болсон. Ингэснээр барилгын ажил үргэлжилж байна. 

Мөн барилгыг бүхэлд нь биш юм гэхэд блокоор нь ашиглалтад авъя гэсэн. Арваннэгдүгээр сарын 15-н, цаад хугацаа нь арванхоёрдугаар сарын 1-н гэхэд А, В блокийн 24 ангийг ашиглалтад оруулсан байх шаардлагыг манай салбарын сайд "Морин сүлд" ХХК-ийн захиралд тавьж, амлалтыг нь авсан" хэмээв. 

Шинэ барилга нь нийт 10,600 м.кв талбайтай, номын сан биеийн тамирын хоёр заалтай, 960 хүүхдийн суудалтай бөгөөд төсөвт өртөг нь 22.3 тэрбум төгрөг.

Сургуулийн захирлаас дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа ахлах ангийнхны суралцаж буй "Дөв сайхан" ХХК-ийн байрыг зорилоо. Нэг километр гаруйн зайтай аж. Сургууль нь ийшээ нүүснээр сурагчдын сургуульдаа ирэх хугацаа 15 минутаар уртасжээ.

Зэлүүд гэж тодорхойлж болохоор энэ замаар орой үдэш ганцаар явах нь аюултай санагдсан. Оройдоо согтуу хөлчүү хүмүүс явдаг тул "School police"-ууд сурагчдаа хамгаалах үүрэгтэйгээр дөрвөн газарт зогсдог байна. 

Орчин үеийн "Шинэ үсгийн багш нар"

"Дөт сайхан" ХХК-ийн хашааны буланд бариатай гэр бол багш нарын "Гэр өргөө".

Түрээсэлж буй байранд нь илүү өрөө байхгүй тул багш нар хичээлийн жилийн эхний хоёр долоо хоног багш нар гадаа суун ажиллажээ. Дараахан нь дүүргээс гэр авч, ийнхүү "Гэр өргөө"-тэй болсон байна. "Гал түлнэ, шинэ үсгийн багш гэдэг шиг л ажиллаж байна. Гэхдээ багш нар маань үнэхээр сэтгэл зүтгэлтэйгээр ажилладаг" хэмээн сургуулийн захирал нь ярьж байв.

Үнэхээр ч ажиллах орчин нь хүнд байлаа гээд ажлаа орхиж явалгүйгээр, хичээн ажиллаж буй багш нарыг хараад бахархах сэтгэл төрж байлаа.

"Цахим хичээлийн хамрагдалт буурч, 75 хувьтай болсон"

зураг
 

12 дугаар сургуулийн дунд ангийн Сургалтын менежер Ч.Пүрэвжаргал "Стандарт бус орчинд ахлах ангийн 10-12 дугаар ангийн 19 бүлгийн 540 хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа. 2-4 давхрын оффисын байрыг анги болгохын тулд дунд нь таславч хийсэн. Үдээс хойших ээлжид хоёр анги сул гардаг тул төгсөх ангийн сурагчид маань ээлжилж Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-даа бэлддэг. Цахимаар хичээллэж байгаа дунд ангийнхны хамрагдалт амралт дөхөх тусам буурсан. Одоогоор 75 хувь нь цахим хичээлдээ суудаг. 

Багш нарынхаа ачааллыг харгалзан цахимаар, танхимаар заах гэж хоёр хуваасан. Гэхдээ заримдаа цахим, танхим хослуулан ажиллах ч шаардлага тулгардаг" гэлээ.

Хүүхдүүдийн амрах цагийг бодолцон цахим хичээлийн хуваарийг 09:00-14:10 цаг болгожээ. 

Сургалтын менежер Ч.Пүрэвжаргал намайг дагуулан сурагчдын хичээлийн байр руу орж, орчинтой нь танилцуулсан юм. Үүдний хэсэг давчуухан, шатны хэсэг бүрэнхий гээд өөлөх зүйл олон харагдсан. Гэхдээ сурагчид анги танхимаа цаасан эрвээхэй, цэцэг зэргээр чимэглэж, хэрдээ тохижуулсан байгаа нь хайр татмаар байлаа. 

12 дугаар сургуулийн ахлах ангийн бүлэг дүүргэлт 25-35 аж. Хүүхдүүдийн суралцдаг анги руу ороход тун бүгчим байв. Агаар сэлгэх боломж маш хомс байгаа нь хамгийн том асуудал байгааг багш, сурагчид хэлсэн. 

Түүх, нийгмийн ухааны багш Г.Сэрсмаа "Хүүхдүүдэд тун хүндрэлтэй байгаа. Агааржуулалт муу, гурваараа шахалдаж суудаг, ойр орчмын үнэр зэрэг нь хичээлийн явцад хүндрэлтэй. 12 дугаар ангийн сурагчид маань сургуулийнхаа шинэ байранд сурч үзээд төгсөх юм сан гэж ярьцгаадаг.

Сурагчидтайгаа ганцаарчлан ярих, эцэг эхтэй нь тухтай уулзах, зөвлөгөө өгөх боломж маш бага" хэмээв.

Сургууль гэдэг бол зөвхөн хичээл заахаар хязгаарлагдахгүй, олон хэрэгцээ шаардлага байдаг ч тэр нь хангагдах боломж энд харагдсангүй. 

СУРАГЧИД: Бүхэл бүтэн сургууль ганц ариун цэврийн өрөөтэй

Энэ байранд хичээллэж буй сурагчдаас сэтгэгдлийг нь хуваалцахад хамгийн хүндрэлтэй байгаа зүйл нь ариун цэврийн өрөө хэмээн 12 дугаар ангийн сурагч охин хэлэхэд, ойролцоо зогсох хүүхдүүд бүгд л дуу нэгтэй зөвшөөрч байлаа. "Хөвгүүдтэй нэг 00-д орох хэцүү, бүхэл бүтэн сургуулиараа нэг 00-той байгаа. Дуу чимээний тусгаарлалт, орчны ариун цэвэр бас л том асуудал. Хогийн цэгтэй ойр учраас байнга таагүй үнэр үнэртдэг" гэсэн юм.

Харин 12 дугаар ангийн өөр нэг сурагч хүү "Суудал хүрэлцдэггүй, хоёр ширээг нийлүүлээд зургаан хүүхэд шахаж сууна, гараа чөлөөтэй тавих зай бараг байхгүй. Заримдаа хичээлээ хийхэд хэцүү. ЭЕШ-даа бэлдэх давтлагаа хагас сайнд л авна. Сургууль хурдан ашиглалтад ороосой гэж бодож байна. Анги маань их жижигхэн болохоор бүх хүүхэд хичээлдээ ирвэл хоёр нь ширээгүй болно. Бас агаар муутай" хэмээв.

Сурагчидтай ийнхүү хэсэг ярилцсаны дараагаар багш нарын гэр рүү дахин ороход Математикийн багш П.Цогзолмаа дэвтэр засаад сууж байв. Нэгдүгээр ээлжийнхэнд хичээлээ зааж дууссаны дараа цонхтой цаг дээрээ хүүхдүүдийн дэвтрийг засаж суусан түүнээс ажлын орчин нь ямар байгааг асуухад "Хүүхдүүдэд маань л их хүндрэлтэй байгаа. Багш нарын хувьд гэр бариад сууцгаасан, боломжийн байгаа. Гэрт бол тухтай. Анх хичээлийн жил эхлэхэд гадаа сууцгаадаг байлаа шүү дээ" гэсэн юм.

 "А, В блокийн явц 90 хувьтай байна. Анх ярьж төлөвлөсөн санхүүжилтийн 50 орчим хувь нь орж ирээгүй"

Ийнхүү сурагч, багш нарын ажиллаж буй нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа 12 дугаар сургуулийн барилгын талбайг зорилоо. 

Гүйцэтгэгчээр ажиллаж буй "Морин сүлд" ХХК-ийн Ерөнхий инженер Б.Бат-Амгалангаас барилгын явцын талаар тодруулбал "Одоогоор барилгын ажлын нийт гүйцэтгэл 87 хувьтай, А, В блокийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа. Арваннэгдүгээр сарын 15-нд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Ойрын хугацаанд халаалтаа авахаар узелийн тоноглолт угсралтын ажил явагдаж байгаа. Халаалтаа авсны дараа эмульсээ хийгээд, дараа нь доторх паркетан шал, хаалгаа хийгээд болно. 

Анх ярьж төлөвлөсөн санхүүжилтийн 50 орчим хувь нь орж ирээгүй. Санхүүжилт бүрэн хийгдэхгүй бол төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад өгөх хэцүү. Компани өөрсдөө нөөц бололцоогоороо, банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад ажиллаад байгаа. Шаардлагатай материалаа бүрэн татсан. Халаалтаа авчхаар барилгын ажил зогсолтгүй үргэлжилж, хэвийн явагдана. Өдөрт дунджаар 60-70 хүн ажиллаж байна" гэв.

Энэ сургуулийн барилгын А, В блок энэ сард багтаж ашиглалтад орвол цахимаар хичээллэж буй 1,200 хүүхэд танхимаар хичээллэж эхэлнэ.

Гэхдээ энд бас нэг асуудал гарч ирэх нь ширээ, сандлын тухай юм. Барилгын компани ажлаа гүйцэтгээд ашиглалтад өглөө гэхэд сурагчдын суух ширээ сандал, сургалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хэрэгслүүдийг татан авсан байх шаардлагатай болно. Энэ асуудлаар сургуулийн захиргаанаас албан бичгүүд хүргүүлсээр буй бөгөөд тэдэнд өгсөн мэдээллээр ширээ сандал захиалсан, хими, биологийн лаборатори байгуулах эд, хэрэглэгдэхүүнээр бүрэн хангах сайдын тушаал гарсан байна.

Барилгаа нураалгаснаас хойш түрээсийн байр дамжин хичээллэж буй ч 12 дугаар сургуулийнхан сургалтаа доголдуулаагүй аж. Үүнийг батлах жишээ нь тэд 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр нэгдүгээрт түвшинд үнэлэгдэн, 180 сая төгрөгөөр шагнуулж, багш ажилтнууддаа хуваарилж, урамшуулжээ. 

Мөн боловсролын тогтолцоонд шинээр нэвтэрч буй англи хэлний Pearson, түргэн уншлагын X-reading зэрэг хөтөлбөрийг нөөц бололцоондоо тулгуурлан амжилттай хэрэгжүүлж байгаагаа захирал нь ярьж байв.

Багш, сурагчдын тэвчээрийг шалгасан нэг улирал өнөөдрөөр дуусаж байна. Үнэндээ ийм нөхцөлд суралцах, ажиллах нь "шийтгэл" мэт л харагдаж байлаа. Гэвч тэд хурдан шинэ байртай болно гэсэн итгэлээр л тэвчээд сууж байгаа нь анзаарагдсан. 

Энд 3,300 хүүхэд, 165 багш ажилтны эрх ашиг хөндөгдөж байгаа тул холбогдох хүмүүс нь улам сайн анхаараасай гэж хүсэж байна. Барилгын компани нь ажлаа шуурхай, чанартай хийж, төрийн байгууллагууд нь санхүүжилтээ цаг тухайд нь өгч, хариуд нь хяналтаа сайжруулаасай. 

Үе тэнгийнхэн нь бүгд хичээлдээ явж байхад гэртээ хичээллэсээр буй дунд ангийнхан, жижигхэн ангид шахалдан суух ахлах ангийнхан, орчин үед гэр бариад оффисоо болгосон багш нарын ганц хүсэл нь сургуулийн шинэ барилгадаа орох.