Индэр    
2023 оны 10 сарын 30
Зураг
Эдийн засагч, шинжээч

ЯАЯ ДАА БАЙЗ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Яая даа байз, улс орон минь урагшлахгүй харин ч эсрэгээрээ уруудсаар... Уг нь нэг бодлого, хөтөлбөр, чиглэлтэй явах сан. Тэр нь жаахан ч болов судалгаа шинжилгээтэй баймаар. Ийм суурь юмаа хийхгүй болохоор өндөр инфляц, өрийн дарамт, өөр хаана ч байхгүй өндөр зээлийн хүү гээд эдийн засаг, иргэдийн амьжиргаа мөддөө өөдлөх шинжгүй. 2013 онд ам.доллароор илэрхийлэгдсэн цалин 554 ам.доллар, өнөөдөр 507 ам.доллар. Ёстой нэг услаад арчлаад ч зэрлэг л ургадаг хөрс үү гэлтэй.

Яая даа байз, урагшгүй албатууд нь улс орноо умартан эрх ашгаа хөөсөөр... Авлигын индексээр олон улсад 2015 онд 72-т жагсаж байсан бол өнөөдөр 116-д жагсаж байна. Далд эдийн засаг 32 хувьтай. Сангийн сайд маань “тэмцээд барсангүй ээ” гэж ярив. Өнөөх зэрлэг ургадаг хөрсөө цэвэрлэж чадахгүй бол бид юуных нь хөгжил, цэцэглэлтийн тухай ярих вэ дээ. Орлого биш. Цалин биш. Хэрэглээг нь хар л даа. Орлого, цалинтайгаа уялдахгүй хэрэглээ яваад байна шүү дээ. Саарал жагсаалтад орохоос айсандаа банк, хөрөнгийн зах дээрх хэдэн муу хөрөнгө оруулагч нараа шалдлаад хаячихна. Тэгснээ шалгах ёстой этгээдүүдээ огтхон ч хөндөхгүй.

Яая даа байз, ямар ч итгэл, найдваргүй ард түмэн болжээ бид ... Өдрийн хоолоо залгуулж, өнөө маргаашаа гэсээр өм, цөм цөлмүүлж дуусах нь ээ. Ковидын өмнөх үед гурван хүн тутмын  нэг нь ядуу байсан. Одоо хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Ходоод дүүрэн хүнд л холын юмс харагдана. Олсон хэдээсээ НӨАТ 10%, ХХОАТ 10%, НДШ 26% төлж, үлдсэнээр нь гол зогооно. Цугласан татварын мөнгө нь та бидэнд ирдэггүй. Ёстой нөгөө ядуу нь баянаа тэжээнэ гэдэг энэ байх.

Яая даа байз, улс орнууд хагаралдаж эхэллээ. Урд өмнөх шиг Орос, Хятад биш болов. Том гүрнүүдийн бодлогын шахалтад тоглох орон зайгүй Монголчууд бид. Дотроо сул дорой, авлигад идэгдэж, ядууралт өртсөн ийм үед яасан ч хүнд цаг ирэв дээ. Шатахуун нь Оросоос, нүүрс нь Хятадаас хамаардаг. Хаашаа ч нүүж чадахгүй учраас дотоодын эрх ашгаа түр хойш тавиад гадагшаа улсаараа нэг хармаар байна.

Харанхуй бүдүүлэг, хоцрогдсон, хөгжихгүй байгаагаа хүлээн зөвшөөрцгөөе. Эндээс л бүх юм эхэлнэ.

Яая даа байз. Үргэлжлэл бий ...