Зураг
Зураг
Индэр    
2023 оны 10 сарын 27
Зураг
iKon.mn Сэтгүүлч

"Шинэ ажилтан 10, 20 жил ажилласан хүмүүстэй өөрийгөө харьцуулаад байдаг. Гэхдээ эхлээд би энэ ажил дээр яг юу хийх гэж байгаа вэ гэдгээ ойлгох нь чухал"

Зураг

Ажлын байран дээр гараад удаагүй шинэхэн төгсөгч, цахилгааны инженер Э.Энхгэрэлтэй ажил мэргэжлийнх нь талаар болон шинэ ажилтанд тохиолддог хэцүү бэрхшээлтэй зүйл, тэдгээрийг хэрхэн даван туулж, ямар арга барилыг өөртөө суулгаж байгаа талаар нь ярилцлаа. 

Тэрбээр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль(ШУТИС)-ийн Цахилгаан системийн автоматжуулалтын ангийг төгссөн. Өдгөө Оюутолгойн Баяжуулах үйлдвэрт цахилгааны инженерээр ажиллаж байгаа юм.

Түүнийг сургуулиа төгсдөг жил буюу 2021-2022 оны хичээлийн жилд Инженер, үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр бакалаврт 3,771 оюутан сурч төгсжээ. Энэ нь тус онд бакалаврын зэргээр төгссөн нийт төгсөгчдийн 14 хувийг эзэлж байгаа юм.

- Нарийн мэргэжлүүдийн талаар ерөнхий боловсролын сургуульд байхад тэр бүр мэдэж, дурлаж сонгоод байдаггүй шүү дээ. Мэргэжлээ хэрхэн сонгож байв? 

- Манай сургуулийн физикийн багш хичээлээ маш сонирхолтой заадаг байсан учраас тухайн хичээлийг сайн ойлгож түүнээсээ урам аван энэ төрлийн салбарт илүү дуртай болж байсан. Энэ нь мэргэжлээ сонгоход илүү нөлөөлсөн болов уу.

Цахилгаан системийн автоматжуулалт нь үйлдвэрлэл эрчимжин илүү автоматажсан ухаалаг болоод байгаа энэ үед хөрвөх чадвар маш өндөртэй мэргэжил

Анх цөмийн физикч болохыг мөрөөддөг байсан. Гэвч манай улсад энэ мэргэжил ирээдүйгүй учраас арай ойроор нь эрчим хүчний салбарыг сонгосон. Намайг сургуулиа төгсдөг жил Улаанбаатар даяараа бүтэн өдөржин тоггүй болж байсан тэр үед эрчим хүчний салбар маш хэрэгтэй гэдгийг ойлгож хүч үзэхээр шийдсэн. 

Цахилгаан системийн автоматжуулалт нь үйлдвэрлэл эрчимжин илүү автоматажсан ухаалаг болоод байгаа энэ үед хөрвөх чадвар маш өндөртэй мэргэжил.

- КОВИД-19-ийн үеийн оюутан учраас шууд ажлын байртайгаа танилцсан байх. Хэцүү байсан уу? 

- Цахимаар дадлагаа хийж байсан учраас шууд ажлын байран дээр гарах хэцүү байсан. Яг ажлын орчинд очихоор хичээл дээр үзсэн онолуудаа мартчихсан юм шиг л байдаг. Өөрийгөө 10, 20 жил ажиллачихсан туршлагатай хүмүүстэй харьцуулаад эхэлдэг юм билээ.

Харьцуулахгүй байхыг хичээсэн ч мэдэхгүй, чадахгүй байгаа юмандаа их шантардаг. Гэхдээ эсрэгээрээ түүнийгээ мэддэг болох гэж их мэрийсэн. Манай компанийн хувьд өөр багууд дээр дамжиж суралцаж явсаар үндсэн баг дээрээ очиж ажилладаг. Эхний хэдэн сар ажлаа тарчхаад тухайн хэлтсийнхээ чиглэл болон би энэ ажил дээр яг юу хийх гэж байгаа билээ гэдгээ ойлгох гэж шөнө болгон сууж судалдаг байсан. 

Ажлаа ойлгохгүй үедээ бас хэлтэстээ ганцаархнаа эмэгтэй болохоор энэ миний хийх ажил мөн үү гэж их боддог байсан ч нэг жил ажилласны дараа байдал өөрчлөгдсөн. Шинэ ажилтан бүрд л тохиолддог нийтлэг зүйл байх. 

Шинэ ажилтан учраас бүх юманд "За" гэж хэлдгээсээ болоод хэтэрхий их ачаалал авч бууж өгөх хандлагатай болж байсан

- Ажилдаа дасахад чинь ямар арга барил тус болж байна вэ? 

- Сүүлийн үед "Би юуг ч хийж чадна. Гэхдээ би бүгдийг хийж чадахгүй" гэдэг үгийг сайн ойлгож ажлын арга барилаа болгож байна. Учир нь шинэ ажилтан учраас хүн болгонд л "За" гэж хэлдэг. "Үгүй" гэж хэлж чаддаггүй байсан. Бүх юманд "За" гэж хэлээд байхаар өдөрт хийх ажлын жагсаалт маш их болчихдог. Түүнийгээ дуусгаж чадахгүй, хэтэрхий их ачаалалтай болоод ирэхээр бууж өгөх хандлагатай болоод эхэлдэг юм билээ. 

Тийм учраас дээрээс өгсөн даалгавруудыг чухлын зэргээр нь ангилахаас гадна хийх боломжгүй, амжихгүй зүйл бол "Үгүй" гэж хэлэх хэрэгтэй санагдсан. Заримдаа ямар ч шаардлагагүй ажил орж ирэх ч тохиолдол бий тэр үед тухайн ажлыг даалгасан хүнтэйгээ яг ямар зорилготой ажил болохыг асууж лавлаад зөвлөлдөх хэрэгтэй. Эхлээд яг юу хийх гэж байгаа вэ гэдгээ ойлгох нь чухал шүү дээ. 

зураг
 

- Нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олдох боломж нь их болсон шүү дээ. Өөрийн чинь хувьд ямар байсан бэ? 

- 2019 онд хамгийн өндөр тэтгэлэг өгдөг газруудыг судалж үзээд Оюутолгойн тэтгэлгийг авч байсан. Оюутолгойн тэтгэлэг нь төгсөх хүртэлх сургалтын төлбөрийг даахаас гадна сар болгоны 200,000 төгрөгийн тэтгэлэгтэй, дотуур байранд амьдардаг бол төлбөрийг нь төлнө, хөдөө орон нутгийн оюутан байвал амралт болгоноор гэр лүү гээ явах унааны зардлыг нь даадаг байсан. Юунд ч санаа зовохгүй зөвхөн хичээлдээ л анхаарахад тус болж байгаа юм. 

 Миний хийсэн ажил энэ үйлдвэрийг ажиллуулж байна гэж бодохоор сэтгэл өндөр байдаг

Ганц тэтгэлгээс гадна хувь хүний хөгжил, баг хамт олон руу чиглэсэн хичээл, төсөл хэрэгжүүлэх зэрэг хөгжлийн хөтөлбөрүүд явуулдаг. Тэр үед миний боловсролд зориулж бүхэл бүтэн том компани анхаарал хандуулж байгааг нь их мэдэрдэг байсан. Дадлага хийж байхад ажилчдынх нь зан чанар, хандлага нь их таалагдсан. Миний хувьд Баяжуулах үйлдвэрийг бүхэлд нь автоматжуулж буй систем дээр нь ажиллаж байгаа болохоор эрсдэл, хариуцлага өндөртэй ч миний хийсэн ажил энэ үйлдвэрийг ажиллуулж байна гэж бодохоор сэтгэл өндөр байдаг. Орой ядраад орж ирэхэд өрөө цэвэрлэчихсэн байдаг үйлчлэгчээс эхлээд энд ажиллаж байгаа хүн бүрийн оролцоо маш чухал. 

Тэтгэлгүүдийн босго оноо өндөр ч гэлээ хамгийн чухал нь өөрийн зорилгоо тодорхойлсон эсээ байдаг юм шиг санагдсан. 

- Чиний зорилго юу байв? 

- Тэр үед хөгжил буурай газарт боломж хамгийн их байдаг гэх үгийг сонсож байсан учраас Монголд маш их боломж байгааг анзаарсан. Тухайн орчин хэцүү байх тусам илүү их боломжтой. Тэр боломжийг ашиглах нь миний зорилго байсан. Илон Маск шиг л хүн болно гэсэн том зорилготой байсан. Ер нь зорилгоо тодорхойлоход хүний үзэж харж байгаа юм их нөлөөлдөг байх.  

- Хийж буй ажил болон зорилгыг чинь сонсоод том мөрөөдөх нь хий хоосон руу хөтөлдөг зүйл биш илүү зоригтой болгодог байх нь гэж харлаа. 

- Тийм шүү. Санаанд багтаж л байвал би чадна гэсэн үг

- Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

- Баярлалаа.