Индэр    
2023 оны 10 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

Үндэсний шигшээ багийн допингийн шинжилгээний 2020, 2021 оны төлбөрийг БТСУХ шилжүүлээгүй нь Монголыг ЦАГААН ТУГ руу хөтлөх дөхсөн үү?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс 2024 оны Парисын олимпод Үндэсний шигшээ багийн тамирчид цагаан тугтай оролцох эрсдэлд учирлаа гэх мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ хэвээр байгаа. Тэгвэл энэхүү нийтлэлд дээрх эргэлзээтэй асуудалд манай улс яагаад хүрсэн бодит байдлыг тайлбарлахаар оролдох болно. 

Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА), Биеийн Тамир, Спортын Улсын Хороо (БТСУХ) гэх хоёр байгууллагын хамтын ажиллагааны процессод гарсан алдаа Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (ВАДА)-д хүрсэн байх магадлал ажигдлаж буйг нийтлэлийнхээ эхэнд дурдъя.

1. Бид допингийн эсрэг ямар үүрэг хүлээсэн бэ? 

Манай улс "Спорт дахь допингийн эсрэг Копенгагены тунхаглал"-д 2005 онд "Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО-ийн конвенц"-д 2007 онд нэгдэн орсон. Ингэснээр олон улсын шинж чанартай спортын тэмцээнд допингоос татгалзах, тэмцэх, допингтой холбоотой олон улс болон үндэсний байгууллагуудыг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээсэн.

Олимпын наадам нь шударга өрсөлдөөнийг чухалчилдаг. Түүний тулд ВАДА-г 1999 онд Олон улсын олимпын хорооны санаачилгаар байгуулсан. Тус агентлаг нь дэлхийн спортын ертөнцөд допингийн хяналтын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, шийтгэл оноох, хянах, зохицуулах чиг үүрэг бүхий Швейцарын холбооны улсын хуулиар байгуулагдсан, Монреаль хотод төвтэй олон улсын байгууллага. 

ВАДА олимпын наадмыг допингоос ангид байлгах үүргээ улс орнуудын үндэсний допингийн эсрэг гишүүн байгууллагуудаар дамжуулж гүйцэтгэдэг. Харин манай улсад МОНАДА буюу Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага НҮТББ статустай 2007 онд байгуулагдаж одоог хүртэл үйл ажиллаагаа явуулж байгаа. 

ВАДА олимпын наадмыг допингоос сэргийлэх үүргээ биелүүлэхийн тулд дараах арга хэмжээнүүдийг авдаг. Үүнд: 

  • Шинжилгээ авах замаар илрүүлэлтийн ажлыг идэвхжүүлэх, 
  • Допингийн зөрчил илэрсэн бол шийтгэл оноох
  • Допингийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд тамирчдад боловсрол олгох

2022 оны Засгийн газрын 376 дугаар тогтоолоор манай улс Допингийн эсрэг үндэсний дүрмээ баталсан. Тус дүрмийн

1.11.Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 20.5.1-д заасны дагуу Монгол Улсад спорт дахь допингтой тэмцэх үүрэг гүйцэтгэх, допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх Засгийн газраас хараат бус Үндэсний допингийн эсрэг байгууллага ажиллана.

1.12.Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад Олон улсын холбоо, спортын холбоод, наадам зохион байгуулагч байгууллага, Үндэсний олимпын хороо, Үндэсний паралимпын хороо болон спорттой холбоотой төрийн захиргааны ажилтнууд оролцохыг хориглоно хэмээх заалт байгаа. 

2. Вадагаас ирүүлсэн зургаан шаардлагын учир

Өнгөрсөн наймдугаар сард ВАДА-ийн Ази номхон далайн орнуудыг хариуцсан оффисын менежер Саравана Перумал, Төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллагын захирал Венера Абдулла нар манай улсад ажиллаж МОНАДА-д зургаан зөвлөмж, шаардлага хүргүүлсэн байна. Үүнд: 

  1. Допингийн хяналтын хөтөлбөр (ДХХ) боловсруулах
  2. ДХХ-т Үндэсний шигшээ багийн тамирчдыг хамгийн багадаа жилдээ нэг удаа бүрэн хамруулах
  3. Шинжилгээний санд бүртгэлтэй тамирчныг хамгийн багадаа жилдээ гурваас доошгүй хамруулах,
  4. Тамирчны шинжилгээний дээжийг хамгийн боломжит заасан хугацаанд лабораторид хүргүүлэх,
  5. Сургалтын программыг вэб сайтдаа бүрэн тусгах
  6. Допингийн шинжилгээг цуснаас авдаг болох
ВАДА-аас улс орнуудын допингийн эсрэг үндэсний байгууллагад жил бүр тодорхой зөвлөмжүүдийг хүргэдэг байна. Харин МОНАДА нь ВАДА-аас ирүүлсэн зөвлөмжийг шат дараатай хэрэгжүүлснээр оны эцэст үр дүнгээ тайлагнадаг аж. 

Монгол Улс олон улсын гэрээ, конвенцод хүлээсэн үүргийнхээ дагуу Үндэсний шигшээ багийнхаа тамирчдыг допингийн хяналтын хөтөлбөрт жилдээ нэг удаа заавал хамруулж байх ёстой. Допингийн хяналтын хөтөлбөр гэдэг нь угтаа бэлтгэл сургуулилалт болон тэмцээний үеэр тамирчнаас допингийн хяналтын шинжилгээ авах гэж ойлгож болно. 

МОНАДА нь Үндэсний шигшээ багийн тамирчдаас авсан допингийн хяналтын шинжилгээний дээжийг БНСУ-ын лаборатори руу явуулж шинжлүүлдэг. 

Эхний таван зөвлөмж нь хоорондоо уялдаатай учир Үндэсний шигшээ багийн тамирчдаасаа допингийн хяналтын шинжилгээнд бүрэн хамруулсны дараа зөвлөмжийг биелсэнд тооцдог байна. Харин цуснаас шинжилгээ авдаг болох шаардлагыг биелүүлэхэд МОНАДА онцгой анхаарч байгаа гэв. Учир нь МОНАДА БНСУ-ын лабораторид зөвхөн шээсний дээж явуулдаг. 

Дээрх зургаан зөвлөмжөөс харахад МОНАДА 2023 оны Үндэсний шигшээ багийн допингийн хяналтын шинжилгээг БНСУ-ын лаборатори руу явуулаад үр дүнгээ ВАДА-д танилцуулахад цагаан тугийн асуудал шийдэгдчих юм шиг ойлгогдоно. Гэтэл МОНАДА Үндэсний шигшээ багийн допингийн хяналтын шинжилгээг БНСУ-ын лаборатори руу явуулж чадахгүй байсан нөхцөл байдал ажиглагдав.

3.2021, 2022 оны төлбөрийн асуудал

Энэ хэсэгт БТСУХ 2021, 2022 оны Үндэсний шигшээ баг болон чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеийн допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг БНСУ-ын лаборатори руу шилжүүлээгүйгээс болж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн талаар тайлбарлахыг оролдох болно. 

Засгийн газар 2019 оны 391 дүгээр тогтоол гаргаснаар МОНАДА нь 2020 онд БСШУЯ-тай гэрээг байгуулан допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Гэвч тухайн үед харьяалах яамгүй болсон тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас БТСУХ Үндэсний шигшээ багийн допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг төлөх шийдвэр гаргасан байна. 

МОНАДА допингийн хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу 2021 онд Үндэсний шигшээ багийн 188 тамирчнаас допингийн хяналтын шинжилгээ авч дээжийг БНСУ-ын лаборатори руу явуулсан аж. Гэвч шинжилгээний төлбөрийг БТСУХ олон улсын лабораторид шилжүүлээгүй учир асуудал үүссэн гэж болно.

Гэхдээ 2021 оны Үндэсний шигшээ багийн допингийн шинжилгээнээс ямар нэгэн сөрөг хариу гараагүйг албаны эх сурвалж баталсан. 

Харин 2022 онд Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болсон. Энэ үеэр түүвэрлэсэн аргаар тэмцээнд оролцож буй бөхчүүдээс допингийн хяналтын шинжилгээ авсан байна. Нийт 54 бөхийн допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг БНСУ-ын лабораторид шилжүүлээгүй нь ВАДА-ийн чихэнд хүрчээ.

Удалгүй 2022 оны эхнээс БНСУ-ын лаборатори төлбөрөө төлөхийг МОНАДА-аас шаардсан байна. Үндэсний шигшээ багийн допингийн хяналтын шинжилгээний зардлыг БТСУХ-оос гаргана гэсний дагуу МОНАДА холбогдох байгууллагад БНСУ-ын лабораторийн төлбөрийг төлөхийг шаардсан аж.

Гэтэл БТСУХ-оос МОНАДА-г улсын төсвийн мөнгөөр үйл ажиллагаа явуулчхаад аудитаар тайлагнаагүй гэх үндэслэлээр төлбөрийг шилжүүлээгүй 2023 оны долдугаар сартай золгожээ. 

БНСУ-ын лабораторийн төлбөрийн асуудал ВАДА-гийн хэмжээнд яригдаж, Төв Азийн бүсийн байгууллагын 2022 оны арваннэгдүгээр сарын 29-ний удирдах зөвлөлийн хурлаар “Монгол Улс улаан шугамыг давуулахгүйгээр, тамирчдын шинжилгээний төлбөрийг итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэх хэрэгтэй. Олон улсын спортын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд, олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах эрхээ алдах, улмаар тив, дэлхий, олимпын наадамд төрийн далбаагаа мандуулах эрхээ алдах олон эрсдэлтэй” гэж сануулсан боловч төлбөрийг БТСУХ шилжээгүй байна.

Эцэст нь ВАДА-гийн зүгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр МОНАДА-д шаардлага тавьж, “онц ноцтой зөрчил”-д бүртгэгдсэнийг мэдэгдсэн аж. Ингэснээр манай улс олон улсад хүлээсэн гэрээ конвенцоо зөрчсөнд тооцогдож ВАДА-ийн төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард БТСУХ болон МОНАДА-тай уулзсан юм. 

4.БТСУХ болон МОНАДА-ийн хариуцлагагүй байдал ВАДА-г хөдөлгөсөн үү

Үндсэндээ 2021, 2022 оны Үндэсний шигшээ багийн допингийн хяналтын шинжилгээ, Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний бөхчүүдийн шинжилгээний төлбөрийг БТСУХ хийгээгүй. Үүнээс болж энэ оны долдугаар сар хүртэл Үндэсний шигшээ багийн тамирчдаас допингийн хяналтын шинжилгээ авагдаагүй явж байсан аж. 

МОНАДА тамирчдаас допингийн хяналтын шинжилгээ аваад БНСУ-ын лаборатори руу явуулах гэтэл өмнөх онуудын төлбөрөө төлөх хүртэл ямар ч шинжилгээ хийхгүй гэсэн хариу ирүүлдэг байна. 

Харин нөгөө талд ВАДА-аас танай улс 2024 оны Олимпын наадамд орохын тулд тамирчдаа допингийн хяналтын шинжилгээнд яаралтай хамруулах, БНСУ-ын төлбөрийг төлөхийг шаарддаг гэсэн үг. Гэтэл манай хариуцсан байгууллага нь төлбөрийн асуудлаас болоод Үндэсний шигшээ багт ДХХ чадахгүй нэг жил гаруй хугацаанд явжээ. 

Олимпын наадамд оролцох тамирчид жилд заавал нэг удаа допингийн хяналтын шинжилгээнд хамрагдаж өөрсдийгөө цэвэр гэдгээ ВАДА-аар батлуулж байх ёстой. Нөгөө талаар МОНАДА өөрсдийн үүргээ биелүүлж допингийн хяналтын хөтөлбөрийг Үндэсний шигшээ багт хэрэгжүүлж байх шаардлагатай юм.

2022 онд БТСУХ-д Үндэсний шигшээ багаас допингийн хяналтын шинжилгээнд хамрагдсан гэсэн ямар нэгэн төлбөрийн нэхэмжлэл ирээгүй аж. Энэ нь 2022 онд манай үндэсний шигшээ багийн тамирчид допингийн хяналтын хөтөлбөрт хамрагдаагүй байх магадлалтай гэсэн ойлголт. 

МОНАДА 2022 онд допингийн хяналтын хөтөлбөрийг Үндэсний шигшээ багт хэрэгжүүлсэн тайлангаа ВАДА-руу явуулж ажлын үнэлгээгээ авч чадаагүй байдал ажиглагдаж байгаа юм. Ингэснээр манай улс ВАДА-ийн улаан шугам алхаж заавал анхаарал хандуулах ёстой улс орны тоонд багтсан гэхэд хилсдэхгүй.  

Гэхдээ олон нийтэд үүсээд буй нөхцөл байдлыг бодитой талаас нь тайлбарлах чухал болоод байна. Товчхондоо наймдугаар сард ирсэн ВАДА-ийн ажилтнууд манай улсыг 2021, 2022 онд БНСУ-ын лабораториор хийлгүүлсэн допингийн хяналтын шинжилгээний төлбөр төлөөрэй гэсэн.

Үүний дараа Үндэсний шигшээ багийн тамирчид энэ оныхоо допингийн хяналтын шинжилгээнд хамрагдах эрх үүснэ. Хэрэв энэ ондоо багтааж МОНАДА Үндэсний шигшээ багт допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн талаар тайлан ВАДА-д ирүүлэхгүй бол ирэх жилийн Олимпод цагаан тугийн асуудал яригдах магадлалтай талаар холбогдох байгууллагуудтай ярьсан аж. 

4.Төлбөрийн асуудал бүрэн шийдэгдсэн

Олон улсын лабораторийн төлбөрийн асуудалтай холбогдуулан БТСУХ-ны шилэн дансны мэдээллийг шүүж үзэв. БТСУХ-ны даргын "Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний допингийн хяналтын шинжилгээний зардал гаргах тухай", "Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дэх допингийн хяналтын шинжилгээний зардал гаргах тухай" гэсэн хоёр тушаалаар есдүгээр сард БНСУ-ын лаборатори руу нийт 317,899,570 сая төгрөг шилжсэн байна

Энэ нь гол асуудал болоод байсан 2021, 2022 оны БНСУ-ын лабораторийн төлбөрийг хоёр жилийн дараа шилжүүлсэн гэсэн үг юм. Тодруулбал 2021 оны Үндэсний шигшээ багийн 188 хүний допингийн хяналтын шинжилгээний зардал 227,254,870 төгрөг, 2022 оны Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дэх 65 хүний допингийн хяналтын шинжилгээний зардал 90,644,700 төгрөг болсныг өнгөрсөн есдүгээр сард шилжүүлсэн байна. 

Ийнхүү БНСУ-ын лабораторийн төлбөрийн асуудал бүрэн шийдэгдэж манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчид ДХХ буюу допингийн хяналтын шинжилгээнд хамрагдах боломжтой болжээ. Өнгөрсөн есдүгээр сараас эхэлж манай улсын үндэсний шигшээ багт допингийн хяналтын хөтөлбөр хэрэгжиж байгаа хэмээн МОНАДА-аас мэдээлсэн. 

МОНАДА өнгөрсөн наймдугаар сард ВАДА-ийн Хэрэгжилтийн хяналтын хороонд “Амлалтын захидал” илгээжээ. Үүндээ 2023 оны допингийн хяналтын шинжилгээ төлөвлөгөөний дагуу явж чадаагүй талаар тайлбар хийсэн байна.

Тус захидалдаа наймдугаар сарын 24-нөөс хойш үндэсний шигшээ багийн допингийн хяналтын хөтөлбөр хэвийн явагдаж байгааг дурджээ. Мөн эхний таван шаардлагыг хэрэгжүүлж буйгаа тайлагнасан юм. Амлалтын захидлыг өгөхдөө зургаа дахь зөвлөмж буюу цусны шинжилгээтэй холбоотой шаардлагыг хэрэгжүүлэхэд нэмэлт цаг хугацаа өгөхийг хүссэн аж.

Ийнхүү ВАДА-ийн есдүгээр сарын 22-нд болсон Хэрэгжилтийн хяналтын хорооны хурлаар МОНАДА-д тавигдсан цусны шинжилгээтэй холбоотой шаардлагыг биелүүлэх дөрвөн сарын нэмэлт хугацаа олгохоор шийдвэрлэсэн талаар холбогдох албаны хүн мэдээлэл өгөв. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ "Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллагын Шанхай хотод өнгөрсөн сарын 22-нд болсон уулзалтаар Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д оруулсан" хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн. 

Тэгэхээр МОНАДА цусны шинжилгээнд Үндэсний шигшээ багийн тамирчдаа амжилттай хамруулж чадвал 2024 оны Парисын олимпод Монгол Улс төрийн далбаагаа мандуулах эрх зүйн боломжтой болж байгаа юм. 

Мөн Биеийн тамир, спортын улсын хорооны 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар "2021 оны төсөвт батлагдсан Допингийн эсрэг үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэлийг хангаж ажиллаагүй, "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийг боловсруулаагүй, Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг баталгаажуулан холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй байна" гэсэн зөрчил илэрсэн талаарх мэдээлэл БТСУХ-ны шилэн дансанд байгааг дурдах нь зүйтэй.