Индэр    
2023 оны 9 сарын 18
Зураг
Эдийн засагч, шинжээч

Хятадын үл хөдлөхийн хямрал ба нүүрсний ирээдүй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Хүлээе, цаг нь болохоор өөрсдөө ирнэ” хэмээн Вэн Жиабао нэгэнтээ хэлсэн байдаг. Өдийг хүртэл Хятадын гадагшаа чиглэсэн бодлого ийм л явсан. Үр дүнд нь Хятадын эдийн засаг үлэмж томорсон. Олон улсын байгууллагууд 2024 он гэхэд Хятад эдийн засгаараа Америкийг гүйцэж чадна гэцгээж байв. Гэвч Сэм авга байр сууриа амар тавьж өгөхгүй бололтой. Өнөөдөр Хятад гаднаа ч дотроо ч таагүй нөхцөл байдалд байна.

Ковидын дараа Хятадын эдийн засаг хурдтай өснө гэж хүлээж байсан ч санаснаар болсонгүй. Өрхийн орлого буурч, залуучуудын дунд ажилгүйдэл ихсэж, эдийн засаг сэргэнэ гэх иргэдийн хүлээлт хамгийн бага түвшинд хүрэв. Дайран дээр давс гэсэн шиг энэ хямралыг даамжруулсан зүйл нь барилгын компаниуд өрийн хямрал. Хятадын 3 том барилгын компанийн өр гэхэд л эдийн засгийнх нь 5 хувьтай тэнцэж байна.

Энэ бүхэн саяхан үүсчхээгүй. 2008 оноос хойш хөдөөгөөс хот руу шилжих хүн амын хөдөлгөөн эрчимжсэн. Хүний их урсгалаар борооны дараах мөөг шиг барилга баригдав. Төр нь ч дэмжсэн.

зураг
 

Амташсан хэрээ арван гурав дахина гэдэг шиг барилгын компаниуд төр, банк, хөрөнгө оруулалтын сангуудаас зээл авч, хөдөө орон нутагт орон сууцны том хорооллууд барив. Өнөөдөр энэ хотуудыг сүнсэн хот гэх болжээ. Учир нь хэн ч амьдардаггүй.

Өрийн их дарамттай барилгын компаниуд Ковидтой нүүр тулснаар дампуурах аюулын харанга дэлдэв. Ковидын үед Хятадын төр барилгын компаниудад 3 улаан шугам нэртэй бодлого хэрэгжүүлэв. Гол санаа нь өрөө төлж, өөрийгөө авч явах чадвартай компаниудыг ялгасан гэсэн үг. Улаан шугамд унасан байгууллагад банкууд нэмж санхүүжилт өгөхөө больж, байр захиалагчид барилгаа дуусгахыг шаардсанаар улам хүнд нөхцөлд оруулсан. Энэ жагсаалтад Evergrande, Country Garden гэх мэт барилгын акулууд багтаж байлаа. Эдгээр компаниуд өнгөрсөн хугацаанд Хятадын барилгын 40 хувийг барьсан гэхээр ямар том болох нь харагдана.

зураг
 

ШОРГООЛЖНЫ ҮЛГЭР ЭНДЭЭС ЭХЭЛНЭ ...

Дээс томж найзыгаа авардаг шоргоолжны үлгэрийг та мэдэх байх. Хятадын барилга болон барилгатай хамааралтай салбар нь эдийн засгийн 20 хувьтай тэнцдэг. Хямрал даамжирвал араасаа олон салбарыг дагуулна. Жишээ нь, гангийн хэрэглээний 50 хувийг барилгын салбар бий болгодог.

Харин ган гаргаж авах ширэм үйлдвэрлэлд коксжих нүүрс, төмрийн хүдэр ашиглагддаг. Коксжих нүүрснийхээ 10 орчим хувийг Хятад гаднаас авдаг. Гаднын тэр улсынх нь нэг нь Монгол. Энэ гинжин хэлхээний нэг үзүүр доргиход нөгөө үзүүрт нь 3 сарын дотор л мэдрэгдэнэ.

Хятадын гангийн үйлдвэрлэл 20 хувь унахад л манай төгрөг 8 хувь унаж, эдийн засгийн өсөлтийн тал хувь алга болно.

СҮХ ДАЛАЙТАЛ ҮХЭР АМАР ...

Монголын төр засаг энэхүү нөхцөл байдлыг ойлгохыг ч хүсэхгүй. Бүгд 2024 оны сонгуульдаа бэлдэж, хөл толгой нь олдохоо байлаа. Үүлэн чөлөөний нар шиг энэ жил 50 гаруй сая тонн нүүрс гаргах нь ээ. Үүнд эрдэж ирэх жилийнхээ нүүрсний зорилтоо ч өндөр тавих биз. Нүүрсний орлого нь сонгуулийн үеэр халамж, бэлэн мөнгө тараалт болж хувирна. Хариуд нь ханшийн уналт, өндөр инфляц, хүртээмжгүй өсөлт. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг үйлтэй ард түмэн юм даа.

Ер нь засаг юу ч хийхгүй байхад бид жамаараа хурдтай хөгжчих боломжтой юм. Харин одоо асуудал бүрд төр шийднэ гэх боллоо. Удахгүй айлын тогоо, шанага руу орох биз ээ.