Индэр    
2023 оны 9 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

О.Мөнх-Оргил: Зургаан настайгаасаа эхэлж ямаа сургасан. Хамгийн сайн сургасан ямаа маань ямар ч найзаас илүү түшигтэй

Зураг

Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Одхүүгийн Мөнх-Оргил хүү одоо 13 настай.

Тэрбээр зургаан настайгаасаа аавынхаа эр ямаануудыг сургаж эхэлжээ. Тавдугаар ангиа төгсөөд сургуулиас гарч мал маллан амьдарч буй түүний ямаа сургах сонирхлын талаар ярилцлаа. 

- Анх яагаад ямаа сургаж эхэлсэн бэ? 

- Би таван настай байхдаа нэг дааганаас унаад гишгүүлж байсан юм. Түүнээс хойш морь харахаар л эвгүй санагдаж, айдаг болсон. 

Анх зургаан настайгаасаа ямаа сургаж эхэлсэн. Тэр үед ээж ямаа саахад хажууд нь суудаг байсан болохоор номхон гэсэн дээрээ морддог байлаа. Эхэндээ ямаанууд намайг унагаан, араас нь уйлж хөөгөөд мордоно. Ингэсээр байгаад бог малаа ямаагаар хариулдаг болчихсон. 

Одоо бол ямаа унах амархан санагддаг болсон. Гол нь ямаагаа өдөр шөнөгүй уналгаа эдэлгээнд оруулах ёстой. Манайх ямаагаа холбож саадаг учраас их номхон. Гэхдээ эм ямаа огт сургадаггүй. Ихэвчлэн нас бие гүйцсэн эр ямаа унадаг. Бусдыгаа бодоход том бие, хүч тамиртай байдаг. 

- Одоогоор нийт хэдэн ямаа сургасан байна вэ? 

Сүүлийн үед ямаанууд жаахан залхуу болоод байгаа. Хэтэрхий их унаад, гаршуулаад байхаар тэгдэг болов уу

- Зургаан наснаасаа хойш 20 гаруй ямаа сургасан байх. Гэхдээ дөрөвийг нь аав ээж өнгөрсөн өвөл зарчихсан. Одоогоор сургасан зургаан ямаа унаж байгаа. Зарим нь намайг даахгүй болоод эхэлсэн.

Удаан унаж байгаа ямаан дээрээ суухаар явахгүй, шууд хэвтчихдэг болсон. Намайг даахгүйдээ биш, худлаа залхуурдаг байх аа. Харин зарим ямаа нь намайг хараад өөрсдөө гүйгээд ирнэ. Яг урд зогсчхоод унуулах гээд явахгүй шүү дээ. 

Сүүлийн үед ямаанууд жаахан залхуу болоод байгаа. Хэтэрхий их унаад, гаршуулаад байхаар тэгдэг болов уу. Гэхдээ нэг ямааг хоёроос дээш жил унахгүй. 

"Ихэнх тохиолдолд хөдөө ганцаараа байдаг учир ямаа сургаж цагийг зугаатай өнгөрөөдөг"

зураг
 

- Ямааг яаж сургадаг вэ? 

- Яг ингэж сургана гэсэн тогтсон арга барил надад байхгүй. Би хичээлээсээ эрт гараад малчин болсон. Малаа хариулж явахад бэлчээрт хийх зүйлгүй учир их уйдна. Тэр үедээ малтайгаа тогломоор санагддаг байсан. Тэгээд л жижигхэн уурга хийж аваад нас бие гүйцсэн, эр ямаануудынхаа араас гүйдэг болсон доо.

Анх ямаануудаа бэлчээрт нь барьж чаддаггүй байлаа. Бэлчээрт унуулаагүй ямаануудыг орой хашаанд орж ирэнгүүт барьж аваад морддог байсан. Ямаа гэдэг амьтан морь, тэмээ шиг булгихгүй, хүчтэй унагаахгүй учир сайхан санагддаг.

Нэг ямаагаа олон удаа баривал заавал хашаанд гэхгүй бэлчээрт явж байхдаа ч унуулдаг болчихно. Маш догшин ямаа байвал өвөлд тэжээл өгч байгаад сургаад авчихна.

Ямаа гэдэг амьтан сүүлэндээ их эмзэг. Ямааныхаа эврийг нь оосорлоод сүүлийг нь мушгингуут давхиж өгнө дөө. Ер нь ямааны сүүл томроод эхэлбэл таргалж байдаг. 

- Чамайг хашаа, хотныхоо ажил хийхдээ ямаа унадаг гэсэн. Энэ талаар тодорхой ярьж өгнө үү? 

Намрын тарган ямаануудыг унах сайхан. Тамиртай, тарган байдаг учир буйдан дээр сууж байгаа юм шиг зөөлөн санагддаг. 

- Манайх дөрвөн эрэгтэй хүүхэдтэй. Том ах ахлах анги, би хичээлээс гарсан, хоёр дүү маань дөнгөж хэлд, хөлд орох гэж байгаа. Манайд надтай насаар ойрхон хүүхэд байхгүй учир ихэнх ажлаа ганцаараа хийдэг. Үе тэнгийн хүүхдүүд маань зуны болон улирлын амралтаараа л гэртээ ирнэ. 

Хөдөө мал маллахад өдөр тутмын ажил ихтэй. Тэгэхээр ихэнх тохиолдолд ганцаараа байдаг учир ямаа сургаж цагийг зугаатай өнгөрөөж байна даа. 

Ямааг уналгаа, ажилд ашиглавал амархан, хөгжилтэй санагддаг. Ажлаа ганцаараа хийхээс илүү ямаатай хамт байвал хөгжилтэй байдаг. Бас өөрийнхөө хийх ёстой ажлыг хөнгөвчлөөд сайхан шүү дээ.

Өвөлд хотныхоо малын хөрзөнг цэвэрлэхийн тулд ямааныхаа ард жижиг тэрэг түрүүлээд хийчихдэг. Нэг утгаараа ямаан тэрэг гэж нэрлэж болно. Ажлаа амжуулсны дараа ямаандаа тэжээл, ус өгдөг. Маш сайн арчилж тордохгүй бол бог мал учир хурдан муудна. 

- Ямаа унахаар танай нутгийн хүмүүс гайхдаг уу?  

- Анх энэ хөөрхөн хүүг хараарай, яасан хөөрхөн юм бэ гэдэг байсан. Одоо бол жаахан өндөр болсон учраас ямаа нь даахгүй байвал битгий унаад бай гэдэг. Ингэж ярилаа гээд огт тоохгүй, унасаар л байгаа. Ямаа унах, сургах сонирхолгүй болох хүртлээ зогсохгүй гэж боддог доо. 

Гэхдээ энэ ямаа маань ядарч байгаа болов уу гэж их санаа зовдог доо. Ямаа маань муудаад эхэлбэл хэдэн сар унахгүй ижилд нь нийлүүлнэ. Ер нь нэг ямааг ихдээ хоёр өдөр л унах ёстой. Тэгээд сарын дараа дахиад барьж авна. 

Хаварт бол ямаагаа огт унахгүй. Өвс тэжээл малын тамир тэнхээ муу байдаг улирал учраас болохгүй. Харин намрын тарган ямаануудыг унах сайхан. Тамиртай, тарган байдаг учир буйдан дээр сууж байгаа юм шиг зөөлөн санагддаг. 

"Миний хамгийн сайн сургасан хүрэн ямаа найзаас илүү түшигтэй байна даа"

зураг
 

- Ямаа унаж байхдаа бэртэж байсан удаа бий юу? 

Хүүхдүүд амьгүй машинтай байхад би амьтай ямаагаар тоглодог байлаа

- Нэг эр ямаа сургах үедээ мөргүүлж байсан. Ямаа сургахын нэг хэцүү зүйл нь хэтэрхий том эвэр. Гэнэт толгойгоо хойшоо сэжвэл нүд рүү хатгах магадлалтай.

Жилийн өмнө түрүүхэн унасан байсан улаан ямаан дээр мордтол чулуун дээр унагаачхаад толгой руу мөргөдөг юм даа. Гэхдээ гандан буурахгүйгээр дахиад мордож аваад сургаж чадсан. Бэртсэн ч гэсэн сургахын төлөө үздэг гэх үү дээ. Миний хамгийн сайн сургасан хүрэн ямаа найзаас илүү түшигтэй байна даа. 

Хүүхдүүд амьгүй машинтай байхад би амьтай ямаагаар тоглодог байлаа. Заримдаа ямааны хажуугаар явахад мордохгүй бол мөргөнө. 

- Хэдэн нас хүртлээ ямаа унах бодолтой байна вэ? 

- 14 нас хүрээд ямаанаас зодог тайлах бодолтой байгаа. Тэр үед манай эр ямаанууд намайг даахгүй байх. Харин бага дүүгээ ямаа унуулж сургах байх. Манай нутагт надаас өөр ямаа сургадаг хүүхдүүд байхгүй. 

Хонь сургах талаар бодож байгаагүй. Ямааг бодвол тамир тэнхээ муу юм шиг санагддаг. Бас хамаагүй догшин зантай. 

- Цаашдаа морь унаж сурах уу? 

- Ер нь биеийн хэмжээгээрээ морь л намайг даах байх. Өдөрт ямаа унах хугацаагаа багасгаж моринд дурлаж байгаа. Багадаа моринд гишгүүлсэн айдас гараагүй юм шиг. 

Морины аль номхон гэснээс нь шилж унадаг. Хамгийн гол нь морийг болгоомжтой унахгүй бол аюултай амьтан даа. Морьтой хурдан давхиж яваад унавал ямар нэгэн ясаа баталгаатай хугалах магадлалтай. Гэхдээ морийг айж бие барихгүйгээр зоригтой унах хэрэгтэй. 

Намарт хөдөөгийн айлууд их эзгүйрдэг. Тэр үед худаг дээр очиж айлын адуу бугуйлдаж өгдөг. Ойрд морь сайн бугуйлдаж сурч байгаа. 

- Ирээдүйд ямар хүн болох мөрөөдөлтэй вэ? 

Сургуульд сурах уйтгартай учир мал маллахыг хүсдэг байж билээ

- Хичээлээс гарчихсан юм чинь сайн адуучин болохыг мөрөөддөг. Морины дэлэн дээр хийсэж явах нь жаргал юм даа. Аавын малчин мэргэжлийг өвлөж авсан учир ирээдүйд улсын сайн малчин болно. 

Сургуульд сурах уйтгартай учир мал маллахыг хүсдэг байж билээ. Гэхдээ тоо хасаж нэмж, уншиж бичиж чадна.

- Ярилцсанд баярлалаа. Эрэмгий адуучин болоорой. 

- Баярлалаа. 

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг