Индэр    
2023 оны 8 сарын 15
Зураг
Эдийн засагч, шинжээч

IPO гаргасны дараа яагаад хувьцаа унаад байна вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөрөнгийн зах бол өндөр ашигтай, хаалттай компаниудыг задлах, тэднийг олон нийтэд хүртээх, баялгийн тэгш хуваарилалт хийх механизм билээ. Улс төр нь бизнестэйгээ, бизнес нь улс төртэйгөө сүлбэлдсэн ийм нийгэмд хүн бүр ашгаа хэнтэй ч хуваахыг хүсэхгүй. Харин тэрхүү хуваалтыг хөрөнгийн зах, хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж хийдэг билээ.

Гэвч Монголын хөрөнгийн зах дээр хийгдсэн IPO бүрийн дараа үнэ нь унадаг болов. Хачин үзэгдлүүдээс дурдъя.

  • IPO хийсэн компани хагас жилийн 300 тэрбум ашигтай гарахад ч үнэ унана.
  • Компани үйлдвэрийн өргөтгөл барьж, бизнес нь томорсон ч үнэ унана.
  • Бүр хагас их наяд төгрөгийн борлуулалт хийн өндөр ашигтай гарсан ч үнэ унана.
  • Хөрөнгө оруулсан сангийн мөнгө нь өссөөр байхад ч үнэ унана.

Чөлөөт уналт. Тасралтгүй уналт. Яагаад?

  1. Бидэнд урт хугацаатай мөнгө алга. Үнэндээ IPO-оор боссон энэ бүх мөнгө нь бүгд хадгаламж дээр байдаг тогтмол өгөөжид дуртай, богино хугацаатай мөнгө. Ер нь хаа ч тийм л дээ. Богино хугацаатай учраас хувьцааны үнэ нар үзэхийг хүлээж чадахгүй. Тиймээс зарж эхэлдэг. Тэгвэл урт хугацаатай мөнгө нь юу юм бэ? Энэ бол тэтгэврийн сангийн мөнгө юм. Хүн бүр өнөөдөр цалингаасаа тэтгэврийн шимтгэл гээд 19% -г өгдөг. Тэр мөнгө шүү дээ. Хүн болгон дор хаяж 10, 20, 30 жилийн дараа тэтгэвэрт гарах учраас хамгийн урт амьдрах настай мөнгө юм. Тэгэхээр тэтгэврийн сангийн мөнгө нь хөрөнгийн захад орж, хувьцаа авснаар аль аль талдаа тэвчээртэй бие биеэ хүлээх боломж бүрдэнэ. Эцэст нь хоёулаа хожно. Гэтэл манай төр тэтгэврийн мөнгийг өнөөдөр Капитал мэтийн банк руу хийж, алдаж тоглоод л байж байна.
     
  2. Хөрөнгө оруулалтын сан, мэргэжлийн хөрөнгө оруулагчид ховор. Дээр ярьсан урт хугацаатай тэтгэврийн мөнгийг хөрөнгө оруулалтын сангууд удирддаг. Дэлхийн нийт хөрөнгө оруулалтын сангийн удирдаж байгаа мөнгөний 70 хувийг тэтгэврийн сангийн мөнгө бүрдүүлдэг. Тиймээс л тэр зах зээлд хувьцааны үнэ мэдээнд мэдрэг. Урт хугацаанд хэчнээн савласан ч өсөх трэндтэй явдаг. Тэгэхээр IPO-гийн хамгийн том худалдан авагч нь хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Тэрхүү сан нь тухайн ашигтай компанид урт хугацааны турш хяналт тавьсаар компани ч томордог, хувьцааны үнэ ч өсдөг, сангууд ч мөнгөө өсгөж гардаг. Онцлог нь хөрөнгө оруулалтын сан бол компани биш. Жишээ нь, 10 жилийн хугацаатай ХОС байхад анх оруулсан мөнгөө мөн хугацаанд хэр өсгөсөн түүнийгээ хувааж аваад хаагддаг. Түүнээс биш компани шиг хувьцааны үнээр үнэлгээ нь хөдлөхгүй. Хувь хөрөнгө оруулагч ХОС -д 10 сая төгрөг хийсэн гэвэл 10 жилийн дараа 60 сая болгоход 6 дахин өсгөөд авна л гэсэн үг. Гэвч хөрөнгө оруулагчид ХОС-ийг банк шиг, банкны хадгаламж шиг ойлгодог нь харамсалтай.
     
  3. Санхүүгийн боловсрол, хөрөнгийн захын мэдлэг. Хөрөнгийн зах бол итгэлцэл дээр тогтдог бизнес. 2010 оноос хойш компаниуд зөвхөн ПИ АР хийх зорилгоор зах зээлээс IPO босгох замаар хямд эх үүсвэртэй мөнгө татсан. Эцэст нь компани нь дампуурч, хөрөнгө оруулагчдыг хохироосон. Түүний дараа койнууд гарч ирсэн. Койн, хувьцаа хоёрыг ялгахгүй үе дээр гарч ирж, мөн л иргэдийн итгэлийг нь эвдлээ. Итгэлээ алдсан хүн энэ зах зээл рүү дахиж өнгийтлөө 4 жил гэсэн олон улсын судалгаа бий.
     
  4. Зохицуулагч, мэргэжлийн байгууллагуудын дүрэм журам. Хадгаламж зээлийн хоршооны хэрэг, койны хэрэг гээд энэ зах зээлд ургасан зэрлэг өвс бүр нь эргээд мэргэжлийн, тусгай зөвшөөрөлтэй бизнесүүдийнхээ хаалт болдог. Зохицуулагч байгууллагууд эдгээр кэйсээс сэргийлэн нэлээд чанга дүрэм, журмыг мөрдүүлэхийг шаарддаг. Гэвч эдгээр дүрэм, журам нь эргээд хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулж буйг ойлгох нь зүйтэй. Тиймээс харилцан ойлголцож, санал солилцож байж бид хөрөнгийн захаа хамт хөгжүүлэх учиртай.
     
  5. Энэ улсад хөрөнгийн захын тухай ойлгож байгаа сайд, дарга алга. Улсын бодлого нь сонгуулийн 4 жилдээ багтдаг. Тиймдээ ч үеийн үед өндөр ашигтай, хаалттай компаниудыг задлах, тэднийг олон нийтэд хүртээх, баялгийн тэгш хуваарилалт хийх хөрөнгийн зах хаягдсаар иржээ. Улс төр нь бизнестэйгээ, бизнес нь улс төртэйгөө сүлбэлдсэн ийм нийгэмд ард иргэдэд баялаг хүртээхийг хэн ч хүсэхээ байжээ. 

Хөгжиж буй улс болохоор асуудал их бий. Тиймээс төрийн байгууллага, бизнесийнхэн, хөрөнгө оруулагчид хамтарч байж хөрөнгийн захын энэ том баганыг босгож ирэн банкны баганатай зэрэгцүүлэх юм. Түүнээс биш бид бие биеэ чичлээд юуг ч өөрчилж чадахгүй.