Өмнө нь монголчууд гадаад эзэнтэй компанид ажилладаг байсан бол одоо өөрсдөө ажил олгогч болж, амжилттай бизнес эрхэлж байгаа нь сайшаалтай. Америкчуудтай шууд харьцаж, үйлчлүүлэгчдийнх нь тоо ч тэр хэрээр нэмэгдэж байна.
Монгол бизнес эрхлэгчдийг АНУ-ын зах зээлд хөл тавихад нь зөвлөж, нэг бизнес эрхлэгчийг нөгөөтэй нь холбож өгөх үүрэгтэй байгууллага бол Монголчуудын зүүн эргийн бизнес зөвлөл юм. Гаднынхантай саналаа хуваалцах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, тэднээс суралцах боломжийг монголчуудад бүрдүүлж өгөхийн төлөө тэд ажилладаг. Тус зөвлөлийн Ерөнхийлөгчөөр Ганбилэгийн Болормаа хэмээх эмэгтэй ажиллаж байна.
Тэрбээр Вашингтон хотод даатгалын агентлаг нээсэн анхны монгол хүн юм. "Могул" даатгалын группийг үүсгэн байгуулж, 2015 оноос хойш даатгалын чиглэлээр Вашингтон хотод ажиллаж, амьдарч буй түүнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.
Тэрбээр зөвлөл үүсгэн байгуулагдах болсон шалтгааны талаар "Нийгмийн шаардлагаар манай зөвлөл 2022 онд байгуулагдсан. Гишүүнчлэлээ нэмж, монгол бизнес эрхлэгч нарт хэтийн төлөвлөгөөгөө танилцуулан ажиллаж байна. АНУ-д үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч нараас гадна Монголд амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын төлөөлөл салбар компаниа гадаадад байгуулахаар бидэнтэй хамтарч ажилладаг.
Зүүн эргийн бизнес эрхлэгч нар ихэнхдээ барилгын, тэр дундаа дотор засал чимэглэл, ложистикийн чиглэлд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бизнесийн зөвлөлийн хувьд монгол иргэдийг ажиллаж, амьдарч буй хот, дүүргийнхээ төрийн болон төрийн бус үйлчилгээнд хэрхэн хамрагдах тал дээр нь зөвлөж, тусалдаг.
Монголоос аль чиглэлийн компаниуд АНУ-д салбараа нээж буй талаар "Янз бүр. Тухайлбал модны үйлдвэр салбараа нээсэн. Хотоос гурван цагийн зайтай томоохон монгол модны үйлдвэр бий. Модоор эцсийн бүтээгдэхүүн буюу угсрахад бэлэн тавилга үйлдвэрлэдэг. Монголын бизнес эрхлэгч нар гадаадад ажил олгогч болж байна. Монголчуудаа бас ажлын байраар хангаж байгаа юм. Тухайн үйлдвэрийг бид монгол бизнес эрхлэгч нартайгаа холбож өгч байгаа.
Жишээлбэл дотор засал чимэглэлийн олон компани бий. Тэдний хувьд түүхий эдээ Хятадаас эсвэл АНУ-ын компаниас авч байгаа. Тэгэхээр энэ асуудлыг аль аль талд нь ашигтай байлгах, монгол хүн монгол хүнээ дэмжээд хамтдаа хөгжих боломжийг нээхээр бид ажиллаж байна" гэдгийг онцолж байлаа.
Түүнчлэн АНУ-д бизнесийн ямар зах зээл байгаа талаар "АНУ-ын нэг сайхан зүйл нь маш өргөн зах зээлтэй. Хүн өөрөө хүсвэл, хичээвэл аль ч салбарт амжилт үзүүлж чадна. Гэхдээ хүн дуртай зүйлээ хийж байж аз жаргалыг мэдэрч, ажлаа илүү сайн хийдэг шүү дээ. Сэтгэл зүрхээ дагаад АНУ-ын аль ч салбарт ажиллах нь нээлттэй. Барилгын салбар руу орж болно. Хумсны, үсчин гоо сайхны салон нээгээд амжилтад хүрэх боломжтой" гэсэн юм.
Монголоос АНУ-д бизнес эрхлэх сонирхолтой байгууллагын визийн тухайд тэд мөн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Хөрөнгө оруулагчийн визийн тал дээр хууль эрх зүйн талаас нь шаардлагатай зөвлөгөө мэдээллээр хангаж тусалдаг байна.
АНУ-д хэрхэн хууль эрх зүйн хүрээнд бизнесээ амжилттай эрхлэх, олон хэрэглэгчтэй болоход нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Бизнес эрхлэгчдээ дэмжих, АНУ-ын талаас үзүүлэх тусламж дэмжлэгийг иргэдэд илүү ойртуулах тал дээр ажиллаж байгаа юм байна. Монгол иргэдийг ажиллаж, амьдарч буй хот, дүүргийнхээ төрийн болон төрийн бус үйлчилгээнд хэрхэн хамрагдах тал дээр нь мөн зөвлөдөг.
Гарааны бизнес эрхлэгч нар юун дээр анхаарах тухайд "АНУ-д бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол эдийн засгаа маш сайн судлах ёстой. Харанхуйгаар орно гэж ярьдаг. Ингэвэл эрсдэлтэй. Хэдэн төгрөгөөр босож байгаа бизнес билээ гэдгээ тооцоод цаашид бизнесээ хэрхэн авч явах стратегийн төлөвлөгөөгөө сайн боловсруулах нь чухал.
Вашингтон хот орчимд 18,000 орчим монголчууд амьдардаг. Бид төрийн бус байгууллагын хувьд АНУ-д монгол эзэнтэй хэчнээн компани байгаа, ямар төрлийн бизнес эрхэлж байгаа вэ гэсэн судалгааг хийж, дата үүсгэнэ. Амжилттай явж байгаа бизнес эрхлэгчдээс суралцах, амь нэгтэй байж хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэхээр зорьж байна" гэв.