Индэр    
2023 оны 8 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

Я.Чагнаадорж: Хүмүүс орон нутгийг жижигхэн гэж хараад байна. Зах зээлээ олоод, бизнесээ зөв эхлүүлж чадвал амжилтад заавал хүрдэг

Зураг

Я.Чагнаадорж нь 17 настайдаа эхнэртэйгээ Баянхонгор аймагт үхрийн аж ахуй эхлүүлж байжээ. 2018 оноос аймгийнхаа төвд сүүний үйлдвэр байгуулж олон хэлбэрт тарган зайрмагийн цех ажиллуулж байгаа юм. 

Өдгөө 28 нас хүртлээ дөрвөн үрийн зулайг үнэрлэж, тасралтгүй 11 жил орон нутагтаа бизнес эрхэлжээ. Тэрбээр олон хэлбэрт тарган зайрмагаар хангайн бүсийг хангах зорилго руугаа тэмүүлж буй жирийн нэгэн монгол аавын ажил амьдралын алдаатай, оноотой туршлагыг хуваалцах гэсэн юм. 

Хотоос хөдөө рүү суурьших, сонирхолтой залууст зориулж орон нутагт амьдарч, бизнес эрхэлж буй хүний бодит туршлагыг хуваалцах зорилгоор энэхүү яриаг хүргэж байна.

- Та сайхан зусаж байна уу. Өөрийнхөө товч намтрыг танилцуулна уу?

- Намайг Янжаагийн Чагнаадорж гэдэг. 2012 оноос хойш эхнэртэйгээ жижиг үхрийн фермийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Үүнээс өргөжиж явсаар Баянхонгор аймгийг хангахуйц сүүний үйлдвэр, зайрмагийн цех байгуулаад явж байна. 

Эхнэр бид хоёр гуравдугаар курсдээ анхныхаа хүүхдээ өлгийдөн авч, тусдаа гарсан. Уг нь хоёулаа нягтлан бодогч мэргэжилтэй. Тухайн үед мөнгөний гачигдлаас болоод их сургуулиа төгсөж чадаагүй. 

- Анх орон нутагт ямар ажил хийхээр төлөвлөж ирсэн бэ? 

- Орон нутагтаа л амьдралаа босгоно гэж боддог байсан. Төсвийн байгууллагад ажиллах хэцүү юм шиг санагдсан учраас өөрийнхөө гараар амьдралаа босгохоор зорьсон доо. Тухайн үед сум хөгжүүлэх сангаас зээл аваад үхрийн аж ахуй байгуулж эхэлсэн. 

- Тухайн үед хөдөө аж ахуйг хөгжүүлэх сангаас зээл аваад үхрийн аж ахуй эрхлэх нь ашигтай байж чадсан уу? 

- 2012 онд хөдөө аж ахуйг дэмжих сангаас 18 сая төгрөгийн санхүүжилт авч байлаа. Анх зургаан үхэртэй эхлээд 50 хүртэл өсгөсөн. Баянхонгор аймагт малын тэжээл гэх зүйл бага учир үхрийн аж ахуй эрхлэхэд хэцүү.

Удалгүй сүүний жижиг дунд үйлдвэр байгуулахаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас таван сая төгрөгийн санхүүжилт авсан. Одоогоор манай сүүний үйлдвэр 2-3 хүнийг тогтмол ажлын байраар хангаад явж байна. Мөн үйлчилгээний салбарын гурван жижиг бизнес байгаа. 

"Бусад бүтээгдэхүүнтэй өрсөлдөхийн тулд нэг ч гэсэн зүйлээр онцгой байх ёстойг ойлгосон"

зураг
 

- Баянхонгорын ажлын байр, орлогын гол эх үүсвэр нь уул уурхай гэсэн. Тэгэхээр уул уурхайд илүү анхаарсан аймагт сүүний үйлдвэр байгуулах, хүмүүсийг ажлын байраар хангах, ашиг олох боломж талаар ярина уу?   

- Ер нь бол хүндрэлтэй. Зөвхөн уул уурхайгаас илүү дотоодын сүүний томоохон үйлдвэрүүдтэй өрсөлдөх шаардлага тулгарч байна. Жишээлбэл "Тэсо" ХХК-ийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхийн тулд нэг ч гэсэн зүйлээр онцгой байх ёстойг ойлгосон.

Тиймээс ч дотроо 13 төрлийн хэлбэр дүрстэй зайрмаг гаргасан. Мөн хотоос бабулай зайрмаг ирэхэд өндөр зардалтай учир аймагтаа хямд үнээр чанартай амтыг нийлүүлдэг.

Иймэрхүү бусдаас ялгарах онцлогтой бол өөрийн гэсэн хэрэглэгч, зах зээлийн байр сууриа олдог юм байна. Гэхдээ тогтмол хийх нь ашигтай байдаг. Цаашдаа Говь-Алтай аймаг руу гаргах төлөвлөгөөтэй байгаа. Нэг бүтээгдэхүүн зах зээлд гараад 1-2 жилийн дараа хүмүүст танигддаг. 

- Орон нутагт үхрийн аж ахуй эрхлэх ашигтай юу?  

- Зургаан жил үхрийн аж ахуй эрхэлсний дараа үр шимийн хүртээд сүүний үйлдвэрээ байгууллаа. Чанартай цөөхөн малаас өндөр ашиг хүртдэг байсан.Гэхдээ ашигтай ч гэсэн мал амьтан учраас тухайн газрын уур амьсгалаас ихээхэн хамаардаг.

Үхрийн аж ахуй ферм байгуулаад тог дэд бүтцээ хийсэн ч ган гачгаас болж ихээхэн хохирол амссан.Улаанбаатар хотоос хол, газар тариалан сайн хөгжөөгүй учир малын тэжээл хомс. Ер нь байгаль эх дэлхийгээ хайрлах талаасаа олон малаас татгалзаж байгаа. Чанаржуулах гэх зүйлийг их ярьдаг болсон байна. 

Тиймээс сүүн гаралтай бүтээгдэхүүн хийвэл ашигтай байх магадлалтайг олж харсан. Анх түрээсийн байранд зайрмаг хийдэг байлаа. Одоо хашаандаа жижигхэн ажлын байр бариад үйлдвэрлэлээ явуулж байна.

- Баянхонгор аймагт таны бизнест өрсөлдөгч байгаа юу? 

- Баянхонгор аймагт нэг өрсөлдөгчтэй. Тэднээс амт чанар технологийн хувьд ялгардаг. Бүрэн органик бүтээгдэхүүн гаргадаг учир худалдан авагчид дуртай авдаг.

Манай үйлдвэр гурван төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. 1. Мазаалай зайрмаг нь гэр бүлээрээ идэх боломжтой, дотроо 13 ширхэгтэй, 2. Азхүү зайрмаг нь дотроо таван ширхэгтэй иштэй чихэр гэсэн үг. 3. Амтлаг тараг гэх бабулай шиг зайрмаг бий. 

Цаашдаа тоног төхөөрөмжөө шинэчилж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилснөөр баруун таван аймгаа зайрмагаар хангах бүрэн боломжтой. Одоохондоо 250 сая төгрөгийн санхүүжилттэй бол бүтээгдэхүүнээ баруун аймгуудад сурталчилж, зах зээлд өрсөлдүүлэх боломж, брэндийн нэр хүнд хангалттай байгаа. 

- Та 11 жил бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд юуг сурсан бэ? 

Ажиллах хүч хамгийн чухал. Анх удаа эхэлж байгаа гээд хүнийг их цагаар ажиллуулах буруу.

- Анх өрхийн аж ахуй, одоо жижиг дунд үйлдвэр, дараа нь компанийн системдээ үе шаттайгаар орно. Ямар нэгэн зүйл өөрийн гэсэн цаг хугацаатайг сайн ойлгосон.

Гэхдээ хамгийн чухал нэг зүйлийг огт ойлгоогүй байснаа анзаарсан. Бүтээгдэхүүн гаргаад хүмүүст хүргэж байгаа ч гэсэн ажиллах хүч хамгийн чухал. Ажилчдынхаа тав тухыг хангах дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Анх удаа эхэлж байгаа гээд хүнийг их цагаар ажиллуулах буруу. Ажлын цаг, таван өдөр, ээлжийн амралт гэх эрхээр нь хангаж байх ёстойг ойлгосон.

- Танд ажиллах хүч сайн олдож байна уу? 

- Ай даа сэтгэлд таарах хүн ховорхон олддог шүү. 

- Сэтгэлд таарсан гэж ямар хүнийг тодорхойлох вэ? 

- Нэгдүгээрт үүрэг хариуцлагатай, цаг тухайд нь ажлаа хийдэг, хоёрдугаарт ажлын цагаа барьдаг хүнийг хэлж болно. Энэ 11 жилийн хугацаанд дөрвөн бизнест 200 гаруй ажилчин орж гарсан байна.

Үүнд миний буруу хамгийн их байсан. Ажиллах хүч гэдэг нь зөвхөн миний эрх ашиг бус тэр хүмүүсийн амьдрал явж байгааг ойлгосон. 

"Хүмүүс орон нутгийг жижигхэн гэж хардаг. Гол нь зах зээлээ олоод, зөв эхэлж чадвал амжилтад хүрнэ"

зураг
 

- Таны бизнесийн талаар тодорхой хэмжээнд ярилцлаа. Орон нутагт залуусын хөдөлмөр эрхлэлтийн талаар уншигчдадаа сонирхуулахаар тантай ярьж байна. Их сургуулиа төгсөөд Баянхонгорт ирж жижиг дунд бизнес эрхлэх сонирхолтой байгаа залууст өөрийнхөө туршлагад үндэслэн зөвлөгөө өгнө үү? 

Хэт өндөр сайхан төсөөллийг өөртөө бий болгож болохгүй. Гол нь эрсдэл гэх зүйлийг тооцоолох хэрэгтэй.

- Тухайн бүтээгдэхүүнийхээ зах зээлийн судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Судалгаагүй ямар нэгэн зүйлийг судалгаагүй эхлүүлбэл алдагдалд орох магадлал их учир няхуур хандах хэрэгтэй. 

Мэдээж анх удаа бизнес эхлүүлж байгаа болохоор шантрах зүйл багагүй гарна. Жишээлбэл би өчигдөр 300 гаруй мянган төгрөгөөр бага зэрэг гашилчихсан сүү авсан. Өнөөдөр тэр нь тараг бүрэлдэх исэлдсэн. Үүнтэй ижил саад бэрхшээл тулгардаг учир шантрахгүй тайван, алсыг харж эхлэх нь зөв байх.

Хэт өндөр сайхан төсөөллийг өөртөө бий болгож болохгүй. Гол нь эрсдэл гэх зүйлийг тооцоолох хэрэгтэй. Тиймээс нэг зүйл эхлүүлсэн бол шантрахгүй тууштай хийгээрэй. 

- Орон нутагт ирээд бизнес эрхлэхэд ямар хүндрэл учирдаг вэ? 

100-200 сая төгрөгийн бага хүүтэй зээлийг найз нөхөд, намын шугамаар авчихдаг.

- Хүмүүс орон нутгийг жижигхэн гэж хардаг. Гол нь зах зээлээ олоод, зөв эхэлж амжилтад хүрнэ. Улаанбаатарын хүмүүсийн хэрэглэж буй бараа бүтээгдэхүүн орон нутагт ялгаагүй эргэлдэж байна. 

Бизнес эхлүүлэхэд эргэлтийн хөрөнгө буюу зээл хамгийн чухал байдаг. Гэтэл бидэнд бага хүүтэй зээл өгөх нь хүндрэлтэй. Учир нь 100-200 сая төгрөгийн бага хүүтэй зээлийг найз нөхөд, намын шугамаар авчихдаг. Танилгүй, намгүй, өөрийнхөө гараар ажил эхлүүлэх гээд явж байгаа хүмүүст эхэндээ бага хүүтэй зээл олдох хэцүү. 

Их хэмжээтэй зээлийг заавал танил талаар олж авдаг.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний байгууллагаас зээл авахад харьцангуй амархан байдаг. Энэ байгууллагын гарааны бизнесийн төслийн уралдаанд өрсөлдөж анхны санхүүжилтээ авсан.

Орон нутагт ажил эхлүүлэх гээд явж байгаа залуусыг хангалттай дэмждэг. Харин их хэмжээтэй зээлийг заавал танил талаар олж авдаг. Би шинэ ажлын байр барих гэж хоёр жил хөөцөлдсөн. Одоохондоо өндөр дүнтэй зээл олдоогүй л байна. 

- Зээл авахад хүндрэлтэй гэх асуудал ярьж байна. Жишээлбэл нэг залуу танай аймагт ирээд бизнес эрхлэхээр зээл хөөцөлдвөл юунаас эхлэх вэ? 

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өндөр дүнтэй зээл авахаар нэг хүнд өртэй юм шиг хоцордог

- Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хандах хэрэгтэй. Энэ байгууллага ажлын байр, дансны гүйлгээг нь шалгаад 10-20 сая төгрөгийн зээл өгдөг. Их хэмжээний зээлийг авах хэцүү. Баянхонгорын жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авна гэдэг таньдаг хүнгүй бол худлаа байх. 

Жишээлбэл УИХ-ын дарга Г.Занданшатар ах нь дэмжье, их хэмжээний зээлийн аваад өгье гэж хэлсэн ч одоо хүртэл байхгүй.

Албан тушаалтнууд ажлын байраар танилцаад өөрийнхөө нэр хүндийг өсгөлөө, тэгээд хэлсэн үг нь худлаа байдаг санагдсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өндөр дүнтэй зээл авахаар нэг хүнд өртэй юм шиг хоцордог. Тодорхой хэмжээнд ажил хийж байгаа хүнд зээлийг нь өгөх л хэрэгтэй. 

"Энэ жижигхэн байшинд олон хөлдөөгч байна. Энэ миний бахархал, үнэ цэнтэй хөдөлмөр минь"

зураг
 

- Ямар ч ажил эхлүүлэхэд шантрах үе гардаг. Тухайн хүн тэр цаг хугацааг буруу гишгэхгүй даваад гарчихвал жижиг зүйлд хугарахааргүй нуруутай болдог байх. Энэ 11 жилийн хугацаанд хүнд байсан үеэсээ уншигчдад хуваалцана уу? 

Бизнесийг их мөнгөөр хийдэггүй гэдгийг маш сайн ойлгосон.

- Миний хамгийн том алдаа бол хэвийн үргэлжилж байсан үйлдвэрээ орхиод сүлжээний бизнес рүү орсон. Одоо хүртэл "яах гэж Amway хөөв дөө" гэх харуусал байдаг. Цар тахлын үеэр сүлжээгээр бизнес эрхлээд баяжих юм шиг бодсон. Сүлжээнд 20 гаруй сая төгрөгийг өгөхдөө сурсан зүйл их байгаа. 

11 жилийн амьдралдаа гэр бүлийнхээ хүнийг анхаарахгүй орхисон доо их харамссан. Өглөөнөөс орой хүртэл хамт хөдөлмөрлөсөн хүн. Тэр бүх бэрхшээлийг бодохоор л сайхан байдаг. 

Үйлдвэр эхлүүлээд амжилттай явж байхад манай эхнэрийн үс ядаргаанаас болж унаж эхэлсэн. Энэ нь гэр бүлээ хайрлаагүй надаас болсон. Эмэгтэй хүн халзрахаараа сэтгэл санаагаараа их унадаг.

Тэр үед би ямар ч хамаагүй аргаар эдгээнэ, мөнгө олно гэж бодсон. Тэгээд л сүлжээний бүтээгдэхүүн хэрэглээд үс нь ургачихсан. Ер нь амралтын өдрүүдийг гэр бүлдээ зарцуулах ёстойг ойлгосон доо. Гэр бүлээ алдахад ойрхон ирсэн. 

Гол нь ямар нэгэн зүйлийг заавал хийж, алдаж үз. Бүү ай. Алдаж үзсэн хүн суралцдаг.

Энэ жижигхэн байшинд олон хөлдөөгч байна. Энэ миний бахархал, үнэ цэнтэй хөдөлмөр. Хүний нүдэнд жижигхэн харагдах ч би хэнээс гуйгаагүй өөрөө босгосон доо.

Гол нь ямар нэгэн зүйлийг заавал хийж, алдаж үз. Бүү ай. Алдаж үзсэн хүн суралцдаг. Энэ бүхний цаана амжилт байгаа гэдэгт л итгэх чухал. Хүн юу сурсан, мэддэг түүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй. Чадахгүй зүйл рүү зүглээд ч хэрэггүй. 

Бизнесийг их мөнгөөр хийдэггүй гэдгийг маш сайн ойлгосон. Хүмүүс мөнгөн дээр зөв зохицуулалт хийж чадахгүй алддаг. Бага зардлаар аажмаар явах нь зөв байх. 

- Өөрийнхөө түүхийг хуваалцсанд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөр нь арвин дэвшилтэй байг. 

- Баярлалаа. 

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг