Индэр    
2023 оны 6 сарын 7
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Б.Жавзан: Монголчууд бусдынхаа амжилтыг олж хардаггүй нь хамгийн эмгэнэлтэй. Цаанаа дандаа атаа, жөтөө агуулдаг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гудамжинд явж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэнд яг л халдварт өвчин шиг бидэнд нөлөөлж байдаг. 

Нийгмийн стресс их байх тусам displacement буюу орлуулах процесс бий болдог. Жишээлбэл эхнэр, нөхөр хоёр маргалдаад гэрээсээ гарлаа гэж бодъё. Улмаар тухайн өдрийн стресс, уур бухимдлаа хэн нэгэнд орлуулж эхэлдэг үзэгдэл түгээмэл. Тиймээс бухимдлаа бусдад орлуулах үйлдлийг аль болох битгий хий. Энэ бол зөвхөн танд л үүссэн сөрөг хандлага болохоос биш тантай харилцаж байгаа хүн үүнийг авах ёсгүй. 

Монголчуудын дунд аливааг сөрөг өнцгөөс харах, бусад хүнийг муулах, бухимдлаа хэн нэгэнд орлуулж гаргах, эмпати сул буюу бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох чадваргүй, нэгнийгээ дэмжиж урамшуулахгүй байх гэх мэтчилэн сөрөг хандлагын олон жишээ байна. Бидний хандлагын хамгийн буруу жишиг бол бие биеэ урамшуулдаггүй, дэмждэггүй явдал хэмээн Оксфордын их сургуулийн шинжлэх ухааны магистр, сэтгэл зүйч Б.Жавзан хэллээ. 

Түүнтэй монголчуудын хандлага, харилцааны талаар үргэлжлүүлэн ярилцсанаа хүргэж байна.



-Сэтгэл хөдлөл яг л халдварт өвчин шиг бусдад нөлөөлж, хандлага харилцааг нь өөрчилдөг талаар Та дээр хэлсэн. Тэгэхээр өдөр тутам амьдрал, харилцаандаа аз жаргалтай байх эсэх маань зөвхөн миний хичээл зүтгэлээс шалтгаалахгүй байх нь. Энэ талаар ярилцлагаа эхэлье. 

-Хүн бол сэтгэл хөдлөлийн амьтан. Ийм учраас буцаад сөрөг сэтгэл хөдлөлд амархан автдаг.

Энэ бол бариад авах юмгүй, энергийн урсгал. Өөрөөр хэлбэл маш хүчтэй, амархан нөлөөлдөг энергийн урсгал юм. Мэдээж өөрийгөө өөдрөг байлгаж, бусдын сэтгэл хөдлөлөөс хамгаалж, сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй байхыг аль болох хичээх нь чухал. 

Бусдад сөрөг сэтгэл хөдлөлөө битгий тараа, бүү нөлөөл гэдгийг хэлээд л байгаа юм. Бүх нийтээрээ сөрөг сэтгэл хөдлөлд автах тусам дотоод агаараас нь уршигтай зүйлс их гарч ирнэ. Бие биетэйгээ муудалцана, үгийн муухайгаар хэлнэ. Ажил, амьдралд янз бүрийн сөргөлдөөн, маргаан үүснэ гэх мэтчилэн.

Сэтгэл хөдлөл бидний амьдрал дотор цаг мөч, минут, секунд болгон буцалж байдаг. Үүнээс хэзээ ч ангид байх боломжгүй. Яг л амьсгалах агаар, уух устай адил

Хамгийн сонирхолтой нь сэтгэл хөдлөл бол яг л халдварт өвчин шиг бусдад амархан халдварладаг онцлогтой.

-Хэдийгээр хүсэхгүй байгаа ч тэр халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл өнөөгийн нийгэмд их байгаа нь анзаарагддаг. Хэзээ ч ангид байх боломжгүй энэ энергийн урсгалыг яаж эерэг болгох боломжтой вэ? 

-Таагүй сэтгэл хөдлөлд автсан хүн буцаад л ажил, гэр, автобус унаандаа бусдадаа сөрөг нөлөөгөө түгээж эхэлнэ.

Сөрөг сэтгэл хөдлөлд автсан байгууллага, хамт олон дунд ажиллаж буй хүмүүс орой тараад нөгөө л сэтгэл хөдлөлөө чирсээр гэртээ очдог. Гэртээ очихоороо хэнд нөлөөлөх вэ? Мэдээж үр хүүхдэдээ нөлөө үзүүлнэ. 

Сүүлийн үед ямар ч газарт Happiness буюу аз жаргалтай байх, өөрсдийгөө өөдрөгөөр мэдрэх, сэтгэл хөдлөлөө хянах, сөрөг сэтгэл хөдлөлд хэт автахгүй байх талаас нь зөвлөж байна. Энэ нь цаагуураа нийгмийн сэтгэл зүйн сайн сайхан байдал, эрүүл байлгах тухай ойлголт. 

-Хэн нэгний таагүй сэтгэл хөдлөлд автахгүй байхын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Сэтгэл зүйн дархлаатай байх хэрэгтэй. Уур бухимдал, жигшил, баяр хөөр, уйтгар, гуниг гэх үндсэн сэтгэл хөдлөлүүд бидний дотор байнга буцалж байдаг. Эдгээр үндсэн сэтгэл хөдлөл биднээс хэзээ ч арилахгүй.

Уйтгар гуниг заавал байх ёстой. Гэхдээ уйтгарт автах болгондоо түүнийгээ илэрхийлээд байвал хэцүү.

Нийгмийн сэтгэл зүйг сайн сайхан болгож, дэмжих соёл, нийтийн үйл ажиллагааг идэвхтэй явуулах нь олон төрлийн тустай. Энэ бол тухайн улсын иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж буй үйл явц. Үүнийг орхигдуулж огт болохгүй. 

Жишээлбэл наадам бол баяраас гадна бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй зүйл. Гэхдээ хэтэрхий их баярлаад байвал цаана нь эдийн засаг яах билээ. Эдийн засгийн тогтворгүй байдал, орлого буурах нь хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд шууд хамааралтай. 

Сэтгэцийн эрүүл мэнд муудахад нөгөө талын өнцөг нь эдийн засаг. Орчин үеийн нийгэмд эдийн засаг, сэтгэцийн эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой. Тэгэхээр нэгийг нөгөөгөөс нь салгаж болохгүй. Тухайн хүний ажил хөдөлмөр эрхэлж олж байгаа орлого, гудамжинд болон автобусанд явж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэнд, хамт ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэнд, улс төрд болж буй процесс бүгд хоорондоо хамааралтай байдаг. 

-Олон нийтийн үйл ажиллагааг идэвхтэй явуулах нь нийт иргэдийн сэтгэл зүйг дэмжих чухал алхам гэж дээр дурдсан. Гэтэл манай улсад бүх нийтийг хамарсан нийгэмд тустай ажил цөөн. Бие биеэ дэмжиж, туслахын сайхныг мэдрээгүй ард түмэн болчихсон юм шиг анзаарагддаг. Үүнийг та хэрхэн хардаг вэ?

-Гаднын улс орнуудад жилд хоёр удаа хандивын томоохон аян өрнөдөг. Хандив өргөсөн хүмүүс нь тэр сардаа энгэртээ цэцэг хатгаж эсвэл бугуйвчийг нь зүүгээд явж байдаг.

Тэр энгэрийн цэцэг, бугуйвчийг зүүгээгүй байвал нийгмийг сайн сайхан болгох кампанит ажилд оролцоогүй гэж мэдэгддэг. Иймээс тэр хүний дотор ичгүүр мэдрэгддэг. Харамсалтай нь Монголд энэ төрлийн кампанит ажил өрнөхгүй байна. Сайн сайхныг дэмжсэн үйл ажиллагаа манай улсад огт явагдахгүй байгаа юм.

-Бусдад туслах үйлдэл нийгмийн сэтгэл зүйд эергээр нөлөөлөх чухал арга байх нь ээ.

-Тийм ээ. Өндөр хөгжсөн улс орнууд нийгэмд эрх тэгш байдлыг бий болгох зорилготой кампанит ажлыг байнга зохион байгуулж байна. Тухайлбал телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулдаг.

Ингэснээр diversity буюу бусдынхаа ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч тэднийг хүндэлдэг. Нэгнийгээ ялгаварлахгүй шүү гэдэг соёл байгууллагын бодлого, мөн чанар, зарчимтай уялддаг.

Хүнийг нас хүйс, гарал угсаа, амьжиргааны түвшин, хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлахгүй хүнлэг нийгэм байгуулна гэдэг агуулга Монгол Улсын хуульд бий. Гэвч хууль, журам баталсан ч хэрэгжүүлдэггүйн тод жишээ мөн. 

-Бид харилцаа, хандлагын алдааг өдөр тутам гаргаж, өөрөө ч мэдэхгүйгээр бусдад тэрхүү таагүй мэдрэмж, сэтгэгдлийг төрүүлдэг юм байна. Биеийн өвчний суурь нь сэтгэл зүйн сөрөг мэдрэмж, стрессээс үүдэлтэй гэдэг. 

-Бие, сэтгэц хоёр салшгүй холбоотой.

Дархлааг гаднаасаа хамгийн сайн витаминаар дэмжлээ ч сэтгэцийн эрүүл мэнд орхигдсон цагт тусгүй

Нойроо сайтар авах, инээмсэглэх зэрэг нь сэтгэл санааг өөдрөг байлгах хөшүүрэг. 

Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүйн сайн сайхан уур амьсгалыг бий болгоход инээмсэглэл чухал. Та гудамжаар явж байгаа хүмүүсийн өөдөөс инээмсэглэ. Тэгвэл буцаагаад инээмсэглэнэ. Үүнийг зарим хүн сөргөөр хүлээж авдаг байсан. Харин одоо харьцангуй ойлгодог болчихлоо. 

Гадаад хүмүүс Монголд гудамжаар алхаж байхдаа инээмсэглэдэг шүү дээ. Яагаад гэвэл суурин соёл иргэншилтэй иргэд нэгнийхээ сэтгэлийг өөдрөг, сайн сайхан байлгахын тулд анхаарч байдаг. 

Харин массын хувьд монголчууд суурин соёл иргэншилд амьдарч үзээгүй жинхэнэ омголон нүүдэлчид шүү дээ. Миний амьдрал нэг хүнээс хамааралтай гэдгийг бид ерөөсөө ойлгодоггүй. Зүгээр л тал дундуур морьтойгоо давхиж байгаа юм шиг яваад байгаа юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Өөрөөр бид харах өнцгөө хэрхэн өөрчилж, нийгэмд эерэг энерги түгээж болох бол? 

-Миний амьдрал сүү түгээлтийн жижигхэн машинаас хамааралтай. Манай дэлгүүрийн доод талд сүү ирэхгүй удвал би сүүгүй өнжих гээд байна. Эсвэл талх түгээлтийн  машин ирэхгүй бол талхгүй өнжих гээд байгаагаа ойлгодоггүй. Үнэндээ 22-ын товчоогоор хөдөө орон нутгаас орж байгаа мах нядалгааны машин 2-3 хоног тасрахад махны үнэ өсөх гээд байгаагаа бид нар ойлгохгүй байна. 

Суурин соёл иргэншилтэй болно гэдэг бол нэг хүний амьдралаас нөгөө хүний амьдрал салшгүй холбоотой болоод эхлэхийг хэлнэ. Тиймээс бие биедээ сайхан сэтгэлээр хандах, бие биеэ хараад инээмсэглэх, баярлалаа, уучлаарай, та гайхалтай байлаа, үйлчилгээ сайн байлаа гэж хэлж сурах учиртай. 

Энэ ярилцлагыг уншаад сууж байвал та бодоорой. Хэрвээ ажилдаа машинаараа очдог бол өдөрт яг хэдэн хүнтэй харилцаж байна вэ. 

Та машин дотроо суулаа, ажил дээрээ ирлээ. Ингээд ажлынхаа хүмүүстэй харьцаад тарах үеэрээ нөгөө машиндаа суугаад гэр лүүгээ харилаа. Тэр өдөр бараг л хүнтэй харилцахгүй. Бусадтай мэндлэхгүй, зөвхөн ажлынхаа цөөн хэдэн хүнтэй л харьцана. Тэгэхээр өөрийнхөө цөөхөн харилцаж байгаа хүмүүсээс “Сайн байна уу”, “Бие нь яаж байна”, “Ажил нь сайн уу” гээд яагаад асууж болохгүй байгаа юм бэ.

Яг үнэндээ энэ хэдэн сая живаа хүмүүсээс цөөн хэдтэй нь л уулзаж, харилцаж байна.

Германы "sonder" гэж үг бий. Орчин үеийн хотжилтын нэр томьёонд орж ирсэн үг. Энэ үгийн утгыг тайлбарлахыг хичээе. Гудамжаар олон зуун хүн алхаж байна. Тэдгээр хүн зүгээр л таны хажуугаар зөрөн өнгөрч байгаа юм шиг. Гэвч хүн болгоны ар талд өөр өөрсдийн амьдралын онцлог бий.

Зарим нь дөнгөж саяхан хостой болсон байж болно. Зарим нь дөнгөж саяхан хосоосоо салсан байж болно. Хэн нэгний энгийн дүрийн цаана хувь хүний гайхалтай амьдрал оршиж байгаа шүү. Энэ хүний амьдралд ямар сонирхолтой процесс болж байгаа бол гэж бодож зөрөхийг "sonder" гэж хэлдэг. 

-Эргэн тойрон олон зуун хүн байвч бодит хүн хоорондын харилцаа цөөн. Иймд өөрийнхөө харьцдаг, ярилцдаг бага ч болтугай хүнд эергээр нөлөөлөх нь чухал байх, тийм үү?

-Тийм ээ. Улаанбаатарын автомашингүй өдөр үнэхээр гоё байдаг биз. Яагаад гэвэл бид хүнээр дутаад байгаа юм. Өөрийг нь хүрээлээд олон хүн байгаа юм шиг мөртлөө, тийм биш.

Автомашингүй өдөр гудамжаар явж байгаа хүмүүсийн сэтгэл хөдлөл нь сайхан байдаг. Тэндээс бид нэгнийхээ сайхан сэтгэл санааны мэдрэмжийг авч, өөдрөг болж байгаа юм. Энэ бол нөгөө "sonder" гэдэг үгийн утга, учир. Тайлбарлавал тухайн хүний амьдралын утга учрыг та мэдрээд байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа гэсэн үг.

Үнэндээ бидэн шиг бодитоор харилцаж, ярилцаж байгаа нь хүний өдөр тутмын амьдралын 30 хувьд хүрэхгүй. Ийм бага хугацаанд бусадтай харилцахдаа аятайхан үг амнаасаа унагаах хэрэгтэй. Бусдыг сайтар ойлгож, дэмжиж эерэг сэтгэл хөдлөл түгээхийг хичээгээрэй. 

-Аливааг сөрөг өнцгөөс харах, бусад хүнийг муулах, бухимдлаа хэн нэгэнд орлуулж гаргах, эмпати сул байх (бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар), нэгнийгээ дэмжиж урамшуулахгүй байх гэх мэтчилэн сөрөг хандлагын олон жишээ байгааг та хэлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Монгол хүний хандлагын хамгийн том алдаа бол бусдын хичээл зүтгэл, амжилтыг олж харахгүй мөртлөө муулахыг урьтал болгодог явдал. Ялангуяа хөдөө сумын ойрхон амьдардаг нөхдийг ажиглаад харахаар халуун савтай цай голдоо тавиад л тойрч суугаад хүн муулдаг. Улмаар энэ үзэгдэл нь хүүхдэд муулах өнцгийг бий болгоод байна. 

Нэгнийгээ муулахыг сонсож, харж байгаа хүүхэд бусдын чадварыг үнэлэхгүй болж өснө. Хэрэв ангийнх нь хэн нэгэн хүүхэд математикийн хичээлдээ үнэхээр хичээгээд сайн байвал "тэр хүүхэд надаас илүү гарчихлаа", "энэ онц авлаа" гэж атаархаж хандах магадлалтай. 

Харин эсрэгээрээ найз чинь хичээгээд амжилт гаргасан бол "Чамд баяр хүргэе. Би энэ хичээлийг ойлгохгүй байна" гээд асууж болно шүү дээ. Чи надад тайлбарлаад өгөөч гээд хамтраад ажиллавал тэр хүүхдээсээ юм суралцаж болно гэдэг хандлага чухал.

Тэгэхээр эндээс ч монгол хүний хандлагын нэг жишээ харагдаад байна. Аливааг улам сөрөг талаас харах тусам өөрөө өөрсдийгөө гэмтээгээд байгаагаа ойлгохгүй байгаа юм. 

Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох эмпати сул. Бие биеэ урамшуулдаггүй, дэмждэггүй нь хамгийн эмгэнэлтэй. Цаанаа дандаа атаа, жөтөө агуулдаг. Энэ нь бидний хандлагын хамгийн буруу жишиг. Дэмждэггүйгийн наад захын жишээг зүгээр л машины жолооч нарын харилцаанаас харж болно. Нэгнээсээ өрсөж, урдуур нь дайрах нь элбэг.

-Хүүхдийн хүмүүжилд гэр бүл, эцэг эхийн оролцоо их. Үгнээс илүү үйлдэл, үлгэр дуурайл чухал болов уу? 

-Эцэг, эхчүүд хүүхдээ бусадтай харьцуулах хандлага ч ажиглагддаг. Ерөөс та хүүхдээ ойлгохгүй байгаагийн л шинж. Яагаад ийм үйлдэл хийв гэдгийг нь ойлгохгүй мөртлөө хүүхдийг түлхээд байх тусам ирээдүйд өөрсдөө хариугаа танаас авна гэсэн үг. 

Магадгүй таныг өвдсөн, зовсон эсвэл том уналтад орчихсон үед “Бусадтай харьцуулахад та зүгээр л байна шүү дээ” гэж буцаагаад таныг хайрлах, бусдын өмнө дэмжих тэр дэмжлэгийг та ирээдүйд авахгүй л гэсэн үг.

-Бусдын алдааг олж хардаг ч амжилтыг урамшуулдаггүй хандлага түгээмэл байгаа нь харамсалтай.

-Бие биеэ урамшуулж байх ёстой. Нийгмийн сэтгэл зүйг анзаарахад урмаар дутдаг нэлээд ганцаардмал хүмүүс болсон. 

Бид яах гэж энэ таван мэдрэхүйгээр оршоод байгаа юм бэ. Аливаа зүйлийн сөргийг нь биш эергийг нь шилж сонгож хар л даа. Хүний анхаарал, танин мэдэх процесс өөрөө шилж сонгох шинж чанартай.

Тэр олон шилж сонгох зүйл дотроосоо заавал сөргийг нь битгий шилж хар. Энэ олон объект бүгдээрээ таны хараанд өртөхгүйтэй адил танд зөвхөн шилж сонгогдсон зүйл чинь л харагдана. Тэрийг нь зөв олж харахыг хичээгээд үзээрэй.

Хэтэрхий сөрөг сэтгэл хөдлөлөө автаад байдаг учраас нялхсын тойрог гэж хэлээд байгаа.

-Нялхсын тойрог гэдгийг тайлбарлахгүй юу? 

-Олон талаас нь уян хатан бодохгүй байгаа учраас бусад хүн бидэн дээр тоглолт хийхэд амар. Энэ нь бусдын нүдээр нялхас харагдаад байгаа. Иймд сөрөг сэтгэл хөдлөлөө дарж, зөв зүйлээ шилж сонгож харж чадвал сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай. 

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.