Индэр    
2023 оны 6 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч

Г.Нямлхам: Галаа өөрөө түлж, усандаа яваад, хажуу айлаа чанасан цайгаараа дайлах нь хүмүүсийн харилцааг халуун дулаан болгож байгаа

Зураг
Гэрэл зургийг Б.Амартүвшин

Бум бужигнасан их хотын завгүй амьдрал, түгжрэл, стрессээс хааяа ч гэсэн холдож, буйдхан зэлүүд газар, амар тайван аж төрөхийг та хүсдэг үү? Өтөг бууц үнэртэж, гал дээр цай чанаж, боорцог цайнд дэвтээж, өрөм идэж, элэг сэмж зооглож суухыг хүсэхгүй хүн ховор. Гэвч тэр бүр ийм боломж олдоод байдаггүй. 

Тэгвэл хоттой ойрхон хурга ишигтэй, цагаан идээтэй айлд гэр бүл, найз нөхдөөрөө очиж нэг өдрийг өнгөрүүлэн байгалийн сайханд амарч, монгол ахуйг дэргэдээс нь мэдрэх боломжийг "Hello Huduu" төсөл олгож эхэлжээ. 

Нүүдэлчин соёлоос суралцаж өссөн Г.Нямлхам хэмээх бүсгүй тус төслийг санаачилсан байна. Хэвшмэл ойлголтыг өөрчлөх цар хүрээтэй хэрэгжиж буй "Хөдөөг өвлүүлэн үлдээе" уриатай уг төсөл 2022 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлснээс хойш 30 удаагийн ээлжээр 150 хүнд хүрч, малчин ахуй соёлыг түгээжээ. 

Малчдад нэмэлт орлого бий болгож, нийгмийн харилцааг ойртуулж буй түүнтэй төслийнх нь талаар ярилцлаа. 


-Сайн байна уу? Нийгэмд эергээр нөлөөлөх төсөл хэрэгжүүлж буйд юуны өмнө баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Би малчин айлын том охин. Архитектор мэргэжилтэй. Нэг хүүхдийн ээж. Нэгдүгээр ангиасаа хойш хот, хөдөө хоёрын хооронд явсан байна. Аав, ээждээ улирлын амралтаар очдог. Тухайн үед гэрээ санах, автобусанд шахалдах, нүүрс үнэртэх зэрэг олон асуудал надад тулгарч байсан уу гэвэл тийм. Гэхдээ би хүүхэдтэй болтлоо тулгамдсан асуудал гэдгийг нь ойлгоогүй байсан.

Хүүгээ төрүүлснийхээ дараа нээрээ би ийм муухай хотод хүүхдээ өсгөх юм байхдаа гэж бодсон юм. Манай хүүхэд тархины даралттай байсан тул аав, ээж хоёр хүүхдээ хөдөө өсгөвөл яасан юм бэ гэсэн. Ингээд нөхөртэйгөө ярилцаад, хүүгээ хөдөө өсгөсөн юм.

Аав, ээжтэйгээ хамт хүүгээ хөдөө өсгөхдөө миний сэтгэл зүй маш тайван болсон. Чимээ аниргүйд цас будраад, морь янцгаах сонсогдоод хөдөө нэг л амар амгалан байлаа. Гадаа түрхэн хугацаанд гараад ирэхдээ хүртэл харж байгаа зүйл минь ч гоё байсан. Хотод ийм мэдрэмжийг мэдэрч байгаагүй. Тиймээс энэ мэдрэмжийг бусадтай хуваалцъя гэдэг үүднээс төслөө эхлүүлсэн. Эхлээд аав, ээждээ санал тавьсан. 

"Аав, ээж хоёр уг нь гурван хүүхэдтэй ч 10-аад хүүхэд манайд зусдаг байлаа"

зураг
 
hello huduu

-Аав нь танай төслийг сайн дэмждэг нь Шарк танк нэвтрүүлгийн үеэр анзаарагдсан. Төслөө анх танилцуулахад аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ? 

-Малчин айлын гадаа гэр түрээсэлдэг үйлчилгээ үзүүлмээр байна, та хоёр дэмжих үү гэхэд аав, ээж маань маш сайхан хүлээж авсан. Намайг бага байхад одоо ч гэсэн манайд ирэх хүн тасардаггүй, зочин их хүлээж авдаг айл байсан юм. Одоо ч хэвээрээ. Хүмүүс ирлээ гээд бид огт төвөгшөөдөггүй.

Аав, ээж хоёр маань уг нь гурван хүүхэдтэй ч 10-аад хүүхэд манайд зусдаг байлаа. Мөн дээрээс нь томчууд бас ирнэ. Аав, ээж маань олуулаа байх дуртай.

Аав маань бид нарын сэтгэж байгаа зүйлийг хэзээ ч хязгаарладаггүй

Энэ бүх дурсамж надад хүмүүс хөдөөгийн айлд зочилж ирэх дуртай байдаг гэдэг зүйлийг ойлгуулсан. Харин хүүгээ төрүүлсний дараа хөдөө очих төрөл садангүй хүмүүс олон байдаг гэдэг үүднээс гэр түрээсийн үйлчилгээг үзүүлэх эхлээд байна. 

Аав маань бид нарын сэтгэж байгаа зүйлийг хэзээ ч хязгаарладаггүй. Мөн бас их хурцалдаг. Архитектор мэргэжлээр намайг суралцуулсан хүн нь миний аав. Гэтэл Бээжин явж ирснийхээ дараа миний бүтээлийг хараад "миний охин ч болоогүй байна даа" гэж хэлж байсан юм. /инээв/

зураг
 
Гэрэл зургийг Б.Амартүвшин
Манай аав "Би гурван хүүхдээ гурвууланг нь их сургууль төгсгөнө. Гэхдээ нэгийг нь заавал гадаадын их сургуульд сургана" гэсэн зорилготой. Ийм хүний дэргэд өссөн учраас хүмүүст гоё энерги түгээж, сайн сайхан зүйл хийж хэрэгжүүлэхийг үргэлж зорьж тэмүүлдэг.

Энэ бол аав, ээж хоёрын маань надад өөрсдийнхөө амьдралаар үлгэрлэсэн зүйл. Манайд ирсэн айлын хүүхдүүд түрээсэлж байгаа гэртээ биш аавын гэрт орж ирээд тоглоод байдаг. Цээжин дээр нь эрхэлж, өвөө гэж дуудахад нь аав маань илүү их баярладаг. Хүүхдүүдэд сайн хүн байдаг даа. Миний аав тэр хүн нь.

Малчин хүний дуу хоолойг Шарк танк нэвтрүүлгийн шүүгчдэд хүргэх хэрэгтэй саналыг таньдаг ах маань хэлсэн. Шарк танк нэвтрүүлэгт аав маань оролцоод, дугаар нь цацагдсан чинь "Hello Huduu" төсөлд оролцож, хөдөө очсон хүүхдүүд телевизээс нүд салгахгүй "Баатараа ах гарч байна" гээд баярлаад үзсэн гэсэн. 

-Төслөө хэрэгжүүлж эхлэхэд эхний очсон үйлчлүүлэгчид ямар сэтгэгдэлтэй буцсан бол? 

-Эхлээд түрээсийн гэрт маань нэг ор, зуух, гал тогооны тавиур л байсан. Ийм цомхон эхэлж байхад хүртэл хөдөө очсон үйлчлүүлэгчид маань сэтгэл ханамж дүүрэн байлаа. Хөдөөгөөс буцахдаа намайг тэврээд, ийм гоё зүйл хийж байгаад баярлалаа гээд буцдаг байсан. Нэг очоод буцахдаа дахин дахин эргэж очдог. Одоо бол манай түрээсэлж буй гэрүүд илүү тав тухтай болсон. 

Нэг сонин зүйл хуваалцахад, аав, ээж маань намайг олон нийтийн сүлжээнд хуудас нээгээд тэндээ мэдээлэл оруулж байгааг мэдэхгүй байгаа. /инээв/ Нэг удаа фэйсбүүк орж байсан чинь манай төслийн хуудас дахь манай гэрийн зураг гараад ирсэн. Тэгтэл ээж "Хөөх ямар гоё гэр вэ" гэсэн. Би инээгээд ээжээ манай гэр шүү дээ гэж хэлсэн юм. 2022 оны долдугаар сараас үйлчилгээг эхлүүлснээс хойш төслийн хүрээнд нийт 150 айлд үйлчлээд байна

зураг
 
Hello huduu

Хүүхдүүд монгол ахуйгаас хэр их холдсоныг би хөдөө байхдаа анзаарсан. Тугал эргүүлэх, усанд явах нь хөдөө өссөн хүмүүсийн хувьд энгийн үзэгдэл. Гэтэл үйлчлүүлэгчдийн маань хүүхдүүд монгол ахуй, малтай харьцаж байгааг харахад суурин амьдралтай хүүхдүүд монгол ахуйгаас холдсон нь мэдэгдсэн. Тиймээс хөдөөг өвлүүлж үлдээх хэрэгтэй юм байна гэдэг сэдэл төрсөн юм. Төслийн гол үнэт зүйл нь монгол ахуй, өв соёлоо өвлүүлэн үлдээхэд оршино. 

-Малчин айлын хажууд хэдий хэр хугацаагаар гэр түрээсэлж амьдрах сонголтууд бий вэ. Мөн үнийн хувьд мэдээлэл өгөхгүй юу? 

-Миний хувьд төслөө зөвхөн гэр бүлийн бизнес байлгамааргүй байгаа юм. Нэг малчин айлын гадаа хамгийн ихдээ хоёр гэр л түрээслэх боломжтой. Өөр малчин айлуудад өөрийнхөө үйлчилгээний стандартыг санал болгоод, олон малчин айл гаднаа түрээсийн гэртэй болж, нэмэлт орлоготой болох боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Одоогоор бид гурван малчин айлтай хамтарч ажиллаж байгаа.

Манай аав, ээж хоёрынх адуу, үхэр гээд бод малтай. Харин шинээр элсүүлсэн айлууд маань бог малтай, залуу гэр бүл. Нэг нь манай аавынх. Хотоос 100 километр зайд, Төв аймгийн Борнуур суманд байдаг. Нөгөө хоёр айлын хувьд хөрш айлууд бөгөөд хотоос 50 километр зайд буюу партизаны сангийн аж ахуйн ойролцоо бий. Энэ ондоо багтаж, чанартай үйлчилгээ үзүүлэх 10 малчин айлтай хамтарч ажиллах зорилготой ажиллаж байна. Одоогоор хамтарч ажиллаж буй гурван айлын зуны захиалга нь дүүрсэн. Хүмүүс сараар эсвэл хоёр сараар түрээсэлж байна.

Хоттой ойр 50-100 километрт мал аж ахуй эрхэлж буй илүү гэртэй малчин айлтай хамтарч ажиллах хүсэлтээ хүргүүлж байгаа. 

"Тус хүргэсэн л бол дандаа хариу нэхдэггүй гэдгийг мэдрэх хамгийн сайхан"

зураг
 
hello huduu

-Орчин үеийн хүмүүсийг нүүдэлчин ахуйд ойртуулж, амьдралын хэв маягийг нь өөрчлөхөд чиглэж ажиллаж буй нь сайшаалтай. Нөгөө талаар малчдын орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх юм байна? 

-Бидэнтэй хамтарч ажиллаж буй айлуудын гэрийн тохижилтоос шалтгаалж бид хоногийн түрээсийн үнийг нь тогтоодог.

Түрээсийн гэрийн хоногийн төлбөрийг 100,000 төгрөгөөс буулгахгүй гэдэг зарчим баримталж байгаа. Тухайн мөнгөний 80 хувь нь малчин айлдаа орлого болж очдог. Харин зөвхөн 20 хувийг нь "Hello huduu" төсөлд авч үлддэг. Өдрөөр хөдөө очоод буцаад ирэхэд 80,000 төгрөг байдаг. Хэрэглээний ус, түлээ, шинээр ирж буй айлаа угтах үйлчилгээ багтана. Түүнчлэн малчин айлынхаа ахуйтай харилцаж, морь унах, хашаанд нь хүүхдүүдээ тоглуулах зэрэг нь нээлттэй. 

Малчин айлын хувьд байнгын захиалгатай байна гэж байдаггүй. Зөвхөн наадмын хоногуудад л захиалга авдаг. Харин "Hello huduu" төсөлд хамрагдсанаар манай төслийг мэддэг хүмүүс танайхыг зорих юм. Үйлчлүүлэгчдийн сантай болсон тохиолдолд дараа зун нь мөн тухайн хүмүүстээ үйлчилгээ үзүүлсээр байна. Цагаан идээ, малын махаа худалдлаа гэж бодоход тэр бүх орлого нь малчин айлд үлдэх юм. Нэг очсон айлдаа хүмүүс дахиж очих хүсэлтэй байдаг. Тиймээс бидэнтэй хэр их эрт холбогдож үйлчилгээ үзүүлж эхэлнэ тэр хэрээр олон үйлчлүүлэгчтэй болох боломжтой. 

Нийгэмд хэрэгтэй зөв зүйл санаачлахад дэмжих хүн олон байдаг юм байна. Тухайлбал, түрээсийн гэрт нь хүүхэд тоглох тоглоомын хэсэг тохижуулж өгье гээд модон эдлэл хийдэг ээж холбогдсон. Үйлчлүүлэгчид нь унших байх гээд шинэ ном номын санд нь нэмэрлэе гэсэн хүмүүс бас байна.

Бид амьдралын хэв маягийг бусдад санал болгож байгаа

Мөн төсөлд нь энэ талаас нь тусалмаар байна, миний туслалцаа юу байна байгаа бол гэж хүмүүс их холбогдож байгаа. Бид суурьшмал нийгэмд амьдраад хүнээс заавал хариу хардаг болсон юм шиг санагддаг. Тус хүргэсэн л бол дандаа хариу нэхдэггүй юм байна гэдгийг хүмүүсээс мэдэрч, ойлгох хамгийн сайхан. 

-Адуу мал харж, аргал түлээ хормойлоод хуучны сайхан мэдрэмжээ эргүүлэн авчирч болох нь ээ? 

-Манайх амралтын газар гэдэг утгаар биш харин бид амьдралын хэв маягийг бусдад санал болгож байгаа. Монгол гэрт өөрөө цай чанаж, хоолоо хийж идээд амьдарч үзээсэй гэж боддог.

зураг
 
Hello huduu

Хаалгаа онгойлгоод л адуу мал бэлчиж байхыг харж сэрэх үнэхээр таатай. Өвлийн цас чийхарч дуугарахыг сонсож байгаагүй хүүхдүүд байдаг. Тэд энэхүү чимээг сонсоод гайхдаг. 

Өмнө нь хөдөө амьдарч байсан, багадаа хөдөө өссөн хүмүүс манай үйлчилгээг сонгохоороо илүү сайн ойлгодог. Галаа өөрөө түлээд, усандаа явна гээд л хөдөө байгаа нь л маш тансаг. Гэтэл огт хөдөөг мэдэхгүй хүмүүст бага зэрэг эвгүй санагддаг. Өөрөө багадаа хөдөө өссөн учраас хүүхдэдээ өөрийнхөө өссөн ахуйг харуулмаар байна гэдэг хүсэл тэмүүлэлтэй аав, ээж олон байдаг. Бас бага насны дурсамжаа хөдөөгөөс мэдэрмээр байгаа хүмүүс ч их бий. Эдгээр хүнд манай үйлчилгээ илүү тохирно. 

"Цагаан идээ, өвлийн идшээ итгэлтэй айлаас очиж авах үйлчилгээ үзүүлдэг болно"

-Танайхаар үйлчлүүлсэн хүмүүс хэр зэрэг сэтгэл ханамжтай байна вэ? 

-Миний хувьд малчин айл болон үйлчлүүлж буй түрээслэгч айл хоёрын хооронд ямар нэгэн зөрчил, үл ойлголцол гарсан байх вий гэдгээс санаа зовдог. Яагаад гэхээр "Hello huduu" гэдэг нэр надтай холбоотой болсон. Харин манайхаар үйлчлүүлсэн хүмүүс дандаа гоё сэтгэгдэл үлдээдэг. Буцааж очно гэж үргэлж хэлдэг. Тэр үедээ хийх аяллынхаа төлөвлөгөөг хүртэл гаргасан хүмүүс байдаг.

Хүмүүс нэг нэгэндээ сайн сайхан зүйлийг их дамжуулдаг юм байна. Бие биедээ хэлээд дараагийн айлууд манай үйлчилгээг зорьж ирдэг. Нэг жилийн хугацаанд олон үнэнч хэрэглэгчтэй болсон байна. 

Зөвхөн аялал жуулчлалаар хот, хөдөөг холбоод зогсохгүй цагаан идээ эсвэл өвлийн идшээ итгэлтэй айлаас очиж авах, энэ хугацаандаа гэрээ түрээсэлж болдог болно. Малчин айл маань орлоготой, хотын бид нар өөрсдийнхөө хэрэгцээг хангадаг цогц төсөл гэж харж байгаа. 

зураг
 
Hello huduu

-Гэр түрээсэлдэг бусад айлаас танайх юугаараа өөр байх бол? 

-Манайх үйлчилгээний стандарттай. Оюуны өмчөөр баталгаажуулах ажил хийгдэж байгаа. Малчин айл маань гэрээ тохижуулаад анхны уулзалт зохион байгуулдаг. Энэ үеэр өөрсдийнхөө стандартыг нэг бүрчлэн зааж өгдөг. Үзүүлдэг үйлчилгээнийхээ дарааллыг хэвлэж өгч байгаа. Түрээслэгч айл болон малчин айлд гарч болзошгүй эрсдэлийг мөн сануулдаг. 

-Цаг үе өөр болж нүүдэлчдийн амьдралын хэв маяг хоцрогдсон гэж харах хүмүүс бий. Бид шинэчлэгдэх ёстой юу. Эсвэл өөр гэдэг утгаараа монгол ахуйгаа хадгалж үлдэх хэрэгтэй юу?

-Заавал бусадтай адил байх шаардлагагүй. Нүүдэлчин ахуй соёлоо хадгалж үлдэх нь Монгол гэдэг улс байгаагийн утга учир нь гэж боддог.

Хотын хүмүүсийн харилцаа дэлгэцээс дэлгэцийн хооронд л үргэлжилж байна

Бүх залуучуудыг мал маллаж хөдөө амьдрахыг уриалж байгаа зүйл биш. Малчин ахуйгаа хадгалж нүүдэллэн амьдарч буй хүмүүс хөдөөг өвлүүлэн үлдээх шаардлагатай. Энэ бол маш үнэ цэнтэй зүйл. 

Даяарчлагдаад, бүх зүйл хялбар болж байгаа ч хотын хүмүүсийн харилцаа дэлгэцээс дэлгэцийн хооронд л үргэлжилж байна.

зураг
 
Hello huduu
Төслөө хэрэгжүүлж эхэлснээс хойш хүмүүсийн харилцаа ямар гоё юм бэ гэдгийг ойлгож байгаа. Гэр түрээсэлж очиж байгаа айл малчин айлтайгаа илүү ойрын харилцаа үүсгээд, сүү аваад цай чанаж ууж байна. Өөрийнхөө чанасан цайгаар хажуу айлаа дайлах, аль чадах зүйлээрээ нэгэндээ туслах харилцаа нь хүмүүсийг илүү сайн ойлголцуулж, ойртуулж байна. Тухайн гэр бүлийн харилцаа ч илүү ойр, халуун дулаан болдог. 

Малчин айлууд сэтгэлгээний хувьд үнэхээр өөр болж байгаа. Үүнд манай аав, ээж, сүүлд үйлчилгээ үзүүлэхээр нэмэгдсэн малчин залуу гэр бүлүүдийг нэрлэж болно. Тухайлбал, манай ээж "Одоогийн залуучууд чинь бие биедээ ямар халамжтай болсон юм бэ? Эрэгтэй хүн хоол хийгээд, эхнэр хүүхдэдээ аягалж өгч байхыг харлаа. Сонин юм аа" гэж байсан. /инээв/ Малчин хүмүүсийн хувьд эхнэр хүн л гал тогооны ажлаа хийдэг шүү дээ. Тэгэхээр хотын хүмүүс арай өөр санагдсан байх нь. 

Эхний хэдэн үйлчлүүлэгч очоод явсны дараа малчид өөрсдийнхөө байгаа байдалд маш их сэтгэл хангалуун үлдэж байгаа. "Би малчин хүн шүү" гэдгээрээ хөдөөгийн хүмүүс аз жаргалтай болж байна. Тэднийг зориод очиж байгаа хүмүүс "Та нар сайхан газарт тааваараа маш гоё амьдарч байна, бид ч бас ингэж амьдрахыг хүсэж байна" гэдэг үгийг хэлэхээр малчид урам авч байгаа.

"Булгаас зөөж ирсэн усаар нь ээж нь цай чанаж өгөхөөр хүүхдүүдэд үнэхээр таатай санагддаг"

зураг
 
Hello huduu

-Хотод төрж өссөн хүүхдүүдэд нүүдэлчин ахуй амьдрал, таван хошуу мал онцгой сонин санагддаг. Хөдөөгөөс бид ямар үнэт зүйлийг олж авах боломжтой гэж харж байна? 

-Хүүхэд хэлд, хөлд ороод дараа нь тусад ордог. Суурьшмал нийгэмд тусад орох зүйл нь хязгаарлагдсан байдаг. Өөрсдөө булгаас усаа зөөж гэртээ авчраад, түүгээр нь ээж нь цай чанаж өгөх, эсвэл усаа гар угаалтуурт хийгээд гараа угаах нь хүүхдүүдэд үнэхээр таатай санагддаг.

Учир нь хүүхдүүд үргэлж усанд явахыг хүсэж байгаа нь илт байдаг. Зөвхөн малчин ахуйг өвлүүлээд малын зүс болон насыг нэрлэж сургахаас гадна ахуйн соёлыг бас ойлгуулж байна. 

-Хөдөөгийн амьдрал, тэнд амьдарч буй хүмүүсийг ойлгодог, хайрладаг, үнэлдэг, хамгаалдаг хүмүүс харьцангуй олон болж байна. Та бүхэн цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу? 

-Манай төслийг зөвхөн хөдөө очих төрөл садангүй хүмүүст зориулсан үйлчилгээ гэж харах хүмүүс байна. Гэтэл тийм биш. Малчдыг нэмэлт орлоготой болгох гээд байгаадаа ч бас гол нь биш. Энэ хүмүүс өөрийн гэсэн хөрөнгөтэй, мөнгөгүй хүмүүс биш. Тиймээс малчин хүмүүсийн үнэ цэнийг өсгөх, сэтгэлгээг нь өөрчлөх, хот, хөдөөгийн ялгааг бууруулахад төслийн зорилго чиглэж байгаа. 

"Hello huduu" төсөл цаашид зөвхөн гэр түрээсийн үйлчилгээ үзүүлэхгүй. Малчин хүн, хотын гэр бүл хоёрыг холбосон өөр олон салбар бий. Жижиг дунд үйлдвэрлэл тэр дундаа дээл хийж чаддаггүй хотын эмэгтэйд хөдөөгөөс дээлийг нь хийгээд авчраад өгдөг байж болно. Мах махан, сүү сүүн бүтээгдэхүүний худалдаа зэрэг олон салбар руу төслөө хэрэгжүүлнэ. 

зураг
 
Hello huduu

-Бусад аймагт төслийг хэрэгжүүлж болох уу? 

-"Би яг чам шиг ийм зүйл хийхийг хүсэж байсан. Чи яг миний бодсон зүйлийг хэрэгжүүлж байна" гээд малчин айлын хүүхдүүд их холбогдож байгаа. Булган аймгийн нэг охин надтай саяхан холбогдсон. Аав, ээж ах дүүс нь хөдөө амьдардаг. Гэр түрээслэх боломжтой. Тэгэхээр "Hello huduu" төслийн стандартыг баримтлаад салбарлуулж ажиллах боломжтой.

зураг
 
Hello huduu

Булган аймагт заавал хотоос хүмүүс очих шаардлагагүй. Эрдэнэт гэдэг том хот бий. Булган аймагт ч мөн монгол ахуйгаа мэдэрч, амьдрахыг хүсдэг хүмүүс бий. Тиймээс аймгуудад салбараа нээж болно. Малчин айлын хүүхэдтэй хамтарч ажиллахад ойлголцоход илүү амар байдаг. Нэг зүг рүү харж илүү сайн ойлголцож чаддаг. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье

-Намайг урьж ярилцсанд маш их баярлалаа.