Индэр    
2023 оны 5 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч

Т.Баярсайхан: Арьс, ширний хоёрдогч түүхий эдээр эм, гоо сайхны бүтээгдэхүүн, тэжээвэр амьтны хоол хийж болно

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад өнөөдрийн байдлаар арьс, шир, ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас орон нутагт гурван үйлдвэр байна. Кластерын зохион байгуулалтаар орон нутагт ажиллаж, гутлын цех, үйлдвэрүүд байгуулах боломжийн талаар мэдээлэл бэлтгэлээ.


Үндэсний боловсруулах үйлдвэрүүд 140 тэрбум төгрөгийн 7.5 сая арьс шир худалдан авч боловсруулжээ.

Арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрүүд жилд нэг сая гаруй хос гутал, 40 мянган ширхэг нэхий дээл, 35 мянган ширхэг савхин дээл, цамц, 470 мянган ширхэг савхин бээлий, 326 мянган ширхэг арьсан цүнх, бэлэг дурсгал, жижиг эдлэл үйлдвэрлэж жилд нийтдээ 120 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн дотоодод, 150 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг экспортолжээ. 

Арьс ширний салбарынхан олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн кластер системийг нэвтрүүлэн, чанарын стандартыг хэрэгжүүлэх, туслах материалын дагалдах жижиг үйлдвэрүүдийг бий болгож хөгжүүлэх зэрэг зорилт тавин ажиллаж байгаа аж. 

"Чив, сүүл, шийр, өөдөс, эвэр туурайг ашиглах хэрэгтэй"

Тус салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан "Түүхий эдийн чанар муу, хүний нөөц дутагдалтай байна. Импортоор орж ирж байгаа арьс ширэн бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвар муу байгаа. Сайн технологи бас нэвтрүүлэх шаардлагатай.

Үйлдвэрлэлийн бизнесийн багтаамжаас шалтгаалаад ажилчдын цалин өөр байна. Ер нь бол Монгол 2.5 саяас дээш төгрөгийн цалин өгөх шаардлага байна. Гэхдээ ийм цалин өгөхөд нийгмийн даатгалд 500-600 мянган төгрөгийн аваад явж байгаа. Тэгэхээр нийгмийн даатгалыг бас эргэж харах хэрэгтэй байна. 

Бид малаа тоолдог биш бүртгэдэг болмоор байгаа юм. Гурван сая гаруй хүнийг тоолдоггүй, регистрийн дугаараар бүртгэдэг. Түүнтэй адил малаа бүгдгийг нь бүртгэчихвэл цаг хугацаандаа ариутгал халдваргүйтгэл хийлгэсэн эсэх нь тодорхой болно. Заавал махны үйлдвэрт малаа нядлах хэрэгтэй. Ингэвэл арьс шир гэмтэлгүй болно. Улмаар түүхий эдийн үнэ өсөж, чанар сайжирна" хэмээв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон нутагт үйлдвэрлэл эрхлэх боломжийн талаар "Боловсруулах биш эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрэн байгаа юм. Боловсруулах үйлдвэрээс гүн боловсруулсан арьс ширийг аваад орон нутагт эсгээд тухайн аймаг, сумынхаа хэрэглээг хангасан гутал хийж болно. Мөн савхин нэхий хувцас хийх боломжтой. ОХУ болон БНХАУ-тай хил залгаа аймаг, сумд орон нутагтаа эцсийн бүтээгдэхүүн хийгээд экспортлох боломж харагдаж байгаа юм. 

Арьс ширний үйлдвэрийн нэг онцлог нь кластер. Өмнө нь арьс ширний үйлдвэрийн нэгдэл гэж байгуулж байсан. Арьс ширнээс чив, сүүл, шийр, зоргодос, өөдөс, эвэр туурай гээд олон зүйл гардаг. Энэхүү хоёр дахь түүхий эдийг боловсруулбал арьс ширний өртөг хямдарч, өрсөлдөх чадвар сайжирна. Тэгэхээр хүссэн хүсээгүй арьс ширний үйлдвэр кластер буюу нэгдлээр хөгждөг салбар. Тэгэхээр ганцхан арьс шир биш түүнээс гарч байгаа хоёрдогч түүхий эдээр муур, загас, гахайн хоол, хиймэл шир, цавуу, эм, гоо сайхны бүтээгдэхүүн гээд олон зүйл хийж болно. Тиймээс арьс ширний салбар өгөөжтэй.

Цаашид арьс ширний үйлдвэрүүд орон нутагт заавал салбараа байгуулж таарна. Тухайн хугацааг ойртуулахын төлөө бизнесийнхэн нэгдэж ажиллах ёстой" гэдгийг онцолсон юм. 

"Орон нутагт гутлын брэнд бий болгож, хил залгаа хөршүүд, нийслэлд худалдах боломжтой

Арьс ширний салбарынхан жилд гурван сая гутал үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж эхлээд буй. Энэ талаар тэрбээр "Гурван сая гутлыг 30 ам.доллароор бодох юм бол 90 сая ам.долларыг Монголд үлдээж байна гэсэн үг. 50 ам.доллароор бодвол 150 сая ам.долларыг Монголдоо үлдээж байгаа юм. 1990-ээд оны дунд үед гутлын үйлдвэр гурван сая гаруй, орон нутгийн нийтийн ахуй үйлчилгээний салбар 800 орчим мянга гээд монголчууд нийт дөрвөн сая орчим гутал үйлдвэрлэж байсан түүхтэй. Тэр битгий хэл Итали, Швейцарт гутлын дээд биеийн арьс бэлдээд нийлүүлж байсан. Тиймээс бид гурван сая гутлыг ойрын хугацаанд үйлдвэрлэх боломжтой гэж харж байгаа.

Тоног төхөөрөмжийн тухайд бага зэргийн шинэчлэлт хийх шаардлагатай. Боловсон хүчний хувьд одоо ажиллаж байгаа гутал үйлдвэрлэгчдийн тоог 2-3 дахин нэмэх шаардлагатай" гэсэн юм.  

Өрхийн үйлдвэрлэлийн талаар "Сүүлийн гучин жил манай улсын бодлого буруу явчихлаа. Өрхийн үйлдвэрлэл гээд бизнес эрхлэгчдийг задалж, жижиг болгосон. Тухайн хүмүүсийг ажлын байран дээр нь туслан гүйцэтгэгчид болгох ёстой. Хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүдэд арьс өгөөд эсгүүлээд буцаагаад худалдаж авдаг байдлаар өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бүрэн боломж бий. 

Гутал үйлдвэрлэлийн хувьд цавуу болгон тодорхой хэмжээний температурт наалддаг. Тэр болгоныг өрхийн үйлдвэрлэгч нар хэрэглэх боломжгүй. Тэгээд ч цавууг гэртээ хэрэглэнэ гэдэг хортой. Гутал үйлдвэрлэхийн тулд ажлын байрны тусгай шаардлагууд байдаг. Түүнийг өрхийн үйлдвэрлэгч нар хангахад хүндрэлтэй. Тиймээс өрхийн үйлдвэрлэгч нараар арьс эсгүүлэх, үдээсний нүх цоолуулах, ул хийлгэх зэргээр кластер маягаар ажил хийлгэж болно. Зөвхөн гутал биш цүнх, жижиг эдлэлийн үйлдвэрийг ч ийм маягаар өрхийн үйлдвэрлэгч нартай хамтарч явуулах боломжтой. Гагцхүү сүлжээгээ л бий болгох хэрэгтэй. 

Сард 30-50 гутал хийгээд байхад нэг гутлаас 50 мянган төгрөгийн ашиг харах юм. Орон нутагт гутал үйлдвэрлэе гэж байгаа хүмүүс хамгийн эхлээд хэдэн төгрөг олох вэ гэдгээс илүүтэй суралцах хэрэгтэй. Тухайн аймгийн Засаг Даргын Тамгын Газар бодлогоор 1-2 хүн бэлдэх хэрэгтэй. Олуулаа нийлээд бүтээгдэхүүн хийвэл давуу байдал бий болно. Харин өрхийн үйлдвэрлэлээр сард 50 гутал хийнэ гэж бодох нь өрөөсгөл. 

Хийе бүтээе л гэж бодвол боломж монголоор дүүрэн байна

Гутлын үйлдвэрүүд борлуулалтаасаа шалтгаалаад жилийн ашиг нь 10, 50, 100 сая төгрөг гээд янз бүр. Тухайн бизнесийн багтаамжаас шалтгаална. Орон нутаг хажуу талынхаа аймгийг хангаж болно. Магадгүй Улаанбаатарт ирээд орон нутгийнхаа брэндийг худалдаж ч болох юм. Хил залгаа хөрш орнуудын хэрэглэгчид ч бий. Хийе бүтээе л гэж бодвол боломж монголоор дүүрэн байна" хэмээв. 

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 120 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл, аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус салбарт нийт 4,200 гаруй ажилтан ажилладаг. 

"Кластер үйлдвэрлэлийн үр дүнд 2,000 ажлын байр бий болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Кластер байдлаар үйлдвэрлэлийн зохион байгуулалтад орж ажиллан, хүүхдийн гутал үйлдвэрлэхээр болсон байна. Энэ талаар "Брэнд Гутал" ХХК-ийн захирал Б.Гэрэлт-Од "40 жилийн өмнө гутлыг кластер үйлдвэрлэлээр хийдэг байсан. Одоо харин манай улсад үйлдвэрүүд тус тусдаа өөрсдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Харин бидний хувьд кластер байдлаар үйлдвэрлэл хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Салбартаа долоон компани нийлээд кластер үйлдвэрлэл эрхлэхээр болж байна. Мэргэжлийн сургуулиуд, лаборатори, судалгаа хөгжлийн төв зэрэг байгууллага багтаж байгаа.

Технологийн баг, загварын товчоо байгаа учраас бид загвар дизайны хувьд санаа зовохгүй байна. Импортын бараа бүтээгдэхүүнтэй загвар дизайны хувьд бүрэн өрсөлдөх боломжтой. 

Кластер үйлдвэрлэлийн үр дүнд 2,000 ажлын байр бий болно. Бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа, өндөр технологид нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Сурагчийн гутлыг кластер байдлаар үйлдвэрлэж, хэрэгцээг нь хангах зорилт тавин ажиллаж байна. Монголын сургуулийн насны хүүхдийн нэг жилийн гутлын хэрэгцээ 2.1 сая. 

Тухайн хэрэгцээг зуны, хавар, намар, өвлийнх гэдгээр нь үйлдвэрлэвэл зах зээл байгаа юм" гэдгийг онцолж байлаа. 

Харин гутал үйлдвэрлэлийн хүчин чадлын тухайд "Өвөл хүүхдүүд өвлийн гуталтайгаа ангидаа суугаад байдаг. Тухайн асуудлыг шийдэж, сургуулийн стандартад нийцсэн ботинк, сандал үйлдвэрлэнэ. Эхний удаад жилд кластер байдлаар 36 мянган хос гутал үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ жилийн наймдугаар сард эхний байдлаар загварууд гарч эхэлнэ. Кластер үйлдвэрлэл эрхэлж байгаа учраас үнийн хувьд хамгийн боломжийн таатай үнийг санал болгоно. 

Үйлдвэрийн зохион байгуулалт ямар байхаас шалтгаална. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт сайн болж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдвэл бүс нутагт кластер үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой.

Манай улс эрс тэс уур амьсгалтай учраас жилдээ нэг хүн хамгийн багадаа 3-5 гутал өмсдөг. Ингээд хүүхдийн тоотой дүйцүүлж үзэхэд 3.5 сая гутлын наад захын хэрэгцээ байгаа. Европ стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа. Бид яваандаа экспорт хийнэ. Монголчууд том зах зээл рүү хамтдаа зүтгэх шаардлагатай.

Дэлхий нийтийн гутал үйлдвэрлэгчид жилийн өмнөөс ирэх жилийнхээ бараа бүтээгдэхүүнийг хийж нөөцөлдөг. Зун нь өвлийнхийг, өвөл нь зуны гутал хийдэг учраас энэхүү үйлдвэрлэлийн хувьд эргэлтийн хөрөнгө их шаарддаг. Манай ихэнх том үйлдвэрлэгч нар тендер болон тусгай зориулалтын гутал үйлдвэрлэж байгаа" гэсэн юм. 

Хөнгөн үйлдвэрийн салбарт ямар бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар салбарын яамны төлөөллөөс тодрууллаа. 

"Хөнгөн үйлдвэрийн салбарын инженерийн ангид суралцах хүүхдийн тоо цөөрч байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж "Үйлдвэрлэгч нарт хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн асуудал тулгамдаж байна. Засгийн газрын хүүгийн хөнгөлөлттэйгөөр эргэлтийн хөрөнгийн зээлийг сүүлийн хоёр жилийн хугацаанд олгож байна. Азийн хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл бий. Тодорхой хэмжээний зээлийн эх үүсвэр шийдэгдсэн. Зээлүүдийн 70 хувийг орон нутагт зориулж олгож байгаа. Орон нутгийн үйлдвэрүүд зээл авах боломж бүрдэж байна. Банкаар дамжих учраас санхүүгийн чадавхын асуудал бий. Энэ хүрээнд орон нутагт санхүүгийн менежментийг сайжруулах сургалт орж байгаа.

Техник технологийн шинэчлэлтийн асуудал бий. Арьс шир, боловсруулах болон гутал үйлдвэрлэлийн салбарын импортоор оруулж ирж буй тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас хөнгөж байна. Сайн арьстай байж сайн гутал хийнэ. Малын арьсны гэмтэл байгаа. Чанарын хамгаалалтын асуудал бий. Эдгээр гэмтлийг бууруулах чиглэлээр ХХААХҮЯ, Арьс ширний үйлдвэрийн холбоо, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас малыг эрүүлжүүлэх ажил хийж байна. Ингэж байж сайн арьсаар сайн гутал хийнэ гэж үзэж байгаа.

Хөнгөн үйлдвэрийн салбарт инженерийн ангид суралцах хүүхдийн тоо цөөрч байна. Элсэгчдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр ярилцах шаардлагатай. Хүний нөөц нь гутал үйлдвэрлэлийн зорилтыг хэрэгжүүлэх зайлшгүй чухал зүйл. 

Гутлаа экспортлохын тулд чанар, бүтээмжээ сайжруулах шаардлагатай. Нөгөө талаас маркетингийн асуудал бий. Заавал хямдхан биш сайн чанарын гутлыг зохистой зөв үнээр нь зарах хэрэгтэй" хэмээв. 

Арьс ширнээс гарч хоёр дахь ч түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үнэ цэнэд хүргэх боломж байгааг салбарын төлөөлөл онцолж байна. Түүнчлэн кластер байдлаар үйлдвэрлэл эрхэлбэл нэг бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахын зэрэгцээ бүтээмж нэмэгдэхийг ч дурдлаа. Гэвч энэ бүх ажлыг хийх гол хүч болсон хүний нөөцийн дутагдалд хөнгөн үйлдвэрийн салбар оржээ. Энэ талаар нэгдсэн бодлого арга хэмжээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.